Монгол Улсын Үндсэн Хууль
Монгол Улсын VIII эзэн Богд жавзандамба хутагт мөнх бусыг үзүүлсний дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хууль 1924 оны 11-р сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутад баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой үйл явдал болсон юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон үйл явдлууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.
Үндсэн хуулиа монголчууд "Эцэг хууль", "Эх хууль" гэж бас нэрлэдэг.
Анхны Үндсэн хууль
засварлахАнхны Үндсэн хууль баталсан түүх
засварлах1921 оны 3-р сард Хиагтад Ардын түр Засгийн газар байгуулагдахдаа Үндсэн хуулийг боловсруулах асуудлыг хөндсөн байна. Мөн оны 11-р сард Ардын засгийн газар Үндсэн хууль боловсруулах талаар шийдвэр гаргаж Үндсэн хуульд холбогдох хэм хэмжээ гэдэг журам гаргасан. Дараа нь 1922 онд Үндсэн хуулийг боловсруулах Шүүх яамны сайд Хатанбаатар Магсаржав тэргүүтэй комисс гаргаад Үндсэн хуулийг боловсруулж эхэлсэн ажээ. Энэ үед Ерөнхий сайд байсан Догсомын Бодоо, Жамсрангийн Цэвээн Үндсэн хуулийн төсөл бэлэн болжээ. Д.Бодоогийн төсөл бол Ерөнхий сайд Төгс -Очирын Намнансүрэнгийн даалгавраар хийгдсэн гэдэг. Энэ хоёрын ижил төстэй тал нь Бүгд Найрамдах төртэй, парламенттай, Засгийн газартай, орон нутгийн хуралтай болъё санаа байсан. Гэхдээ эдгээр ижил талуудад Богдыг улсын хаанд өргөмжилсөн заалт байсан. Богд хаан 1924 оны 5-р сард нас барсны дараа, 6-р сарын 13-нд хуралдсан МАХН-ын Төв хорооны бүгд хурлын тогтоолоор Монголд Бүгд Найрамдах Засаг тогтоон явуулах шийдвэр гаргасан. Улмаар Хатанбаатар Магсаржавын комиссыг татан буулгаад Балингийн Цэрэндорж тэргүүтэй 6 гишүүнтэй комиссыг байгуулсан. Мөн 1924 оны 6-р сард коминтерны бүрэн эрхт төлөөлөгчийг нэмэж 7 гишүүнтэй ажиллаж, Үндсэн хуулийн төслийг боловсруулсан түүхтэй. Ингээд 1924 оны 11-р сарын 26-нд Монголын аймаг, хошуу, Ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их хурлаар чуулж Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан байна.
1926 онд Үндсэн хуулийг тайлбарласан дэвтэр гарсан байна.
БНМАУ-ын Анхны Үндсэн хуулийн товчлол
засварлахНэгдүгээр бүлэг. Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь
Нэг дүгээр зүйл: Бүх монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг улсын Их хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохимой.
Хоёр дугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт болбаас, хуучны эзэрхэг харгисын ёс сурталын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлмой.
