Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсах гол юм. Хатан Туул гэж монголчууд нэрлэдэг уг гол нь 819 км[1] урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км2. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө. Сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм. Гүн нь 0,8-3,5 байдаг.

Туул гол
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт
ЭхХагийн хар нуур, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар (Хэнтий аймаг)
АдагОрхон гол
Усаа цуглуулдаг орнууд Монгол (Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ)
Урт882.8 км[1]
Эхийн өндөр1850 м
Адгийн өндөр780 м
Урсац26,57 м³/с
Ус цуглуулах талбай49840 км²
Голын системОрхон-Сэлэнгэ-Енисэй
Улаанбаатар хотын урд хэсгээр урсах Туул гол 2018 оны 7 сар

Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос тус бүр эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсаж өнгөрөн Орхон голд цутгана.

11-р сарын дунд үеэс 4-р сарын дунд хүртэл хөлдөнө.

Орон нутгийг дамжих хүрээ

засварлах

Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлж байна. Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь, Төв аймгийн газар нутгийн 39.8 хувь, Булган аймгийн 20.8 хувь, Өвөрхангай аймгийн 6.0 хувь, Архангай аймгийн 4.4 хувь, Сэлэнгэ аймгийн 2.2 хувь нь хамрагдаж байна.

Ургамал

засварлах

Хэнтийн нурууны чийглэг сэрүүн уур амьсгал, өндрийн бүс бүслүүр, говь, тал хээрийн бүсийн ялгаагаар ургамлын бүрхэвч өндөр уулнаас нам хотос хүртэл нилээд ялгаатай бүрэлдэн тогтсон ба ургамлын бүтэц бүрэлдэхүүн Хангайн бүсэд баялаг, тал хээрт ядмаг байдаг байна. Сав газар нь тундрын, ойн, хээрийн, нугын хэв шинжийн ургамалшилттай. Сав газрын 30 орчим хувийг уулын ойт хээрийн ургамал, 20 гаруй хувийг хээр, хуурай хээрийн ургамал тус тус эзэлдэг.

Туул голын сав газар нь уулын тайга, ойт хээр, хээрийн гурван бүсийг дамнан тогтсон учраас тус сав газар дахь амьтны аймаг нь эдгээр байгалийн бүсийн амьтны аймгийн тархалтын ерөнхий онцлогийг хадгалдаг.

Нөгөө талаар амьтны аймгийн тархалтын байгалийн онцлог ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байгаагаас түүнийг илүү нарийвчлалтай авч үзэхэд хүргэдэг ба тус сав газрын нийт нутаг дэвсгэрийн 82.8 хувийг хээрийн бүс, 11.8 хувийг ойт хээрийн бүс, 5.4хувийг уулын тайга эзэлдэг.

Туул голын сав газрын хэмжээгээр 10 овгийн 16 зүйл загас, 2 зүйлийн хоёр нутагтан, 7 баг, 18 аймгийн 60 шахам зүйл хөхтөн, 171 зүйл шувуу бүртгэгдсэнээс 5 зүйл загас, 11 зүйл хөхтөн ховордож болзошгүй, 12 зүйл шувуу, нэг зүйл хөхтөн ховор, нэг зүйл шувуу, нэг зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтаж байна.

Цаг агаар

засварлах

Туул голын сав газар далайн түвшнээс харьцангуй өндөр өргөгдсөн, далай тэнгисээс алслагдсан, эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн тул бичил масштабын хувьд өөрийн онцлогтой бөгөөд түүний уур амьсгалын онцлог шинжийг авч үзвэл өдөр, шөнийн агаарын температурын ялгаа их, хүйтний улирал харьцангуй урт үргэлжилдэг бөгөөд тогтуун, харин зун богино, хур тунадасны ихэнх хувь энэ улиралд орох бөгөөд голдуу агаарын тогтворгүйшлээс үүдэх конвекциос гаралтай байдаг.

Зуны улиралд эх газрын дулаан хуурай агаар зонхилдог. Иймээс орох хур тунадас ихэнхдээ аадар шинжтэй байдаг. Намар хур тунадас багасаж, цочир хүйтрэлт 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр ажиглагдан 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр өвлийн нөхцөлдөө шилжин ордог.

Тэрэлжээс Улаанбаатарын хооронд жилийн агаарын дундаж температур – 3.3°С – 0.4°С -аар хэлбэлздэг байхад Улаанбаатар хотоос Орхон Туулын бэлчир хүртэл – 0.4°С -1.1°С-аар хэлбэлздэг байна.

