Мал аж ахуй гэж амьтныг гэршүүлэн дасгаж, өсгөн үржүүлэх, адуулан маллах ажлыг голлон эрхэлсэн, хөдөө аж ахуйн нэг салбар юм.

Монгол нутагт мал аж ахуй үүсэх эхлэл мезолитын үед тавигджээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн. Байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас зарим том амьтад нөхөн, зарим нь нүүдэллэсэн байна. Ийнхүү хүнс тэжээлийн нэг эх сурвалж болох амьтдын олонх нь байхгүй болсон тул хоол хүнсний хомсдолд орох аюул тулгарчээ. Үүний улмаас амьтдыг агнах төдийгүй, заримыг нь өөртөө дасгаж эхэлжээ.

Хүмүүс хоол хүнс олохоос түүнийг хадгалах нь бэрхшээлтэй байсан тул амьтдыг барьж, уяж, хашиж, дэргэдээ байлган өөртөө дасгаж, шаардлагатай үед түүнийгээ хэрэглэх болжээ.

Эртний хүмүүс амьтдыг янз бүрийн аргаар өөртөө дасган, гаршуулж, гэршүүлэхээс МАА-н үүсэл тавигджээ. Хамгийн анх гаршуулж гэршүүлсэн амьтны нэг бол үхэр (нохойг эс тооцвол) байсан бололтой. Үүнийг Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зурагт “үхэр хөтөлж яваа хүн” дүрсэлсэн байдаг.

Үхэр нь бусад бод малыг бодвол харьцангуй номхон, хүнд дасах нь амар, махны гарц ихтэй байсан зэрэг нь нөлөөлжээ.

Монгол нутгийн эрс тэс байгалийн онцлогт зохицсон мал сүргийг эрхлэн хөтлөх арга, ухаан бий болсноор НТӨ II мянганы II хагаст Монгол нутагт нүүдлийн МАА үүсчээ. Нүүдлийн МАА үүссэнээр нүүдэлчид бий болжээ.