Монголын түүх

Монголын түүхийн товчоон
(Балар эртний Монгол-с чиглүүлэгдэв)

Монголын түүх нь монголчуудын нүүдэл ба суурьшлын түүхтэй салшгүй холбоотой. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн суурьшсан цагаас эхлэн нүүдэлчид (нүүдэлчин соёл иргэншил) эзэгнэн, Хүннү, Сяньби гүрнүүд байгуулагдаж байв. 1190 онд Чингис хаан тархай бутархай олон монгол аймгийг нэгэн тугийн дор нэгтгэв. Их Монгол Улс хүчирхэгжсэн үедээ Европын зүүн хагас, Азийн ихэнх газар нутгийг өөрийн мэдэлд оруулсан, хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй асар том газар нутагтай, улсын нутаг дэвсгэр дотроо Монголын энхтайвныг бий болгож чадсан хүчирхэг гүрэн байлаа. Хэдийгээр монголчууд дэлхийн түүхэнд тодрон гарч, Ази-Европын хооронд урьд нь байгаагүй соёл, худалдааг шинэ түвшинд авчирсан ч ихэнх монголчууд нүүдлийн амьдралтай хэвээр байсан юм. 1262 онд Их Монгол улс задран Алтан Ордны улс, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань улс нэртэйгээр дөрвөн том гүрэнд хуваагдан, 16-р зууныг хүртэл өөр хоорондоо дайтах буюу нэгдсээр ирэв. Яг энэ үедээ монголчууд Буддын шашны нөлөөнд автаж эхэлсэн ба түүнээс хойш нэг их удалгүй буюу 17-р зууны сүүлээс эхлэн 18-р зууны дунд гэхэд ихэнх монголчууд Чин улсад дагаар орсон байна. 20-р зууны эхэнд 1911 онд Чин улсын задран унах үед Хятад, Төвөд, Монгол гурван улс нэгэн зэрэг тусгаар тогносон байна. Энэ үед монголчууд эхлээд Хаант Оросын тусламжтайгаар Олноо Өргөгдсөн Монгол Улсыг, дараа нь 1924 онд Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан нь дэлхийн түүхэн дэх хоёр дахь социалист улс болсон юм. Үүний дараа Зөвлөлт Улстай мөр зэрэгцэн улсаа хөгжүүлж чаджээ. Зүүн Европт гарсан 1989 оны хувьсгалууд ч монголд улс төрийн өөрчлөлтийг авчирсан ба үр дүнд нь 1992 онд ардчилсан дэглэмтэй Үндсэн хуульт, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжин орсон. Төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих шилжилт нь ихээхэн асуудлыг дагуулсаар байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт зарим жилүүдэд маш өндөр үзүүлэлттэй байхад ч нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байсан.

Балар эртний үе

засварлах

Балар эртний үе огторгуй анх үүссэнээс эхлэн бүх үеийг хамааруулж болох ч дэлхий дээр амьдрал үүссэн цаг үеэс эхлүүлэн хамардаг. Эсвэл бүр илүү нарийвчилбал хүн төрөлхтөн үүссэн үеэс эхэлнэ. Түүх судлаачид балар эртний үеийг хуваахдаа чулууны найрлага ба түүний олон улсад танигдсан чулуулга давхаргыг геологийн цаг хугацааны үечлэлтэй хамт ашиглан гурван үед хуваан авч үздэг. Эдгээр гурван үе нь балар эртний үеийн хүмүүсийн цаг үеийг тэдний аж амьдрал эд зүйлсээ хийхдээ голлон ашигладаг материалаар нь нэрлэж дараах гурван цагийн үеүүдэд хуваадаг. Үүнд

  • Чулуун зэвсгийн үе
  • Хүрэл зэвсгийн үе
  • Төмөр зэвсгийн үе

гэж хуваасан.

Байгаль уур амьсгал, орчин

засварлах

Монгол орны байгаль газар зүйн шинж төрх эрт цагт бусад улс орны адилаар олонтоо хувьсан өөрчилөгдөж байжээ. Эрин, галав солигдох бүрд нэг бол сэрүүсэж, эсвэл бүр дулаарах, шинэ амьтан, ургамал үүсэх эсхүл мөхөх, шинээр уул нуруу үүсэх, үгүй бол тектоник хөдөлгөөнөөр газрын гадарга доош суух үйл явц тасралтгүй явагдаж байсан нь палеонтологи, геологийн судалгаагаар тогтоогддог. Жишээлбэл одоогийн Төв Оросын нутаг буюу Москвагаас Санкт-Петербург хүртэлх нутаг элсэн цөл байсан бол Антарктид тив халуун дулаан чийглэг уур амьсгалтай, төрөл бүрийн ургамал, амьтнаар баялаг байжээ. Энэ үйл явц одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Австрали тивийг зүүн хойд зүгт Хойд Америк руу аажимаар шилжиж буй гэж үздэг. Монголд амтосифэйл, заламбдалестес тарбозавр зэрэг төрөл бүрийн үлэг гүрвэл, хөхтөн амьтад эрт үед байжээ. Харин Алшад алшазавр, Зүүнгарт синраптор зэрэг амьтад байжээ. Эртний элсэн манханд дарагдсан амьтны яс аажимаар чулуужин олон сая жил хадгалагдах боломжтой болдог. Иймээс Монгол болон Америкаас үлэг гүрвэлийн олдвор эртний элсэн манхнаас олддог байна.

Монгол нутгийн одоогийн цаг уурын шинж төрх нь Плейстоцены үед бүрэлдэн бий болсон бөгөөд Плейстоцены үед дэлхийн уур амьсгал олонтоо хүйтэрч байв. Гэвч мөстлөгийн үеийн дундуур завсрын шинжтэй дулаан үеүүд ч тохиолдож байжээ.

Неогений галавын сүүл, Дөрөвдөгч галавын эхээр Монголын газрын гадарга дээш өргөгдсөнөөр олон уул нуруунууд үүсчээ. Хянганы нуруу, Гималайн нуруу хоёр үүсэж далайгаас ирэх чийглэг уур амьсгалыг хаасан нь Монголын цаг уур хүйтэрч, эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай болоход томоохон нөлөө үзүүлсэн юм. Гэвч тэр үед Монгол орон одоогийнхоос илүү чийглэг хур тунадастай байсан ба мөсөн голоос эхтэй олон тооны их устай гол мөрөн урсаж томоохон хэмжээний нуур намаг тогтож байжээ.

Одоогоос 100 000-40 000 жилийн хооронд болсон мөстлөгөөр Алтай, Хангай, Хэнтийн нурууны зарим хэсэг, Хөвсгөлийн уулс бүхэлдээ мөсөөр хучигджээ. Харин 40 000 жилийн өмнөөс цаг агаар дулаарч 15000-10000 жилийн өмнө мөстлөгийн үе бүрэн дуусчээ. Төв Ази хахир хатуу, хүйтэн, хуурай уур амьсгалтай болсон нь энэ бүс нутгийн бүх амьтан, ургамалд нөлөөлж халуун, чийглэг орны амьтан, ургамлаас овор хэмжээгээр арай бага, хүйтэн, гандуу нөхцөлд тэсвэртэй болжээ. Ийм хахир хатуу нөхцөлд байдаг Монгол орны мод халуун орныхоос удаан ургадаг нь ой модыг нөхөн төлжихөд ихээхэн хугацаа зарцуулахад хүргэдэг.

