Хүн төрөлхтний түүхэн үйл явцын үр дүнд урьд нэгэн улсад хамаарч асан үндэстэн угсаатан хэлтэн өдгөө хоёр эсвэл хэд хэдэн улсад хуваагдан тархсан байх нь түгээмэл байдаг. Харин тэдний дундаас туурга тусгаар бүрэн эрхт нэг улсад газар нутагтайгаа эргэн нэгдэхийн төлөөх санаархал тоотой хэд илэрч байгаа. Чухам яг ийм тэмүүлэлт үзэгдэл сүүлийн зуун жилийн дотор Монгол үндэстэн, Монгол угсаатны дотор их бага хэмжээгээр өрнөсөөр ирлээ.[1][2]

Нармай Монгол (орос. Панмонголизм; Англи: Pan-Mongolism) хэмээн нэрлэгдэх энэхүү үзлээр бол хаяа залган байрласан Монгол, Өвөр Монгол, Буриад, Халимаг дөрөв Монгол оронд суух Монголчууд газар нутагтайгаа хамтдаа нэгдсэн бүрэн эрхт нэгэн улс болох учиртай аж. Голд нь орших Монгол хэдийнээ тусгаар тогтнож чадсан боловч Хятадын мэдэлд үлдсэн Монголчуудаас цөөхүүлээ юм.[3] Харин Өвөр Монгол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өөртөө засах орон болдог бол Халимаг, Буриад Оросын Холбооны Улсын холбооны этгээд болдог.[4] Хааяа түүхэн ба газрын ойроос зарим талаар дотноссон өнөөгийн ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Тува Улс, Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарын Түрэг бүлгийн хэлт хэд хэдэн ард түмний уугуул нутгийг Нармай Монголын зорилгод хамруулан үзэх нь байдаг.[5] Одоо цагт дээрх бүх газар орны дундаас Монгол Улсаас бусдад нь Монголчууд олонх үндэстэн нь биш ажээ.[4]

