Төв Азийн эртний ард түмнүүдийн нэг киргиз түмнийг анх Сибирийн төв хэсэг, Енисей мөрний дээд хөндий Минусын хотгорт оршин байсан гэдэг ба магадгүй тэд Саяны уулсаас өмнөш нутаглан байсан байх магадтай юм.

Енисейн киргиз
𐰅𐰤𐰅𐰽𐰀𐰖 𐰶𐰃𐰺𐰍𐰃𐰕𐰒𐰀𐰺𐰃 (Киргиз)
Хэл аялгаенисейн-киргиз хэл
Бичиг үсэгенисейн үсэг
ШүтлэгТэнгэр шүтлэг

Гарал угсаа, эрт үеийн түүх

засварлах

МЭӨ 201 оноос хятад сурвалжид Хүн нарт эзлэгдсэн аймгуудын дотор Гэгүн буюу Гянгүн гэх нэр гарах бөгөөд тэднийг киргизүүдийн өвөг хэмээдэг. Тэд Тэлэ аймгийн холбоонд (Тогуз- огуз буюу 9 аймагт Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, киргиз, Тува, Якут ордог байжээ) байж Төв Азид үүсч, задарч байсан гүрнүүдийн бүрэлдэхүүнд орох болон тэмцэх зэргээр оршин байжээ. МЭӨ 2-р зуунаасөмнө Хакас-Минусын хотгорт Индо-Евро буюу иран угсааны Динлинчүүд байсан гэдэг ба Хүн нар тэднийг МЭӨ 1-р зуунд эзлэн 150 жил ноёрхсон бөгөөд энэ үед алтай язгуурын хэлт, монголжуу төрхөт Гянгүнчүүд Хүн нарт шахагдан тус бүс нутагт шилжин шаргал үст, цэнхэр нүдэт Динлинчүүдтэй генетикийн болон соёлын солилцоонд орсон үеэс Гян буюу Кем-Енисей мөрний хөндий Хакас-Минусын хотгор Гянгүн нарын нутаглах үндсэн төв болсон байна. Тэд Динлинчүүдээс гадна Угор, Самоед болон Кеть хэлтнүүдтэй ч нэлээн холилдсон бололтой. Үүний нотолгоо нь Таштыкын соёлын дурсгал, олдворуудаас харагдах бөгөөд 7-12-р зууны Хятад болон Муслим сурвалжид тэднийг улаан үстэй ногоон нүдтэй хүмүүс гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн орчин үеийн генетик ДНХ-ийн судалгаа ч үүнийг давхар нотлох бөгөөд одоогийн киргизүүд нь тэр үеийн Сибирийн оршин суугчдын удам гэдгийг баталдаг. ДНХ-ийн судалгаагаар одоогийн киргиз эрчүүдийн 63% нь Өвөг Индо-Европ хэлтний ген гэгддэг Y-ДНА-ийн R1а1 хаплогрупптэй байдаг байна. (Тажикуудын 64%, Украинуудын 54%, Польшуудын 56%, Айсландчуудын 25% нь ийм гентэй)

Хүн нарын ноёрхолын дараа киргизүүд хэсэг тусгаар байгаад Нируны мэдэлд байгаад хожим Хөх Түрэгийн бүрэлдэхүүнд орсон байна. Уйгарын хаант улсад 758 онд эзлэгдэн 80 орчим жил болжээ.

Киргизийн хаант улс

засварлах

Киргизүүд 818 онд Ажо хааны удирдлагаар Уйгарын эсрэг босон Харлугууд болон Төвдтэй холбоо тогтоон 20 гаран жил амжилттай тэмцсээр 840 онд, Уйгарын дотоодын хямралыг ашиглан нийслэл Ордубалык буюу Ордбалгадыг түйвээж, Уйгарын хаант улсыг мөхөөжээ. Гэвч тэдний байлдааны амжилт богинохон хугацаанд үргэлжилсэн бөгөөд томоохон хэмжээний газрыг эзлээгүй байна.

