Чин Улсын эрхшээл дэх Монгол орон

Монголын түүхийн дунд үеийг төр улсын шинж чанараар нь –Монголын түрүү төр улсын үе, –Монголын төгөлдөржсөн төр улсын үе гэсэн хоёр том үе болгож болно. Монголын түрүү төр улсын үе 1130-аад оны үед Хабул хааны байгуулсан Монгол улсаас 1206 онд Чингис хааны байгуулсан нэгдсэн Монгол улс хүртэлх үеийг хамарна. Тэр үеийн Монгол улс хэмжээгээр бага хийгээд төрийн үндсэн шинжүүд нь бүрэн гүйцэд төлөвшөөгүй байсан тул тийнхүү түрүү төр улс хэмээн үзнэ. Монголын төгөлдөржсөн төр улс нь 1206 оноос XVII зуун хүрнэ. Чингис хаан төрийн үндсэн бүтцүүдийг зохион байгуулснаар жинхэнэ ёсоор төр улсын шинж бүрдэн тогтсон юм. Өгэдэй хааны үеэс Монгол төрийн бүтэц улам боловсронгуй болж, Эзэнт гүрэн жинхэнэ ёсоор байгуулагдсан билээ. Монголын эзэнт гүрэн унасны дараагаас Монголын нэгдмэл төр удсангүй задарч, биеэ даасан бага улсууд бий болсон билээ. Монголын уламжлалт түүх бичлэгт XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон буюу Манжийн эрхшээлийн үеийн Монгол орныг түүхийн дунд үед багтаан үзсээр ирсэн юм. Дэлхий нийтийн түүхийн үечлэлтэй уялдуулан авч үзвэл Манжийн эрхшээлийн үеийг Монголын түүхийн шинэ үед оруулах нь зохистой юм.Энэ үеийн түүхийг үндсэнд нь гурван үе болгон судлах ёстой. Чухамхүү ингэж Манжийн төрийн бодлого хэрхэн өөрчлөгдөж байсныг цаг хугацааны хувьд ялгавартай авч үзэхгүйгээр тус түүхэн үеийг үнэн зөв тодорхойлж, ойлгож чадахгүй.

Манжийн үеийн засаг захиргааны хуваарь
1820-иод он Ар Монгол
Өвөр Монгол дахь харчин (Khartchin), горлос (Khorlos), оннигуд (Oniot), дөрвөд (Dourbet), найман, (Barin), авга (Abakhai), авганар (Abkhanar), түмэд (Toumet), үзэмчин (Oudzemerchi), Сөнөд (Sounnite), Хуучид (Khaotchit) зэрэг аймгуудын байршил. Дагуурын салбар гогуль (Gogouli) Амар мөрний дагуу байршсан байна. 1883 он

Аль нэг богинохон үеийн хэрэг явдлаар бүхэл бүтэн үеийг төлөөлүүлэн авч үзэх нь алдаанд хүргэнэ.

1.XVII-XIX зууны дунд үе хүртэлх Монгол орон. Энэ үеийн Манжийн төрийн бодлого нь монголчуудыг уламжлалт аж төрөх байдлаар нь байлгаж, хэрэгтэй цагт ашиглах, түшиг тулгуур болгох зорилго бүхий байв. Чингэхдээ нийт монголчуудыг хошуу, чуулганы зохион байгуулалтанд оруулж засаглан захирав. Монголыг хууль зүйн үүднээс баримтлан захирах шаардлагаар хууль–эрх зүйн дарангуйлах тогтолцоог бий болгов. Монгол нутагт уул уурхай нээх, газар хагалахыг хориглож, худалдааны хятад иргэдийг зөвхөн тодорхой зөвшөөрөл, хугацаагаар орохыг зөвшөөрч байв.

2.XIX зууны дунд үеэс XIX зууны төгсгөл хүртэлх Монгол орон. Манжууд Хятадад улам бүр уусч, хааны ордон дахь хятад түшмэд олшрохын хэрээр Манжийн бодлого аажмаар Хятадын бодлого болон хувирч ирэв. Энэ үед Монголын талаарх Манжийн төрийн бодлого алгуур өөрчлөгдөж, Монголын талаар тавьсан элдэв хөнгөлөлтүүд суларчээ. Монгол газар хятадууд олноороо хараа хяналтгүй орж ирэх болсон. Монгол орныг Хятадын худалдаамөнгө хүүллийн сүлжээ бүрхэж, хүн амын дийлэнх хэсгийг өртөн болгосноор Монголын нийгэм–эдийн засгийн хөгжлийг улам бүр боогдуулах болжээ.

3.XIX зууны сүүлээс XX зууны эхэн хүртэлх Монгол орон. Үүнд Монгол оронд Манжийн шинэ засгийн бодлого явагдсан цаг хугацааг хамруулан авч үзнэ. Улс төр, эдийн засаг, соёлын гэсэн үндсэн гурван чиглэлээр өрнөсөн “Шинэ засгийн бодлогын” Монголд дахь хэрэгжилт нь харгис, сөрөг нөлөөтэй байв. Монголчуудын малын бэлчээрийн зарим хэсгийг хурааж, худалдан авч, газаргүй ядуу олон мянган хятадуудыг зохион байгуулалттайгаар оруулан суулгаж, тэдний амьдралыг өөд татах нь язгуур Манжийн төрийн бус, харин мөн чанартаа Хятадын төрийн бодлого юм. Монголын язгуураас оршин амьдарч ирсэн үндэс суурийг устгах аюултай энэ бодлого монголчуудын үндэсний ухамсрыг сэргээж, тусгаар тогтнолын төлөө босон тэмцэхэд хүргэсэн юм. Дээрх гурван үеийг хураангуйлан томъёолбол, эхэн үед Монголын талаарх Манжийн төрийн бодлого явагдсан бол удаад нь Манж–Хятадын бодлого явагдсан үе, төгсгөлийн үед нь Монголын талаар Манж нэртэй Хятадын төрийн бодлого явагджээ.