Одоо дэлхий дээр 3.8 сая хав.дөр.км нутаг дээр (үүнээс Монгол улс 1.5 сая хав.дөр.км нутагтай) нийт 10 сая орчим Монголчууд амьдарч байна. Энэ бол өнөөгийн Энэтхэгээс том нутаг бөгөөд Азид Хятадын дараа орох их орон зай юм. Монгол хэлэнд “нийт”, “нармай” монгол үзэл хэмээн орчуулж буй “панмонголизм” хэмээх нэршил XIX зууны Оросын сэтгэгч Владимир Сергеевич Соловьёвын “Панмонголизм” (1894) хэмээх шүлгээс анх гарчээ. Гэхдээ тэрхүү шүлэг нь монголчуудын тухай бус, харин Европ, Оросын соёл иргэншлийг Дорно дахины шар арьстнуудын аюул царцааны нүүдэл мэт нөмрөх гэж буйг зөгнөн анхааруулсан утгатай аж. Гэтэл “панмонголизм” нь удалгүй Оросын эзэнт гүрний харъяат буриад сэхээтнүүдийн үзэл бодлоор дамжин Халх болон Өвөр Монголын аймгуудыг эзэнт гүрний ивээл дор нэгтгэх, нөлөөнд оруулах улс төрийн бодлогод үйлчилсэн үзэл суртлын туг болж хувирчээ. XIX зууны сүүлчээр Оросын эрх баригчдад маш ойр байсан хоёр буриад сэхээтэн бол түвд эмнэлгийн эмч Пётр Бадмаев, лам Агваан Доржиев нар юм. 1890-ээд онд засгийн газрын эрх баригчидтай ойр шадар болсон Петр Бадмаев Манжийн төр удахгүй болсон гэж үзээд, Сибирээс Монгол, Ганьсугаар дайруулан Төвөд хүртэл төмөр зам тавих төлөвлөгөөг эрх баригчиддаа танилцуулж, Монгол, Хятад, Түвдийг Оросын эзэнт гүрэнд нэгтгэх санал гаргасан ба Орос нь Азийн овог аймгуудыг иргэншүүлэх үүрэг хүлээсэн улс юм гэж үзэж байжээ. М.Ларюэлийн бичсэнээр, Бадмаев Монгол, Түвд, Хятадыг Оросын бүрэлдэхүүнд нэгтэх өөрийн санаачилгыг “буриадын үндэсний үзэл”-тэй хослуулан Орос бол Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний шууд залгамж мөн гэсэн үзэл суртлаар зөвтгөж, монгол мэтийн буддын шашинт ард түмнүүд Оросын өгөөмөр ивээлийг хүртэх ёстой гэж үзсэн бол Төвдөд 13-р Далай ламд шадар байсан Агваан Доржиев нь “Буриад-Халимаг панмонгол үзэл”-ийг буддын шашины үзэл сурталтай хослуулан монгол мэтийн буддын шашинт ард түмнүүдийг Цагаан хааны ивээлд багтаах талаар номлож байжээ. Гэвч Алс Дорнодод Солонгосын хойг хүртэл өргөжин тэлэх гэсэн Хаант Оросын бодлого нь 1904-1905 оны Орос-Японы дайнд ялагдсанаар сүйрсэн байна. Уг үйл явдлаар хаант Оросын гадаад бодлого өөрчлөгдөж, нийт монгол овог аймгуудыг Цагаан хааны ивээл дор нэгтгэх гэсэн санаархал замхарчээ. Харин Европын хүчирхэг гүрнийг ялсан Япон Солонгосын хойг, Өмнөд Манжуур, Өвөр Монголын зүүн хэсэгт нөлөөний хүрээгээ өргөжүүлсэн төдийгүй өргөжин тэлэх санаархал нь улам хүчтэй болсон байна. Удалгүй 1914 онд Дэлхийн I дайн эхэлж Орос дайнд орсноор эзэнт гүрэнд бүр том өөрчлөлт гарсан. 