Зарим киргизүүд Долоон усруу нүүсэн нь энгэр ууланд анх удаа киргиз суурьших эхлэлийг тавьсан байж болох юм. Гэвч нүүсэн эсэх нь төдийлөн тодорхойгүй.

Киргизүүд Уйгурыг унагасан ч Монголд суурьшилгүй буцан баруун хойш нутаг руугаа явсан шалтгаан болон цаг хугацааны талаар эрдэмтэд нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байна. Зарим судлаач киданчуудад шахагдан баруун тийш хөдөлсөн гэдэг бол зарим нь цаг агаар, уур амьсгалын хүчин зүйлийн улмаас өөрсдөө баруун тийш нүүсэн гэдэг. Учир нь киргизүүдийн аж ахуйд мал сүргээс гадна газар тариалан чухал байр эзэлж байсан бөгөөд Монголын өндөрлөг, газар тариаланд тохиромж муутай байсан гэж үздэг.

924 онд Кидан улсын цэрэг Монголыг эзлэхэд Монголд киргизүүд байгаагүй нь киргиз улс Монголыг захирч байгаагүйг баталдаг.

Монголчуудын дунд “Киргис хаан гэж байгаад булш, оршуулгаа цогцлоон үйлдэж, чулуун хөрөг дүрсээ бүтээгээд нүүгээд явчихсан юм гэнэ лээ” хэмээх аман домог байдаг ч археологичид хиргисүүр нь хиргис буюу хиргис нэр түүхэнд тэмдэглэгдэхээс өмнөх үед хамаарагдах археологийн соёл болохыг бүрэн тогтоожээ.

Уйгур улс унаснаар Монгол дахь түрэгийн ноёрхол үндсэндээ төгсгөл болсон гэсэн үзлийг дэлхийн эрдэмтэд дэмждэг бөгөөд киргизийн цэргүүдэд хөөгдсөн уйгурууд богино хугацаанд Монголыг орхин урагш нүүснээр Монголын өндөрлөгт түрэг угсааны овог аймгууд бараг үлдээгүй байна. Киргизийн цэрэг тэднийг Тэнгэр уул хүртэл үлдэн хөөж нийслэл Ордубалыкийг тонон дээрэмдсэн байна. Түрэгүүд Монголын өндөрлөгөөс нүүнгүүт урьд нь түрэгийн довтолгоонд шахагдан зүүн зүг нүүсэн монгол овог аймгууд эх нутагтаа эргэн ирж суусан байна.

Киргизийн болон дэлхийн зарим түүхчид Уйгур улс унасны дараа киргизийн хаант улс одоогийн Монгол, Өвөр Монгол, Тува, Хакас, Енисей мөрний сав газар зэрэг хэдэн сая км2 нутгийг захирч байгаад 924 онд Кидан улсын довтолгооноор эзэлсэн газраа алдсан гэж үздэг ч энэ үндэслэл муутай юм. Үнэн хэрэг дээрээ Енисейн киргизүүдийн эзэмшил нь төдийлөн их тэлээгүй бөгөөд Тува, Хакас зэрэг Енисей мөрний сав газрын хэдэн зуун мянган км2 газрыг л хамарч байжээ.

Төв Ази дахь эртний улсуудын түүхийг судлахад эртний хятадын он тооллын бичгүүдийг ихээхэн ашигладаг ба киргизийн улс оршин тогтнож байсан гэх баттай баримт эртний хятадын түүхийн номнуудад байдаггүй. Түүхчид хятад хэл дээрхи мэдээллийг уншихдаа алдаа гаргаснаас киргизийн улс нилээдгүй том газартай, нилээдгүй хугацаанд оршин тогтнож байсан гэсэн алдаатай дүгнэлтэнд хүрчээ.

Киргизүүд нь нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд Ажо хааны 12 хөвүүн нь түүний улсыг авч чадалгүй бутран доройтоход хүргэсэн байна. Киргизүүд Хакасд төвлөн суурьшиж байжээ.