Төв Ази нь урд зүгийн халуун дулаан бүсээс амьтан, ургамлын аймгийн хувьд ядмаг цөөн төрөлтэй, өвс ургамал нь намхан тачир боловч хойд зүйгт тундр руу дөхөх тутам уур амьсгал бүр илүү хахир хүйтэн болдогоос Умард Ази нь Төв Азиас ч цөөн тооны амьтан, ургамалтай байдаг.

Монголд тэмээн хяруул, арслан заан, арслан, сэлмэн соёот бар, хирс зэрэг олон төрлийн амьтан хэдэн арван мянган жилийн өмнө амьдарч байсан ч мөстлөгийн сүүлээр бүгд мөхжээ. Эрдэмтэд Азиас буга, аргаль зэрэг амьтад Умард Америк руу нүүн очсон гэж үздэг.

Монгол орон нь Монголын тэгш өндөрлөгт оршдог бөгөөд Монголын тэгш өндөрлөг тектоникийн маш алгуур хэдэн сая жил үргэлжилсэн хөдөлгөөнөөр Төв Азид бий болсон юм. Монголын тэгш өндөрлөг нь Төв Азийн бусад хэсэг, Сибириэс илүү өндөр газарт байдаг тул Монголоос эх авч буй бүх гол мөрөн доошоо буюу далай руу чиглэн урсдаг. Иймээс Монголын нутаг нь Төв Ази, Сибирийн бараг бүх том гол мөрний эх болдог бөгөөд Монгол нь Төв, Умард Азийн экологийн аюулгүй байдал, цэвэр усны нөөцийг хадгалах, хамгаалахад маш чухал байр суурьтай стратегийн онцгой бүс нутаг юм.

Балар эртний хүмүүс

засварлах

Монгол орон уснаас цухуйж гарсан хамгийн анхны хуурай газрын нэг тул зарим эрдэмтэн Монгол орон эртний хүн үүссэн өлгий нутаг байж болох тухай таамаг дэвшүүлжээ. Тухайлбал Америкийн эрдэмтэн Хенри Осборн, Р.Эндрьюс хоёр эртний хүн Монголд үүссэн гэж үзэн 1920-иод оны үед Монголын говьд судалгаа хийсэн ч үүнийг батлах нотолгоо олоогүй. Гэвч тэд олон тооны үлэг гүрвэлийн олдвор олсон нь палеонтологийн шинжлэх ухааны томоохон нээлт болжээ. Монгол орны умард, төв хэсэг нь 2 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа хойш огт хувираагүй үлдсэн эртний их газрын царцдас буюу "Азийн эртний зулай" гэгддэг. Энэ санааг Польшийн судлаач И.Д.Черский, Австрийн геологич Э.Зюсс, Оросын геологич В.А.Обручев нарын зэрэг эрдэмтэд анх дэвшүүлсэн нь эдүгээгийн геологийн судалгаагаар улам батлагдсаар байна.[1]

Монгол оронд 850,000 жилийн тэртээ хүний өвөг амьдарч байжээ.[2] Гэвч чулуун зэвсгийн дээд үеийн хүний яс Монголоос ч, Төв Азиас ч бараг олддоггүй бөгөөд зөвхөн хүн амьдарч байсаны гэрч болох чулуун зэвсэг, сууц, хадны сүг зураг л олддог. Үүнийг Төв Азийн хахир хатуу уур амьсгалд хүний яс өгөршин алга болдогтой холбон тайлбарладаг.

Баянхонгор аймгийн Нарийн голын дархны газрын чулуун зэвсгүүд баруун хойд Хятадын Сиходоу суурингийн 800,000 жилийн өмнөх дурсгалтай төстэй болохыг эрдэмтэд тогтоосон байна.[3]

Ойролцоогоор 6,000 жилийн өмнө эртний өвөг угсаатнууд задрах үед одоогийн бие даасан угсаатан үүсчээ. Энэ үед Алтайн өвөг угсаатнаас монгол, түрэг, тунгусууд, эртний европчуудаас герман, кельтүүд, аричууд (иран, энэтхэгчүүд), славянчууд тус тус бие даан гарчээ. Хэлний язгуур нь үндэстнүүдийн гарлыг тодорхойлдог.

Ан агнан амьдарч байсан эртний хүмүүс яваандаа зэрлэг амьтдыг гаршуулах болсноор мал аж ахуй үүсчээ. Эртний хүмүүс хонийг анх МЭӨ 11 000-9 000 жилийн өмнө Баруун Азид, ямааг МЭӨ 8000 жилийн өмнө Иранд, сарлагийг МЭӨ 2500 жилийн өмнө Төвөдөд, морийг МЭӨ 4 000 жилийн өмнө Төв Азид, нэг бөхт тэмээг МЭӨ 4 000 жилийн өмнө Арабт, Хоёр бөхт тэмээг МЭӨ 2500 жилийн өмнө Төв Азид зүүн хойд Афган, одоогийн Уйгурын зүүн өмнөд нутагт анх гаршуулан аж ахуйд хэрэглэх болжээ. Морийг гаршуулсан нь нүүдлийн мал аж ахуй үүсэхэд гол нөлөө үзүүлсэн бол харин тэрэг үүссэнээр нүүдлийн мал аж ахуй илүү дэвшилтэт хэлбэрт шилжин орсон бөгөөд үүнийг "сонгодог нүүдлийн мал аж ахуй" гэж нэрлэдэг бөгөөд монголчууд гол төлөөлөгчдийн нэг төдийгүй сүүлчийн голомт нь болоод байгаа билээ.

Төв Азийн хөрсний давхарга буюу үржил шимт хэсэг нь маш нимгэн байдаг учир тариалан эрхлэхэд тохиромжгүй байдаг ба хөрсний үржил шимт давхарга нь хамаагүй зузаан байдаг Европ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Баруун Ази, Өмнөд Азийг бодвол Төв Азийн хөрс амархан элэгдэж үржил шимгүй болон цөлжих аюултай байдаг. Ийм учраас Төв Азийнхан эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхлэх болсон байна. Харин хөрсний үржил шим сайтай, бороо хур их ордог Европ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийнхан, Бага Азийхан, Кавказчууд, Хоёр мөрнийхөн тариалангийн аж ахуй эрхэлж гаршуулж тэжээж болохоор амьтан байхгүй Умард Азийнхан, Америкийн уугуул иргэд, Австраличууд, Номхон далайн арлын орнууд анчин түүвэрлэгчид болжээ.

МЭӨ 4 000-3 000 жилийн өмнө Амар мөрний хавийн овог аймгууд голчлон ан агнуурын аж ахуй эрхэлж байсан бол түүнээс зүүн зүг байсан монголчууд ба бусад Төв Азийнхан хэдийн газар тариалан, мал аж ахуй эрхэлж байв. Энэ үед Байгал нуурын хавийн аймгуудын зарим нь анчин зарим нь малчин, тариаланчид байсан байна.

Угсаатны хамгийн эртний бөгөөд жижиг бүлэг болох овог нь балар эртний үед үүссэн ба хүй нэгдлийн байгуулал задарч анхны төр улс байгуулагдаж байх үед овгууд нийлж аймаг бүрдүүлэх болжээ. Дараа нь олон тооны аймгууд нэгдэн нийлснээр угсаатны арай томоохон бүлэг болох ястан бүрэлдэн бий болсон бөгөөд нэг гаралтай ястнууд үндэстнийг бүрэлдүүлдэг.