Өмнөд Монгол дахь аймгууд: Найман Шар мөрний урд талд (Sira Muran), оннигуд (Onhiot), хорчин (Khorchin). 1747 он
Хөхнуурд Tengri-noor, Boura-noor гэх мэт монгол нэртэй газрууд байна. Дагуурын нутгийг Daourie гэж тэмдэглэжээ. 1833 он
Өмнөд Монгол дахь аймгууд: сөнөд (Sounites), Цахар (Tchakhars), авга (Abaka), хорчин (Kortchin), дүрвэд (Durbet), горлос (Khorles). Гогуль (Gogooli) Амар мөрний эрэгт. Халх (Kalakas), Зүүнгар (Kourkharao), Хөхнуурын Ойрад (Eluths) гэж тэмдэглэжээ. Мөн дагуур (Solones), харчин (Khorles)-ы нутгийг харуулсан байна. 1851 оны зураг
Хорчин (Chorchins), найман (Naynam), оннигуд (Onhiot), авганар (Abahanar), хошууд (Khochotie) болон бусад дээд монголчууд (Kalmouks Kokonor, Elets Kokonor)
Уйгур ба Зүүнгар нутаг (TATARIE), Дорнод Монгол нутаг (MONGOLIE), Хөхнуур (KHOUKHOUNOOR)

Манжийн үеийн засаг захиргааны хуваарь

засварлах

Манж 1636 онд Өвөр Монголыг нэгтгэж аваад 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн гол, Жирэм, Зост, Их Зуу, Зуу Уд, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж. Цахар, Хөлөнбуйр, Хөхнуур, Ховд, Зүүнгар нутаг хошуу нь манж Амбан буюу Жанжин захирч байжээ. 1691 онд Халх Монголыг нэгтгэж аваад 3 чуулганд хувааж, Халхын Сайн ноён аймаг 1725 онд чуулганд байгуулагджээ. 1907 онд манжийн засгийн газар Ховдын хязгаарыг хоёр хуваан шинэ хязгаар байгуулсанаар Шиньжаан дахь нутаг нь Алтайн хязгаарт харъяалагдах болжээ.[1]

Эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад Иргэн Улсын (1912-1949) үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур (Урад), Ордос, Алшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Баотоу хот, Зост аймгийг Улаан хот (одоогийн Чифэн хот), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна.[2] Ордосчууд Шар мөрний урд эрэг Ордосын тохойд байв.

Манжийн эсрэг тэмцэл

засварлах

1636 онд Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн өөд болсноор Өвөр Монголыг эрхэндээ оруулж, 1691 онд Халхууд дагаар орсон юм. Ингэснээр Ойрадаас бусад Монголчууд Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. 1696 онд Манжийн түрэмгийлэлд Галдан хаан ялагдан нас барсан ч 1755 он хүртэл Зүүнгарын хаант улс тусгаар байсан. Ихэнх түүхчид Монголчууд 1691 онд Манжийн дарлалд орсон гэж үздэг боловч энэ нь эргэлзээтэй ойлголт юм. Учир нь одоогийн баруун Монгол буюу Ойрадууд тэр үед тусгаар улсын шинжээ хадгалж оршин байсан бөгөөд 1758 онд хүртэл энэ байдлаа хадгалж байсан гэж үзэж үндэстэй юм. 1636 онд Өвөр Монгол, 1691 онд Ар Монгол, 1755 онд Баруун Монгол Манжид эзлэгдсэн гэж үзвэл илүү зохистой мэт. Манжийн үеийн Монголд хамжлагат ёс тогтож, аливаа иргэншил үүсэх нь хаалттай байсан. 20-р зууны эхний Манжийн "Шинэ засгийн бодлого"-ыг Монголчууд зэвүүцсэнээр үндэсний үзэл сэргэж, нэгэнт нурж унах нь тодорхой болсон Чин гүрнээс тусгаарлахаар санааширч, Богд Жавзандамба хутагтыг нэгдэн нягтарч тусгаар улс болохоор самбаачилжээ.

XIX зууны сүүлчээс Манж гүрний сүр хүч бууран доройтож, феодалын нийгэм нь үндсээрээ ялзран хэврэгшиж, улмаар том империлист гүрнүүдийн түрэмгийлэлд өртөн тэдний хагас колони болон хувирчээ. Манжийн эрх баригчид энэ нөхцөлд яаралтай арга хэмжээ авав. Монголыг цусгүй колончилж, юуны өмнө хятадчилах зорилгоор үй олон хятад иргэнийг Монгол нутагт цутган оруулж, малын бэлчээрийг хагалан, тариалангийн талбай болгохоор үржил шим сайтай газруудыг булаан авч хятадуудад олгож эхлэв. Идээшилт газар шороо, төрөлх ард түмэндээ элгэн хайртай Монгол хүн харийн энэ доромжлол, дарангуйллыг хүлцэн тэвчих аргагүй болж, энд тэнд эсэргүүцлийн уухай дэгдэн, улмаар Монголын язгууртнууд ард түмэнтэйгээ нэгдэж эхэлжээ. 1911–1912 оны Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр Монгол Улс ийнхүү тусгаар улсаа сэргээж чадсан нь манай ард түмний олон жилийн шаргуу тэмцлийн үр дүн байсан бөгөөд Монголын ард түмний түүхэнд гарсан нэгэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Манжийн үеийн монголын хууль цааз

засварлах
 
Манжийн үеийн эрүү шүүлт
 
Хоригдлын тор
 
Гар гав

Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжил Манжийн нөлөөнд байсан үеийн төр захиргаа болон эрх зүйг судлахад тэр үеийн даган мөрдөж байсан хууль цаазууд үндсэн эх сурвалж нь болдог. Эдгээр нь Зарлигаар тогтоосон Манж чин улсын бүгд хууль, Халх журам, Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичгүүд билээ. Энэ үеийн Монголын эрх зүй нь нэг талаар монголын төр, эрх зүйн уламжлалыг аль болохоор хадгалахыг хичээсэн, нөгөө талаар, аргагүйн эрхэнд манж болон хятадын эрх зүйн зарчмийн нөлөөнд орсон байлаа. Ямар ч байсан Монголын нийгмийн харилцааг зохицуулах учраас монгол цаазын уламжлал болон эх сурвалжид тулгуурлаж байлаа. Манж Чин улсын эрхшээлд байсан үед монголын иргэний болон эрх зүйн түүхэнд нааштай дэвшилтэд үзэл санаа, үзэгдэл цөөнгүй байсныг үгүйсгэж болохгүй. Ялангуяа монголын уламжлалд эрх зүйг шинэчлэхэд чухал нөлөө үзүүлсэн нь түүхийн үнэн юм гэж судлаач Б.Баярсайхан үзсэн юм. Манжаас явуулсан бодлогууд нь Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжилд эерэг болон сөрөг аль альнаар нь нөлөөлж байв. Мөн монголын эрх зүйг шинэчлэхэд багагүй нөлөөлсөн нь үүний эерэг нөлөөлөл юм. Монголыг ХХ зууны эхээр хятадчилах бодлого явуулж байсан зэрэг сөрөг нөлөөлөл нь харагдаж байна. Мөн манж нар монголд төрийн болоод засаг захиргааны чамгүй их өөрчлөлтүүдийг хийж байсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэгджээ. Үүнийг монголд байгуулагдсан Манж чин улсын хамгийн дээд эрхтэй байгууллага хянаж байв. Энэ нь улиастайн жанжны газар байсан юм. Ерөнхийдөө Монголыг удирдах Гадаад Монголын төрийг засах явдлын яам болон Улиастайн манж жанжны газар, аймгийн жасаа нарыг ихэвчлэн манж хүмүүсээр удирдуулдаг байлаа.

