Лигдэн Хутагт Хаан (15881634) нь 1604-1634 оны хооронд Эзэн Чингис хааны удмын сүүлчийн их хаан юм. Хиад Боржигин овогтон.

Хутагт хаан
Лигдэн
Их Монгол улсын хаан
Хаанчлал1603-1634
Хаан суусан1603
Бусад хэргэмХутагт хаан
Төрсөн огноо1589
Өнгөрсөн огноо1634
ӨмнөхБуян сэцэн хаан
УдаахЭжэй хаан
Их хатанСутай тайху
ЭхнэрНаннан тайху
Дутумэн хатан
Эржэй хатан
Бүчи хатан
Хүртүмэн хатан
ДуулалДөчин түмэн Монгол улсын эзэн Лигдэн Чингис хаан
ЭцэгМангус тайж
Ургийн овогБоржигон
Төрсөн нэрЛигдэн

Нэр, цол

засварлах

Лигдэн хутагт хааны нэрийг түүх бичлэгт Лигдэн, Линдан гэж хоёр өөр байдлаар бичсэн байдаг. Лигдэн хааны нэрийг төвөд хэлээр Лиг-дан (རྦད་དེ) гэж бичсэн нь, монгол хэлээр сайтар төгөлдөр гэсэн утгатай. Мин улсын түүхэн судар шастирт Линь дан (林丹, lin dan) хэмээх ойролцоо дуудлагат ханзаар бичдэг.

Лигдэн нь Хаан сууринд заларч байхдаа Линдан Хутагт Суут Чингис Таймин Сэцэн Зүгүүдийг Тийн Бөгөөд Ялгуугч Бала Чакраварти Дай Тайсун Тэнгэрийн Тэнгэр Дэлхий Дахины Хурмаст Алтан Хүрдэнийг Орчуулагч Номын Хаан[1] гэсэн асар урт цол гуншин хэрэглэж байсныг Их Шар Туужид тэмдэглэн үлдээжээ. Дээрх урт цолыг товчлохдоо Дөчин түмэн Монгол улсын эзэн Баатар Чингис хаан гэж зарлан тунхаглаж байсан нь хожуу Алтан улсын Нурхач хаанд явуулсан захидалд баримт болон үлджээ.

Мөн Лувсанданзаны бичсэн Алтан товчид Лигдэн хааны нэрийдсэн цолыг "...Суут Чингис Таймин Сэцэн, зүгүүдийн тийн бөгөөд ялгуугч, Тайсун тэнгэрийн тэнгэр, дэлхий дахины хурмаст, Алтан хүрдийг орчуулагч номун хаанхэмээх болж, сайн зарлиг номуудыг монголчлон орчуулж маш ихэд дэлгэруулсэн ажгуу..."[2] гэж тэмдэглэжээ.

Улс төрийн үйл ажиллагаа

засварлах

Түүний үед Монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдэлд хуваагдаж, бутарч байсан ба Лигдэн хааны захиргаанд зөвхөн Цахар түмний найман хошуу л оршиж байжээ. Хэдий тийм боловч тэрээр бүх Монголыг эрхэндээ оруулах төрийн бодлого явуулж байсан юм. Гэвч энэ үед Манжийн овог аймгууд нэгдэн нийлж, Умард Алтан улсыг байгуулж Умард Алтан улсын хаан Нурхачи говийн өмнөх Монголчуудыг захиргаандаа оруулж эхэлсэн түүхтэй. 1625, 1626 онд өвөр Халхын Баяагуд аймгийн ноён Энхэ Дара таван отгийн Халхын элчийг томилон Нурхачи баатрын ордонд бараалхаж “Хүндэлэлтү хаан” хэмээн өргөмжилж байв. 1628 онд Нурхачи баатрын ахмад хөвгүүн Чойлон 5000 цэрэг дайчлан “Ула, Ехэ аймгийг өмгөөлөв” хэмээн довтлохоор зэхэж байсанд олон монгол аймгууд Хорчинд элч зарж цэргийн тусламж гуйсан байна. Хорчин аймаг Лигдэн хааны зарлиггүйгээр дураар цэрэг хөдөлгөж үл болох тул тусалж чадахгүй гээд элчийг буцаасан байна. Төд удалгүй Лигдэн хааны зарлигаар Хорчины Онгудай баатар, хөвгүүн Уба тайж нар цэрэг дайчлан манж-зөрчидийн цэргийг цохиж ухраажээ. Зөрчидийн нэгэн салбар монгол угсааны Ехэ аймаг Нурхачи баатрын довтолгоонд өртөж, арга буюу Лигдэн хаанаас тусламж хүссэнд Онгудай баатар, Уба тайж нар Нурхачи баатрын цэргийг дайлж, хиа Буянтыг алсан байна.