Одоогоос хэдэн мянган жилийн өмнө морийг гаршуулж дараа нь модон тэргийг зохион бүтээж хэрэглэх болсноор хүмүүс нааш цааш нүүдэллэх нь улам ихэсчээ. Тухайлбал Татар аймаг нэг хэсэг Тувад байж байгаад хамгийн сүүлд Буйр нуурт очсон байдаг.

Нүүдэлчид ийнхүү байнга нүүж байсан нь ямар аймаг, угсаатан хэзээ, хаана байсныг тогтооход бэрхтэй болгодог. Үүнийг тогтоохын тулд археологийн соёл, этнологи, антропологи, соёл судлал, ´генетикийн судалгаа, түүхийн сурвалж мэдээгээр хөөж үздэг.

Увс аймгийн Чандмань уулын соёлыг хиргисүүрийн соёлтой холбодог. Чандмань уулын соёлын хүмүүс монголоид, европоид холимог гентэй хүмүүс байсан бөгөөд цэвэр монголоид эсвэл европ гентэй хүн тэдний дунд ховор байжээ.[4]

Хакас, өмнөд Красноярскийн хязгаарт байсан Тагарын соёлын хүмүүсийг европжуу төрхтэй иран хүмүүс байсан гэдэг ба түрэг гэх хувилбар нь батлагдаагүй. Афанасьев, Андроновын соёлыг иранчуудынх гэж үздэг.

Алтайн угсаатнуудтай гарал нэг фин-угорууд, индианчууд, Сибирийн угсаатнууд эрт цагт Алтайн угсаатнуудын хойд захаар амьдарч байгаад салж нүүжээ. Казахстаны хойд нутаг, Уулын Алтай, Украин, Төв Оросын ихэнх буюу зарим нутагт эрт цагт фин-угорууд амьдарч байгаад ихэнх нь түрэг, иран, орос, украинд уусан мөхсөн байдаг. Угорууд Уулын Алтай, умард Казахстан, Баруун Сибирийн өмнөд хэсэгт байсан бололтой.

Шиньжяньд Төв Азийн бусад нутгаас харьцангуй хожуу буюу 4-5,000 жилийн өмнө хүн суурьшсан бөгөөд баруун, баруун өмнөд, хойд, баруун хойд талаас нь европчууд ба монголоид төрхтэй азийнхан нэгэн зэрэг шахуу нүүн ирсэн ч ази хүмүүс нь европчуудад уусчээ.

Тува, Хакасын эрт үеийн угсаатнуудын талаар мэдээ баримт хангалттай бус, самоедь зэрэг монголжуу угсаатнууд байсан бололтой бөгөөд Тува хавиар байсан самоедьчууд эрт болон дундад зууны үед өөр угсаатнуудад (иран, монгол, түрэг) уусчээ.

Чулуун зэвсгийн үе

засварлах
Үндсэн өгүүлэл: Чулуун зэвсгийн үе

Дэлхийн бүс нутаг, улс орон бүр дэхь чулуун зэвсгийн болон хүрэл, төмөр зэвсгийн үе шатуудын үргэлжилсэн хугацаа, ангилал нь өөр өөр байдаг.

Доод палеолит

засварлах

Доод палеолитын үед Монгол нутагт оршин амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол зэвсэг нь гилбэр ба мэсэн зэвсэг байсан бөгөөд тэдгээр нь цохих, цавчих, хэрчих, хусах зэрэг олон үйлд хэрэглэгдэж байжээ. Монгол орны доод палеолитийн үе 800,000-100,000 жилийн өмнөх үеийг хамарна.

Дунд палеолит

засварлах

Монгол одоогийн байдлаар дунд палеолитийн үеийн хүний оршуулга хараахан илрээгүй байгаа хэдий ч тэрхүү хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан ан агнуурын болоод хөдөлмөрийн багаж зэвсгүүд олон тоотойгоор олддог.

Дунд Палеолитоос дээд Палеолитод шилжихэд орчин үеийн хүн буй болсон гэж үздэг. Энэхүү дээд үе нь МЭӨ 40000-15000 жилийн өмнөх үеийг хамрана. Энэхүү үеийн гол онцлог бол эртний хүн сүргүүд задарч тодорхой газар нутагт тархан суурьшиж, овгийн нэгдэл буюу, овгоор амьдрах ёс үүсэж, нийгмийн хөгжлийн давуу тал бий болжээ.

АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд ДНК-гийн өөрчлөлтийг судалсны үндсэн дээр чононоос нохой үүсэх явц ойролцоогоор 135 мянган жилийн өмнө явагдсан гэж тогтоосон бол дэлхийн хамгийн эртний буюу 33 мянган жилийн настай нохойн яс Алтайн нуруунаас олдсон байдаг. Мөн Монгол нутагт 12 мянган жилийн тэртээд нохойг гаршуулсан үеийг харуулсан хадны сүг зураг Увс аймгийн Сагил суман дахь Можоогийн хаданд буй. Судлаачид энэ зургийг хүй нэгдлийн буюу Мезолитын үеийн хосгүй үнэт өвийн нэг гэж үздэг. Дэлхийд 500 гаруй төрлийн нохой байдаг. Оросын эрдэмтэн эмэгтэй манай улсад ирж судалгаа хийнгээ аймаг бүрээс монгол ноход сонгон авч Санкт-Петербург хотын ойролцоох төвдөө аваачин үржүүлж байгаа юм билээ. Тэрбээр монгол нохдын цусыг Бельгийн цусны төвд шинжлүүлж үзэхэд чонын ДНК илэрч, монгол нохой чонотой адил үзүүлэлттэй гарсан нь монгол банхар хүмүүний гаршуулсан нохойны анхдагч болохын нэг баталгаа болж байгаа юм. Хятадын зарим эрдэмтэд ч монгол нохой дэлхийн бүх нохойны угшил гэж үздэг.[5]

Монголын неолитын буюу шинэ чулуун зэвсгийн үе нь 12,000-4,000 (7,000-4,000 (?)) жилийн өмнөх үеийг хамарна. Энэ үед мал аж ахуй, дараа нь газар тариалан үүссэнээр хөдөлмөрийн шинэ хуваарь, шинэ соёл иргэншил үүсчээ.

Хүрэл зэвсгийн үе

засварлах
Үндсэн өгүүлэл: Хүрэл зэвсгийн үе
 
Дөрвөлжин булшны тархалтын хүрээ

Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл III мянганаас эхэлсэн байна. I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ. Хүрэл эдлэлд зэс 90%,цагаан тугалга 10% ордог байна. Хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ. Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн ооль, хутга, зэвүүд, дуулга, тогоо, амгай, зуузай, шөвөг, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олджээ. Ер нь хүрэл зэвсэг аж ахуй чимэглэлийн зүйлс Монгол оронд ихээхэн тархмал байдаг. Тиймээс ч Монгол орныг дэлхийн хүрлийн үйлдвэрлэлийн нэг томоохон төв гэж үздэг.