Гурав дугаар зүйл: Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгүүлэх явдлыг хүндэтгэх ба, дээр дурьдсан ёсоор улсын үндсийг бататгахад гол болгон явуулбаас зохих зүйлүүд нь:
БНМАУ-ын хязгаарын дотор бүх газар ба, уурхай хийгээд ой мод усны ба, мөн тэдгээрийн баялагууд болбаас, эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам эдүгээгийн ард улсын ёсонд нийлэлцэх тул, энэхүү хөрөнгө бүрэн ардын мэдэлд байваас зохих бөгөөд, энэ тухай хувийн өмч байгуулж үл болмой. Монголын улсын арван нэгдүгээр оны хувсгалаас цааш монголын эрх баригчдын гадаад лугаа тогтоосон гар бичгүүд ба, мөнгө зээлдсэн зүйлүүд болбаас, гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул, цөмийг устгасанд тооцмой. Дотоод гадаадын эзэрхэг харгисийн үеэс эхлэн зарим нэгэн хүн ба, албаны газраас олны хөрөнгийг зааж гадаадын эзэрхэг шунахай нар лугаа хуйвилдан байгуулсан өр шир болбаас, улсын ба ард олны аж ахуйд маш хорлолтой болох учир нь арван дөрөвдүгээр онд, Ардын засгийн газрын тогтоосон ёсоор эл өрийн үлдэгдлийг бүрэн төлүүлэхийг хэрэгсэхгүй болгон устгаж, басхүү арван нэгдүгээр онд Засгийн газрыг тогтоосон ёсоор аль нэгэн этгээдийн байгуулсан өрийг ард олонд халдаан төлүүлэх сурталыг устгасан явдлыг батлав. Улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухал болгон, тус улсаас эрхлэн удирдах ба, басхүү гадаад лугаа харилцах худалдааны улсын онц эрх болгон авах нь, ардын эрхийг мандуулах, мөн ардын эрхэт засгийг бататгахад чухал нөхцөл тул, цөм улсаас эрхэлбээс зохимой. Үүнд тайлбарлах нь: гадаад улс лугаа харилцах худалдааг улсын онц эрх болгон авах явдлыг зүй зохисыг үзэж гүйцэтгэвээс зохимой. Жинхэнэ ард түмний эрх чөлөөг бүрэн бүтнээр хамгаалах ба, басхүү гадаад дотоодын харгис шунахай нарын эрх мэдэлдээ хөгжих замыг таслан сэргийлэхийн тулд, ардын хувсгалт цэргийг байгуулахаас гадна бүх улсын идэр залуу ардыг цэргийн эрдэмд боловсруулаваас зохимой. Тус улсын харъяат аливаа хүний шүтэх итгэх явдалд бүрэн эрх чөлөө олгохын тулд, шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байлгаж, шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн доор шүшгээр болговоос зохимой. Элдэв хэргийг жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж, тус улсаас аливаа хэвлэх нийтлэх явдлыг бүртгэн гүйцэтгүүлэвээс зохимой. Жинхэнэ ард түмний нийтээр хуралдах цэнгэлдэх ба баяр ёслол үйлдэх явдлыг хүндэтгэж тус улсаас тэдний хэрэглэх орон байшин элдэв хэрэглэл зэргийг бэлтгэн гүйцэтгүүлбээс зохимой. Жинхэнэ олон ардын аливаа эвлэл хоршоо зэргийг байгуулах эрх чөлөөг хүндэтгэж эл явдалд тус улсаас элдэв тусламж үзүүлбээс зохимой. Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрэн үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгүүлэвээс зохимой. Тус улсын харъяат ард түмэнд угсаа шашин эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбээс зохимой. Тус улсын олон ардын эрх ашгийг хүндэтгэн хамгаалахын тулд хэрвээ аль нэгэн хүн буюу, хэсэг этгээд нар өөрийн эрхийг улсын явдалд хортойгоор хэрэглэх аваас, тэд нарын эрхийг хязгаарлах буюу устгаваас зохимой. Ван гүн тайж нарын хэргэм зэрэг, аливаа хутагт хувилгаадын захирах тушаах ба, ардын хөрөнгөнд холбогдох эрхийг устгаваас зохимой. Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь, эдүгээгийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журам ба, эв хамтын ёс журмыг эрхэмлэх тул, бидний жинхэнэ ард улсаас, гадаад лугаа харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба, хувьсгалт ард түмний ашиг тус үндэсний зорилго лугаа нийлүүлэн явуулбаас зохимой.
Үүнд тайлбарлах нь: мөн цагийн байдлыг хянаж ямар ч гадаад лугаа харилцан найрамдаж болох боловч, бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд буй ахул бүхий л хүчээр эсэргүүцэн эхлүүлбээс зохимой.
Хоёрдугаар бүлэг. Улсын дээд эрхийг барих газрын тухай
Дөрөвдүгээр зүйл: БНМАУ-ын дээд эрхийг улсын их хуралд хадгалах бөгөөд, мөн хурлыг чөлөө цагт улсын бага хуралд хадгалуулах ба, бас мөн хурлыг чөлөө цагт бага хурлын тэргүүлэгчид ба, засгийн газрын дунд хадгалуулбаас зохимой.