Зөрчидийн Нурхачи баатар монгол аймгуудтай байлдаж амжилт олохгүйгээ мэдмэгц зөөлөн арга “ураг барилдах” замд шилжсэн юм. Нурхачи баатар Ляодунгийн газарт өөрийн байрыг бэхжүүлэхийн тулд нангиадын Мин улсыг дайлахад хүчээ төвлөрүүлж, Лигдэн хаан болон монгол аймгуудтай илт дайсагнахаа больж ар талын аюулгүй байдлаа хангахад анхаарч эхэлжээ. Монголчуудын өдөөн хатгалга, халдлага, довтолгоонд Нурхачи баатар хүлцэнгүй хандаж, “ураг болъё” гэх зэргээр хил залгаа орших Хорчин, Өвөр халхын таван отгийн ноёд, тайж нартай найртай харилцаж ойртсоор байлаа.

Нурхачи баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосон байна.

1619 онд Зөрчидийн Нурхачи баатар хаан Мин улсын хязгаарт хийх довтолгооноо өргөтгөж Тиелин давааг эзлэн авахаар хөдөлж ирсэнд Мин улс хүчин мөхөсдөж Монголын Лигдэн хаанаас тусламж хүсэв. Лигдэн хаан зарлигаар Өвөр Халхын Хонгирадын Зайсай ноён, Жарудын Бага дархан, Сабун, Хорчины Мянган тайж ба түүний хөвгүүн Сангаржай тайжи нар нэгэн түм илүү морьт цэрэг дайчлан Тиелин давааг довтолж эзэлсэн боловч Нурхачи баатар хаанд ялагдаж, Зайсай ноён зэрэг олон ноёд олзлогдсон байна.

Нурхачи баатар хаан Солонгосыг дайлсныхаа дараа Нангиад орныг байлдан дагуулах аян дайндаа өөрийн баруун жигүүрт байгаа монгол аймаг, ханлигуудыг өөртөө татах, нөлөөндөө оруулахыг чармайж, тэр дундаа Лигдэн хааныг өөрийн гол холбоотноо болгохыг санаархаж эхлэв.

Манж-Зөрчидийн Умард Алтан улс, Монгол улс хоёрын хооронд болсон анхны тулалдаанд Нурхачи баатар хааны ялалтаар өндөрлөсөн нь манж-зөрчидийн хувьд монгол аймгуудыг өөртөө татах боломжийг нэмэгдүүлэв.

Тиелингийн тулалдаанаас хойш Зөрчидийн Нурхачи баатар хаан Мин улсыг дайлъя гэвэл эхлээд Монголын Лигдэн хааны хүчийг сулруулах, ар талаа бэхжүүлэх ёстой болсон байна. Лигдэн хааны мэдэлд буй Цахар аймаг хүчирхэг тул Өвөр Халх, Хорчин, Харчин, Найман, Аохан, Баарин олон монгол аймгуудыг ургийн холбоондоо дулдуйдан “айлган сүрдүүлэх” ба “аргадан татах” замаар Нурхачи баатар хүчирхэг Лигдэн хааны хүчийг сулруулж эхэлжээ.

Лигдэн хаан урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэн хааныг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна.

Түүний хойно, 1619 оны 11-р сарын эцсээр Лигдэн хааны элч Хангал Байху манж-зөрчидийн хааны ордонд очиж Нурхачи баатарт илгээсэн Лигдэн хааны бичгийг өргөсөн байна.