Хүрлийн үеийн гол дурсгал болох дөрвөлжин булш, буган чулуу нь аймгийн ахлагч,аймгийн холбооны тэргүүн зэрэг хүндтэй удирдагчдад зориулагджээ. Тийм нүсэр байгууламжийг аймаг хотлоороо бүтээхээс биш ганц нэгэн хүн бүтээх боломжгүй. Буган хөшөө нь ноёлогч аймгийн сүлд байсан бололтой. Тэгэхээр хүрлийн эхэн үеэс аймаг өрнөлийн үеэс аймгийн холбооны зохион байгуулалттай болжээ.

Дөрвөлжин булш нь Хүннү нарын эртний хэлбэр тэдний өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ. Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгийн анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ.

Ху нар VII зууны үеэс намгийн хүрэн хүдрээс "Бух дарах" аргаар бага хэмжээний төмөр ялган авч багаж зэвсэг хийж эхэлжээ, эхэн үедээ төмөр ховор байснаас хүрэл зэвсгийн зарим хэсгийг төмрөөр хийж мөн хүрэл зэвсэгтэй хослуулан хэрэглэж байжээ. Чандманийн булш болон бусад газраас түүврээр сумны зэв чинжаал хутга төмөр сүх шөвөг зэрэг төмөр багаж зэвсгүүд олджээ. Төмөр зэвсэг хэрэглэсний үр дүнд НТӨ IV зууны үеэс Хүннү нар хүчирхэгжин Хүннүгийн морин цэргийн довтолгоонд Хятадын умард хэсгийн улсууд өртөж байжээ. Тэд Хүннүгийн довтолгооноос өөрсдийгөө хамгаалах зорилгоор бэхлэлт хэрэм барьж тэр нь алдарт цагаан хэрэм болсон байна.

Эртний Монголын нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог аймгуудын оюуны соёлын нэг чухал дурсгал бол хадны сүг зураг буюу хадны бичиг болно. Археологийн судлаачид хад чулуунаа улаан зосоор зурсан зураг бол хүрэл зэвсгийн үеийн дурсгал гэж тогтоожээ. Монгол нутагт хадны улаан зосон зураг өргөн тархсан байдаг.

Зосон зураг дундаас Улаанбаатар хотын ойролцоох Богд хан уулын их бага Тэнгэрийн амны хадны сүг зураг эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байна.

Их бага Тэнгэрийн ам болон Гачууртын адагт байдаг Бичигтийн амны хадан дахь үхэрт хөллөсөн анжисны зураг нь төмөр зэвсгийн түрүү үе буюу НТӨ VII-III зуунд хамаарахыг эрдэмтэд тодорхойлжээ. Нэлээд олон аймгуудын газар нутгаас нум сумаар ан авлаж байгааг харуулсан хадны сүг зургууд элбэг олддог.

Үүнд: хүн, морь, тэмээ, янгир,аргаль, буга, бодон гахай, чоно, үнэг, зээр, шонхор, бүргэд зэргийг харуулсан байдаг.

Хүрлийн үед уран дархчуул чулуугаар хэв хийж гоёл чимэглэл байлдааны жад сэлэм цутгаж үйлвэрлэн гаргаж байжээ. Хүрлийн үеийн хадны сүг зургийг улаан зосоор зурсан зургууд, хад хонхойлон сийлж хийсэн зургууд гэж хуваан үзэж болно. Хүрлийн үйлдвэрлэлийн үеийн нэн чухал олдвор бол хүрэл тогоо юм. Үүнийг ерөнхийд нь 3 хөлт, цөгцөн ёроолт гэж 2 хувааж үздэг. Ийм тогоо Төв ази, Монгол орноос Дунай мөрөн хүртэлх нутгаас олддог.

Цөгцөн ёроолт тогооны жишээ гэвэл: 1988 онд Монголын археологчид Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгорт малтсан Хүн нарын язгууртны том булшнаас олдсон олдвор.

Эртний Монгол нутаг дахь бугын дүрст хөшөө нь хүрлийн үеийн гайхамшигт дурсгалын нэг юм.

Эртний хүмүүс нь урт гонзгой чулуунд бугын дүрсийг уран дүрслэлээр цохиж сийлэхдээ буганыхаа эвэр, хошуу, хоншоор, хөл, сүүл, их биеийг бодит байдлаар нь дүрсэлсэн байдаг, гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босгосон байдаг. Монгол орны Буган чулуун хөшөөний олонх нь Архангай Булган Хөвсгөл Баянхонгор Завхан аймгуудын нутагт элбэг тохиолддог. Монгол улсын нутгаас бугын дүрст сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ. Энэ хөшөө нь баатар дайчин эрэгтэйчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Зарим хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг. Ер нь нар, сар, галын дүрс нь нүүдэлчдээс суурьшмал Нанхиад зэрэгт дэлгэрсэн гэж түүх сударт бичигдсэн байдаг бөгөөд Төв Азийн унаган гаралтай дүрслэл зүйл юм. Хорвоо ертөнцийн гэрэл гэгээ сайн сайхан амьдрал дэлхийн ертөнцийн нар сар од гараг марал бугыг угалзалсан олон салаат эврээ урт сайхан зоо нуруундаа сунган тавьсан тэнгэр өөд дүүлэн нисэж байгаа бугын дүрст хөшөө бол хүрлийн үеийн хүмүүсийн амьдрал оюуны үнэт соёлын нандин дурсгал гарцаагүй мөн болох нь батлагдаж байна. Энэ нь Монгол нутгийн төв баруун хойт зүүн өмнөд хэсэгт өргөн тархсан байдаг.

Төмөр зэвсгийн үе

засварлах

Монгол орон дахь төмөр зэвсгийн үе нь МЭӨ 1000- МЭӨ III зууныг хамрах ба эхэндээ төмөр ховор байсан тул хүрэл зэвсгийн зарим хэсгийг төмрөөр хийж байв. Монголчуудын эртний өвөг Ху нар МЭӨ VII зуунаас намгийн хүрэн хүдрээс бух дарах аргаар төмөр ялгаруулан авч эхэлжээ. Эхэн үеийн төмөр зэвсгийн гол олдворын тоонд төмөр амгай зэрэг жижиг хэрэглэл ордог бол яваандаа төмрөөр илүү олон төрлийн эдлэлийг хийж сурчээ.

"Бух дарах" арга төмөр боловсруулахад чухал үүрэгтэй байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улааны Шар дов уулын оройгоос нуур намгийн хүдрийг бух дарах аргаар хайлуулж төмөр боловсруулж байсан зуухны үлдэгдэл олджээ. Салхинд туугдсан төмрийн үртэс нуур намгийн усанд орон эргийн ёроолд живж яваандаа шавартай хутгалдан хүрэн хүдэр үүсгэдэг. Ийм хүдрийг салхи ихтэй уулын орой дээр аваачин том шавар зуухны дээр хийж гал асаахад ширүүн салхинд галын илч улам хүчтэй болж шавраас төмөр нь хайлан ялгарч зуухны доод хэсэгт тунадаг. Бух дарах аргаас яваандаа илүү боловсронгуй хяс, тулман хөөргөөр хөөргөдөх аргууд гарчээ.