Тавдугаар зүйл: Улсын дээд эрхийг хадгалуулах газруудын эрхлэн шийтгэвээс зохих зүйлүүд нь:
Гадаад лугаа харилцахад тус улсыг төлөөлөх ба, мөн харилцах явдлыг эрхлэх, улс төрийн ба, худалдааны зэрэг хэргүүдийн тухай гадаад лугаа гар бичиг тогтоох. Тус улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах явдлыг эрхлэх, мөн гадаад лугаа тогтоосон гар бичиг батлах Гадаад дотоодоос мөнгө урьдчилан зээлэх, эл зүйлийн их хүүг төлөн дуусгах, мөн төлөх хугацааг сунгах ба, гадаадад мөнгө зээлдүүлэх Гадаад лугаа харилцах худалдааны хэргийг удирдах дотоод худалдааны явдлын тухай хэмжээ заавар тогтоох. Тус улсын ард олны аж үйлдвэрийн бодлогыг зохиох, концесс ба, монопол хэмээх онц эрхийг олгох, өөрчлөх, устгах. Аливаа зам тээвэр, цахилгаан мэдээ шууданы явдлыг байгуулах. Улсын цэргийн хүчнийг байгуулах, удирдах. Улсын орлого зарлагыг батлах, гувчуур татварын зэрэг орлогын зүйлийг тогтоох. Улсын мөнгөний үнийн хэмжээг тогтоох, мөнгөний тэмдэгт цаас, зоос үйлдвэрлэх. Газар эдлэх нийтийн дүрмийг батлах, аймаг хошуудын нутгийн хил хязгаарыг байгуулах, дэлхийн баялагийг ашиглах, дүрэм заавар тогтоох. Улсын шүүн таслах газруудын ба, хэргийг явуулах дүрэм хэмжээ, мөн иргэний ба эрүүгийн хууль зүйлийг тогтоох Ардыг гэгээрүүлэхийн тухай дүрэм хэмжээ тогтоох. Хүний өвчин эмгэгийг анагаах засах, сэргийлэх дүрэм хэмжээ тогтоох. Аливаа хэмжээ жигнүүрийг тогтоох. Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох.
Зургаадугаар зүйл: Улсын үндэсний хуулийг өөрчлөх батлах явдлыг гагцхүү Улсын их хурлаас эрхлэн шийтгэвээс зохимой.
Улсын Их хурлын тухай
Долдугаар зүйл: Улсын их хурал болбаас олон аймаг ба, хот, жич ардын цэргийн төлөөлөгчид хуралдах бөгөөд, тоог төлөөлөгчид сонгох газрын хүн амын олон цөөхөныг үзэж нэгэн жилийн хугацаагаар сонговоос зохимой. Үүнд тайлбарлах нь:
Хэрвээ ямар ба, шалтгаанаар аймгийн хурал хуралдаж үл чадах нь буй аваас хошуудаас төлөөлөгчдийг томилон явуулмой. Улсын Их хурлын төлөөлөгчдийн сонгоход мөн улсын Их хурлын төлөөлөгчдийг сонгох дүрмийг баримталбаас зохимой.
Наймдугаар зүйл: Улсын Их хурлын тогтмол хурлыг улсын бага хурлаас эрхлэн жил бүр нэгэн удаа хуралдаваас зохимой.
Есдүгээр зүйл: Улсын Их хурлын онц хурлыг улсын бага хурлаас буюу, Их хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувь ба, эсвэл харъяат улсын гурван хувийн нэгэн хувиас дээш тооны хүмүүс бүхий газруудын улсын Их хурлын төлөөлөгчдийг сонгох эрхтэй, хурлаас хуралдуулсугай хэмээн хүсэвээс даруй хуралдуулмой.
Аравдугаар зүйл: Улсын их хурал нь 30 гишүүнийг сонгож, улсын бага хурлыг байгуулмой.
Арваннэгдүгээр зүйл: Улсын бага хурлын аливаа хэргийг улсын их хурлаас хянан байцаамой.