Судрын чуулганд дурьдсанаар Уйгурын дараа Татарууд хүчирхэгжин Монголын нутагт нөлөөгөө тогтоосон гэдэг тул Түрэгийн үе 840 онд дууссан гэх үндэстэй юм.

Уйгурын хаант улсыг мөхөөж Монгол нутагт ноёрхлоо тогтоосон киргиз нарын өвөг дээдсийн нэрийг Нанхиадын олон үеийн түүх сударт Гэгүнь, Гянгүнь, Гюйвү, Хягас гэх зэргээр дуудлага хувирган тэмдэглэжээ.Гэнгүнь нарыг Хүннү улсын Модунь шаньюй МЭӨ 209 оны үед байлдан эзэлж байжээ. Энэ үед тэд өмнөд Сибирийн Енисей мөрөн, Абакан гол хавиар нутаглаж байв. МЭ 758 онд Уйгурын эрхшээлд орж 80 гаруй жил болоод 20-иод жил Уйгурын ноёрхолыг эсэргүүцэн тэмцэж улмаар 840 онд Уйгур улсын төрийг мөхөөжээ.

Төрийн бүтэц

засварлах

Киргиз улсын төрийг хаан толгойлж байсан ба түүний дор дараалсан зэрэг дэв бүхий түшмэлүүд байжээ. Түшмээлүүдийн тэргүүнд сайд долоо, ерөнхий дарга гурав, захирагч арав байв. Эд ихэвчлэн төр, цэргийн хэргийг эрхэлдэг байсан байна. Киргиз улсад хууль дүрэм чанд нарийн байсан байна. Мөн хэрэг шийтгэл явуулдаг арав таван түшмэл байжээ. Дайнд орохын өмнө үймээн гаргагчид, элч зарлагын үүргийг үл гүйцэтгэгчид, хаанд буруу зөвлөгсөд, хулгай хийгсдийг цаазаар авдаг байжээ.

Киргизийн нийгмийн давхраажилт нь түрэгчүүдийн нэгэн адил Эл хэмээх язгууртны бүлэг Хар бүдүн хэмээх жирийн ард гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж байв. Язгууртан бүлэгт хуучин овгийн ахлагч нарын өмөг түшэг болсон цэрэг багтаж байжээ. Язгууртан нар гэр орныхоо аж ахуйн ажилд олзны хүн боолыг ашиглаж эхнэр хүүхдээ хүнд ажилаас чөлөөлдөг байжээ. Язгууртанууд хувь эзэмшил газар нутгийг захирч тэнд оршин суугчдаас алба татвар авдаг байв. Мөн Хар бүдүн нар нь нүүдлийн ба хагас суурьшмал байдалтай аж төрдөг байжээ.

Киргиз нарын гол амин зуулга нь нүүдлийн мал аж ахуй, мөн газар тариалан эрхэлж байсан. Эрэгтэйчүүд нь ээмэг зүүдэг, бардам , эр зоригтойгоо харуулах гэж арьсаа хээлдэг. Эмэгтэйчүүд нь нөхөрт гарахаараа хүзүүгээ хээлдэг. Киргизүүд төмөр, алт, мөнгө, зэс тугалга зэргээр гэр ахуйн олон төрлийн хэрэгцээт зүйл болон гоёл чимэглэл урладаг байжээ. Дархчуудийн хээлж, угалзалж, сав суулга, эмээл хазаар, худрага, сэлэм, бүс зэрэг соёлын дурсгалт зүйлс манай түүх соёлын музейд бий. Киргиз нар үслэг ангийн арьс, бугийн цусан ба ясан эвэр хус модыг Дундад Ази, Хятадад гарган худалдаж торго, элдэв бөс бараа, анжис, гоёл чимэглэлийн зүйлс цай, чий, будагтай сав суулга зэргийг худалдан авдаг байв.

Киргизүүд тал газар цугларч бөө бөөлүүлж , лус савдаг тахьдаг байжээ. Мөн нас барагсдаа юмаар ороож гашуудал үйлдээд шатааж чандрыг нь жил өнгөрсний дараа оршуулдаг байжээ.