Сүг зураг, хадны бичээс

засварлах
Үндсэн өгүүлэл: Сүг зураг

Монголын археологичид эртний хүмүүсийн хадан дээр сийлж үлдээсэн сэрээ тамга, онги тамга гэх мэт тамганууд нь Их Монгол Улс, Цагадайн улс зэрэг хожуу үеийн улсуудын тамгатай ижил болохыг тогтоожээ.[6]

Эртний түүх

засварлах

Өвөг монголчууд

засварлах
  • Дөрвөлжин булшны соёлын хүмүүс
  • Гарал үүсэл нь маргаантай эртний нүүдэлчин овог аймгууд:
    • Сяньюнь (Xiǎnyǔn) - хүннүгийн өвөг?
    • Хунюй (Hūnyù)
    • Цюаньрун

Хүннүгийн зонхилох овгууд:

  • Хуянь
  • Лань: Зарим сурвалж, судалгааны бүтээлд Чоно гэсэн утгатай хэмээжээ. Бараг Чинос овогтой холбоотой мэт.
  • Луанди: Түүхэнд тэмдэглэснээр Луанди бол Хүннү нарын захирагч байжээ.
  • Сюйбү
  • Циолин
  • Цяо
  • Хунюй - хүннү (?)
  • Юэбань (варвализ)

Дунху угсааны ард түмнүүд:

Сяньби аймгууд:

  • Нирун: Умард Хүннү улс 93 онд унасны дараа Монголд үлдсэн 100,000 өрх умард хүннүчүүд дагаар орон өөрсдийгөө Сяньби гэж хэлэх болсон.Ингэснээр Монголын нутагт ноёрхлоо тогтоож эхэлсэн. Л.Гумилев нирунчуудын хэлийг хүннү, сяньби хэлний аль алинийх нь шинжийг агуулсан байсан гэж үзжээ.
  • Монгол шивэй - Шивэйчүүдээс монгол шивэй зэрэг цөөн тооны аймаг нь монголчуудад хамаарна.

Хүннү (НТӨ 209 - НТ 93)

засварлах
Үндсэн өгүүлэл: Хүннү гүрэн
 
Хүннү
 
Хүннү

Хүннү гүрнийг НТӨ 209 онд Модун шаньюй нэгтгэн байгуулсан. Хүннү гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болсон ба Цинь улсын үед хятадын олон улс бүр тусдаа барьсан Цагаан хэрмийг хооронд нь холбожээ. Цагаан хэрэм нь жанжин Мэнь Тянийн үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Балхаш нуур, зүүн зүгт Хянганы нуруу, хойд зүгт Байгал нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ.

Хүннү гүрнийг Түмэн шаньюй үндэслэсэн гэж шууд үзэж болохгүй. Харин түүнээс өмнө хэд хэдэн шаньюй нар байсан тухайд олонх судлаачид санал нэгтэй байдаг. Түүний хүү Модун шаньюй нь НТӨ 209 онд эцгийгээ хөнөөж Хүннүгийн 24 аймгуудыг нэгтгэж Хүннү улсыг хүчирхэгжих эхлэлийг тавьжээ. Дараад нь зүүн Монголд байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзэлжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгэжээ. Хань улстай байлдсанаас хойш арван жилийн дараа Юэчжи нарыг байлдан эзлээд, НТӨ 174 онд нас барсан. Түүнээс хойш 100 гаруй жилийн турш Хүннү нар дотоод Азид ноёрхож байсан. Үүнээс хойш Сяньби, Нирун(Жужан Роаран ч гэх), Түрэг, Уйгур,Хиргис(Енисэйн),Кидан(Хятан)улсууд оршин тогтнож байжээ.

Сяньби (НТ 156-234)

засварлах
Үндсэн өгүүлэл: Сяньби
 
Сяньби
 
Сяньби

Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ 1-р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Таньшихуайн (156-181 он) үед нэгдсэн улс болжээ. Таньшихуай хааны үед Хүннүгийн захиргаанд байсан газрыг эзэмших болжээ. Сүмбэ нь 167 онд Хань улсын довтолгооныг няцааж 180 онд Хятадын хойд хэсгийг эзлэн авчээ. Сүмбийн ард нь мал аж ахуйгаас гадна бага хэмжээний газар тариаланг эрхэлж байжээ. Сүмбэ нь III зуунд бутарчээ.

Сүмбэ нарын нэгэн хэсэг болох Тоба аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий болгожээ. Тоба Гуй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж урагш довтолсоор өөрийгөө Хятадын хаанаар өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь хожмын манжууд шиг хятад үндэстэн рүү уусан алга болсон ажээ. Тоба Вэй улс 534 онд бутарчээ.

Сүмбэ нарын гарал үүслийг монгол гаралтай, тунгус гаралтай, эсвэл энэ хоёр үндэстний аль алиных нь овог болно гэсэн 3 ерөнхий таамаг байдаг боловч хэл аялгууны хувьд үнэхээр монгол хэлтэн байсан бололтой. Тэдний нутаглаж байсан газар нь Хянганы нурууны орчмоос Ляодуны хойг хүрч байлаа.

Нирун (330-555)

засварлах
Үндсэн өгүүлэл: Нирун улс
 
Нирун
 
Нирун

Жужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгал нуураас Говь цөл, Балхаш нуураас Солонгосын хойг хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүнийн үеэс хойш хүчирхэгжсэн. Нийслэл нь Орхоны хөндийд байршиж Чуну хааны үед Мумэ хотыг байгуулсан байсан. 552 онд Нируны удирдлага доорх түрэг угсаатан бослого гаргаж 555 онд Нирун улсыг мөхөөжээ. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар Нируны зарим хэсэг Монголоос гарч VI зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар улсыг байгуулсан гэж үздэг бол зарим нь аварууд түрэг хүмүүс гэж гэж үздэг.

Нируны Монголд үлдсэн хэсэг нь Татар, Хамаг Монгол, Ойрад зэрэг 12-р зууны монгол аймгуудыг бүрэлдүүлжээ.

Түрэгийн үе (555-840)

засварлах

Түрэг улс (555-745)

засварлах
Үндсэн өгүүлэл: Түрэг улс

Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ.

Түрэгүүд нь Жужан улсад голдуу дархдын үүрэг гүйцэтгэж байжээ. Хөх Түрэгийн анхны хаан Буман, жужаны хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч жужанчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг хэмээн тоомжиргүй хандсан байна. Үүний дээр Амгай хааны охиныг сүйлэхийг гуйхад, эрс гутаан доромжилсноор Нирун улсыг довтлох болсон.

Ийнхүү Буман хаан, охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Тоба нартай холбоо тогтоож, Амгай хааны цэргийг ялаад удалгүй 553 онд таалал төгссөн. Үүний дараа 553-554 онуудын хооронд хоёр хаан солигдож, Мухан хаан болсон. Улмаар Умард Ци улстай эвсэж, хоёр этгээдээс нь цэрэг оруулснаар Нирун улсыг мөхөөжээ. Буман өөрийн дүү Истеми тардушт өрнөд хэсгийн газар нутгаас өгч Түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Буманы дараагийн хаад ялангуяа Мухан буюу Буга хааны үед түрэгүүд киргиз, киданчуудыг байлдан дагуулж жужаны үлдэгдлийг хойд Байгал нуур хүртэл элдэн хөөжээ. Мөн Хятадын Чи, Жоу улсууд 570 оноос Түрэгийн хаанд татвар төлөх болов.

Гэвч 589 онд Хятадыг нэгтгэсэн Сүй улсын нөлөөгөөр, 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, 590-609 оныг хүртэл Сүй улсын хараат улс болоход хүрсэн. Өрнөд Түрэг 590-659 оны хооронд оршин тогтнож байгаад 658-659 оны хооронд Тан улсын довтолгоонд өртөн мөхсөн. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрэг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр Уйгур, Басмал, Кидан, Тэлэ аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ.