1917 онд Орост хувьсгал гарч хаант засаг унасан ба улс төрийн хямрал даамжирсаар улмаар коммунистууд засгийн эрхэнд гарч, Зөвлөлт улс байгуулагджээ. Зөвлөлт улс байгуулагдаж, Орост иргэний дайн дэгдсэнээр панмонгол үзэл нь Алс Дорнод дахь улс төрийн хүчнүүдийн тоглолтын үзэл суртлын зэвсэг болж хувирсан байна. 1918 онд цагаантны генерал, буриад цустай Григорий Семёнов Байгалын чанадад өөрийн дэглэмийг тогтоосны дараа Японы тусламж дэмжлэгээр Зөвлөлтийн эсрэг тэмцэх, ингэхдээ панмонгол үзлийг ашиглан нийт монголчуудыг ашиглахын тулд Буриад, Барга, Халх, Өвөр Монголыг нэгтгэсэн “Их Монгол Улс”-ыг байгуулж буйгаа зарласан байна. 1919 оны 2-р сард Г.М.Семёнов Читад Буриад, Барга, Өвөр Монголын төлөөлөгчдийг оролцуулсан "Монгол овогтны Их хурал" -ыг хийж, Буриад, Барга, Халх, Өвөр Монголыг тэгш эрхтэй нэгтгэсэн холбооны улсыг тунхаглаж, түүний засгийн газрыг Өвөр Монголын Нэйсэ гэгээн Мэндбаяраар толгойлуулан байгуулжээ. Гэвч Нармай Монгол улс байгуулах үйл ажиллагаанд Халх дахь Богд хаант засгийн газар оролцоогүйгээр барахгүй Халхын язгууртнууд түүнээс ихэд болгоомжилсон байна. Хожим Монгол дахь Коминтерний төлөөлөгчөөр ажилласан буриад сэхээтэн Элбэгдорж Ринчино панмонгол үзэлт хөдөлгөөнд идэвхтэй оролцож, Нармай Монголын Засгийн газрын зөвлөхөөр ажиллажээ. Гэвч удалгүй цагаантнууд ялагдаж, Японы дэмжлэг үгүй болсноор Нармай Монгол улс байгуулах хөдөлгөөн сарнижээ. Э.Ринчино 1920 онд Монголын төлөөлөгчдийг Зөвлөлтийн эрх баригчдтай холбоход ихээхэн тус дэм болсныхоо ачаар Зөвлөлтийн бодлогыг Монголд хэрэгжүүлэх албан тушаалуудад томилогдсон байна. Э.Ринчино Хаант Оросын үеийн панмонгол популизмыг буриадуудын дотор идэвхтэй явуулж байсан бол Зөвлөлт засгийн үед түүнийгээ Зөвлөлтийн угсаатны бодлогод нийцүүлэх байдлаар тайлбарлаж эхэлсэн бололтой. Тэрбээр Монголыг “зөвлөлтжүүлэх”-ийн тулд Буриад, Монголыг ойртуулах замаар Монголыг Зөвлөлт улсад нэгтгэх саналыг дэвшүүлсэн байна. Монголын түүхийн эрдэмтэн Оохнойн Батсайханы хэвлүүлсэн Оросын архивын баримтаас үзвэл, Э.Ринчино 1922 онд Оросын Коммунист Намын Буриадын хороонд Монголын талаар бичсэн илтгэлдээ “Монгол, Буриадын бүгд найрамдах улсын эдийн засгийг холбох замаар ойртуулах асуудлыг боловсруулж тавих цаг нэгэнт болжээ. Эдгээр асуудлуудыг цаг хугацааг нь тааруулж, тавьж шийдвэрлэх аваас одоогийн улс төр эдийн засгийн хөгжлийн үр дүнд Монгол зөвлөлтжих замд эргэлт буцалтгүй орох ёстой ба ойрын ирээдүйд ЗСНБХУ-ын шинэ гишүүн болох нь дамжиггүй” гэжээ.