Киргизийн үеийн дурсгалууд Монгол, өмнөд Сибирийн нутгаас олддог байна. Мөн сар улирал, арван хоёр жилийн хуваарь бүхий цаг тооны бичиг хэрэглэдэг байжээ. Киргизүүд МЭ 923 онд Кидан нарт цохигдон Памирын нуруу руу шахагджээ.

Киргизийн хаант улсын дараах үе

засварлах

Зарим киргизүүд Тэнгэр уул хүрч суурьшсан ч уугуул нутаг Хэм Хэмчиг буюу Енисей мөрний хөндийд нэгэн хэсэг нь байсаар байсан ба 1207 онд Чингис хааны ууган хүү Зүчи тэднийг дагуулснаар Монголын харъяанд орсон байна. Энэ тухай Монголын нууц товчоонд “Туулай жил Зүчийн баруун гарын цэргүүдээр ойн иргэнд морилуулав. Буха газарчилж одов. Ойрадын Хутуга бэхи, түмэн Ойрадын урьд элсэн орж ирэв. Ирээд Зүчийн удирдаж, түмэн Ойраддаа газарчилж, Шигшиг-д оруулав. Зүчи Ойрад, Буриад, Баргуд, Урсуд, Хабханас, Ханхас, Туба тэргүүтнийг оруулаад, түмэн Киргизүүдэд хүрвээс, Киргизүүдийн ноёд Йэди-Инал, Алди-Эр, Өрэбэк-Дигин Киргизүүдийн ноёд элсэн орж, цагаан шонхрууд, цагаан агтас, хар булгад аваад ирж, Зүчид уулзав” хэмээжээ. Энэ түмэн киргизийн хойчис 300 мянган Енисейн Киргисүүд одоо Тувад байгаа билээ. Енисейн киргизүүд болон Тэнгэр уулын киргизүүдийн ялган салгах аргагүй бөгөөд магадгүй тэд Енисейн эхээс Тэнгэр уул хүртэл ч тархан байсан байхыг үгүй гэх газаргүй бөгөөд сүүлийн үед эрдэмтэд судлаачдын дийлэнхи нь одоогийн киргизийн Бүгд Найрамдах Улс буюу Тэнгэр уулын киргизүүдийг эртний Скиф буюу Сака, Үсүн, Динлин аймгуудаас үүссэн гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

киргизүүд мөн л чоно буюу нохойг эх үүсэлтэйгээ холбон домоглох ба эцгийн талаа чоно хэмээсэн байдаг. Киргиз домгоор бол тэдний өвөг нь Кызыл буюу улаан нохой гэдэг. Уг домгоор хааны гүнж шивэгчидтэйгээ зугаацаар хот хүрээнээсээ гадагш явдаг байсан ба нэг удаа яваад ирэхэд нь аулыг нь дайсан этгээд тонон талж хүн зоныг нь устгасан байжээ. Тэр аулд үлдсэн ганц амьд амьтан нь нэгэн эр тайган нохой байснаар гүнж болон түүний шивэгчид болох 40 бүсгүй болон тэр улаан нохойн дундаас киргизүүд үүссэн гэх бөгөөд дөчин бүсгүй буюу дөчин овог аймгийн нэгдэл гэх Кир киз нэр үүсэв хэмээдэг. Тэгээд ч одоо киргизийн төрийн далбааны тоонолжин (түндүк буюу гэрийн тооно) голтой нар нь 40 цацрагтай байдаг байна.

Енисейн киргиз, Киргиз улсын киргизүүдийн удмын холбоо

засварлах

Өнөөгийн Киргиз улсын киргизүүд Енисейн киргизээс гаралтай гэдэг ч Енисейн киргизээс гаралтай гэдэг нь батлагдсан хакасуудаас өөр буюу кипчак бүлгийн хэлээр ярьдаг учир Енисейн киргизтэй холбоогүй байж болох юм гэсэн таамаг бий.

Мөн үзэх

засварлах
Өмнөх
Уйгурын Хаант Улс
Киргизийн Хаант Улс
820-900
Дараах
Кидан Улс
Гучин Татар