Мөнх хаан (ᠮᠥᠩᠬᠡᠬᠠᠭᠠᠨ,1209 дүгээр оны 1 сарын 10 өдөр — 1259 дүгээр оны 8 сарын 11-ий өдөр) нь Их Монгол Улсын дөрөв дэх (1251 оны 6 сарын 1-ээс 1259 оны 8 сарын 11) их хаан байв. Мөнх хааны үед гадаад орнуудаас Аббасидын Халифат Улс, Сири дэх хотууд, Дали улс, Өмнөд Сүн улс, Гуулин улс зэрэг олон улсуудыг цэрэг зэвсгийн хүч хэрэглэн байлдан дагуулан өөрийн албат боолоо болгож байсан хаан юм. Тэрээр монголын эзэнт гүрний их хаадын нэг байсан юм.

Далай хаан[1]
Мөнх
ᠮᠥᠩᠬᠡ
Их Монгол Улсын хаан
Хаанчлал1251-1259
Төрсөн огноо1208 он
Өнгөрсөн огноо1259 оны 8 сарын 11
Өнгөрсөн газарЧунцин
ӨмнөхГүюг хаан
УдаахАригбуха хаан
Их хатанХутугуй хатан
ХүүхэдБалт, Урандаш, Ширэги, Асутай
ЭцэгТулуй
ЭхСорхагтани Бэки
УлсИх Монгол Улс
Ургийн овогБоржигин

Залуу нас

засварлах

Мөнх хаан нь Юань улсын сударт тэмдэглэснээр 1209 онд Чингис хааны отгон хөвгүүн Толуйгийн их хатан Сорхогтани бэхи нарын ахмад хөвгүүн болж мэндэлжээ. Хүлэгү, Аригбөх ба Хубилай хааны ах байв. Чингис хааны Их бөө Тэб Тэнгэр Хөхчүү шинэхэн мэндэлсэн хүүд түүний гэрэлт ирээдүйг бэлгэдэж Мөнх[2] гэдэг нэрийг хайрлажээ. Монгол гүрнийг тухайн үеийн дэлхийн хамгийн том их гүрний хэмжээнд хүргэсэн хаад түүний нэгдмэл байдлыг хадгалан чадсан төрийн гол зүтгэлтэн байжээ. Мөнх хаан өмнө зүг Хятадад байлдан дагуулал хийж яваад 1259 оны шаргачин хонин жил Чунцин фу хотын ойролцоо Дяо Юй ууланд[3] нас баржээ.

Их Монгол Улсын хаан Мөнх нь Тулуйн ууган хүү бөгөөд Тэв тэнгэр бөөгийн урьдчилан хэлснээр Мөнх тэнгэрийн шинэ эрхэм хүндэт хүн ажгуу. Тэрээр үнэхээр ч нэр шигээ мөнх гавьяаг байгуулсан нэгэн. Ид залуу 22 наснаасаа Өгэдэй хааныг дагаж 1230 онд хожмын хорт дайсан бөгөөд өвөг дээдэс Чингис Богдынхоо байнга сануулж байсан Алтан улсыг дайлаар мордсоноор Мөнхийн аян эхэлсэн гэж хэлж болох юм. Удалгүй Алтан улсыг мөхөөгөөд дөрвөн жилийн хойно төрөлх Монголдоо эргэн ирэв. Эцэг Тулуй нь нас барсан тул Мөнхөд Өгэдэй харьяат иргэнийг хуваан өгөөд эцгийнх нь ордон тийш буцаажээ.

Мөнх хааны эдийн засгийн бодлого

засварлах

Мөнх хаан Монголын эзэнт гүрний хүн амын тоог гаргахаас гадна бүх эд баялагийн нөөцийг тоолон гаргасан байдаг тэр бээр хүн амын тооллогыг алба татвар авах зорилгоор бус өөрсдийн эрхшээлд буй орнуудын бүх нөөц баялагийн хэмжээг тодорхойлж, тэдгээрийг үр дүнтэй ашиглах арга замыг эрэлхийлж байсаны илрэл юм. Өргөн уудам газар нутаг бүхий эзэнт гүрний хүн амын баялагыг зөвхөн нэг удаагийн ашиг руу чиглэсэн үйл ажиллагаа бус урт удаан хугацааны туршид системтэйгээр ашиглах бодлогыг явуулж байжээ. Түүнээс өмнөх хаад монголчуудын эртний хишиг тараах зарчмыг баримталж байсан бол Мөнх хаан төвлөрсөн тооцоон дээр суурилсан удирдлагыг эзэнт гүрэнд нэвтрүүлсэн юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд хүн амын тооллогыг явуулж нөөц баялагийн хэмжээг тодорхойлсоны дараа тэдгээрийг ашиглах, алба татвар авах үйл ажиллагааг явуулж байв. Энэ нь Мөнх хааны татварын шинэчлэл байсан юм.