Япон бүр XIX зууны сүүл үеэс Солонгосын хойгт чиглэсэн бодлого явуулахын зэрэгцээ Халх, Өвөр Монголыг ихээхэн сонирхон судалж байжээ. Япончууд 1904-1905 оны дайнаар Оросыг ялж, Өвөр Монголын зүүн хэсэгт нөлөөгөө тогтоосон ч дайны дараах Орос-Японы хэлэлцээрээр Халх нь Оросын нөлөөний хүрээнд үлдсэн аж. Гэвч Манжуур дахь Японы цэргийнхэн Халх дахь улс төрийн байдлыг маш анхааралтай ажиглаж байжээ. Л.Жамсрангийн судалгаагаар, 1919 онд Япон нь панмонгол хөдөлгөөнийг дэмжиж, Нармай Монголын Засгийн газарт зээл олгохоор амласан ч тус хөдөлгөөн амжилт олохгүй нь тодорхой болох үед амалсан зээлээс татгалзсан байна. Гэвч Япон Алс Дорнодод Зөвлөлт улстай сөргөлдөх хэрээр Монголын асуудлыг анхаарч байсан нь харагддаг. 1939 онд Японы судлаач Т.Асано “Манж, Ар Монголыг нэгтгэх нь: Түүх, газарзүйн судалгаа” өгүүлэлдээ газарзүйн хувьд Ар Монголыг Өвөр Монголоор дамжуулан нэгтгэхээс илүүтэй Манжго-той нэгтгэсэн нь хялбар болох тухай санал дэвшүүлж, “Ар Монгол нь говийн их элсэн цөлөөр зааглагдах тул Монголын хязгаарын засгийн газартай нэгдэхэд хялбар бус, харин Манжго болон Ар Монголыг нэгтгэх нь түүх, газарзүйн хувьд зохистой тул зүй ёсны болно” гэж бичиж байжээ (Японы Монгол судлалын түүх. 2015, 141. Япон хэлнээс орчуулсан О.Оюунжаргал). Үүнээс үзвэл, япончууд Ар Монголыг Өвөр Монголын Дэ вангийн (Н.Дэмчигдонров) тэргүүлсэн Монгол хязгаарын өөртөө засах холбоот засгийн газартай нэгтгэж, өөрийн эрхшээлд оруулах тухай сэдвийг хөнддөг байсан бололтой. Харин Т.Асано Ар Монголыг Манжго-той нэгтгэсэн нь газарзүйн хувьд илүү хялбар гэж үзжээ. Панмонголизм нь нэр томьёоны ч, утга агуулгын ч хувьд хилийн чанадад үүсэн боловсорч, их гүрнүүдийн зүгээс Монголыг эзлэх, эсвэл өөрийн нөлөөний хүрээнд оруулах гэсэн улс төрийн зорилго бүхий угсаатны үзэл суртлын хэрэгсэл болж байжээ. Ялангуяа тэрхүү үзэл суртал нь Орост монголчуудын түүхийг язгуур угсаатан бүхий ард түмний төр ёсны үзлээр бус, харин бүдүүлэг үедээ үлдсэн, эрт цагт ураг төрлүүдээс салбарласан хэл, шашин нэгтэй олон овог аймгууд гэх мөнөөх л дорно дахины талаарх Европын түүх, угсаатны үзлээр харж байсны илрэл бөгөөд тэднийг иргэншлийн дор хурааж өөрийн нөлөөнд оруулахад иргэншиж боловсорсон садан төрөл ард түмнийх нь хэлхээ холбоог ашиглах учиртай ажээ. Панмонголизм нь нийт монгол овог аймгуудыг эрхшээлдээ оруулж, өргөжин тэлэх гэсэн Орос, Японы санаархалд төдийлөн ач тусаа өгөөгүй боловч хожим Монголд том гүрнүүдийг буруутган гомдоллох “популизм” болж ул мөрөө үлдээсэн байна. Дийлэнх Монголчуудыг эрхшээн байсан Чин улс 20-р зууны эхэнд мөхөхөд тусгаар тогтносон улс байгуулах боломж бүрдсэнээр Монголчуудын үндсэрхэг хөдөлгөөн үүссэн. Монголчуудын нэгдмэл улс байгуулах хүсэл эрмэлзмэл 1910-аад оноос эхлэн эрчимжсэн байна. Энэ тал дээр Богд Жавзандамба хутагт болон Халхын нөлөө бүхий ноёд хамгийн идэвхи санаачлагатай цаг үеийг олж зохион байгуулалттай тэмцэл өрнүүсний үр дүнд Олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулсан байна. Гэвч Хиагтын 3 улсын 1915 оны хэлэлцээрээр Оросын хаант Улс болон Дундад Иргэн Улсын хамтын хүчин чармайлтаар монголчуудын тусгаар тогтнох хүслийг хазаарлан олон улсын жишгээр хятадын харьяанд Автономит эрх бүхий Монгол Улс байхаар гэрээг байгуулсан байна. энэ үеэс Монголын нутгийг өөр өөрийн нөлөөллийн бүсэд хуваасан Хаант Орос Улс болон Японы Эзэнт гүрний гадаад бодлого Монголд идэвхжсэн байна. Ялангуяа япончууд монголчуудын нэгдэн нийтэх үзэл бодлыг цагаантаны хөдөлгөөний нэг толгойлогч Семеновын гараар удирдах бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд 1919 онд Дорнод Сибирийн Даур өртөөнд Нармай Монгол Улс буюу Их Монгол Улсыг байгуулах Монголчуудын их хурлыг зохион байгуулсан байна. Гэвч энэ ордлого Олноо өргөгдсөн Монгол Улс дэмжээгүй төдийгүй бүс нутгийн геополитикийн нөхцөл огцом өөрчлөгөдсөнтэй уялдан бүтэлгүйтсэн байна. Энэ нь тухайн бус буюу Өвөр Байгаль, Алс дорнодод цагаантаны хөдөлгөөн ялагдал хүлээж, улаантан буюу Зөвлөлт Оросын нөлөөнд бүрэн орсонтой холбоотой.Зөвлөлтийн Улаан цэргийн тусламжтайгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж чадсаны дараах хэдэн арван жилд Монголын гадаад бодлого бусад нутгийг гадуур үлдээж олдсон ганц орондоо тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэжээ. 1990 оны хувьсгалаар эв хамт дэглэмээс татгалзаж, үндсэрхэг үзлийг хориглодоггүй болсноор Монголд Нармай Монгол үзэлт олон байгууллагууд байгуулагдсан боловч өргөн хүрээний дэмжлэг олж чадахгүй л байна.

