Чингис хаан

Монголын Эзэнт Гүрний үүсгэн байгуулагч бөгөөд анхны хаан

Их эзэн богд Чингис хаан (~1162 оны 11 сар – 1227 оны 5 сарын 31) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын Эзэнт Гүрнийг байгуулсан Монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Чингис хаан
ᠴᠢᠩᠭᠢᠰ
ᠬᠠᠭᠠᠨ
Их Монгол Улсыг үндэслэгч их эзэн хаан

Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилбар нь хар, цагаан өнгөтэй байсан ба Хубилай хааны захиалгаар 1278 онд монгол зураач Хорихосон (хятад галигаар Хо-ли-хосун (Ho-li-hosun)) урлажээ.
Хаанчлал1189–1227
Хаан суусанЦэнхэрийн голын Хар зүрхний Хөх нуур гэдэг газар, 1189 онд Алтан, Сачи Бэхи, Даридай авга нар зөвлөлдөж хаан ширээнд суулгав.
Бүтэн нэрЧингис хаан, Тэмүжин
Монгол бичиг:
Төрсөн огноо~1162
Төрсөн газарХамаг Монгол (Өнөөгийн Монгол Улс, Хэнтий аймаг Дадал сум)
Өнгөрсөн огноо1227
Өнгөрсөн газарИх Монгол Улс
ОршуулсанНууцмагдал
УдаахӨгэдэй хаан
Их хатанБөртэ үжин
ХатанЕсүй
Есүгэн
Хулан
ХүүхэдЗүчи
Цагадай
Өгэдэй
Толуй
ЭцэгЕсүхэй
ЭхӨэлүн
УлсИх Монгол Улс
Ургийн овогБоржигин

Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Чингис хаан Тангудыг эзэлсний дараа, 1227 онд Алтан улсын хилийн ойролцоох Лю Пан уулнаа мөнхөржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл илрээгүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, Зүүн Европ, Ойрх Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.

Уг гарал

Монголын Нууц Товчоонд Бөртэ Чино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батачихан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун Гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал байгаа юм.

Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.

Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү байжээ.

Идэр нас

Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар, Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Түүний төрсөн дүү нар нь Зочи Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.

Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.

Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хаан болсон нь

1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…" гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, "Чингис хаан" хэмээн цол олгожээ. "Чингис" гэдэг үгийн гарал нь "тэнгис" гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.

Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь

Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд Арван гурван хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.

XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чинсан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шүтээн, Нарату шүтээн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд "Ван ", Чингис хаанд "Чаутхури" гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.

Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.

1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Хурчахус буйруг хан, Мэргид, Ойрад, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуга бэхи нар задын арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

Их Монгол Улсыг байгуулсан нь

Нутаг дэвсгэр, цэргийн зохион байгуулалт

 
Чингис хааны байгуулсан Их Монгол Улс болон түүнийг залгамжлагчдын нутаг дэвсгэр.
  • Их Монгол Улс
  • 1260 оноос:
  • Алтан Ордны улс
  • Цагаадайн улс
  • Ил Хаант Улс
  • Юань улс
  • Чингис хаан улсаа ерөнхий гурван түмэн буюу хэсэгт хуваагаад, дотор нь бага түмэн болгосон. Бага түмнээ 5 мянгат, мянгатаа зуут, зуутаа аравт болгон хуваажээ. Их цэргийн тоо нь эхлээд 95000 байгаад сүүлдээ "...тэд нь 129,000 хүнтэй байв..."[1] Чингис хаан ийнхүү мянгатын тогтолцоог яаравчлан бүрдүүлсэнээр Их Монгол Улсын өнө удаан тогтнох үндсийг тавьжээ. Эл тогтолцоо нь улс үндсээ батлан хамгаалах аян дайнд мордоход үлэмж хэмжээний цэргийг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, ард олноос албан татвар авах зэрэгт нэн тохиромжтой цэрэг, засаг захиргааны нарийн чанд зохион байгуулалт байв. Мянгат нь дотоод, гадаад хэмээн хуваагдах бөгөөд гадаад мянгат нь зэрэг зиндаагаараа дотоод мянгатаас даруй нэг дахин доогуур байжээ.