Энэ нь монголыг бүх шатанд шатлан захирч байх манжийн тэргүүн бодлогуудын нэг нь яахын аргагүй мөн билээ. Манж нар нь Монголд шууд өөрсдийн хууль цаазыг явуулахаас болгоомжилж Энх амгалан хаан шинэ дагасан халх нарыг тэдний хууль ёсоор болтугай хэмээн зарлиг буулгаж байсан байна. Удалгүй дээр дурьдсан Халх журам хуулийг хэлэлцэн тотоосон байна. Энэ хуулийг 1789 оноос дагаж мөрдөх нь харьцангуй багасжээ учир нь Манж нар гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг буюу дээр дурьдсан монгол цаазын бичгийг зохион гаргасантай шууд уялдаатай билээ. Халх журмыг халхын ноёдын оролцоотой баталсан учир зохицуулалт сайн явагдаж байсан юм. Монгол цаазын бичгийг зохион гаргасан нь монголыг манжийн эрх зүй болон төрийн нөлөөнд бүрэн автуулах алхмуудын нэг байлаа. Гэвч энэ алхмууд хэзээ нэгэн цагт бүр мөсөн бүдрэнэ гэдгийг манжийн цөөхөн хүн мэдэж байлаа.

Манж нарын ХХ зуунд явуулж байсан “шинэ засгийн бодлого” нь монголчуудыг асаах дарь нь болж өгсөн юм. Энэ бодлогын агуулга нь Монголд хятад иргэдийг үй олноор шилжүүлэн суурьшуулах, хүн амыг хятадчилах, манж хятадын засаг захиргааны шууд нэг хэсэг болгох зэрэг байлаа . Энэ бодлого гарсны дараа бослогууд энд тэндгүй өрнөж байв. Ингэснээр Монголчууд манжийн эрх зүй болон төрийн нөлөөнд авталгүй манжаас салан тусгаар тогтнолоо дахин олж чадсан түүхтэй. Энэ тэмцэл өрнөлийн оргил цэг нь 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгал байлаа.

Манжийн улс төрийн бодлого

засварлах
 
1890 он

XVII зууны сүүлч үеэс XX зууны эхэн үе хүртэл 200 гаруй жил Монгол орон манжийн байлдан дагуулагчдын эрхшээлд нухлагдаж байв. Энэ үе бол Монголын түүхийн хамгийн гашуун зовлонт харанхуй үе байсан юм.Манж нар бол одоогийн Манжуурт нутаглаж байсан хамниган угсаатан бөгөөд XVI зууны сүүлчээр цэрэг-язгууртаны хүчирхэг улс болон бүрэлджээ. Манж нар богино хугацаанд зэргэлдээх орнуудаа түрэмгийлэн улмаар Монголын хаант улсуудыг эзлэн авав.Монголын феодалын улс манжид эзлэгдсэн түүний талхинд орсон нь хэдэн шалтгаантай байв. XVII зууны үед Монгол орон дотоодын феодалын бутралын уршиг, гаднаас манж, хятадын хаадын хагалан бутаргах хорт явуулгын улмаас Өвөр Монгол, Ар Монгол, Баруун Монгол (Ойрад) гэсэн гурван том хэсэг болон салж, тэдгээр нь бас дотроо олон жижиг феодалын эзэмшилд хуваагджээ. Эдгээр том, жижиг язгууртнууд бүх Монголын хаан ширээ болон өөр өөрсдийн биеэ даасан байдлын төлөө үргэлж тэмцэлдэж байсны улмаас Монгол орон дотоодын хямралд гүн автжээ.Улс орон нь доройтож, бас харийн аюул занал нүүрлээд байсан тэр нөрцөлд Монголын феодалууд эв нэгдлээ бэхжүүлж, түрэмгийлэгчдийн эсрэг нэгэн мөрний урсгалд нийлэн шийдвэр төгс тэмцэх ёстой байлаа. Цахарын Лигдэн хаан, Халхын Цогт хун тайж зэрэг хүмүүс үүнийг ухамсарлан нийт улс гэрийнхээ тусгаар тогтнолоо хамгаалахыг уриалан тэмцэж байв. Гэтэл зарим феодалууд зөвхөн өөрсдийн явцуу ашгийг хичээн нийтийн тэмцэлд нэгдэхгүй, тус тусдаа тэмцэх, бууж өгөх зэрэг бодлого баримталж байсан нь тэмцлийн эрчийг сулруулж, хүчийг сарниулжээ.