Лигдэн хааны бичиг:

„Би бол баатар агуу суут эзэн Чингис хааны удам Лигдэн бөгөөд Дөчин дөрвөн түмэн Монголын эзэн билээ. Нурхачи чи болбаас усны гурван түмэн Зөрчидийн эзэн билээ. Хэрбээ, чи миний өмнөөс довтлох гэж байгаа бол сайтар бодтугай. Чи нангиад оронд гай гамшиг их тарибай.

Мин хийгээд бидний хоёр улс дайсан улсууд бүлгээ. Бид чамайг үхэр жилээс эхлэн Мин улсыг нэг бус удаа дайлсныг мэднэ. Энэ жилийн зун би өөрөө Мин улсын Гуаннины эсрэг цэрэглэж хотыг эзлэн авч тэнд хураасан албыг хураамжлан авсан болой. Хэрбээ чиний цэрэг Гуанниныг дайлах хэмээвэл би номхтгон дарна.

Монгол улс эртнээс Мин улстай өшөөтэй болохоос Зөрчид нартай өшөө атаа үгүй. Бид тасарсан элчин харилцаагаа сэргээх буй за...“

Лигдэн хаан цааш нь Зайсай тэргүүтэй Хорчин, Өвөр халхын ноёдыг ямар ч болзолгүйгээр суллах, түүний эзлэн буй Гуаннан хотод цэрэглэхээ татгалзахыг шаардсан байна.

Нурхачи баатар хаан энэхүү захидалд эгдүүцэж, монгол элчийг барьж хориод, 1620 онд хариу элч илгээв:

„Та юуны учир өөрийгөөн манай улсаас дээш дөчин түмэн улс хэмээн өргөмжилнөм бэ. Мин улс Дадуг (Их нийслэл) авах үед танай дөчин түмэн монголчууд бүрнээ бут ниргүүлж, дөнгөж зургаан түмэн хүн амь золин гарсныг бид сонссон билээ.

Тэд зургаан түмэн ч танд бүгд бүрэн захирагдаагүй болой...

“Лигдэн дөчин түмэн Монголын эзэн хэмээн бардамнав ч, түүний мэдэл өчүүхэн, Цахарын эзэн төдийгөөс үл хэтрэх биш үү. Минчүүд биднээс айхын учир та бүгдийг бэлэг мөнгөөр өөртөө татаж байна. Та болон бид хэл яриа өмнөө боловч эмгэнэлийн хувцас өмсөх ёс журам бидэнд нэгэн адил болой.

Минчүүд бидний заналт дайсан болой. Эзэн хаан Тэнгэр, Газрын өршөөл хүртэж, тэдний эсрэг дайтаж, хотыг нь нурааж, хүн ардыг нь устгав. Тэнгэр, Газарт ивээгдсэн эзэн хаантай хамтаар гүнзгий заналт дайсан минчүүдийг дайлах хэтийн санаа өвөрлөе гэхсэн. Тийм үг хэл илүү чухаг бус гэж үү“

гээд Цахар нь Мингийн дайнд ялагдаж байсныг дурьдаад, Мин улсын эсрэг Зөрчид, Монгол нар холбоотон болж тэмцэхийг санал болгоод хоригдож буй зарим ноёдыг сулласан ч Зайсай ноёныг түмэн талаар сольж авсугай гэж элч илгээв. Лигдэн хаан хилэгнэж, зөрчидийн элчийг хорьсонд Нурхачи баатрын ордонд манж-зөрчидийн элчийг хороосон тухай худал цуу үг хүрч, Лигдэн хааны элч Хангалбайхуг хороожээ. Ийнхүү Умард Алтан улс ба Монгол улс хоёрын хооронд ноцтой зөрчил бий болов.

Манж-зөрчид нар хүчирхэгжсэнтэй холбогдуулан, Мин улсын эрх баригчид зөвлөлдөхөд Манж-зөрчид ба Монгол хоёрын алинтай нь холбоотон болох тухай хэлэлцэхдээ нангиад түшмэд: “Зөрчид нар эртнээс зальхай хүмүүс тул яаж ч мэднэ. Харин умардын монголчууд болбаас довтолж эд агуурс булаахаас өөр үгүй, хэлсэндээ хүрдэг хүмүүс тул Монголтой холбоотон болох нь зөв” гэж тогтсон байна.