Улсын Бага хурлын тухай
Арванхоёрдугаар зүйл: Улсын Бага хурал нь, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, засгийн газар ба, олон яамны газруудыг хянан байцаах явдлыг ерөнхийлөн эрхлэх, харъяат хурлын тэргүүлэгчид ба, засгийн газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрмийг төлөвлөн тогтоох , засгийн газрын явуулах хэргүүдийн гол төлөвийг зааварлах, улсын үндсэн хууль ба, мөн их хурлын тогтоолуудыг ёсоор гүйцэтгэх явдлыг эрхлэн шийтгэвээс зохимой.
Арвангуравдугаар зүйл: Улсын Бага хурал нь, нэгэн жилд хоёр удаагаас цөөнгүй хуралдаваас зохимой.
Арвандөрөвдүгээр зүйл: Улсын бага хурлын онц хурлыг мөн хурлын тэргүүлэгчид буюу, засгийн газрын ба, эсвэл тус хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувиас хуралдуулсугай хэмээн хүсэвээс даруй хуралдуулаваас зохимой.
Арвантавдугаар зүйл: Улсын бага хурал нь үргэлж шүүх харъяат хурлын тэргүүлэгчид таван хүн ба, засгийн газрыг нэгэн жилийн хугацаагаар тус тус сонгохоос гадна, хэрвээ чухал хэрэг тохиолдовоос комисс хүмүүсийг сонговоос зохимой.
Арванзургаадугаар зүйл: Улсын бага хурал нь, шийтгэсэн хэрэг ба, явуулсан засгийн ерөнхий бодлого зэргийг улсын их хуралд илтгэн байцаалгаваас зохимой.
Арвандолоодугаар зүйл: Улсын бага хурлын олон гишүүдийг тус хурлын тэргүүлэгчид буюу, эсвэл мөнхүү тэргүүлэгчдээс зөвшөөрлийг авч аливаа албан тушаалд явуулаваас зохимой.
Үүнд тайлбарлах нь: Бага хурлын тэргүүлэгчдээс тус хурлын гишүүдийн эрхийн тухай тусгай дүрэм тогтоовоос зохимой.
Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тухай
Арваннаймдугаар зүйл: Улсын бага хурлын тэргүүлэгчид нь, хурлыг жолоодмой.
Арванесдүгээр зүйл: Улсын бага хуралд хэлэлцэн шийтгэвээс зохих зүйлүүдийг бэлтгэн гүйцэтгэвээс зохимой.
Хорьдугаар зүйл: Аливаа хууль дүрмийн эхийг зохиож бага хуралд хэлэлуүүлэвээс зохимой.
Хорин нэгдүгээр зүйл: Улсын бага хурлын тогтоолуудыг хэрхэн гүйцэтгэж буйг хянаваас зохимой.
Хорин хоёрдугаар зүйл: Улсын бага хурлын тэргүүлэгчид болбаас, засгийн газрыг удирдан, орон нутгийн ба, аливаа хэргүүдийн тухай зохих газрууд лугаа засгийн газраар уламжлуулан харилцах боловч, онц чухал хэрэг тохиолдовоос шууд харилцаж болмой.
Хорин гуравдугаар зүйл: Аливаа ял хэлтрүүлэх хөнгөтгөх явдлыг эрхлэн шийтгэвээс зохимой.
Хориндөрөвдүгээр зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь, тус хурлыг чөлөө цагт аливаа дүрэм хэмжээ батлах ба, басхүү засгийн газрын тогтоолын дотроос татгалзалтай зүйл буй аваас эргүүлэн залруулах буюу, эсвэл түтгэлзүүлэн дараагийн бага хуралд оруулж таслан тогтоолгохоос гадна, яамны сайдуудыг сонгож огцруулах явдлыг эрхэлвээс зохимой.
Хорин тавдугаар зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь, засгийн газрын хоорондоо үл тохирох буюу, засгийн газарт гомдоосон хэрэг гараваас хянан шийтгэвээс зохимой.
Хорин зургаадугаар зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь аливаа шийтгэсэн хэргээ тус хуралд тайлбарлан илтгэж хянан байцаалгаваас зохимой.
Засгийн газрын тухай.
Хорин долдугаар зүйл: Засгийн газар болбаас, тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд, гишүүд нь, ерөнхий сайд, жинхэнэ орлогч сайд, бүх цэргийн ба, эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчид,бүх цэргийн жанжин, улсын хянан байцаагч, дотоод, гадаад, цэрэг, санхүү,аж үйлдвэр,шүүх, ардыг гэгээрүүлэх яамны сайдууд болмой.