Манжийн байлдан дагуулагчид 1644 онд Хятадыг эзлэн авсан нь түүний эдийн засаг, цэрэг зэвсгийн их хүчийг Монголын эсрэг шууд дайчлан хөдөлгөх боломжтой болжээ.Манж нар улс төрийн элдэв луйвар аргаа цэрэг зэвсгийн давуу байдалтай хослуулсаар 1636 онд Өвөр Монголыг, 1691 онд Халх Монголыг, XVIII зууны дундуур Баруун Монгол (Ойрад) – ыг эрхэндээ оруулжээ. Тэд Монголыг эзлэн авсаны дараа ноёрхолоо бэхжүүлэхийн тулд Монголын уламжлалт хууль, засаг захиргааны зохион байгуулалтыг цөм хүчингүй болгон, өөрсдийн харгис засаг захиргааг чандлан тогтоож, манай ард түмний хүчээ нэгтгэн босч тэмцэхээс болгоомжлон тэдний улс төрийн нэгдлийг бутаргаж, хүчийг нь сарниулахад чиглэсэн олон арга хэмжээ авчээ. Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд захирч, монголчуудаар өртөө, харуулын цэрэг, хүнд хүчир алба даалгах, манж хааны Монголоос дээрэмдэн авсан олон зуун мянган малыг үнэ хөлсгүй хариулган үржүүлэх, Ховдод байсан Манжийн дарангуй цэргийн хүнсний тариа тариулах, цэргийн албанд дайчлан мордуулах, мөнгөн татвар авах зэргээр малчин ардын хөдөлмөрөөр бүтээсэн баялгийг ховх сорон үгүйрүүлж байв. Жишээлбэл: зөвхөн Манжийн элч, төлөөлөгчид зорчиход зориулсан олон замын өртөөний зардалд жил тутам саяас доошгүй мал албадан гаргуулж байсны дотор гагцхүү зорчигчдын хүнсэнд 200,000 гаруй хонь хэрэглэж байжээ.Манжийн эрх баригчид шашныг бүх талаар дэмжин дэлгэрүүлж түүний тусламжтайгаар ард олныг мунхаруулан харанхуй бүдүүлэг хэвээр нь барьж, номхон боол болгон дарлахыг хичээж байлаа. Хүрээ хийд, лам нарын тоог хэтэрхий олшруулсан нь олон идэр эрийг бүтээлч хөдөлмөрөөс хөндийрүүлж, тус улсын хүн амын өсөлтийг сайтуулсны гадна үйл олон лам нарыг хооллож, хувцаслах, тэдний хурал номын бүх зардлыг бэлтгэн нийлүүлэх нүсэр хүнд албыг ард түмэнд давхар үүрүүлсэн юм.Монголын ард түмэн ингэж манжийн эрх баригчид, монголын феодал ноёд, лам нар гэсэн хэд хэдэн эзэнд нэгэн зэрэг үйлчлэх ганц зарц нь болоод зогссонгүй, бас хятадын худалдаа, мөнгө хүүлэгчдэд давхар шулуулж үгүйрлийн балчигт лавшран шигдсээр байв.

Манжийн засгийн газрын шууд ивээлээр Монголд нэвтэрсэн Хятадын худалдаа, мөнгө хүүлэл монголын ард түмний хөлс, цусыг сорон тамирдуулж байлаа. Хятадын шунахай худалдаачид өр төлбөрийн хүүг 400 хувь хүртэл өсгөж Монгол орныг “баяжих, хөлжих алтан хайрцаг” хэмээн ичгүүргүй нэрлэж байв. Хятадын худалдаачид бүр гурван янзын жигнүүрийн туухайтай байсан бөгөөд хүнд туухайгаар нь бусдаас авах зүйлийг, хөнгөнөөр нь бусдад худалдах барааг хэмжиж, жинхэнэ туухайг мэхлэж болохгүй нөхцөлд хэрэглэж байв. Бас өөрсдийн барааг маш өндөр үнээр худалдаж Монголын түүхий эдийг туйлын хямд авдаг болсон байна. Манжийн эрх баригчдын шаардан тушаасан олон зүйлийн бачим түргэн албыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд хошууны тамгын газар, аймгийн чуулгад арга буюу шахагдан хятад пүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлдэн авч алба залгуулна. Албаны энэ өрийг ч, харьяат ноёдынхоо хятад худалдаачдад тавьсан өрийг ч ардууд төлнө. Манжийн феодалууд, хятадын худалдаачдын шунахай эрх ашиг яваандаа нийлж нэг нь алба татвараар, нөгөө нь өр зээлээр Монгол орныг хамтран мөлжиж, ард түмнийг амь зуулгын хэдэн малаас нь хагацуулан сүйрлийн даваанд тулгаж байлаа.Гэвч Монголын ард түмэн гадаад, дотоодын давхар дарлалд дуугүй нухлагдан, ямагт толгой гудайн хүлцэж явсангүй, эрэлхэгээр босон тэмцэж, тэмцлийн туршлагаа баяжуулсаар байсан юм. Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлээс хамгийн хүчтэй нь Ойрадын Амарсанаа, Халхын Чингүнжав нарын удирдсан 1755-1758 оны зэвсэгт бослого юм.1755-1758 оны зэвсэгт тэмцэл дарагдсан боловч монголын ард түмний түүхэнд гүн ул мөрөө үлдээн тэмцлийн сургамж дууриал болж, тэдгээр тэмцэгчдийн баатарлаг дүр ард түмний дунд мөнхөрөн алдаршжээ.Энэ үеийн ард түмний тэмцэл нэг талаар манжийн түрэмгийлэгчид, хятадын шунахай худалаачдын эсрэг, нөгөө талаар нутгийн авилгач ноёдын эсрэг чиглэж байв. Ардын тэмцлийн дотроос заргын хэлбэр ихэд дэлгэрчээ. Ардууд заргын бичигтээ манжийн хүнд алба, ноёдын авилгая шунахай зан, ёс бусын олон гувчуур, өөрсдийн амин зуулгын хүнд байдал зэргийг учирлан тоочоод алба татвар хөнгөлж, шунахай ноёдыг зайлуулахыг шаардаад, эцэст нь нэрсээ нарны цацраг мэт дугуйруулан бичдэг байв. Энэ нь толгойлогчоо харгис ноёдоос хамгаалсан хэрэг байв. Ноёнтойгоо заалдсан, үгүйрэн өр төлж чадахгүй болсон, худалдаачдын пүүсийг довтолсон ардуудыг эмнэг адууны сүүлээс чиргүүлж тасдуулах, элсээр чигжин алах, есөн эрүү тулгах, дөнгөлөх, эхнэр хүүхдийг нь өрөнд бодож худалдаачдад өгөх зэргээр харгисладаг байжээ.Тэгэвч мөлжлөг, харгислал нэмэгдэх тусам зовлон туулж хатуужсан монголын ард түмэн тэмцлийн эрчээ чангалан галд тос нэмэхийн адил дүрэлзэн боссоор байсан юм.