Уйгур улс (745-840)

засварлах
Үндсэн өгүүлэл: Уйгурын хаант улс

Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг унаган Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд хот байгуулж, Орду балык гэж нэрлэсэн. Уйгурын хаант улс нь хамгийн хүчирхэг цагтаа Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас Цагаан хэрэм хүртэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогыг дарахын тулд уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш Идигинь хаан алагдах хүртэл 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ.

Уйгурууд нь өмнөх нүүдэлчдийгээ бодвол илүү их соёлыг хөгжүүлж согд-түрэгийн бичгийг сайжруулж өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ.

Уйгурын хаант улс 840 онд Енисейн киргизүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Шиньжаанд очиж, шинэ улс байгуулсан ажээ. Уйгурчууд Монголд байхдаа илүү монголоид төрхтэй байсан ч урагш нүүдэллэн европчуудтай холилдон өөртөө уусгаснаас ихээхэн европжуу холимог төрхтэй болжээ.

Енисейн киргизүүд 20-иод жил үргэлжилсэн бослогын эцэст 840 онд Уйгур улсын нийслэл Ордубалыкыг довтлон Уйгур улсыг унаган Киргизийн удирдагч Ажо өөрийн улсыг байгуулжээ. Уйгур улс унаснаар Монгол дахь түрэгийн ноёрхол үндсэндээ төгсгөл болсон гэсэн үзлийг дэлхийн эрдэмтэд дэмждэг бөгөөд киргизийн цэргүүдэд хөөгдсөн уйгурууд богино хугацаанд Монголыг орхин ураш нүүснээр Монголын өндөрлөгт түрэг угсааны овог аймгууд бараг үлдээгүй байна. Киргизийн цэрэг тэднийг Тэнгэр уул хүртэл үлдэн хөөж нийслэл Ордубалыкийг тонон дээрэмдсэн байна. Түрэгүүд Монголын өндөрлөгөөс нүүнгүүт урьд нь түрэгийн довтолгоонд шахагдан зүүн зүг нүүсэн монгол овог аймгууд эх нутагтаа эргэн ирж суусан байна.

Киргизийн болон дэлхийн зарим түүхчид Уйгур улс унасны дараа Киргизийн хаант улс одоогийн Монгол, Өвөр Монгол, Тува, Хакас, Енисей мөрний сав газар зэрэг хэдэн сая км² нутгийг захирч байгаад 924 онд Кидан улсын довтолгооноор эзэлсэн газраа алдсан гэж үздэг ч энэ үндэслэл муутай юм. Үнэн хэрэг дээрээ Енисейн киргизүүдийн эзэмшил нь төдийлөн их тэлээгүй бөгөөд Тува, Хакас зэрэг Енисей мөрний сав газрын хэдэн зуун мянган км² газрыг л хамарч байжээ.

Төв Ази дахь эртний улсуудын түүхийг судлахад эртний Хятадын он тооллын бичгүүдийг ихээхэн ашигладаг ба Киргизийн хаант улс оршин тогтнож байсан гэх баттай баримт эртний Хятадын түүхийн номнуудад байдаггүй. Түүхчид хятад хэлээрх мэдээллийг уншихдаа алдаа гаргаснаас Киргизийн улс нжлээд том газартай, удаан хугацаанд оршин тогтнож байсан гэсэн алдаатай дүгнэлтэд хүрчээ.[7] [7][8][9] Мөн Киргиз улсын удирдагч "инал" гэсэн цолтой байсан ба хан, хаан цол хэрэглэдэггүй байв.[9]

924 онд Кидан улсын цэрэг Монголын тал нутгийг эзлэхэд Монголд киргизүүд байгаагүй нь Киргиз улс Монголыг захирч байгаагүйг баталдаг.[8]

Хиргисүүд нь нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд Ажо хааны 12 хөвүүн нь түүний улсыг авч чадалгүй бутран доройтоход хүргэсэн байна. Киргизүүд Хакасд төвлөн суурьшиж байжээ.

Судрын чуулганд дурдсанаар Уйгурын дараа Татарууд хүчирхэгжин Монголын нутагт нөлөөгөө тогтоосон гэдэг тул Түрэгийн үе 840 онд дууссан гэх үндэстэй юм.

Кидан улс

засварлах
Үндсэн өгүүлэл: Кидан
 
Кидан
 
Кидан

Киданчууд нь 4, 5-р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы тэргүүлэгч Елюй Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Киданчууд нь Солонгос, Манжуур, мөн Хэрлэн, Туул, Орхон голын хөндийнүүдийг захирч байжээ. Улам хүчирхэгжиж Хятадыг эзэлж эхэлснээр Ляо гүрэн хэмээн нэрийдэх болжээ. Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ: хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эрхэлдэг ард. Энэ 2 хэсэг нь бие биетэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг байжээ.

Киданчууд нь ханз бүхий киданы их бичиг, цагаан толгой бүхий киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. Киданчууд бөө мөргөл шүтэх нь багасаж, Буддын шашныг ихээр шүтэж байв.

Кидан улс өмнөд талаараа Хятадын Сүн гүрэнтэй Шаньси мужаар хиллэн, 200 орчим жилийн турш зүрчидийн Алтан улс байгуулагдах хүртэл оршин тогтножээ. Хятад, Зүрчидэд цохиулж Бээжинг булаалгасан 100 000 нүүдэлчин киданчууд баруун тийш нүүн 1128 онд Кашгарт хүрч, тэндээ Хар Киданы хүчирхэг хаант улсыг байгуулжээ. Энэ нүүдэлд суурьшмал киданчууд бараг оролцоогүй.

Дундад зууны үе

засварлах

12-р зууны байдал

засварлах
 

12, 13-р зууны эхээр одоогийн Монгол нутагт нэгдсэн захиргаагүй, бие биетэйгээ өрсөлдөгч, биеэ даасан олон монгол аймаг оршин тогнож байжээ.

тус тус байлаа.

Хожим нь эдгээрээс Хамаг Монгол хүчирхэгжин бусдыгаа захирах болсон юм.

Хамаг Монгол Боржигин овгийн Хабул ханы үед нэг хэсэг хүчирхэгжиж байснаа дараагийн хэдэн үедээ дарагджээ. Түүний дараа Тайчуудын Амбагай хан цолыг авчээ. Амбагай хан охиноо Татарт өгөхөөр явж байхдаа татаруудад олзлогджээ. Татарууд Амбагайг зүрчидэд өгч цаазлуулжээ. Энэ үеэс татаруудад өш хонзонтой болж, Хабул ханы хүү Хотула дараа нь Хамаг Монголын ханд өргөмжлөгдөхөд Татарын эсрэг 13 удаа дайтжээ. Хотула ханы хожмын удирдагчид нь Хамаг Монголын хан цолгүй байсан нь хүч суларч байсны шинж болно. Хабулын ач Есүхэй баатар нь 1171 онд татаруудад хорлогдон нас баржээ. Энэ үед түүний хүү Тэмүжин 9 настай байсан ба Монголын эзэнт гүрнийг үндэслэгч болсон байна. Харин 1189 он хүртэл Хамаг Монгол ямар ч удирдагчгүй, зохион байгуулалт байхгүй байлаа.