Мөнх эзэнт гүрний эдийн засгийн нэгэн чухал зүйл болох худалдааг цэгцэлж, ортаг худалдаачдад татвар ноогдуулж, тэдний ард иргэдийг шулан дээрэмдэх явдалыг зогсоож эзэнт гүрний худалдааг илүү зохион байгуулалттай болгосон юм. Мөн төсвийн алдагдал буюу язгууртан ноёдын тансаг хэрэглээ болон ортаг худалдаачдад шулуулдаг явдалыг таслан зогсоосон юм. Энэ бүхний үр дүнд монголын эзэнт гүрний эдийн засаг сайжирч өрнө дорныг холбосон худалдаа төдийгүй соёлын солилцоо ихээхэн идэвжих үндсийг тэрээр тавьсан юм

Гадаад бодлого

засварлах

Түүнийг хаан сууснаас эхлэн үед Гуулин улс, Сүн улс, Европоос Францын Людовик хааны элч В. Рубрук, Армений II Хетум тэргүүнтэй хүмүүс Мөнх хааны ордонд ирж, ямар нэгэн байдлаар харилцаа тогтоохыг эрмэлзсэн байдаг. Энэ нь тухайн цагтаа гэнэт гарч ирсэн шинэхэн улсын гадаад бодлогыг тандан мэдэх, тэрхүү бодлого, дайны аюулаас зайлсхийж болох талаар оролдож байсан.

Байлдан дагуулалт

засварлах

Мөнх хаан тэргүүтэй Их Монгол Улсын цэргийн ноёд дараах чиглэлээр аян дайныг үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан.

Үүнд:

  1. Өмнөд Сүн улс ба түүний хавь ойрын бага жижиг улсыг эзлэж аван Сүн улсыг бүх талаас нь бүслэн авах
  2. Аббасидын Халифат Улс, Исмайлитын улс, Мекка, Медина хотууд, Мисирийг эзлэх
  3. Курё улсыг эзлэх, тус улсын вангийн нийслэлээ Канхуа арлаас эх газарт нүүлгэх, тус улсын ванг өөрийн биеэр Хархорумд ирүүлэх
  4. Франц, Ромын Папын нөлөөний баруун Европын улсууд зэрэг болно.

Өмнөд Сүн улсыг дайлсан нь

засварлах

Гол өгүүлэл: Монголчуудын Сүн улсын байлдан дагуулалт

 

1255-1257 онд Хубилай, Урианхадай нарын цэргийн хүч өмнө зүгт Дали улс, Сүн улсын баруун өмнө талын хотуудыг эзлэсэн. Энэ үед Мөнх хаан, нийслэлээ дүү Аригбөхөд үлдээж монгол нутгийн хэргийг захируулаад өөрөө их цэргийн хүчийг авч, өмнөд Сүн улсын Сычуань мужийн нутаг орчимд дайран орсон. Халуун зуныг үл тоосон Боорчи өрлөгийн ач хүү Барчи нарын жанжид үл тоон байлдсаар их цэргийн зарим хэсэг, Барчи, Тогоон нарын олон баатрууд хижиг өвчин тусч нас барах болсон. Удалгүй 1259 оны 7 сард Чунцин фу хотын дэргэд Дяо Юй гэх уулнаа хижиг өвчнөөр тэнгэрт хальсан. Ингээд тус улсыг дайлах цэргийн гол хүч буцсан. Харин Хубилай, Урианхадай нарын удирдсан цэргийн хүч үлдэж Эжоу хотын орчимд байлдаж байгаад 1259-1260 оны орчимд Сүн улстай гэрээ хэлцэл байгуулж, дайныг зогсоосон.

Дэлхий дахиныг байлдан дагуулах аргыг Мөнх хаанаар заалгаж сурах нь зүйтэй гэж Ираны Монголч эрдэмтэн Жувайни нэгэнтээ хэлсэн гэдэг.

Мөнх хааны шашны бодлого

засварлах

Мөнх хаан шашны хэт үзлээс татгалзаж, бүх шашныг адил тэгш байлгаж, өмнөх хаадын адил шашнаар дамжуулан эзлэгдсэн орнуудын хүн амыг захирахыг хичээж, шашны зөрчлөөс сэргийлсэн бодлого явуулж байжээ. Мөн шашин хоорондын маргааныг таслах, шашнуудын үнэн мөн чанарыг танихын тулд олон шашны мэтгэлцээн зохион байгуулж байсан зэрэг нь түүний шашны үйл ажиллагааны зөв бодлогын илрэл юм. Энэхүү үйл явдалыг судлаачид дэлхийн түүхэнд анх удаа бий болсон үйл явдал юм гэж тодорхойлдог бөгөөд түүний шашны талаархи бодлого үйл ажиллагаа бол эзэнт гүрнээр хязгаарлагдах бус дэлхийн хэмжээнд хэрэгжиж байжээ.