    "…Баруун, зүүн жигүүр ба гол хэсэгт харьяалагдаж байгсад нь түүнээс хойш өв залгамжилсан 4-р хөвүүн Их-ноён хэмээх Тулуй ноёнд харьяалагдах болсон…"[1] бөгөөд тэдгээр нь нийт 101,000 гаруйд хүрч байжээ. Голын их мянган нь Чингис хааны өөрийнх мянган байв.[1] Баруун гарын цэрэг, түүний хошуучлагч нь Боорч ноён, түүний… орлогч нь Борохул ноён байв. Тэр цэрэг нь 38,000 хүнтэй байв.[2] Энэхүү баруун гарын түмэнд дараах мянганы ноёд захирагдаж байжээ.

    1. "…Аралутын Боорчи ноёны мянган
    2. Хушиний Борохул ноёны мянган
    3. Мангудын Жэдай ноёны мянган
    4. Олхонутын Хингиядайгийн мянган
    5. Хонхотаны Тулун чэрбигийн мянган
    6. Хонхотаны Сүйхэтү чэрбигийн мянган
    7. Жалайрын Бала ноёны мянган
    8. Жалайрын Аргай хасарын мянган
    9. Сүлдүсийн Тогорилын мянган
    10. Сүлдүсийн Шидуны мянган
    11. Татарын Шихихутугийн мянган
    12. Дөрвөн аймгийн Дуйсукэ ноёны мянган
    13. Баарины Монгол дарханы мянган
    14. Ойрад аймгийн дөрвөн мянган
    15. Баарины Бааридай ноёны мянган
    16. Баруласын Балуган калжигийн мянган
    17. Олхонудын Тайчу хүргэний мянган
    18. Хиад Нируны Мохоо Хөрөөгийн мянган
    19. Урианхайн Есүн туа тархигийн мянган
    20. Сүнидийн Хадаан хэвтүүлийн мянган
    21. Мэнлиг эцгийн мянган
    22. Онгуд аймгийн дөрвөн мянган
    23. Мэнгэтү хианы хүү Хөхи ноёны мянган…"[3]

    Зүүн гарын цэргийг монголоор Жунгар гэдэг. Түүнийг хошуучлагч нь Мухулай ноён, орлогч нь баарины Наяа ноён. Тэр нь 62000 хүнтэй байв.[4] Зүүн гарын түмэнд дараах мянганууд багтаж байжээ.

    1. "...Жалайрын Мухулайн мянган
    2. Урианхайн Зэлмэгийн хүү Есүнбуха тайжийн мянган
    3. Урудын Хөхөтэй, Бүчин нарын мянган
    4. Ихирэсын Буту хүргэний мянган
    5. Татарын Их Хутагт(Есүй, Есүгэн нарын ах) ноёны мянган
    6. Хонгирадын таван мянган
    7. Мангудын Хуйлдар сэцэний мянган
    8. Баарины Наяа ноёны мянган: Бүгд 3000 хүнтэй.[4]
    9. Хонхтаны Суту ноёны мянган
    10. Жалайртай Есурын мянган
    11. Баяутын Үнгүр буурчийн мянган
    12. Жалайрын Укай, Барчугийн мянган
    13. Урианхайн Сүбэдэй баатрын мянган
    14. Арулатын Доголху чэрбигийн мянган
    15. Урианхайн Удачигийн мянган
    16. Бөх Бэлгүтэйн мянган
    17. Хонгирадын Шику хүргэний дөрвөн мянган
    18. Баарины Укар халжа, Кудус халжагийн мянган
    19. Сүнидийн Өкэлэ чэрбигийн мянган
    20. Сүнитийн Тэмүдэрийн мянган
    21. Жалайрын Мухулайн дүү Дайсуны мянган
    22. Жажиратын Кошакул ба Жусукын мянган
    23. Мангудын Хуйлдарын хүү Мөнх халжагийн мянган
    24. Хархиданы Уяр ваншайн мянган: нийт 10,000 цэргийг захирдаг
    25. Зөрчидийн Туган ваншайн мянган: нийт 10000 цэргийг захирдаг..."[4]