Хорин наймдугаар зүйл: Засгийн газар нь, тус газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрэмд дурьдсан аливаа хэргийг гүйцэтгэн явуулваас зохимой.
Эдийн засгийн зөвлөлийн тухай
Хорин есдүгээр зүйл: Тус улсын аливаа аж ахуй, эдийн засгийн бодлогыг ерөнхийлөн эрхлүүлэхийн тухай засгийн газрын дэргэд тусгай дүрмийн ёсоор эдийн засгийн зөвлөлийг байгуулаваас зохимой.
Гуравдугаар бүлэг. Нутгийн захиргааны тухай
Гучдугаар зүйл: Нутгийн захиргааны хууль дүрмийн ёсоор аймаг, хошуу, сум, баг, арван гэр хүртэл, олон хотын газар, орон нутгийн хурал байгуулаваас зохимой.
Гучин нэгдүгээр зүйл: Нутгийн хурлууд нь, аливаа аж ахуй ба, албаны хэргүүдийг гүйцэтгэн явуулахаар өөрсдийн дундаас аймаг, хошуу , сум, баг, арван гэрийн аливаа хэрэг явдлыг гүйцэтгэх захиргаан газрыг сонгон байгуулаваас зохих бөгөөд, мөн албан хаагчдыг нэгэн жилийн хугацаагаар сонговоос зохимой.
Гучин хоёрдугаар зүйл: Дээр дурьдсан аливаа захиргааны газрууд тус тусын орон нутгийн хуралд хянан байцаагдаваас зохимой.
Гучин гуравдугаар зүйл: Аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн хурал ба, захиргааны газруудын эрх хэмжээ, харилцах зэрэг явдлыг нутгийн захиргааны дүрэмд заасан ёсоор гүйцэтгэн явуулаваас зохимой.
Дөрөвдүгээр бүлэг. Сонгох, сонгогдох эрхийн тухай
Гучин дөрөвдүгээр зүйл: Улсын их, бага хурал ба, нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба, мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлвээс зохих тус улсын харъяат эр, эмялгаварлахгүй хэн боловч, сонголт үйлдэх өдөр 18 нас хүрэгсэд нь:
Өөр хүчнийг үнэлэх буюу, хувины аж хийж амьдрагчид Ардын хувьсгалт цэрэг болмой.
Гучин тавдугаар зүйл: Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба, мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь:
Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдарагчид Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид Ордын ван гүн ба, хутагт хувилгаан, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар. Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд зохих газраас шинжлэн батлагдсан. Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдал үйлдэж зарга шүүх газраас ял шийтгэгдсэн болмой.
Гучин зургаадугаар зүйл: Сонголтыг үйлдэх ба, түүнийг хянан байцаах, сонгох зэргийг сонголтын тусгай дүрмийг баримталж шийтгэвээс зохимой.
Тавдугаар бүлэг. Улсын орлого зарлагын эрхийн тухай
Гучин долоодугаар зүйл: Тус улсын аливаа орлого зарлагыг бүх улсын төсөвлөсөн дансанд нэгтгэвээс зохимой.
Гучин наймдугаар зүйл: Улсын бүх орлого зарлагын төсөвлөсөн дансыг улсын их хурал буюу, онц хэрэг учир тохиолдовоос, улсын бага хуралд мэдүүлэн батлуулаваас зохимой.
Гучин есдүгээр зүйл: Улсын бүх орлого зарлагын төсөвлөсөн дансыг уул орлого зарлагыг хэрэглэх жилийн наана, хоёр сарын урьдаас зохиож, дээд газар мэдүүлэн батлуулаваас зохимой.
Дөчдүгээр зүйл: Хэрвээ төсөвлөсөн жилийн эхэн хүртэл улсын орлого зарлагын дансыг үл батлаваас, батлахын наана, засгийн газраас өнгөрсөн жилийн орлого зарлагын дансыг баримталж хэрэглэвээс зохих боловч, төсөвлөсөн жилийн дөрвөн сараас цааш хэтрүүлж үл болмой.