Их Монгол Улс

засварлах
Үндсэн өгүүлэл: Их Монгол Улс
 
Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн гэгдэх газрын орчмын хөшөө
 
Монголын Эзэнт Гүрний өргөжин тэлэлт

Есүхэй баатар татарчуудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн багын анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг эзэлжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихсэж анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) 1206 онд зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангуд, Сартуул, Хар Кидан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгэдэйд Зүүнгар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.

Өгэдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Хархорумыг байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны эзлэж дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгэдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуйн удмынхан нөгөө талдаа Өгэдэй, Цагадайн удмынхан гэж хоёр хуваагджээ. Өгэдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сири зэрэг улс нутгийг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.

Хубилай хаан Хятадад Юань улсыг (1271-1368) байгуулж өөрийгөө Их хаанд өргөмжлөн Даду буюу одоогийн Бээжинд нийслэллэснээр Их Монгол улсын бутрал түргэсжээ. Их Монгол улс нь:

болж хуваагдан бутарчээ.

Улс төрийн бутралын үе

засварлах
Үндсэн өгүүлэл: Монгол Улс 1368-1691
 
Монгол улсууд 14-17-р зуунд: Дөчин Зүүн Монгол, Дөрвөн Ойрад, Моголистан
 
Монгол орон 17-р зуунд: Монгол Улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан

Юань гүрнийг эсэргүүцсэн бослого удаа дараалан гарсаар босогчид 1368 онд Дайдуг эзлэн Тогоонтөмөр хаан Дайду хотоос хөөгдөн Юань гүрэн үндсэндээ мөхөв. Хойд зүгт нүүсэн тэдний улсын нэрийг Курё “Умард Юань” гэж нэрлэсэн.[10][11] Тэнд хөөгдөж ирсэн монголчууд Хятадыг дахин эзлэхийг оролдсон боловч 1390-ээд онд энэ бодлогоо орхисон. 1399 онд Ойрадууд Монголоос салж Дөрвөн Ойрадын бие даасан улс байгуулснаар Монгол хоёр хуваагдаж хоорондоо сөргөлдөн байлдах болжээ.

Урьд нь Монголын хаан Ойрадын удирдагчыг алсан явдал нь Ойрадуудыг салан тусгаарлахад нөлөөлжээ.

14-17-р зуунд Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс урагшлаад Цагаан хэрэм хүртэлх нутагт нутаглаж байв. Эдгээр нь тус тусдаа бие даасан тархай бутархай ханлиг байжээ. Энэ зурвас үеийг Монголын түүхэнд Бага хаадын үе хэмээн нэрлэдэг. Энэ үеийн Монголын түүхэн номуудад улсынхаа нэрийг "Монгол Улс" гэж тэмдэглэсэн байдаг.

Юанийн дараа Чингисийн үеийн дөчин түмнээс баруун гарын гурав, зүүн гарын гурван түмэн, Ойрадын дөрвөн түмэн Монголд үлдсэн учир Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад гэсэн нэр үүсчээ.

Энэ үед Монголыг дахин нэгтгэсэн хүн бол Батмөнх даян хаан юм. Түүний өмнөх Мандуул хаан угсаа залгамжлах нуган хөвүүнгүй нас барсан тул 33 настай бага хатан Мандухай нь 7 настай Батмөнхтэй ураглаж, түүний нэр дор монголчуудыг нэгтгэсэн билээ. Ийнхүү улсыг нэгтгэсэн хатныг түүхэнд Мандухай цэцэн хатан хэмээн хүндэтгэн дурсдаг төдийгүй монголчуудын дунд үлгэр домог болон үлджээ.

Батмөнх даян хааныг тэнгэрт хальсны дараа Монгол орон дахин хэд хэдэн эзэмшил болон хуваагдав. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз Монгол нутгийн төвд эцгийнхээ язгуурын улсыг залгамжлан, Халхын засаг ноёдын өвөг нь болжээ. Халх монголчууд хэмээхийн халх гэдэг үгийг эрдэмтэд голчлон "халхавч" гэсэн үгнээс гаралтай гэж үздэг.

Гэрсэнз халхыг долоон хөвгүүндээ хувааж өгснөөр халхын долоон хошуу үүсэв. Халхад тус тусдаа эзэмшил бүхий 1586-1620-иод оны хооронд Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан гэсэн цол бүхий гурван хан зэрэг шахам бий болсон. Даян хааныг залгамжлагчдын дотор Баруун түмнийг толгойлогч Алтан хан (1507-1582) ихэд алдартай байв. Түмэдийн Алтан хан говиос урагш, Цагаан хэрмээс хойших уудам нутгийг захирч байсан бөгөөд шарын шашин дэлгэрүүлэхэд ихэд хүчин зүтгэсэн. Түмэдийн Алтан хан одоогийн Хөх хотыг үүсгэн байгуулсан нь Түмэдийн эдийн засагт ихээхэн ахиц гарсныг илтгэдэг.

17-р зууны үеэс Монголын хааны эрх мэдэл маш суларчээ. Сүүлийн хаан Лигдэн нь Цахарын Лигдэн нэртэй болсон нь бүх Монголыг бус зөвхөн Цахарыг л удирдлага доороо байлгаж чадсаны шинж юм. Ингэснээр Монгол нь олон ноёдын эзэмшил болон хувирч, цэргийн нэгдсэн хүч гаргаж чадахгүй болжээ. Энэ үеэс зүүн зүгт манжууд хүчирхэгжжээ. 1636 онд одоогийн Өвөр Монгол Манжид дагаар оржээ. 1620-иод оноос Буриад Орост эзлэгдэж эхэлсэн байна. 1691 онд Халх, 1757 онд Зүүнгарын хаант улс Манж Чин улсын захиргаанд орсноор 1911 он хүртэл 220 жил, (Ойрадыг эзлэгдсэнээс эхлэн тооцвол 153 жил Манжийн захиргаанд байжээ.

Манжийн үе

засварлах
 
Чин Улсын эрхшээл дэх Монгол нутаг

Манж Чин улс Монголыг гадаад ертөнцөөс таслах бодлого явуулсны уршгаар Монгол орон дэлхийн хөгжил дэвшлээс хоцрогдсон орон болон хувирсан байдаг.

Орчин үе

засварлах

Богд Хаант Монгол Улс

засварлах
Үндсэн өгүүлэл: Богд Хаант Монгол Улс
 
Монгол улсын Засаг захиргааны нэгжүүд
 
1915 онд Автономит Монгол улс

20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат оршил өргөх үеэр зөвлөлдөн Манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Оросын Хаант Улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасаж байсныг далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж, албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ. Богд Хаант Монгол Улсын албан ёсны нэр нь "Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс" юм.

1913 онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт үзүүлснээр цэргүүдээ татжээ. Монгол тусгаар тогтнолоо зарласан ч Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад байсаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улс ДИУ-ын автономит болж тусгаар тогтнол нь устжээ.

Хятадын цэрэг Монголыг эзэлсэн нь

засварлах

Орос дахь Октябрын хувьсгалыг хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн 1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд 1921 онд Монгол Ардын Нам (МАН) байгуулагдаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр болжээ. Энэ үеэр Барон Унгерн фон Штернберг Хүрээг эзэлж, 1921 оны 3 сард Хятадаас тусгаарлаж 7 сарын 6-нд Хаант засгийг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын 6-нд МАН, Зөвлөлтийн цэргүүдтэй хүч хавсарч Хүрээг эзлэж, шинэ Засгийн газрыг байгуулжээ. Дараагийн хэдэн жилүүдэд ЗОУ-ын нөлөө улам ихэсч, Богд хаан нас барсны дараахан 1924 оны 11 сарын 26-нд Анхны Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглажээ.