1619 онд Лигдэн хаан нангиадын Мин улстай цэргийн холбоотны гэрээ байгуулж, Мин улсаас авах шан харамжаа 4,000 лан цагаан мөнгийг 20,000 лан цагаан мөнгө болгожээ.

Монголчууд нангиадын үзэн ядах үзэл санааг сэдрээсэн Лигдэн хааны энэ үйл ажиллагааг Өвөр Монголын бүх ноёд дургүйцэн хүлээн авч, монгол ноёд Лигдэн хаанаас нүүр буруулан Манж-зөрчидийн Нурхачи баатар хааныг түших болжээ. Лигдэн хаан ба Мин улсын холбоотны гэрээ байгуулахаас өмнө монгол ноёд цөм Лигдэн хааныг дагаж, түүний үг зарлигийг мөрдөж байлаа.

Лигдэн хааны бодлогод дургүйцсэн Үзэмчин, Сөнөд, Хуучид, Авга нар аймгууд элсэн говийг гаталж, Халхын Сэцэн хан Шолойн нутагт нүүж ирэв.

1623 оны 5-р сард Лигдэн хаан Жаруд аймгийн Сабун ноёныг “Умард Алтан улстай далдуур харилцав” хэмээн довтолсонд Сабун ноён ял асуухаас айж хөрш Хорчины нутагт орж ирсний дараа ялт хүмүүнийг орогнуулсан ял нөмрөхөөс эмээн Хорчины Ууба тайжи Умард Алтан улсад дагаар оров. Лигдэн хааны авга ах Дайчин тайж Шинэ мянган отогийг авч Ууба ноёны хамгаалалтад оржээ.

Өвөр Халхын ноёд тайж нар Лигдэн хааны шийтгэлээс айж Манж-Зөрчид уруу очиж чадахгүй байгаагаа мэдэгдэж, Нурхачи баатар хаанд байнга элч илгээж байв. 1623 оны 5-р сард Абахай сэцэн хунтайж, Дэглэй тэргүүтэй зөрчидийн 3000 цэрэг Жарудын Ананда тайжийг бут цохиж аймаг олныг нь хураан авчээ.

1623 онд Нурхачи баатар хаан Хорчины Ууба тайжид элч илгээн 1624 онд тангараг өргүүлж холбоотноо болгов. Лигдэн хаан “энх төрөөр нэгтгэх бодлого” нь амжилтгүй болмогц “дайчин төрөөр нэгтгэх бодлого”-д шилжиж, 1625 оны 4-р сард Хорчин аймагт довтолж Зүрүхэ хотыг бүсэлсэнд Хорчины Ууба тайжи Умард Алтан улсад элч илгээн тусламж хүсэв.

Нурхачи баатар хаан цэрэглэж, Хорчины нутгийн гадна цэргийн үзлэг хийгээд өөрийн гутгаар бэйл Мангудай, дөтгөөр бэйл Абахай сэцэн хун тайж нараар 5000 шилдэг морин цэргийг удирдуулан Хорчинд туслаар илгээж, өөрөө гэдрэг буцжээ. Лигдэн хаан манж-зөрчидийн цэрэг айсуйг мэдээд бүслэлтээ зогсоож гэдрэг буцсан байна. Энэ үед Өвөр Халхын Баяагудын ноён Энхэ дара албат нараа дагуулан Умард Алтан улсад дагаар оров. 1625 онд Хорчины Ууба тайж, зөрчидийн Нурхачи хаанд бараалхан Есөн цагааны алба сэлтийг өргөж давхар ураг барилдав. Манж ба Цахар хоёрын хооронд болсон анхны зэвсэгт мөргөлдөөнд манж нар давамгайлж Нурхачи баатар Өмнөд Монгол уруу цэрэглэн орохоор зоримог шийдвэр гаргасан байна.

1626 онд Манж-зөрчидийн их цэрэг Монголын нутагт цөмөрч “Улаат элчийг уулгалав” гэж шалтаглан Жаруд, Баарин аймгийг довтолж хүн мал олныг олзолж авчээ.