    Бусад цэргийг Чингисийн эх, хөвгүүд, дүү нар болон авга Отчигин ноён нар өөр өөрийн тусгай мянгаттай байв. Монголын нууц товчоонд дурдсанаар Чингис хаан Тэмүгэ отчигин, Өэлүн эх хоёрт түмэн өрх, хоёрдугаар хүү Цагадайд 8000 өрх, гуравдугаар хүү Өгэдэйд 5000 өрх, отгон хүү Тулуйд 5000 өрх, дүү Хасарт 4000, ач дүү Алчидайд 2000, дүү Бэлгүдэйд 1500 өрх тус тус «хувь» болгон өгчээ.

    Монголын эртний нүүдлийн нийгмийн улс төрийн эохион байгуулалтын эртний өвөрмөц нэгэн хэлбэр нь “Хишигтэн” байв. Хишигтнийг эхлээд овог, аймгийн тэргүүлэгч нар биеэ болон орд өргөөгөө хамгаалах зорилгоор бий болгожээ. Тэмүжин ч Хамаг Монголын хаан болоод бие, орд өргөөгөө сахин хамгаалах өдрийн манааны 70 турхаг, шөнийн харуулын 60 хэвтүүлээс бурдсэн 150 хүн бүхий хишигтэнтэй болжээ.

    Их Монгол Улс байгуулагдсанаас хойш хишигтний үүрэг өсч, зохион байгуулапт дэг журам нь нарийсчээ. Чингис хаан хишигтний тоог нэгэн түмд хүргэж, түүний эгнээг түмт, мянгат, эуутын ноёдын хүүхдээс бүрдүүлж, бас сул чөлөөтэй хүмүүсийн хүүхдээс ухаан, чадлаараа шалгарсныг нь сонгон оруулж байв.

    Удалгүй хишигтэн нь хааны бие, орд өргөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах төдийгүй, улс орны дотоод дэг журам сахиулах, үймээн, самуунаас сэргийлэх онцгой үүрэг хүлээх болов. Цаашид Хишигтэн бүтэц, үүрэг зохион байгуулалтын хувьд улам өргөжиж, улс орны цэрэг захиргааны нэгдмэл төв байгууллага болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, нэг ёсны засгийн газрын үүрэг гүйцэтгэх болсон. Дээд зиндааны албан тушаалтныг зөвхөн хишигтнээс томилно. Хишигтэнд чанд сахилга, хариуцлага хүлээлгэхийн хамт онцгой эрх ямба эдлүүлж байв. Ийнхүү хишигтэн бол Их Монгол Улсын төрийн гол тулгуур болж байлаа.

    Төрийн байгуулалт

    Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан шинэ тутам байгуулагдсан Монголын төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засгийн төрхтэй боловч мөн чанараараа ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан, тун өвөрмөц шинж бүхий төр байв. Төрийн дээд эрхийг баригч нь их хаан байв. Их хаан бол тэнгэрээс заяат хэмээн өргөмжлөгдсөн, Монгол улсын хэмжээгүй эрхт эзэн, төрийн тэргүүн байсан ажгуу. Их хааны гарт төрийн дээд эрх мэдэл, үлэмж засаглал төвлөрч, тэрбээр Монголын газар нутгийн дээд өмчлөгч болж байлаа. Хаан амьд сэрүүн байхдаа өөрийнхөө залгамжлагчийг гэрээслэнэ. Энэ нь хаан өөрөөсөө хойш элдэв хямрал тэмцэл гарч, төр хямрахаас болгоомжилсон ухаалаг бодлого байв.