Панмонголизм үгийн үүсэл

засварлах

Оросын гүн ухааны толь бичгүүдэд өгүүлснээр “Панмонголизм” хэмээх нэгэн зөнч шүлгийг Оросын нэрт гүн ухаантан В.С.Соловьев 1894 онд бичиж, энэ нь хожим “Вопросы жизни” сэтгүүлийн 1905 оны № 8-д анх хэвлэгдсэн байна. Энэ шүлэг нь “Антихристийн тухай товч туужийг хавсарган оруулсан дайн, дэвшил, дэлхий дахины түүхийн төгсгөлийн тухай гурван яриа” хэмээх гүн ухааны бүтээлд орсон байдаг аж. Энэхүү урт нэртэй бүтээлийг товчоор “Гурван яриа” хэмээн нэрлэж заншжээ.

Орос эх хувилбар Монгол орчуулга[6]

Панмонголизм! Хоть слово дико,
Но мне ласкает слух оно,
Как бы предвестием великой
Судьбины божией полно.

Үг нь хэдий зэрлэг авч, Панмонголизм !
Үнэхээр чихэнд сонсголонтой байна.
Бурхдын тавилангаар дүүрэн
Буухиа мэдээ шиг сонсогдож байна.

Когда в растленной Византии
Остыл божественный алтарь
И отреклися от Мессии
Иерей и князь, народ и царь, -

Бузартсан Византид тэр үед
Бурхны алтан ганжир гунджээ
Хан харцгүй хамаг бүхэн
Халамжит Мессээс нүүр буруулжээ.

Тогда он поднял от Востока
Народ безвестный и чужой,
И под орудьем тяжким рока
Во прах склонился Рим второй.

Алдар нэргүй, харь ард түмэн
Алс Зүүнээс өндийн босчээ.
Үйлийн лайтай хүнд зэвсгэнд нь
Үнсэн товрогоор эргэв, хоёр дахь Рим…

Судьбою павшей Византии
Мы научиться не хотим,
И всё твердят льстецы России:
Ты - третий Рим, ты - третий Рим.

Өнгөрсөн Византийн хувь тавиланг
Өнөөгийн бид давтахыг хүсэхгүй.
Одоо чи Гурав дахь Рим гэж
Оросын худалч нар давтан баталж байна.

Пусть так! Орудий божьей кары
Запас еще не истощен.
Готовит новые удары
Рой пробудившихся племен.

Бурхны гэсгээлийн зэвсгийн
Булт нөөц шавхагдаагүй, тэгж л байг.
Сэргэн боссон аймгуудын цутгалан
Шинэ цохилтод бэлтгэж байна.

От вод малайских до Алтая
Вожди с восточных островов
У стен поникшего Китая
Собрали тьмы своих полков.

Малайн уснаас Алтай хүртэл
Манлай жанжид Дорнын арлуудаас төрж
Толгой гудайсан Хятадын ханын дэргэд
Тоо томшгүй цэргээ цуглуулж байна.

Как саранча, неисчислимы
И ненасытны, как она,
Нездешней силою хранимы,
Идут на север племена.

Цадаж ханахгүй царцаан сүргийн
Цаадах тоог нь хэлж баршгүй.
Умрыг чиглэсэн аймгуудаас
Урьдын хүчээр хамгаалж дийлэхгүй.

О Русь! забудь былую славу:
Орел двухглавый сокрушен,
И желтым детям на забаву
Даны клочки твоих знамен.

Хоёр толгойт бүргэд ниргэгдлээ
Хоосон алдраа март даа, Орос минь.
Шалчийсан тугны чинь өөдсөөр
Шар хүүхдүүд зугаацан наадна.

Смирится в трепете и страхе,
Кто мог завет любви забыть...
И Третий Рим лежит во прахе,
А уж четвертому не быть.

Хайрын дуудлагаа мартаж чадах нь
Харанхуй айдас, түгшүүртэйгээ эвлэр.
Үнсэн дунд Гурав дахь Рим уналаа
Үнэндээ гэхэд дөрөв дэх нь байхгүй…

  1. Kaplonski, Christopher (2004). Truth, History, and Politics in Mongolia. Psychology Press. p. 15.
  2. Naby, Cyril; Dupree, Louis; Endicott-West, Elizabeth (1991). The Modernization of Inner Asia. M.E. Sharpe. p. 193.
  3. Hodder, Dick; Lloyd, Sarah; McLachlan, Keith (1998). Land-locked States of Africa and Asia. 2. Taylor & Francis. p. 150.
  4. 4.0 4.1 Steiner-Khamsi, Gita; Stolpe, Ines (2006). Educational Import: Local Encounters with Global Forces in Mongolia. Macmillan. p. 12.
  5. Garthoff, Raymond (1994). The Great Transition: American-Soviet Relations at the End of the Cold War. Brookings Institution Press. p. 670.
  6. Панмонголизм шүлгийг Д.Ганхуягийн орчуулсаныг оруулав. (Поэзия Серебряного Века. Москва, “Художественная Литература”, 1991 номноос авав.)