Үүнд, 1636 онд Манжийн Дээд Эрдэмт хаан Халхыг Хятадтай худалдаа хийхийг албан ёсоор хориглосон зарлиг буулгажээ. Энэ нь нэгд, Монгол-Хятадын хооронд холбоо тогтохоос сэргийлсэн, хоёрт, монголчууд худалдаалахдаа агт мориор голдуу арилжаалдаг учир хятадын цэргийн хүчин чадал нэмэгдэхээс болгоомжилсон хэрэг бололтой.Нөгөөтэйгүүр 1638 онд Манжийн хаан Халхын гурван ханыг жил бүр цагаан тэмээ нэжгээд, саарал морь наймыг Чингийн эрх баригчдад албан ёсны бэлэг хэмээн бариулах зарлиг буулгажээ. Ингэснээрээ манжийн хаан Халхын хан нарын эрх мэдлийг хязгаарлаж, эрхшээлдээ оруулахыг санаархжээ. Хэдийгээр монголд манжийн түрэмгийллийг хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй байсан ч харийн түрэмгийлэл илт нүүрлэсэн үед монголчууд удаа дараа нэгдэх оролдлого хийжээ. 1970 онд Х.Пэрлээ Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас үйсэн хуулиуд олсон нь үүнийг гэрчлэх чухал сурвалж болсон юм.XVI зууны сүүлч, XVII зууны эхээр Халхын ноёд удаа дараа чуулган чуулж дотоод, гадаад улс төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож байсныг тэдгээр үйсэн хуулиас харж болно.Үйсэн дээр бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл хямралын үүд хаалгыг хааж, төрйин нэгдлийг аль болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь “хан хүн өөр зуур хэрэлдвээс,... ганц хошуугаар дайсанд мордож идвээс, ноёд биеэ алалцваас,... хатуу шийтгэж байхаар заажээ. Уг хуулиуд нэгэнт буй болсон дотоодын хямралыг гэтлэн давахын тулд Халхын хүчийг нэгтгэх бодлогыг тууштай явуулахыг тэр үеийн зарим зүтгэлтэн хичээж, Халхын улс төрийн хямралыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх гэсэн хэрэг байв.Халхын Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодоржийнд хоёр ч удаа биеэр хүрэлцэн очиж , шинэ төрөх хүүхэд нь хөвгүүн байвал, Халхын шашны тэргүүнээр өргөмжлөхийг зөвлөн, өөрийн Гэгээн цолоо өргөхөөр амлаж буцсан ба дараа Түшээт ханы төрсөн хөвгүүнд нутгийн дархчуудаар 3 төмөр бүстэй өлгий өгсөн байна.

Халх Манжид эзлэгдсэн нь манж нар Өвөр монголыг эзлэн авснаар тэдний цэргийн хүч улам өсч, Манжийн төрийн гадаад бодлого нь Мин улсын эсрэг хандсан юм. Мин улс нь эдийн засгийн их нөөцтэй, хүн хүч цэргийн тооны хувьд Манжаас давуу учир түргэн гоомой хөдөлж болохгүй байв. Тиймээс юуны өмнө нэгтгэн авсан Өвөр монголын аймгуудад эрх нөлөөгөө бэхжүүлж, өөрийн цэргийн хүчийг монгол цэргийн хүчээр сэлбэх, мөн хятадтай байлдахдаа, ар талаа найдвартай бэхлэх зорилгоор Халхын хан нартай холбоо тогтоохыг эрмэлзэж байсан юм. Халхын эрх баригчидтай найрсаг харилцах замаар Манжийн талаас ирэх аюулыг сааруулахыг оролдож байв. Өөрсдийн нь ашиг сонирхолд нийцэж байсан учир Манж нар Халхын эрх баригчдын энэ оролдлогыг хэсэг хугацаанд дэмжиж байв. 1636 оны өвөл Сэцэн хан адуу, тэмээ, булга зэрэг зүйлсийг өргөн, найрамдахыг хүссэний хариуд, 1637 оны 1 сард Манжийн Дээд эрдэмт хаан бэлэгтэй хариу элч илгээж байжээ. Мөн 1637 оны 3 сард Түшээт хан хоёр алтан нум, гурван мориор бэлэг хүргүүлэн, элч заран найрамдал холбоотой байхаа илэрхийлж байжээ.Манжийн эрх баригчид Өвөр монголыг эзлэхдээ эрх баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага тогтоох, цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах, айлган сүрдүүлэх аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн туршлагаа Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн хэрэглэснээр амжилт олсон юм.Хэдийгээр Өвөр монголын дараа Халхын шууд довтолгоогүй ч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний богино хугацаанд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлж, цэргийн хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлагын улмаас хугацаа хожих зорилгоор манжийн хаадтай найрамдалт харилцаа тогтоох, харийн түрэмгийллийг эсэргүүцэх хүчин бүрдүүлэх хариуцлага Халхын эрх баригчдад тулгарсан ажээ.Тийнхүү Манж нар харь улсыг довтлохдоо, ар талаасаа аюулгүй байх, нөгөө талаас монголчууд нь болзошгүй аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр талын сонирхол нэгдэж нийгмийн харилцаа хэсэг хугацаанд намжуу байсан нь аль аль нь цаг хожих гэсэнтэй холбоотой байв.Тухайн үед Монголын их хааны эрх захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс төрийн амьдралд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар тэргүүлэх үүрэгтэй байсан юм. Халхын баруун гарыг Засагт хан Субадай зонхилон захирч байсан боловч Шолой Увашийн хөвгүүн хэмээгдэх Алтан хан хэмээгдэх Омбо-Эрдэнийн эрх нөлөө их байв. Алтан ханы эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, Красноярскийн хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв. Түүний орд өргөө Увс нуурын сав газар байжээ. Алтан хан Засагт хантай өрсөлдөн, бие даасан бодлого явуулж байв. Тэр XVII зууны эхэн үеэс Орос улстай харилцаж, улс төр, эдийн засгийн холбоо тогтоож, нэлээд хэмжээгээр худалдаа арилжаа хийж байв.Мaнж нар Хятадыг байлдан эзлэхдээ, Халхын ноёдын үйл ажилгаанд зарим нэгэн хориг тавьсан юм.