    Хааныг сонгон өргөмжилж, төр улсын тулгамдсан асуудалд ончтой хариу эрэлхийлж, нягтлан магадласаны үндсэн дээр их хаанд зөвлөх эрх бүхий байгууллага бол Их Хуралдай байжээ. Их Хуралдай нь өмнөх үеийнхээс зохион байгуулалтын хэлбэрийн хувьд боловсронгуй болж, төрийн дээд байгууллагын шинжийг агуулж байсан. Хамгийн гол нь хэн бугай ч Их Хуралдайг алгасан хааны титэм хүртэх эрхгүй байсан явдал юм. Чухам үүгээр Их Хуралдайн эрх, сүр хүч илэрхийлэгдэж байв. Их Хуралдайд Чингис хааны ах дүү, үр хүүхэд, эх ба хатад, цэргийн жанжин, итгэлт нөхөд оролцоно. Зарим судлаач эл байгууллыг парламентат ёсны дээд өвөг хэмээн үздэг.

    Их хаанд хэдийгээр хэмжээгүй эрх мэдэл төвлөрч байсан боловч эрдэм ухааныг дээдлэн биширч, мэргэдийн зөвлөлөөг сонсон, болгоон соёрхдог байжээ. Тиймээс ч Чингис хаан дэргэдээ Сэцдийн зөвлөл байгуулж, улс төрийн шаггүй бодлоготон, эрдэмтэн мэргэдийг оруулж, тэдний санал бодлыг анхааралтай сонсдог байв. Зарим эрдэмтэд Сэцдийн зөвлөлийг төрийн институт болж чадаагүй гэж үэдэг. Их хаан гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх зорилгоор улс орны амьдралын хүрээ, салбарыг хариуцсан төрийн сайд нарыг томилж байжээ. Энэ ёсоор Мухулайг Го ван буюу улсын ван болгожээ, Энэ нь хааны тэргүүн шадар сайд байв. Түүнтэй эн зэрэгцэхүйц эрхтэй албан тушаалтан бол улсын заргач байв. Энэ тушаалд Чингис хаан өөрийн өргөж авсан дүү Шихихутугийг томилжээ. Их хаан түүнд

    „Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв, надтай зөвлөж, Шихихутугийг шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй“

    гэж тушаасан байна.

    Чингис хааны хууль зарлигийн биеллийг хянах тусгай албан тушаалтан буй бопгожээ. Маркизийн Их Засаг хуулиас түүвэрлэж авсан гэсэн тэмдэглэлд засаг хэрэгжүүлэхийг хянагч тушаалд хүү Цагадайгаа томилсон гэж бичсэн байна. Ийнхүү төрийн хяналтыг буй болгожээ. Чингис хаан төрийн бусад сайд нарыг дэс дараалан томилсон байна. Тухайлбал.Боорчи, Зэлмэ, Наяа нарыг өөрийнхөө удирдлагад их төлөв цэргийн хэргийг эрхлэх төрийн сайдын тушаалд тохоон талбижээ. Мөн тийм зиндааны албан тушаалтан бол төрийн бэхи (шинжээч) Үсүн Өвгөн юм. Тэрбээр тэнгэр огторгуйг шинжиж, он жил, сар өдрийг заасан хуанли зохиож, наран, саран хиртэхийг эртнээс мэдэж хаан эзэндээ айлтгах, дайлаар мордох, Их Хуралдай чуулах сайн өдрийг тогтоох зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Төрийн бэхи цагаан хувцас өмсч, цагаан морь унаж явдаг заншилтай. Түүнээс дутахааргүй эрх мэдэлтэй байсан хүн бол Хөхчү бөө байв. Гэвч тэрбээр их эзнийхээ итгэлийг даалгүй, хаан төрд тэрсэлж, цаазын тавцанд очсон түүхтэй.