Дөчин нэгдүгээр зүйл: Ямар ч зүйлд, хэрвээ улсын төсөвлөсөн дансаа оруулж үл батлагдсан буюу, эсвэл тусгай дүрэм гаргасан нь бус боловаас ,улсын сангаас гаргаж үл болмой
Дөчин хоёрдугаар зүйл: Улсын орлого зарлагын дансаар тавьж олгосон зүйлийг уг зориулсан зүйлд шууд зарах ба, нэгэнт батлагдсан төсөвлөлийн доторхи зүйл, ангиар ялгаварлан хэтрүүлэлгүй зарахаас гадна, засгийн газраас тусгай тогтоосон зүйлгүй аваас, бусад зүйлд хэрхэвч зарж үл болмой.
Дөчин гуравдугаар зүйл: Улсын их буюу, бага хурлаас ямар зүйлийн орлого татвараас аль зүйлийг бүх улсын орлого зарлагын төсөвлөсөн дансаа оруулах ба, ямар зүйлийг нутгийн захиргааны зарлагад хэрэглэвээс болох явдлыг ялган салгаж тогтоомой.
Дөчин дөрөвдүгээр зүйл: Улсын бүх зардлыг улсын сангаас тавьж гүйцэтгэхээс гадна, орон нутгийн захиргааны газрууд нь, төв засгийн газраас тогтоон зарласан дүрмийг баримталж, харъяат ардаас татварлан авч, нутгийн зохих зүйлд таацуулан хэрэглэвээс зохимой.
Дөчин тавдугаар зүйл: Орон нутгийн албаны газруудаас нутгийн зарлагыг төсөвлөхдөө зургаан сар ба, нэгэн жилээр данс үйлдэвээс зохихоос гадна, сумын төсөвлөсөн дансыг хошууны тамгын газраас баталж хошууны төсөвлөсөн дансыг аймгийн яамнаас баталж, аймгийн төсөвлөсөн дансыг засгийн газраас бүх улсын орлого зарлагын дансанд багтааж,зургаан сар ба нэгэн жилийн хугацаагаар батлуулаваас зохимой.
Дөчин зургаадугаар зүйл: Улсын төсөвлөсөн дансанд үл орсон зүйл буюу орсон боловч үл гүйцэлдэх бөгөөд, бүх улсын зарлагад хэрэглэх учир тохиолдовоос нэмэгдүүлэн шийтгэх явдлыг орон нутгийн захиргаа нь зохих явдлын яаманд мэдээлэн шийтгүүлэвээс зохимой.
Зургаадугаар бүлэг. Улсын тамга ба, сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай
Дөчин долдугаар зүйл: Улсын их хурлаас дараалан засгийн газар, олон явдлын яам, албаны газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрийн дунд дор соёмбо хэмээх эрхэм үсэг, түүний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгэвээс зохимой.
Дөчин наймдугаар зүйл: Улсын сүлд тэмдэгт, дээр дурдсан соёмбо үсэг, түүний доорд этгээдэд бадамлянхуа цэцгийн зураг бүхий сүлдэн тэмдэг хэрэглэн явуулваас
Дөчин есдүгээр зүйл: Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд, дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлэвээс зохимой.
Тавьдугаар зүйл: Тус улсын их бага хурлыг Улаанбаатар хотод хуралдуулан байваас зохимой.
Монгол улсын арвандөрөвдүгээр он арван сарын гучин бөгөөд ,аргын улирлын арван нэгэн сарын хорин зургааны өдрийн үдийн хойд дөрвөн цаг арван долоон минутад энэхүү үндсэн хуулийг улсын анхдугаар их хурлын арван дөрөвдүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд батлав.
Хурлын дарга ...... Жадамба
Дэд дарга ....... Бадрах
Нарийн бичгийн дарга ..... Гэлэгсэнгэ Дугаржанцан
1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхны Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан байна.
1940 оны Үндсэн хууль
засварлахМонгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны 6-р сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан байна.
