Археологийн соёл
Археологийн соёл гэдэг нь зөвхөн нэг газраас олдсон эсвэл нилээдгүй хэмжээний нутагт хэсэг хэсгээрээ тархсан, нэг цаг үед хамаарагддаг, шинж төрхийн хувьд хоорондоо ижил төстэй, бусад газраас илэрсэн эд өлгийн олдворуудаас ялгарах онцлог шинжтэй эртний түүхийн цогц дурсгал юм. Тодорхой нэг газраас буюу /уулнаас, уулын хөндийгөөс г.м/ олдсон археологийн соёлын тоонд Ноён уулын булш ордог ба харин Ноён уулын соёл нь өөрөө Хүннүгийн археологийн соёлд багтдаг. Чулуун зэвсгийн үеийн Мойлтын амны соёл нь мөн ийм хэсэгхэн газарт олдсон соёлын жишээ болдог. Орчин үеийн үндэстэн угсаатан үүсээгүй байх үеийн чулуун зэвсгийн соёл хэдийгээр хоорондоо холбоогүй мэт шинжтэй, олдсон газрынхаа нэрээр нэрлэгдсэн байх боловч ойролцоо газруудаас буюу нэг орноос олдсон соёлуудыг ажин үзэхэд ижил төстэй шинж байх тул энэ нь нэг угсаа гаралтай буюу нэг газар бөөгнөрөн амьдарч байсан хүмүүс аажим аажимаар тархан суурьшихдаа өөрсдийнхөө соёлыг очсон газар бүртээ үлдээж байсны гэрч болдог. Ийнхүү өргөн уудам нутагт тархсан археологийн соёл бол дөрвөлжин булшны соёл бөгөөд чулуун зэвсгийн сүүл, хүрэл зэвсгийн үед угсаатны ялгаа улам илүү тодрон ялгарч орчин үеийн үндэстэн угсаатнуудын өвөг угсаатнууд задарч олон тооны бие даасан үндэстнүүдийг үүсгэж үүнийг дагаад олон тооны археологийн соёл үүссэн нь тухайн угсаатны таних тэмдэг болж өгчээ. Тухайлбал Алтайн өвөг угсаатан одоогоос хэдэн 1 000 жилийн үед задарснаар Монгол, Түрэг, Манж-Тунгус гурван угсаатан үүсч тус тусыг онцлог соёлыг үүсгэсэн ба Монголчууд сонгодог нүүдлийн мал аж ахуйг эрхэлж Манж-Тунгусууд хагас нүүдлийн ба ан агнуурын аж ахуйг эрхлэх болсон нь археологийн судалгаагаар батлагддаг. Археологийн соёл нь эртний хүмүүсийн амьдрал ахуй, эртний улс, овог аймгуудын үүсэл хөгжил, мандан бууралт, үндэстэн угсаатнуудын гарал үүсэл, нүүдэл суудал, тархалтийг тогтоох болон бичгийн сурвалжид тэмдэглэгдсэн зүйлсийг батлах, тэмдэглэгдээгүй буюу товчхон тэмдэглэгдсэнийг хайж олох, тодруулахад чухал ач холбогдолтой юм.