1639 онд Халхын ноёд Ширээ цагаан нуур хэмээх газар цугларч, Түшээт хан Гомбодоржийн 5 настай хөвгүүн Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Тийнхүү Занабазар нь монголын түүхэнд анхдугаар богд Жавзандамба буюу Өндөр гэгээн хэмээн алдаршсан юм.Ширээ цагаан нуурын чуулганд оролцогсод уг түүхт үйл явдлыг тохиолдуулан, Шар бөсийн орд байгуулсан нь Халхын их хүрээний үүсэл болжээ. Бас Халхын ноёд шинэ өргөмжлөгдсөн шашны тэргүүн Өндөр гэгээн өөрсдийн харъяатаас хувь өмч болгон өргөснөөр шавь хэмээх дахргын үүсэл тавигджээ.Тийнхүү Халхын шашны тэргүүнийг өргөмжилсөн нь шашны тугийн дор Халхыг нэгтгэх гэсэн оролдлого байсан юм.Мөн 1640 онд Халхын-Ойрадын ноёдууд Тарвагатайн улаан буурай гэдэг чуулган нийлж, цаг үеэ дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан тунхаглаж, тус чуулганаас монгол ойрдын Их цаазыг баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа.Тус чуулганд Халхын Эрдэнэ Засагт хан Субадай, Очирбат тулгар Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөө бүхий том ноёд, хэмээх Төрбайх, Тэнгэрэй тойн нарыг зэрэг Халх Ойрдын Төр, шашны, рзүтгэлтэн болон Хөх нуурын монголчууд, Ижил мөрний гол Торгууын төлөөлөгчид бүгд 28 том ноёд оролцжээ. Тэдгээр ноёд нь тухайн үеийн монгол улсын төрийн айрамд гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөө бүхий хүмүүс байв.Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бутралыг давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн дайсны өнгөлөлзлийг тас цохих хэрэгт монгол угсаатны хамтын чармайлтаар зохион байгуулахад оршиж байв. Тийнхүү Халх,Ойрд хоёр нэгдэж, харийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэсэн боловч энэ явдал удаан үргэлжилсэнгүй.Тухайн үеийн монгол төр шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаа дараа оролдсон боловч тэр үед монгол улс төрийн бутралыг даван туулах улс төр, эдийн засаг хараахан бүрэлдээгүй байсан учир уг оролдлого бүтээгүй юм.

Халхын ноёд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлэх оролдого хийхийн зэрэгцээ Эеэр засагч хаан суугаад удаагүйг харгалзан, Манжийн хүчийг дотроос нь задлах, угсаа нэгтнээ харийн дарлалаас чөлөөлөх зорилгоор 1644 Өвөр монголын ноёд элч илгээж байсан байна. Үүний үр дүнд Сөнид аймгийн тэнгис ван Халхын ноёдын ятгалганд орж, харъяат ардаа дагуулан, 1646 оны хавар Сэцэн хан нутагт байснаа, 1639 онд өмнө зүг нүүн одож, Манжид дагасан байв. Тэнгис нь Манжийн хаантай ураг холбосон байв.Манжийн хаан Өвөр Монголнын эрх чин ван Тодоор удирдуулсан үлэмжихэн цэрэг хөдөлгөж, Тэнгисийг мөрдүүлжээ.Манж цэрэг Тэнгис ванг мөрдөж хөөсөөр 1646 оны 6 сарын орчим Янгирцагийн ууланд гүйцэж очиход тэрбээр Гүн Галуутай гэдэг газар эсэргүүцэн байлдсан боловч ялагджээ. Гэвч бууж өгсөнгүй, Халх нутгийн гүнрүү зугтаахад манжийн цэрэг хоёр өдөр шөнө мөрдөн хөөж, гурав дахь өдрийн өглөө Өтөг уулын орчим Тэнгисийг гүйцэн цохисон боловч тэрбээр мултарч амжжээ. Манж цэрэг Сөнид аймгийн цэрэгтэй Халхын Түшээт ханы нутагт Бурхант хэмээх газар дахин тулгаран байлдаж, Тэнгисийн хатан хөвгүүдийг баривчлан түүний ачаа хөсөг, арван мянга гаруй малыг олзолжээ. Энэ тулалдаанд Тэнгисийн хүү Дорж, Бат, Шажин нарын зэрэг олон хүн амь үрэгджээ. Тэнгис ван сүүлчийн хүчээ дайчлан зугатсаар Туул голын орчим Зажибулгийн газар ирэхэд нь Сэцэн хан Шолой өөрийн хүү Бямбад гучин мянган цэрэг өгч, Тэнгисийг өмгөөлөн байлдуулахаар мордуулахын хамт Түшээт хан Гомбодоржид эл хэрэгт туслахыг хүсч элч заржээ.Түшээт хан өөрийн үеэл дүү Рахуладай ноён, түүний хөвгүүд Абаху мэргэн нарт хорин мянган цэрэг захируулан, Сэцэн ханд хүч хавсруулахаар явуулжээ. Халхын цэрэг Зажибулагийн газарт анх удаа манж цэрэгтэй байлджээ. Энэ байлдаанд Халхын цэрэг ялагдаж, тулалдааны талбарт мянга илүү морь тэмээ орхиод ухарчээ. Тэнгис тулалдаанаас Сэлэнгийн зүг зугтаж амь гарсан бөгөөд Манж нар Халхын эрх баригчдаас түүнийг барьж өгөхийг шаардахад, тэд цааргалсаар жил гаруй хугацааг өнгөрөөжээ. Гэвч Тэнгис өөрөө 1648 оны орчим буруугаа хүлээж, дахин манжид захирагдсан нь Манж-Халхын харилцааг хурцатгахад нөлөөлжээ.Тэнгисийг дэмжихээр илгээсэн Халхын цэргийг бут цохиж ялалт байгуулсан ч 1646 оны эцсээр манж нар цэргээ Халхын нутгаас гаргасан юм. Учир нь манж нар тухайн үед халхад цэрэг дайны ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байсан юм. Энэ нь юуны өмнө маш их хүчин чармайлт гаргаж, хүн хүч хөрөнгө зарж байж эзлэн авсан Мин улсыг төвшитгөн тогтоох хэрэг хараахан дуусаагүй байсан болон Тэнгисийг нэхсэн тулалдаанд манжийн цэргийн хүч ихээхэн тарамдаад байсантай холбоотой. Хэрэв Халхад байлдааныг үргэлжлүүлвэл, Халх даяараа босон тэмцэж, улмаар түүнийг зогсооход ихэхэн хүч шаардахын дээр, Хятад улсад Манжийн эсрэг бослого тэмцэл гарч байсан учир хүчин мөхөсдөж, саяхан олсон Хятад улсаа ч алдаж болзошгүй эгзэгтэй байдалд байсан аж.Халхын хан нар Манжийг эсэргүүцэн тэмцэхдээ, Өвөрлөгч хошуудын зүгээс дэмжлэг авах оролдлого нь тийнхүү бүтэмжгүй болсон ч зорилгоосоо ухраагүй юм. 1647 онд Засагт хан Субадай манжийн бодлогыг шууд эсэргүүцэн захидал илгээж байсан ба Манжид дагаар орсон хүмүүсийг буцаахыг Халхын ноёд нэхэмжлэн шаардаж байв. Бас Халхчууд Орос улсын зүгээс дэмжлэг олохыг хүсч, 1647-1649 онд Сэцэн хан Шолой Москвад элч мордуулж байжээ. 1646 онд Түшээт ханы ойр төрлийн эрх Цөхүр ноён манжийн захиргаанд ороод байсан Баарин аймгийг уулгалан, үлэмжхэн тооны хүн малыг олзлон авчээ. 1650 онд Засагт хан Омбо-Эрдэнэ тайж хөх нуурын орчим газрыг ав хийх нэрийдлээр уулгалж байсан ажээ.Халхын талаар явуулах Манжийн төрийн бодлого нь Хятадыг эзлэн авсан 1644 оноос буюу Нурхаачийн ач Фулинг Чин улсын хаанд өргөмжилсөн үеэс эрс өөрчлөгдсөн юм. Учир нь Хятадыг байлдан эзлэхдээ, ар талаасаа довтлуулахгүйн тулд хэсэг хугацаанд Халхтай бэлэг бүхий элч солилцож, найртай харилцахад хүрсэн бөгөөд Хятад улсыг эзлэх зорилгоо биелүүлэсний дараа манжийн цэрэг улс төр, эдийн засгийн хүчин чадал үлэмж нэмэгдсэндээ эрдэн, Манжийн зүгээс Халхад өөрийн бодлогоо тулган шаардах нь давамгайлах хандлагатай болов.Манж нар Мин улсын эзлэн аваад, эхний хэдэн жил дотоод байдлаа төвхнүүлэн бэхжүүлж авсны дараагаас буюу 1648 оны үеэс Халхтай холбоотой асуудлыг хүчээр шийдэхийг, тулган хүлээлгэхийг илт оролдох болжээ.Сөнид аймгийн хэрэг явдлаас Халхчууд нэгэн санаатай, нэгдмэл хүчтэй байгааг мэдэж авсан Манжийн эрх баригчид Халхын талаар явуулах бодлогоо тэдний нэгдэл хүчийг задлан сарниулахад чиглүүлжээ. Эеэр засагч хаан 1647 онд Засагт хан, 1648 онд Түшээт хан, Сэцэн хан нарын элчийг тус тус хүлээн авахгүй буцаасан атлаа мөн 1648 оны намар Халхын Сайн ноёны дээд өвөг Данзан ламын элчийг зориуд найрсагаар хүлээн авчээ. Энэ нь Түшээт хан, Сэцэн ханыг Манжийн эсрэг зэвсэг барин тэмцэснийг зэмлэн эрх сүрээрээр далайлгах хэрэг байснаас Гадна Халх эрх баригч ноёдын хооронд яс хаяж хөсөрдүүлэн нэг хэсгийг нь талдаа хахуулдан татаж, нөгөөг нь эсрэг хүч болгон, хооронд нь тэмцэлдүүлэх гэсэн бодлого байжээ.Байдлыг хурцатгахгүйн тулд Түшээт хан, Сэцэн хан нарыг төлөөлж, засагт хан манжийн эеэр засагч хаантай биеэр очин уулзжээ.