1940 оны Үндсэн хууль нь ард түмний дунд “Чойбалсангийн үндсэн хууль” гэж нэрлэгддэг. Энэ хууль 12 бүлэг 95 зүйлтэй[1] бөгөөд 1940 оноос 1960 он хүртэл нийт 16 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Тус хуулийн 1-р зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улс болбоос эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, цаашид нийгэм журамд дэвшин орохын учир улс орон юугаа хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин (малчин, ажилчин, сэхээтэн) ардын тусгаар тогтносон улс мөн болно” гэж заасан.
Бүх газар, түүний хөрсөн доорх зүйлүүд, ой мод, ус ба тэдгээрийн баялаг, фабрик завод, төмөрлөг алт боловсруулах явдал, төмөр зам, усан ба агаарын тээвэр, холбоо харилцааны хэрэгсэл, банк, машинаар өвс хадах станц, улсын аж ахуйтнууд улсын өмч буюу нийт ардын хөрөнгө мөн гэж заасан байжээ.
БНМАУ-ын 18 насанд хүрсэн бүх иргэн нас, хүйс, шашин шүтлэг, эрдэм чадвар, эд хөрөнгө, нүүдлийн ба суурьшмал байдлыг харгалзалгүй сонгох болон сонгогдох эрхтэй гэж заасан байдаг.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.
Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ бол улс, нийгмийн бүх байгууллагуудыг удирдан чиглүүлэгч үүрэгтэй гэж намын удирдах чиглүүлэх үүргийг хуульчлан тогтоожээ.
Хоёрдугаар Үндсэн хууль нь
- “Нийгмийн байгуулалт;
- Улсын байгуулалт;
- Улсын Их Хурал, Бага Хурал ба Бага Хурлын Тэргүүлэгчид;
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл;
- Улсын орон нутгийн засаг захиргааны эрхийг барих байгууллагууд нь;
- Шүүх ба прокурорын газар;
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын орлого, зарлага;
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн журам;
- Ард иргэний үндсэн эрх ба үүргүүд;
- Сүлд тэмдэг, туг, нийслэл;
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх журам;” гэсэн 12 бүлэг, 95 зүйлтэй.
Уг Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын албан хаагчдын өдрийн ажлын хэмжээг найман цагаар хязгаарлах, иргэд нь үнэ төлбөргүйгээр сурах, тэтгэвэр тэтгэмж авах, эмэгтэйчүүд нь аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэй хүний нэгэн адил тэгш эрхийг эдлэх, нутаг дэвсгэр дотор өөрийн биеэр чөлөөтэйгөөр шилжин явах ба оршин суух газраа шилэн сонгох эрхтэй хэмээн тусгасан юм.
1960 оны Үндсэн хууль
засварлах1960 оны 7-р дугаар сарын 6-нд Үндсэн хуулийн баталсан байна. Энэхүү хууль 10 бүлэг, 94 зүйлтэй байсан бөгөөд сүүлд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг юм.
1-р бүлэгт “БНМАУ бол ажилчид, хоршоолсон ардууд (малчин тариачид), хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн” хэмээн заасан.
БНМАУ-ын эдийн засгийн үндэс бол үйлдвэрлэлийн хэрэгслийг нийтээрээ өмчлөх социалист өмч мөн гэж заасан байдаг.
Бүх хүчин чадал, эрдэм мэдлэгээ социализм байгуулах үйлсэд бүрнээ зориулах, Үндсэн хуулийг ёсчлон сахихыг хуульчилсан.
БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэх хүч бол...Монгол Ардын Хувьсгалт Нам мөн гэж заасан байжээ.
1992 оны Үндсэн хууль
засварлахБНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Монгол Улсын 4 дэх үндсэн хуулийг баталжээ. Энэ Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улсад нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий олон намын тогтолцоотой Бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан юм.