1626 оны 5-р сард “Хүндэлэнг хаан” Нурхачи баатур 10,000 цэргээр найман замаар довтолж, Хатун голыг (Шар мөрөн) гаталж Баарин аймгийг довтолж Наннуг тайжийг хороон, Баарин, аухан, найман, ар хорчин, оннигуд, хишигтэн аймгуудын нутгийг эзлэн авч, намар 10-р сард манжийн цэрэг Жаруд аймгийг довтолж Бага Дархан тэргүүтэй 14 тайжийг талж буцжээ.

Халхын зүүн гарын Шолойг түшин суусан өвөрлөгч аймгийн ноёд Халхад Лигдэний эсрэг уур амьсгал тархахад нөлөөлсөн байна. Тэдгээр аймгийн зарим ноёд Халхад нутаглах хугацаандаа Лигдэн хааны эсрэг мөчөөрхөн тэмцэж Сэцэн ханы нутгаас Түшээт ханы нутгийг дайран өнгөрч 1631 онд Харчин, Түмэд, Ордос, Юншээбү, Асуд аймгийн ноёдтой холбоолон, Хөх хотод байсан Лигдэн хааны 40000 цэргийг бут цохиход оролцжээ. Үүнийг Халхын ноёдууд хөхиүлэн өөгшүүлсэн нь дамжиггүй юм.

Халхын ноёдын олонх нь Лигдэн хутагт хаан Өвөр Монголын ноёд, тэднийг дэмжсэн Манжийн хамтарсан хүчинд Лигдэн хутагт хаан цохигдохын хамт Халхад шурган орж ирж өөрсдийнх нь эрх мэдэл, биеэ даасан байдалд халдуузай хэмээн болгоомжилж түүнийг эсэргүүцэн тэмцэхэд бэлтгэх болжээ.

1627 оны үед Лигдэн хаан баруун гурван түмнийг (Ордос, Харчин, Түмэд) дайлах чимээг сонссон ар Халхын Засагт хан, Хотгойдын Алтан хан нар тагнуул туршуул явуулж байдлыг ажиглах гэхэд Лигдэн хаан тэднийг нь барьж аван цөмийг нь алжээ. Энэ мэт байдлаас болон ерөөс Лигдэн хааныг ар Халхад цэрэглэх нь гэж сандарсан ар Халхын ноёдын дунд багагүй хөл үймээн болж эсэргүүцэн тэмцэхээр бэлдэцгээжээ.

 
1630-аад оны Манжийн эсрэг монголчуудын тэмцэл.

1631 онд Халхын хамгийн баруун хойд захад оршин сууж байсан Омбо-Эрдэнэ тайж Лигдэн хутагт хаан довтлон ирэх гэж буй тул галт зэвсгээр тусална уу гэж Оросын хаанд элч зарж байсан төдийгүй Лигдэний “аюулаас” аврагдахын тулд Оросын цагаан хаанд дагаар орох асуудлыг татгалзахгүй байсан нь „Өөрийн төрөлдөө захирагдсанаас өрөөлийн дор боолчлогдсон нь дээр“ гэх сонголтыг буй болгосон юм.

Халхын ноёдын дундаас Лигдэн хааны тэмцэл нийт Монголын тусгаар тогтнолын хэрэгт гүн холбогдолтойг ухамсарлан түүний тэмцлийг дэмжих талыг баримталсан Цогт хунтайжаас өөр түүхэнд нэр гарч тэмдэглэгдсэн хүн алга байна.

1624 онд Лигдэнг хаан ширээнд суусны 20 жилийн ойг тохиолдуулан Цогт тайжийн хаданд сийлүүлсэн 7 бадаг шүлэг, дагалдвар бичээсд түүний улс төр, гүн ухаан, шашны үзэл бодрол тусгалаа олжээ. Шүлэгт авга эгч Халуутыгаа санан мөрөөдөх сэтгэлээрээ дамжуулан Лигдэн хааныг дэмжсэн санаагаа илэрхийлэхдээ:

„Халх Оннигудын газар хол болбоос бээр

Хайрлан санагалзах агаар нэгэн буй заа

Эх нь ганц хүүгээ хайрлах мэт

Элдэв үйлээр харилцан туслалцах болтугай“

хэмээгээд дагавар

бичээсд:

„Дээд тэнгэр хийгээд хаан, хатан ба аливаа ачтан хүмүүнээ мөргөм ... Тэргүүн хэсэг. Манж Чин улс Монголыг байлдан дагуулсан нь

Чингис хааны үр Очир хааны ач Халхын Цогт тайжийн зарлигаар

Дайчин хиа, Гүен баатар хоёр,

Монголын Хутагт хааны учир

Чингис хааны төрсөн усан морин жилээс нааш дөрвөн зуун жаран дөрвөн жил болсноо

Жилийн эх модон хулгана жил, Сарын эх гал барс сарын арван таван их цагаан өдрөө, Хас эрдэнэ мэт хаданд бичив...“

хэмээжээ.

Дээр өгүүлсэнчлэн Ар Халхын ноёд Лигдэн хааныг дэмжих нь бүү хэл оргож боссон албат аймгуудыг нь орогнуулан эсэргүүцэж улмаар Лигдэн хааны эсрэг тэмцэхэд нь өдөөн турхирч байлаа. Нөгөө талаар Ар Халхад шургалан орж ирсэн Авга болон Цахарын баруун гарын Сөнид, Үзэмчин, Хуучид эдгээр аймгууд нь Халхын зүүнгарын Шолойг “Сэцэн хан” цол өргөмжилж түүний албат болсон байна. Энэ үүднээс авч үзвэл Халхын Сэцэн хан аймгийнхан Манж Чин улс болон түүнд дагаар орсон Өвөрлөгчдийн хамт Лигдэн хааны эсрэг хэд хэдэн удаагийн дайнд оролцсон гэж үзэж болох юм.

Сүүл үеийн цэрэг дайн ажиллагаа

засварлах

Айшин гүрэн болон арын аймгууд (Ар Хорчин, Оннигуд, Дөрвөн хүүхэд, Исүд) нь Монголын (Цахарын) хаан Лигдэний эсрэг цэрэг улс төрийн холбоо байгуулсанд 1630 онд Лигдэн хаан эдгээр урвагчдыг болон ар Халх руу зугтаасан аймгуудыг залхаан цээрлүүлэх дайн явуулсан байна.

Энэ дайн Лигдэн хаан хийгээд арын аймгууд болон ар Халхын хооронд явагджээ. Лигдэн хаан өөрийн шууд харьяат аймаг болон 1627 онд дагаар оруулсан баруун гурван түмний (Ордос, Түмэд) цэргийг дайчилсан байна. Лигдэн хааны цэрэгтэй ар Халх, түүний харьяат Авга нар л Лигдэн хаантай нилээд тулсан бололтой байна. Ар Хорчин, Оннигуд, Дөрвөн хүүхэд нар нь цөм өмнөш Ашин гүрэнг бараадан нүүн зайлжээ. Лигдэн хааны ар Халхтай дайн болсон тухай тухай Ашин гүрний “хуучин Манж бичгийн данс”-д буй нэгэн захидалд :

„...Цахар цэрэг мань зүг мордов. Сар гэж зарсан тэр хэлийг сонсоод цэргээ угтаж гараад, гэрээ бэрх газар оруулж, халхтай тулалдаж Халхын Буяаху гүен ирж хэлэлцэж, Халх жононтой угтаж гарав гэнэм“

... гэжээ. Мөн

„...Халхын бугутай хошууч 300 хүн туршуул, Цахарын захыг довтолж гархуй“

...гэх мэтээр ар Халхын оролцоог тэмдэглэсэн байна.

Урвагч нарт хорссон Лигдэн хаан 1631 онд Хянганы нурууг давж урвасан Хорчин тэргүүтэй аймгуудад цохилт өгчээ.

Лигдэн хутаг хаан, Халхын Цогт хунтайж, Төвөдийн Занба хаан Данзанвамбо, Кам мужийн Бэри аймгийн ноён Доньёддорж нар улааны шашныг дэмжин манжийн хааны дэмжлэгийг хүлээх болсон шарын шашны эсрэг тэмцэхээр холбоотон болжээ. Манжийн хаан Абахай сэцэн 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж Хянганы давааг давжээ.

Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийж, цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөхнуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаасан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо, найман хувь нь гээгдэн хоцорсон байна. Лигдэн хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж, урьд холбоо тогтоосон Төвөдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэхийг эрмэлзэж байсанд оршино. Лигдэн хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газар цэцэг өвчнөөр өвдөж 43 настайдаа тэнгэрт хальжээ.

Өвөг эцэг: Буян сэцэн хаан

Эцэг: Мангус тайж

  1. Сутай тайху, Эрх хонгор буюу Эжэй хааны эх. 1635 онд Хошой жэн чин ван Жиргаланд өгсөн.
  2. Наннан тайху, Абахай сэцэн хаан өөрөө авсан.
  3. Дутумэн хатан, Абахай сэцэн хаан өөрөө авсан. Хожим Янь чин гун шу фэй хэмээн нэхэн цол өгсөн.
  4. Эржэй хатан, Нурхачи хааны 7-р хүү Абатайд өгсөн.
  5. Бүчи хатан, Абахай сэцний хүү хошой чин ван Хоогэд өгсөн.
  6. Хүртүмэн хатан, түүнийг бага тушаалын түшмэлд өгсөн.

Үр хүүхэд

засварлах
  1. Эрх хонгор
  2. Абунай

Лигдэн хааны тамга

засварлах

Монголын тулгар төрийг үндэслэгч суут Богд Чингис хааны энэхүү төрийн тамга XVII зуун хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд цахарын Лигдэн хаан манжид хүчин мөхөсдөж Хөх нуурын зүг дутааж бие барах болмогц тамгыг дайсны гарт оруулахгүйн тулд ар, өвөр Монголын зэлүүд уулсын аль нэгэн хадан хонгилд эгнэгт далдлан нуусан тухай сурвалж бүтээлүүдэд тэмдэглэсэн байдаг. Лигдэн хааны хувьд Чингисийн удмын сүүлчийн хаан, Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхийн төлөө тэмцэж явсан эх оронч үзэлтэй хүн байжээ. Иймээс үе дамжин ирсэн их хааны хаш тамгыг Монгол үндэсний улс төрийн оршин тогтнохын бэлгэдэл болгож манж нараас нууцалсан гэдэг домог яриа байдаг.

Тамга Тогоонтөмөр хааны үед үрэгдээд, түүнийг ямаа олоод, ямааны эзэн Лигдэн хаанд өгөөд, улмаар Сутай нэртэй хатанд нь байж байгаад Манжийн хаанд шилжсэн домогтой. Харин түүхэн сурвалжид Лигдэн хааны хүү Эжээ Хонгор (дээрх сурвалжид Эрххонгор) аавыгаа нас барсны дараа жил буюу 1635 онд Хасбуу тамгыг Нурхачийн хүү Амбагайд аваачиж өгсөн гэсэн өөр мэдээ байдаг. Эжээ Хонгор өөрөө бол бууж өгч очсон.

Лигдэн хаанаас тамга хураасан тухай, Юань улсын их хасбуу эрдэнэ хэмээн тусгайлан тахиж шүтдэг байсан тухай Манж Чин гүрний түүхэнд бичиж дурдсан бий. Тэрхүү тамганы хамтаар домогт гурван эрдэнийг тахиж байсан сүмд Мүгдэн буюу одоогийн Хятадын Ляонин мужийн нийслэл Шэньяан хотын Шар сүмд тахигдаж асан тэр тамгыг манжууд “Юань улсын их хасбуу тамга” хэмээн зарлаж, шүтэж, хаад нь тэр тамганы үлгэрээр шинэ тамга үйлдүүлж байсан.

Мүгдэнд тахигдаж асан тэр тамга “Төрийн зарлиг уламжлах эрдэнэ” гэсэн эртний дөрвөн ханзтай, хааш хаашаа 13 см, тиг дөрвөлжин байжээ. Харин шар хадган дээрх дардас бол хялбар уншигдахааргүй сонин, эвхмэл найман үсэгтэй, хааш хаашаа яг 8,2 см дөрвөлжин байв.

Лигдэн хутагт хааны тамганы домог

засварлах

Манжийн ихэд тархсан “домогт” бичмэл сурвалжид ийн өгүүлдэг:

“Найман сарын цагаан луу өдөр бэйл нэр түшмэл зарж, хааны хүн, илгээж, хол угтуулсан хишигт мөргөн айлтгасан бөгөөд үе үеийн улс залгамжлах хас эрдэнийн тамга олж авчирсан явдлыг мэдүүлэн айлтгав. Энэ эрдэнийн тамга бол Юань улсын ордны дотор хадгалж байсан тамга бөгөөд Шөньди (Тогоонтөмөр) хааны үед хүрч ирээд, Нийслэл хотыг орхиж, тэр эрдэнийн тамгыг авч, хилийн чанадад одоод, хожим Инчан хотод очоод, хот алдагдах үес тэр эрдэнийн тамгыг үрэгдүүлсэн байна.

Тэгээд 200 гаруй жил өнгөрсний хойно нэгэн хүн хадын дор ямаа хариулж явтал нэгэн ямаа гурван өдөр өвс идэлгүй, гагцхүү туурайгаар газар цавчлахыг үзээд, хариулж явсан хүн даруй тэр газрыг малтаж, хас эрдэнийн тамгыг гарган авч, Юань улсын үр хойч Бошигт хаанд өргөн барьжээ. Хожим Цахарын Лигдэн хаанд сүйтгэгдсэн хойно хас эрдэнийн тамга Лигдэн хааны гарт оржээ. Лигдэн хаан бол бас Юань улсын үр хойч болой. Бэйл нэр тэр эрдэнийн тамгыг Сутай хатанд бий хэмээн сонсоод, авчир хэмээн авчруулж үзвээс ЖИ ГАО ЖИ БОУ хэмээх дөрвөн хятад үсэг бичжээ. Хасын бие ишинд хоёр луу ороолдуулан үйлдсэн бөгөөд гэгээн сайхан, үнэхээрийн эрдэнэ аж. Доргон нар ихэд баясалдан, бидний Хаан буян ихтэй тул Тэнгэр гайхамшигт эрдэнэ хайрлажээ. Энэ бол түмэн жил болтол нэг болгож нийтлэхийн бэлгэ ажгуу хэмээн тэр эрдэнийн тамгыг хямгадан авч, дагаар орсон иргэний хамтаар Хар мөрнийг гатлан, Хөх хотод хүрч ирэв. Тэр тухайд бэйл Ёото хараахан өвчилсөн тул мянган цэрэг таслан авч, Хөх хотод суув. Бусад бэйл нэр олон цэргийн хамтаар Цахарын хааны хүү Эрххонгор-Эжэй болон түүний сайд нарыг авч…буцав. Улаагчин гахай өдөр Зарлигаар… угтуулан илгээв… хас эрдэнийн тамгыг улаан эсгий дэвссэн ширээн дээр тавьж… Хааны цацрын өмнө шар ширээ тавьж, хүж асаан, Тайзун хаан хас эрдэнийн тамгыг хүлээн аваад, гараар өргөн барьж, олныг дагуулан Тэнгэрт мөргөж ёслон дуусгаад, сууриндаа сууж, баруун зүүн этгээдэд хандан Зарлиг буулгасан нь: “Энэ хас эрдэнийн тамга бол эртний үе үеийн хаадын хэрэглэж байсан эрдэнийн тамга бөгөөд Тэнгэр надад хайрласан нь магадаар омтгой бус” хэмээв.

Лигдэн хутагт хаан, шашин, соёл

засварлах

Бурханы шашныг дэлгэрүүлэхэд маш анхаарч олон сүм хийд бариулсан билээ. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн лут их үйл бол Бурханы шашны хөлгөн их судар 108 ботийг Монголын 35 хэлмэрч Гунгаа-Одсэрийн удирдлагаар “Ганжуур”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Алтан үсгээр барлаж, 9 эрдэнээр чимсэн тийм том хэмжээний номыг бүтээсэн нь хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм. Мөн Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан байна.


Өмнөх
Буян сэцэн хаан
Монголын Их Хаан
1603-1634
Дараах
Эжэй хаан
  1. Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар Тууж Оршивой. УБ., 2006, т.72. ISBN 99929-9-196-8
  2. "Эртний Хаадын Үндэслэсэн Төр Ёсны Зохиолыг Товчлон Хураасан Алтан Товч Хэмээх Оршвой". Монгол бичгээс хөрвүүлж, оршил, зүүлт тайлбар хийсэн Ш.Чоймаа. УБ., 2006. т.274 ISBN 99929-9-189-5