Засагт хан тийнхүү чармайлт гаргаж, Халх болон Манжийн хааны хороондын харилцааг хэлэлцээрийн замаар зохицуулах гэсэн боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Харин Манжийн хаан хариуд нь Халхын хан нар хөвгүүд, дүү нараа Манжийн хааны ордонд ирүүлэхийг шаардсан юм. Энэ нь тэд нарын хүүхэд, дүү нарыг барьцаа болгон авах гэсэн хэрэг тул Түшээт хан, Сэцэн хан нар зөвшөөрсөнгүй. Манжийн хаан өөрийнх нь шаардлагыг хүлээн аваагүйд хорсож, Халхад элдвийн шахалт, хавчилт үзүүлэхийн зэрэгцээ Халхыг дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа улам бүр эрчимжүүлж зарим үр дүнд хүрчээ.1651 онд Халхын Түшээт хан, Сэцэн хан нар 1000 морь, 100 тэмээг Манж хаанд өргөн, жилийн амгаланг айлтгаж найрамдахыг хүсчээ. Энэ нь Тэнгисийг дэмжиж, Манжийн цэрэгтэй шууд зэвсэглэн байлдаж байсныг бодвол, буулт хийсэн хэрэг боловч Манж нарын Халхад явуулж бодлого эрчимжиж буй үед ямар нэгэн зүйлээр шалтгаалан Халхад цэрэглэн орохоос сэргийлсэн бололтой. Чухам ямар шалтгааны улмаас Халхын дотоод хагарал гаргасныг дурдаагүй боловч 1653 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Бунтир албат харъяатаа авч, Манжийн хаанд дагаар орсонд түүнийг засаг чин ван өргөмжилж Чулгаалт хаалганы гадна нутаглах газар олгожээ. Энэ нь Бунтир бол Халхын анх удаа Манжийн талд урван орсон этгээд юм. Үүнээс үзвэл, Халхын ноёд дотроо хагаралдаж, зарим нь Манжийн түрэмгий бодлогыг сөрөн зогсож байхад, нөгөө зарим нь Манжийн хааны сайхан амлалт, зэрэг хэргэм, шан харамжинд татагдан дагаж орохыг санаархах болсон байна.Сэцэн хан, Түшээт хан нар Бунтирыг буцааж нэхэмжилсэн боловч Манжийн зүгээс эрс эсэргүүцэн няцаасан юм. Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой хан хүчинд автагдан, зарим талаар буулт хийн, Манжтай найрамдах бодлогыг явуулж байсан боловч харин шууд дагаж орохыг хүсэхгүй байсан юм.Манжийн зүгээс Халхын дотоод хэрэгт хутгалдан орох нь улам бүр нэмэгдэж, элдэв шахалт хавчлага чангарч байх тэр эгзэгтэй үед Сэцэн хан Шолой 1652 онд, Түшээт хан Гомбодорж 1655 онд удаа дараа нас барсан нь Халхын улс төрийн байдалд ноцтой хохирол учруулжээ.