Хамгийн хүйтэн сар бол 1 дүгээр сар бөгөөд энэ үед Азийн эсрэг-циклоны хөгжил дээд цэгтээ хүрнэ. Түүний сарын дундаж температур Тэрэлж, Улаанбаатар орчимд -21.6°С, Буянт-Ухаа орчимд -25.2°С, Лүнд -25.7°С, Эрдэнэсантад -17.8°С, Гурванбулагт -19.0°С, Орхон Туулын бэлчирт -24.8°С байгаа бөгөөд хамгийн дулаан 7 дугаар сард Тэрэлжийн орчимд 13.0°С, харин Зуунмодод 18.7°С, Эрдэнэсантад 17.5, °С, Гурванбулагт -19.0°С, Орхон Туулын бэлчирт 19.3°С байна.

Агаарын температур

засварлах

Дэлхийн уур амьсгалын дулааралт Монгол нутагт, түүний дотор Туул голын сав газарт ч эрчимтэй явагдаж байна. Сүүлийн 60 шахам жилд энэ сав газрын агаарын дундаж температур 2.0°С-аар дулаарсан байна. Дэлхийн уур амьсгалын дулааралтаар халуун өдрийн давтагдал нэмэгдэхийн хэрээр агаарын хамгийн өндөр температур сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон байна.

Хур тунадас

засварлах

Туул голын сав газар Монголдоо ихээхэн чийглэг уур амьсгалтай, жилийн хур тунадасны нийлбэр нь 200-400 мм орчим байдаг. Өндөр уулын буюу гол мөрний урсац бүрдэх бүсэд 350 мм-ээс их хур тунадас жилд ордог бөгөөд хур тунадасны 85-90 орчим хувь нь жилийн дулаан улиралд унадаг, хүйтэн улиралд хур тунадас тун бага ордог байдал харагдана.

Экологийн бохирдол

засварлах

2013 оны 4-р сарын 12-24-нд авсан усны сорьцод хийсэн шинжилгээний дүнгээр голын Туул-Сонгино ба Туул-Хадан хэсэгт ус маш их, бүр онцгой бохирдолттой байгаа нь тогтоогдсон байна. Тодорхой хэлбэл, Туул голын ус Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгино доод, Шинэ цэг, Хадан хясааны орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 0.05- 2.79 мг/л-т хэлбэлзэж байгаа нь онцгой их бохирдлын түвшинд хүрсэн байна.

Мөн биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5)-ийн агууламж усны чанарын стандарт болох хүлцэх агууламжаас 27-78 дахин давж, онцгой их бохирдлын түвшинд хүрчээ. Мөн усан дахь аммонийн азотын агууламж 36-94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5-30 дахин их буюу их бохирдлын түвшинд гарав. Түүнчлэн пер манганатын исэл дэх чанарын агууламж хүлцэх агууламжаас 1.5-5.7 дахин давсан нь Туул голын энэ хэсэгт ус маш их бохирдолттой нь батлагдсан байна.

-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс энгийн болон хоногийн нийлбэр сорьц авч шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд цэвэршүүлэх чадвар нь 50.7-52.8 хувьтай байсан. Цэвэршүүлээд гаргаж байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 248-402 мг/л, жинлэгдсэн бодис 117-263 мг/л, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 282 мг/л, аммонийн азот 24.0-28.7 мг/л, эрдэс фосфор 2.226-2.702 мг/л агуулагдаж байлаа. Энэ нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2011 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд агууламжаас биохимийн хэрэгцээт хүчилт өрөгчийн агууламж 12-20 дахин, жинлэгдсэн бодисын агууламж 2-5 дахин их. Мөн аммонийн азотын агууламж 4-5 дахин, эрдэс фосфорын агууламж 11-13 дахин их агуулагдаж байна гэсэн үг. Ийм л усыг Туул голд нийлүүлж байна. Түүнчлэн энэхүү судалгааг хийх үед “Харгиа” цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүд ажиллаагүй байсан.

Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлж ширгэх аюулд ороод байгаа билээ. Энэ нэг 1-рт түүнд цутгадаг олон жижиг гол, горхийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн/тухайлбал Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт/ 2-рт 1950,60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон/ахмад үеийнхний дурсамжаар сал, завь урсдаг байсан//. 3-рт Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолт 4-рт үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээ, 6-рт нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж буй гэж үздэг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Туул гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 medeelel.mn