Буддын шашин
Буддын шашин (Буддизм) нь НТӨ V зуунд Сиддарта Гаутамагийн үндэслэсэн шашин, гүн ухаан юм.
Орчин цагийн монгол бичгийн нэрс | ||
---|---|---|
монгол бичгээр | ᠪᠣᠲᠲᠾᠠ ᠶᠢᠨ ᠱᠠᠰᠢᠨ (buddha-yin šašin) |
|
кирилл буриадаар | Буддын шажан | |
кирилл монголоор | Буддын шашин | |
кирилл халимагаар | Буддын шажн | |
Холбогдох зураг Бодьгаяа дахь Бурхан багшийн шуумал
|
ТүүхЗасварлах
Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. Буддизм нь МЭӨ 6-4-р зууны үед эртний Энэтхэгт шрамана уламжлал хэлбэрээр үүсч, Ази тивийн ихэнх хэсэгт тархсан байна. Энэ бол Буддын шашинтнууд гэгддэг дэлхийн хүн амын 7 гаруй хувийг бүрдүүлдэг 550 сая гаруй дагагчтай, дэлхийн дөрөв дэх том шашин юм. Буддизм нь Буддагийн сургаал (МЭӨ 5-4-р зуунд амьдарч байсан Сиддарта Гаутама нэртэй) болон тэдгээрийн дараагийн философийн тайлбарт үндэслэсэн олон уламжлал, итгэл үнэмшил, оюун санааны зан үйлийг агуулж салбаралсан урсгалууд гарсан.
Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.Тэрээр 45 жил өөрийн үзэл сургаалаа айлдасны эцэст 80 насандаа нирваан дүрийг олсон байдаг.
Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шри Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Франц, Итали, Нидерланд зэрэг орнуудад буддын гүн ухаан судлал идэвхтэй явагдан, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна.
Буддын шашин МонголдЗасварлах
Буддын шашин Монголын Эзэнт гүрний үе буюу Юань Улсын үeд1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг монгол хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Шантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам бурхны түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурхан багшийн арван хоёр зохионгуй", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.
Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг.
14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур, Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна.
Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар дөнгөж 14-р зууны сүүл гэхэд л гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна.
Буддын гүн ухаан бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд нэвтэрч дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байсан нь архeологийн олон олдвороор батлагддаг. Буддын шашны 3-р дэлгэрэлт нь олон нийтэд түгэн дэлгэрсэн бодитой он тоолол нь Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын хүүг Дарнатын анхдугаар хувилгаан гэж зарлаж Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн үеэс эхтэй.
Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний мөхөлийн өмнөхөн маш хүчтэй дэлгэрч, тухайн үед мөн ордны түшмэд язгууртнуудын хүрээнд тархсан бөгөөд Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байна.
СургаальЗасварлах
Хутагтын дөрвөн үнэнЗасварлах
Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :
- Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ.
- Зовлонгийн шалтгаан үнэн - Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг.
- Зовлонг гэтлэх нь үнэн - Сансарын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван болно гэж үздэг.
- Зовлонг гэтлэх арга зам үнэн - Зовлонгоос ангижрах Найман зөв зам
Найман мөрт замЗасварлах
Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг.
- Зөв сэтгэхүй
- Зөв санаа
- Зөв яриа
- Зөв үйлдэл
- зөв амьдрал
- Зөв зүтгэл
- Зөв ойлголт
- Зөв төвлөрөл
Үүнээс гадна хамгийн чухал ухагдахуун нь буддын шашны итгэл хэмээх ном юм.Уг сургааль нь буддын гүн ухааны бүх чухал сургаалиудыг багцлан хураасан байдаг.
Найман сахил
Бурханы шашинтан, лам хувраг хүний найман сахил хийгээд түүний ач тус:
1.Амьтны амь таслахыг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ нас урт, цог жавхаатай, өвчин эмгэггүй, эрүүл саруул болно.
2.Хулгай хийхийг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ төгс эдлэлийг эрхшээж, бусдад үл хорлогдоно.
3.Буруу хурьцлыг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ үзэсгэлэнт сайхан царай зүс, бие төрхтэй болж, сэрэл мэдрэхүйн эрхтэн нь бүрэн бүтэн байна.
4.Худал хэлэхийг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ бусдад хууртагдан мэхлэгдэхгүй, бусад хүмүүс хэлсэн бүхнийг нь хүндэтгэн сонсох болно.
5.Архи, согтууруулах ундаа, тамхи, хар тамхи зэрэг мансууруулагч хорт бодис хэрэглэхийг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ ой ухаан, санамж, сэрэхүй, мэдэрхүй сайтай , төгс билгүүнтэй болно.
6.Өндөр, өргөн ор суудалыг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ бусдад хүндлэгдэн магтагдаж, таатай ор дэвсгэртэй болж, таатай аялж зорчих унаатай болно.
7.Буруу цагт идээ, ундаа зооглохыг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ арвин их сайн ургац, жимс ногоо хураан авч, элдэв бэрхшээлгүйгээр идээ ундаа элбэг дэлбэг олдох болно.
8.Элдэв үнэртэн түрхэж, элдэв чимэг зүүлт зүүж, элдэв дуу бүжиг хийхийг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ анхилуун үнэртэй, гоо сайхан өнгө төрхтэй, өлзийт сайн бэлгэ найрагтай биетэй болно.Сайтар номхорсон бие, сэтгэлийг эрхшээж, Бурханы дээдийн номын дуу гаргана.