    Гүйцэтгэж байсан үүргээс нь хөөн үзэхэд Додай чэрби мал аж ахуйн сайд, Тататунга захиргаа, боловсролын сайдын зиндаанд ажиллаж байсан байна. Зарим хүмүүс төр, түмний өмнө байгуулсан баатарлаг гавьяа, цэргийн удирдакх ур чадвараараа тодорч албан тушаалд томилогдож байв. Тухайлбал, Мухулай, Боорчи, Зэлмэ, Шихихутуг, Сорхон-шира,Сүбээдэй, Зэв, Борохул (удалгүй нас барсан) Хара-Хиругэ, хожим Цуу мэргэн (Елюй Чуцай) нарыг есөн өрлөг хэмээн цэргийн жанжнаар томилсон байна. Зарим судлаачид тэднийг орчин цагийн цэргийн маршалуудтай дүйцүүлэн бичдэг.

    Чингис хааны хийсэн аян дайнууд

    Гол сэдэв: Монголчууд Алтан улсыг дайлсан нь

    Гол сэдэв: Монголчууд Тангудыг дайлсан нь

    Гол сэдэв: Монголчуудын Хорезм рүү хийсэн дайралт

    Гол сэдэв: Монголчууд Хар Хидан улсыг байлдан дагуулсан нь

    Нас нөгцсөн нь

     
    Чингис хааныг нас барах үеийн эзэнт гүрний нутаг

    1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалтгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад, хулан авлаж байхдаа мориноос унаснаас өвчин үгдрэхэд нөлөөлж, өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicle[permanent dead link] одоогийн Украин сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг. Мөн Гүрбэлжингоо хатантай дэр нэгтгээд таалал төгссөн гэж бас домоглодог.

    Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдун ууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм,

    Чингис хааны булшны нууц

    Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хүртэл эрсээр байна. Марко Поло "Чингис хааны үр удмын их хаадыг бүгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагүй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бүгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан" гэж бичиж үлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны үйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгүй дүр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Хархорин хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны үхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бүхнийг хүйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч түүний амар амгаланг бүү алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бүх зарц боолыг хүйс тэмтэрчээ.

    Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс ургамал мод бут бүрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хүнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.

    1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгүй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт түүний хөдөөлүүлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв.

    Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь түүний шарилыг Дэлүүн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй эрдэмтэн Г. Н. Потанин Ордос дахь Эзэн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна.

    Энэ газарт лам нар жил бүр Чингис хааны гэрийн гадна хүндэтгэл үзүүлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны үлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зүүн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хүрч өндөрлөгүүдийн нэгний орой дээр овоо босгон түүнийгээ "Бурхан гал уул" гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул түүнээс хойд зүгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол үйлдэж их хааны сүнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхүү овоо нь янз бүрийн чулуунаас бүтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битүү ой бүрхдэг байсан ч хэд хэдэн удаа хүчтэй түймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хүн алга хэвээр байна. Ер нь Монголын ихэнх хаадын булш олдоогүй хэвээр байна.

    Гэр бүл

     
    Б. Сумъяабаатар, Чингисийн алтан ургийн үгийн бичиг ба гэрийн үеийн бичмэл, xуудас 720, ISBN 99929-5-552-X

    Өвөг дээдэс

    Ах дүүс

    1. Бэгтэр (төрсөн он 1163): Сочигэл хатнаас төрсөн
    2. Жочи Хасар (төрсөн он 1164)
    3. Бэлгүтэй (төрсөн он 1164): Сочигэл хатнаас төрсөн
    4. Хачиун алчи (төрсөн он 1166)
    5. Тэмүгэ отчигин (төрсөн он 1168)
    6. Тэмүлэн (төрсөн он 1171)

    Хатад, татвар

    Юань улсын сударт бичигдснээр Чингис хааны дөрвөн их ордонд нийт 40 гаруй хатан, татвар амьдарч байжээ.