Социализмын үе (1924-1990)

засварлах
 
Дамдины Сүхбаатар

Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд хараат байдалд Зөвлөлтийн заавараар тэдний загварыг баримтлан хөгжиж ирсэн. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, боловсрол, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн байна. 1924 онд Монголын сүүлчийн хаан 8-р Богд Жавзандамба хутагт нас барсан бөгөөд мөн Богдын дүр тодруулахыг хоригложээ. 1924 он 11-р сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улс болсноор хаант засгаас татгалзаж шашныг төрөөс салгасан юм. Түүнчлэн 1940, 1960 онд Үндсэн хуулийг дахин шинэчлэн баталж байжээ. Энэ нь улс орны тухайн үеийн хөгжил, улс төрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтоос хамаарч байжээ. Социализмын үед Соёлын (бүх нийтээр бичиг үсэгтэй болох гэх мэт) довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Энэ нь манай орны хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг авч ирсэн билээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-ын нөлөөнд түүний заавраар оршиж байв. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. 1939 онд Хорлоогийн Чойбалсан удирдагч болжээ. Тэрбээр Зөвлөлтийн шахалтаар хувийн өмчийг хурааж, шашин шүтлэгийг хязгаарлах, зарим иргэдийг үндэслэлгүйгээр баривчлан хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явуулжээ. 1937 оноос эхлүүлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн алагджээ.

 
Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөнүүд

БНМАУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ыг бүрэн дэмжиж тусламж илгээж байсан ба 1939 оны Халх голын дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы армийг ялжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. Монгол улс 1945 оны чөлөөлөх дайны үеэр манай удирдлага Өвөр Монголыг өөртөө нэгтгэхийг зорьж байв.

1945 онд Иосиф Сталин, Чан Кайши нар Японы эсрэг хоорондоо холбоо тогтоож, энэ үед Тайвань нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. 1949 оны 10 дугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахад 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон байна.

1952 оны 1 дүгээр сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Зөвлөлтийн дэмжлэгээр Юмжаагийн Цэдэнбалд улсыг удирдах эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд НҮБ-ын гишүүн болж, өрнөдийн зарим оронтой дипломат харилцаа тогтоож эхэлжээ. Харин яг энэ үед буюу 1960-аад оноос ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа муудан тасарч, Монгол нь ЗХУ-ын талыг бүрэн баримтлах болжээ. Ингэснээр ЗХУ-ын оролцоо, нөлөө мөн ихэсчээ. Монголын эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан Азийн анхны улс болжээ.1984 онд Ю.Цэдэнбал Москвад айлчилж байхад нь түүний эсрэг эргэлт гарч Жамбын Батмөнхийг Монголын удирдагчаар сонгожээ.

Нэн шинэ түүх (Ойрх түүх)

засварлах

Ардчилсан дэглэм

засварлах

1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн "өөрчлөн байгуулалт", ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал цуглаан зохиогдох болж, олон хөдөлгөөн холбоод байгуулагджээ.[12]

1990 оны 3-р сарын 7-нд МоАХ-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлаж, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад улс төрийн олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.

Анхны чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1-р сарын 13-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.

Монголын ойрх түүхийн буюу нэн шинэ түүхийн үе нь 1990 онд Монголын ардчилсан хувьсгал ялснаас хойш одоо хүртэлх үеийг хамарна.

1989 оны 12-р сарын 03-д Эрдэнэт хотод анхны тайван жагсаал болсон бөгөөд анх 1988 оны 12-рсарын 14-нд ММС удирдах газрын АТК-н жолооч нар ажил хаяж цалин хөлсөө нэмүүлэх тэмцэл хийсэн бөгөөд энэ нь улмаар хувьсах, өөрчлөгдөхийн эхлэл болсон. Харин 1989 оны 12 сарын 6-8-нд, мөн 10-нд Эрдэнэт хотын төвд жагсаал цуглаан болж байсан түүх видео бичлэг байдаг. 1989 оны 12-р сарын 19-д Эрдэнэтэд МоАХ байгуулагдаж 1990 оны 01сарын 19-21-нд гишүүдээ элсүүлж өргөдөл бичүүлэж байсан. Тэр үеийн 5-р микрийн 21-р байрны 6 тоот болон уурхайчин Соёлын ордоны бага зааланд анхны гишүүдээ элсүүлсэн болно.

1989 оны 12 сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаснаар ардчилсан хөдөлгөөн эхэлжээ. Удалгүй Монголын Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Ногоон Нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрчдийн Нам гэсэн намууд байгуулагджээ. Тэд анх ардчилсан нийгэмд шилжих тухай биш социализмыг сайжруулах уриа дэвшүүлж байсан юм. 1990 оны 3 сарын 7-9-ны хооронд Монголын Ардчилсан Холбооны гишүүд өлсгөлөн зарласнаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтжээ. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ. 1993 оны 6-р сарын 6-нд анхны шууд ерөнхийлөгчийн сонгууль болж П.Очирбат анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож 1997 онд тэрээр улиран сонгогдсон байна. 2001 онд ИАХН-аас нэр дэвшигч Нацагийн Багабанди Монгол улсын 2 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Нэмж унших

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Монголын түүх – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  Commons: Монголын газрын зураг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

засварлах
  1. "Үндсэн хувилбар". Archived from the original on 2015-06-26. Татаж авсан: 2015-06-28.
  2. "Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилт". Archived from the original on 2013-12-26. Татаж авсан: 2013-05-13.
  3. Монголын археологи
  4. Гар бичмэл, хувилбар 2 МОНГОЛЫН АРХЕОЛОГИ, УБ, 2002
  5. "Ш.Пүрэвсүрэн Хорвоод хосгүй Монгол банхар". Archived from the original on 2015-08-19. Татаж авсан: 2015-08-18.
  6. Рашаан хад баримтат кино "Semoon" студи
  7. 7.0 7.1 "В.Ушницкий: Кыргызский каганат - кочевая империя или раннее государство?". Archived from the original on 2014-08-07. Татаж авсан: 2015-03-09.
  8. 8.0 8.1 "Дробышев Ю.И. "Политика киданей в Центральной Азии"". Archived from the original on 2016-03-03. Татаж авсан: 2015-03-09.
  9. 9.0 9.1 П.П. Азбелев. Древние кыргызы. Очерки истории и археологии V.3.Кыргызы и кидани: великодержавие мнимое и подлинное
  10. 鄭麟趾 정인지. 《高麗史‧卷第四十三‧世家第四十三‧恭愍王六》고려사 (хятад хэлээр). 北元遼陽省平章劉益、王右丞等欲歸附大明,慮遷居民,以遼陽本我地,若我國請命,可免遷徙,遣使來告。
  11. 첵메드 체렝도르지, 14세기 후반 동아시아의 국제정세와 북원과 고려의 관계, 한국학중앙연구원 박사학위논문, 2011 (солонгос хэлээр)
  12. МОНГОЛД АРДЧИЛАЛ ЭХЭЛСЭН ТҮҮХ ikon