Хүлэгүгийн аян дайн

засварлах

Монголчуудын энэтхэг рүү хийсэн байлдан дагуулал

засварлах

Гол өгүүлэл: Монголчуудын Энэтхэг рүү хийсэн байлдан дагуулал

Мөнх хааны гэрэлт хөшөө

засварлах

Гол өгүүлэл: Мөнх хааны гэрэлт хөшөө

Мөнх хааны нэрээр алдаршсан хөшөө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Ар булаг, Бүрэнтогтох сумын зааг, Дэлгэрхаан уулын өвөр, Дэлгэр мөрний зүүн хойд хөвөөн дэх Мөнх хааны орд тууриас олдсон. Хөшөөг хөх занар чулуугаар бүтээж зузаан боржин чулуун дээр углуурга гарган суулгасан бөгөөд 144 см өндөр, 78 см өргөн, 20см зузаантай. Суурийг 100 см урт, 68 см өргөн, 40 см өндөр хүрэн боржин чулуугаар бүтээж, дээр нь 46 см урт, 20 см гүн, 20 см өргөн 2 метр углуурга гарган хөшөөг суулган тогтоосон байна. Хөшөө нь суурийн хамт 184 см өндөр, 1тн орчим хүнд жинтэй аж. Хөшөөний нүүрэн талын хоёр талаар хоорондоо 3,5 см зайтай, нарийн гурви гарган дундуур нь эвэр угалз сийлсэн байдаг.

Тэгээд эхэнд нь гурван мөр үгийг Монгол бичгээр сийлж, түүнтэй зэрэгцүүлэн 12 мөр хятад бичгийн 268 үсгийг сийлжээ. Монгол бичгээр бичсэнийг уншвал: Урагийн урагаар хэдэн хэдэн үест Мөнх хаан түмэн түмэн насалтугай. Барс түгэ босгуул хүртэл ана-д давирганд учралт буян хүртүгэй гэжээ. Эл хөшөөг 1257 оны зуны дунд сарын 20-ны үеэр Мөнх хаан хятадын Сүн улсыг гурван замаар байлдаж явсан үед хүргэн Барс Түгэ, гүнж Исижи нар босгуулсан.[4]

  1. Хутугтай хатан, Ихирэс овгийн Буту хүргэний хүү Уладайн охин. Балт, Ёлондаш, Баялун авхайг төрүүлсэн.
  2. Хуруча хатан[5], Хуруран овгийн хүн. Түүний нэр зөвхөн Юань улсын сударт байдаг.
  3. Огүл Түтмыш, Ойрад аймгийн охин. Ширин, Бичикэ нарыг төрүүлсэн.
  4. Баяучин[6], Баяут овгийн эмэгтэй. Ширэги хан хөвгүүний эх.
  5. Куйтани, хааны татвар эм. Ильчингин (Илжигин?) овгоос гаралтай. Асутайг төрүүлсэн.
  6. Исүр хатан[5], овог тодорхойгүй.
  7. Чүбэй хатан[5], овог тодорхойгүй. 1259 онд нас барсан.
  8. Минлихутулуг хатан, Тайдингийн 3-р онд (1326 он) нас барсан.[5]

Хүүхдүүд

засварлах

Хөвгүүн

засварлах
  1. Балт
  2. Ёлондаш (Өрөндаш)
  3. Ширэги
  4. Асутай
  1. Баялун, Хутугуй хатнаас төрсөн. Нагац өвөг Уладайн дүүгийн хөвгүүнд өгсан.[6]
  2. Ширин, Олхонуд овгийн Тайчу хүргэний хөвгүүнд өгсөн.[6]
  3. Бичикэ, Ширинг үгүй болсны дараа Тайчу хүргэний хөвгүүнд өгсөн.[6]

Холбоос, зүүлт

засварлах
  1. Далай хаан гэж Их Монгол улсын их хааны тамга тэмдэглэгдсэн байдаг.
  2. Түүний нэрийг Юань улсын судрын 3-р дэвтэрд "Сяньзун илэрхий чанга хуанди нэр Манлайсу, Рүйзун Тулуйгийн ахмад хөвгүүн бөлгөө... Тэр цагт хааны аймгийн тэнгэрийн байдлыг мэдэх хүн өгүүлсэн нь хойно эрхгүй их эрхэм болмуй хэмээжээ. Тийнхүү Манлайсу хэмээн нэрийджээ..."
  3. Сүн Лянь нар "Юань улсын судар" 3-р дэвтэр. Дандаа чянсангийн орчуулга. УБ., 2015. 151 дэх тал
  4. "Мөнх хааны гэрэлт хөшөө". Archived from the original on 2017-05-03. Татаж авсан: 2016-08-12.
  5. 5.0 5.1 5.2 5.3 元史/卷106[permanent dead link]
  6. 6.0 6.1 6.2 6.3 Рашид аддин "Судрын чуулган" УБ., 2002. Хоёрдугаар боть. Орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. 143 дахь тал.
Өмнөх
Гүюг хаан
Их Монгол Улсын Далай Их Хаан
1251-1259
Дараах
Аригбуха хаан
Хубилай хаан