Ойрадын Тогоон тайш, түүний хөвүүн Эсэн тайш, Мандухай сэцэн, Даян хаан, жонон Алтан хаан, Түмэн засагт хаан нарын Монголыг нэгтгэн захирах талаар явуулсан бодлого, үйл ажиллагааг үүнд хамааруулан үзнэ. Тэдгээр хүмүүсийн бүх Монголыг нэгтгэн захирах хувийн хүсэл санаархал нь нийт Монголын түүхийн тавцан дээр дэвшилтэт үйл ажиллагаа болж харагддаг жамтай. Тус хугацаанд нэг талд, нэгдлийн төлөөх үйл явц явагдаж байхад нөгөө талд, задралын үр хөврөл түүнээс ч дутуугүй эрчтэй өрнөж байв.

Гэхдээ Даян хаанаас хойш Монгол улс дахин нэгдмэл байж чадаагүй юм. Тэр үед Монголыг улс төрийн болон шашин–оюун санааны талаар нэгтгэн захирах хэмээсэн хаад ноёдын бодлого, үйл ажиллагаа хэсэг үе амжилт олж байсан боловч биеэ даан хүчирхэгжсэн ноёд язгууртнууд нэгдсэн төрд захирагдахыг хүсэхгүй, байнга салан тусгаарлахын төлөө байв. Энэ бүхний эцэст Монгол харьцангуй биеэ даасан Өвөр Монгол, Халх Монгол, Буриад Монгол, Хөх нуурын Монгол, Ойрад Монгол, Хотгойдын Алтан ханы улс гэсэн хэдэн том эзэмшил–улсуудад хуваагдан жижгэрэв. Тэдгээрээс Буриадаас бусад нь нэгэнт биеэ даасан улсын шинжтэй болсон байв.“Дөчин, дөрвөн хоёр”-ын Монгол улсын үеийг 1370 онд их ор залгасан Билигт хаан Аюуширдара-гаас эхлүүлэн Монголын сүүлийн хаан Лигдэн нас барж, Өвөр Монгол Манжид эзлэгдсэн 1636 он, 1689 онд Хаант Оросод эзлэгдсэн Буриад Монгол, 1691 онд Халх Монгол Манжид дагаар орсон, 1723 онд Хөх нуурын Монгол, 1755 онд Ойрад Монгол Манжид эзлэгдснээр дуусгана.

Манжийн үеийн шашин, соёл

засварлах

Дэлхийн улс орнууд хоорондоо дайтан эзэлж, эзлэгдэх явдал олонтоо тохиолдож байсан бөгөөд эзлэн авсан орныхоо талаар өөр өөр бодлого явуулж байжээ. Манжийн төр монголчуудад эхлээд илүү эрх өгч байсан ч аажим аажмаар эрх чөлөөг нь хумин боомилж номхон хүлцэнгүй, өөрийн гэсэн үзэл, түүх соёлгүй үндэстэн болгох бодлого явуулжээ. Тухайлбал сур харвааг өөрчлөн богино зайд (45 нум зайд буюу 75-80 м)[3] харвадаг болгох, харваачдад бага шагнал өгдөг болгох, монгол бүжгийг хориглох бодлого явуулж байв.

Манжийн үеийн эдийн засаг

засварлах
 
Оросуудын Хүрээ хотын гудамжны тойм зураг, 1876 он
 
Наймаа хот нь 1727 онд байгуулагдаж, хоёр улсын хилийн хооронд хэргийг хянан шийдвэрлэдэг Заргачийн яам энд байжээ[4]

18 дугаар зууны эхэн үед Монголд бөөний худалдаа байсангүй. Гагцхүү жижиглэнгийн худалдаа ноёрхож байлаа. Жижиглэн худалдаа нь таваар мөнгөний харилцаа хөгжиж, үндэсний худалдаачид төрж гараагүй, зам харилцаа муутай нүүдлийн мал аж ахуйтай монголын нөхцөлд таарсан байжээ.

Энэ нөхцөл шалтгааны улмаас Ар Монгол дахь хятад худалдааг хязгаарлан барьж байх гэсэн Манжийн засгийн газрын бодлого газар дээрээ тэр бүр биелэгдэхгүй задгайрч, хятадын худалдааны нөлөө хүрээ байнга өссөөр, 18 дугаар зууны эцэс болоход хошуудаар одож худалдаалах нь нилээд түгээмэл болж, зарим хошуунд гэр майхан барьж суурьшин, байнга худалдаалах явдал үзэгдэх болсон байна.

18 дугаар зуун бол Ар Монгол дахь хятадын худалдааны зохион байгуулалт, мөлжлөгийн үндсэн арга, худалдаалах хэлбэр нь төлөвшиж, улмаар Монголын эдийн засагт нэвтэрч бэхжээд, цаашид бүх монгол нутгийг хамарсан худалдаа явуулах замаа баттай засч авсан үе.

Манж улс монголчуудыг бослого гаргахаас сэргийлж төмрийн хэрэглээг хязгаарлан тэргэндээ төмөр цөн хийдэг байсныг болиулсанаар 20-р зуун гэхэд монголчууд дан модоор тэрэг хийдэг болжээ. Ардууд манж, монгол эрх баригч, мөн тайж, дээд лам нарт үг дуугүй захирагдаж, ондоо хошуунд явахдаа ноёноосоо зөвшөөрөл авч, олон зүйлийн алба татвар төлж байв.

Хошуудад чөлөөтэй худалдаалах болсноор Ар монгол дахь хятадын худалдаа мөнгө хүүллийн хөгжлийн хоёрдугаар үе эхэлнэ. Энэ үед хятадын худалдаачдын тоо урьдахаас эрс нэмэгдэн, зохион байгуулалтын хувьд улам бэхжиж, пүүс дэлгүүрүүдийн бүтцэд зарим шинэ өөрчлөлт гарчээ. Мөн худалдаалах арга нь нарийсаад хэмжээ, далайц нь ихэссэн.

Хятадын худалдаачид өр шир, зээлийн хүүд Ар монголоос хурааж, худалдаж авсан малаа намар таргалсан үеэр нь Их хүрээ, Улиастай, Ховд, Хиагтын орчимд сүрэглэн зохион байгуулаад хятадын хотууд руу туулгадаг байв[5]. Улиастай дахь нэр нөлөө бүхий, хамгийн том пүүс бол Да Шэн Күйгийн пүүс юм.

Газрын зураг

засварлах

Нэмж унших

засварлах
  • Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжил