Мандуул хаан
Мандуул хаан (монгол бичиг: ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠭᠠᠨ; 1438-1479) нь 1463-1467, зарим сурвалжид 1475-1479 онд Монголын хаан ширээнд заларсан хаан бөгөөд Тайсун хааны эцэг нэгт дүү юм. Молон хааны дараа Зорголын зоо гэх газарт хаан суусан.
Мандуул хаан | |
---|---|
Монголын хаан | |
Хаанчлал | 1463-1467 эсвэл 1475-1479 |
Хаан суусан | 1463/1475 |
Төрсөн огноо | 1438 |
Өнгөрсөн огноо | 1467/1479 |
Өмнөх | Молон хаан |
Удаах | Батмөнх даян хаан |
Эцэг | Ажай тайж |
Эх | Ойрад угсааны хатан |
Ургийн овог | Хиад Боржигин |
Төрсөн нэр | Мандуул |
Товч тойм
засварлахМандуул нь Ажай тайжийн 3-р хөвгүүн. Эсэн тайшийн алтан ургийнхны эсрэг өдөөсөн хядлагаас алс холын Есөдийн зоо[1][2] гэдэг газарт нутаглан амьд үлдсэн. Монголын хаан ширээнд суусан цаг хугацааг 1620-1670-аад онд бичигдсэн монголын сурвалжууд дараах байдлаар тэмдэглэжээ.
- Лувсанданзангийн Алтан товчд "Хасарандайн зоонд, хонин жилд их ор суув... Мандуули хаан, хан ор таван жил сууж гахай жилд тэнгэр болов"[2]
- Саган сэцэний Эрдэнийн товчд "Мандуулун хаан, харагчин хонин (1463 он) жилээс таван од болохуйяа, дөчин хоёроо улаагчин гахай (1467 он) жилээ халивай"[3]
- Жамба эрх дайчины зохиосон Асрагч нэртийн түүхд "Мандуули хаан Хасхарадын зоонд хонин жил их op суув[1]...Мандуули хаан тахиа жилд үргүй нөгчвэй."[4]
Харин хятадын Мин улсын сударт Мандуул хааны нэр анх Чэнхуагийн 9-р оны (1473 он) намрын 9 сард "Ван Юэ нар Мандуул, Болоху, Бэзясыланийг Хунянчид бут цохив"[5] гэсэн мэдээ гарч эхлээд Чэнхуагийн 13-р он буюу 1477 онд Бэгэрсэн тайшийн хамт элч илгээв[6] гэсэн товч өгүүлбэр бичсэн байдаг. Товч дүгнэхэд монголын талын баримтанд Мандуул хааны нэр, хаанчлалын үеийн үйл явдал 1463-1467 онд, хятадын талын баримтанд 1472-1479 оны хооронд тэмдэглэгдэжээ. 2003 оны Монгол Улсын Түүхийн 3-р ботьд Мандуул хааныг 1475 онд хаан ширээнд сууж, 1479 онд таалал төгссөн хэмээн баримттай бичжээ.[7]
1475 онд Уйгудын Бэгэрсэн, Юншээбүүгийн Исмаил зэрэг хүмүүсийн дэмжлэгтэйгээр хаан ширээнд сууж, харин уйгудын Бэгэрсэнийг тайшаар томилсон ч, үнэн хэрэгтээ төрийн эрхийг Бэгэрсэн тайш атгах болов. Мандуул, хаан болсныхоо дараа Махагүргис хааны өсийг авахаар Түмэдийн Доголон тайжийг довтлон хороолгоод, Түмэдийг эрхэндээ оруулжээ. Мөн Молон хааны өсийг авахын тулд Хасарын удмын Өнөболд вантай хамтарч, Бэлгүтэйн удмын Муулихайн эсрэг тулалдсанд Муулихай ван ах дүү долуул алагдаж, Мандуулын дотоод байдал бэхжив. Тэрээр богино хугацааны засаглалынхаа үед хааны эрх мэдлийг ихэсгэж, язгууртнуудын эрх мэдлийг бууруулан, түүнийг угсаа залгамжилсан авга дүү Даян хаанд улсыг удирдахад дөхөм болгож өгчээ.
Мандуул өөрийн ах Агбаржингийн ач Баянмөнхөд "Болох жонон" цол олгож, монголын баруун гурван түмнийг захируулжээ. Гэвч Мандуул хаан, Юншээбүүгийн Исмэл тайш болон Ордосын Хонхули зэрэг хутган үймүүлэгчдийн үгэнд орж Баянмөнхийг довтлон хороосон самууны улмаас Монголын улс төрийн байдал тогтворгүй болов. Төрийн эрх мэдэл Бэгэрсэний гараас Исмэлийн гарт шилжиж, улмаар Мандуул хаан 1479 онд Исмэлд хороогдсон гэж үздэг. Мандуулыг таалал төгссөний дараа бага хатан Мандухай нь төрийн хэргийг захиран үлдэж, Тулуйн удмын сүүлчийн хүн Баянмөнх жононгийн хүү Батмөнхийг Ордос дахь Эш хатны онгоны өмнө хаан ширээнд залжээ. Мандуул хааныг Муу өндөрт онголов.[2]
Гэр бүл
засварлах- Эцэг: Ажай тайж
- Эх: Ойрад угсааны хатан
- Хатад: Их Хамарт Юнгэн хатан, Мандухай хатан
- Хүүхэд: Борогчин гүнж: Уйгудын Бэгэрсэн тайшид өгсөн[3]. Эшигэ гүнж: Монголжины Чэгүдийн Хоосай тавнанд өгсөн.[3]
Өмнөх Молон хаан |
Монголын Их Хаан 1475-1479 (1463-1467) |
Дараах Батмөнх даян хаан |
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 ., Жамба (2006). Асрагч нэртийн түүх. Translated by Д, Заяабаатар (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 50.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ 2.0 2.1 2.2 Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 253–254.
- ↑ 3.0 3.1 3.2 ., Саган сэцэн (2006). Эрдэнийн товч. Улаанбаатар. p. 124.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ ., Жамба (2006). Асрагч нэртийн түүх. Translated by Д, Заяабаатар (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 53.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ "明史/卷13 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-03-09.
- ↑ "明史/卷14 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-03-09.
- ↑ Шинжлэх Ухааны, Академи (2003). Монгол Улсын Түүх. Улаанбаатар: Адмон. pp. 65–68.