Нөхцөл байдал
засварлахЗөвлөлт Холбоот Улсын удирдагч Леонид Брежнев 1982 оны 11-р сард, араас дараагийн удирдагч Юрий Андропов 1984 оны 2-р сард, жилийн дараа залгамжлагч Константин Черненко 1985 оны 3-р сард ар араасаа ойр ойрхон нас барж Зөвлөлтийн залуу удирдагч Михаил Горбачев гарч ирж өөрчлөн байгуулалтыг эхлүүлж, Зүүн Европын социалист системийн орнуудад 1980-аад оны эхээр Ардчилсан хувьсгалын үйл явц өрнөж тодорхой үндсэн өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм. Энэ бүхний тусгал нөлөө Моэнгол Улсад орж ирсэн байна. Ингээд төр, засгийн удирдлагын арга барилд шүүмжлэлтэй хандаж эдийн засгийн талаар томоохон өөрчлөлт хийх эхлэл тавигдаж эхэлсэн. Ялангуяа 1980 оны сүүлчээр эрчимтэй өрнөсөн байдаг. Тухайн үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Жамбынг Батмөнх даргатай Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс хүртэл байгуулж байсан түүхтэй. Гэвч удалгүй манайд Ардчилал гарч байж Үндсэн хуулиа зарчмын хувьд шинэчлэх боломж бүрдсэн юм.
Монгол Улсад 1989 оноос залуучууд, тэр үеийн МАХН-ын удирдлага, тэдний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг бүлэг хувьсгалын үйл явц эхлүүлэн өрнүүлсэн түүхэн том гаьяатай юм. Үүний үр дүнд Монгол Улсад улс төрийн нэг намын тогтолцоог халж олон нам тогтолцоотой болсон юм. Нөгөө талаар харийн гүрний оролцоогүйгээр өөрсдөө бие дааж төр засгаа шинээр төвхнүүлэх онцгой сайхан боломж бүрдсэн билээ. Зөвхөн өөрсдөө боловсруулж баталсан гэхээр хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн ололт амжилтыг тусгаагүй гэсэн үг биш юм. Тухайлбал, 1991 оны дундуур НҮБ-ын шинжээчийн баг ирж Үндсэн хуулийн төслийн бүлэг, заалт бүрээр холбогдох хүмүүстэй уулзаж ярилцан хэлэлцсэн байдаг. Үүнээс гадна АИХ-ын дэргэд парламентын бүлгэм бий болгож АИХ-ын 430 депутат хамрагддаг байжээ. Тэгээд Гадаад харилцааны яамтай хамтран дэлхийн 10 гаруй орны төлөөлөл оролцуулан Үндсэн хуулийн төслөөр санал бодлоо солилцож байжээ. Мөн Үндсэн хуулийн төслийг 1992 оны 6-р сарын 10-аас 9-р сарын 1-ний өдөр хүртэл бүх ард түмнээр хэлэлцүүлсэн байна. Энэ хэлэлцүүлэгт 900 гаруй мянган хүн оролцож 500-аад мянган хүн үг хэлж 5177 санал ирүүлж байсан юм. Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санаа, хүсэл эрмэзлэлийн хамтын бүтээл гэж хэлж болно. Урд нь Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс нь 16 хүний бүрэлдэхүүнтэй, таван ажлын хэсэгтэй байсныг Улсын Бага Хурлаар 7-р сарын 5-нд Ардын Их Хурлын даргын мэдээллийг сонсож, тогтоол гаргасан. Энэ тогтоолд Үндсэн хууль боловсруулах комиссын бүрэлдэхүүнийг өргөтгөж 10 ажлын хэсэгтэй, АИХ, Улсын Бага Хурлын гишүүн, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 90 хүний бүрэлдэхүүнтэй болж Үндсэн хуулийн төслийг боловсруулсан ажээ.
Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэж парламентын хоёр Танхим байгуулсан. Доод танхим болох Улсын Бага Хурлын танхимд Ардын Их Хурлын оролцоо бүрэн шингэсэн юм. Улсын Бага Хурал 53 гишүүнтэй байлаа. Тэдний 41 нь Ардын Их Хурлын депутат байсан юм. Үндсэн хууль боловсруулах эхний таван ажлын хэсгийн дөрвийг нь Ардын Их Хурлын депутат тэргүүлсэн байдаг. Тэгэхээр Ардын Их Хурал өөрийн төлөөллөөр дамжуулж төрийн хэрэгт оролцож байсан гэж хэлж болно. Ардын Их Хурлын депутат Монгол Улсын аймаг, нийслэл, сум, хороо бүрээс сонгогдсон нь Үндсэн хуулийн төсөл боловсруулж, гаргахад ихээхэн ач холбогдолтой байжээ.
1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаар улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын улс төрийн баталгаа нь болсон юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт
засварлах2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.