    Нэгдүгээр орд буюу Хэрлэний хөдөө арал дахь орд

    1. Хонгирадын Дай сэцэний охин Бөртэ үжин
    2. Хулухун хатан (忽魯渾皇后)
    3. Хөлигэ хатан (闊里桀皇后)
    4. Төгс хатан (脫忽思皇后)
    5. Тэмүлүн хатан (帖木倫皇后)
    6. Ринчинбал хатан (亦憐真八剌皇后)
    7. Буян хутуг (不顏渾禿皇后)
    8. Хушэнхай татвар (忽勝海妃子)[5]

    Хоёрдугаар орд буюу Саарь хээрийн харилт дахь орд

    1. Увас мэргидийн Дайр Усуны охин Хулан хатан
    2. Харбажин хатан (哈兒八真皇后)
    3. Ихиржин хатан (亦乞剌真皇后)
    4. Төгс хатан (脫忽茶兒皇后)
    5. Ижин татвар эм (也真妃子)
    6. Илихутуг татвар эм (也里忽禿妃子)
    7. Чажин татвар эм (察真妃子)
    8. Харжин татвар эм (哈剌真妃子)[5]

    Гуравдугаар орд буюу Туулийн хар түнийн орд

    1. Татарын Их Чэрэний охин Есүй хатан
    2. Татарын Их Чэрэний охин Есүгэн хатан
    3. Хурхар хатан (忽魯哈剌皇后)
    4. Ашилун хатан (阿失倫皇后)
    5. Турхал хатан (禿兒哈剌皇后)
    6. Чар хатан (察兒皇后)
    7. Ашимиши хатан (阿昔迷失皇后)
    8. Өлзийхуту хатан (完者忽都皇后)
    9. Лавай татвар эм (剌伯妃子)
    10. Хурхудай татвар эм (Hún lǔ hū dǎi fēizi)
    11. Хулуху татвар эм (忽魯灰妃子)[5]

    Дөрөвдүгээр орд

    1. Алтан улсын Гүнж хатан
    2. Сүлдүсийн Сорхан шарын охин Хадаан
    3. Үзэхүс хатан (斡者忽思皇后)
    4. Яньли хатан (燕里皇后)
    5. Туган татвар (禿干妃子)
    6. Өлзий татвар (完者妃子)
    7. Жинлян татвар (金蓮妃子)
    8. Өлзийтэй татвар (完者台妃子)
    9. Нурун татвар (奴倫妃子)
    10. Мажин татвар (卯真妃子)
    11. Суранхай татвар эм (鎖郎哈妃子)[5]

    Бусад хатад

    1. Бэхирэн овгийн Мөгэ хатан (Сүүлд Өгэдэй хааны хатан болсон)
    2. Хэрээдийн Жаха Хамбу ноёны охин Ибага бэхи, 1206 онд Уруд овгийн Жүрчидэй баатарт өгсөн.

    Үр хүүхэд

    Хөвгүүд

    1. Зүчи хан
    2. Цагадай хан
    3. Өгэдэй хаан
    4. Тулуй ноён
    5. Хүлгэн ноён, Хулан хатнаас төрсөн
    6. Үрүчи, овог тодорхойгүй татвар эмээс төрсөн
    7. Журчидай, Найман аймгийн татвар эмээс төрсөн
    8. Харачар, Есүгэн хатнаас төрсөн[6]
    9. Хархада, Есүгэн хатнаас төрсөн[6]
    10. Чахур, Есүгэн хатнаас төрсөн[6]. Харин Судрын чуулганд түүний нэрийг Жаур хэмээн бичихдээ Есүй хатны хүү гэжээ.[7] Багадаа эндсэн.
    11. Уржахан, Татар аймгаас гаралтай татвар эмээс төрсөн.[7]

    Охид

    1. Хожин бэхи
    2. Сэцэйхэн бэхи
    3. Алага Бэхи
    4. Түмэлүн бэхи
    5. Алталун, Бөртэ үжингээс төрсөн. Олхонудын Тачу хүргэнд өгсөн.[8]
    6. Алалтун бэхи, нэр нь тодорхойгүй татвар эмээс төрсөн.[8]
    7. Толай
    8. Ючибай гүнж, Лу.Алтан товчид Есүй хатнаас төрсөн гэжээ.

    Урлагийн бүтээлд

    Баримтат кино

    Уран сайхны кино

    Монголын түүхийн талаар хийгдсэн бүх гадаад кино монголын түүхийг үнэн бодитойгоор дүрслэлгүйгээр маш их гуйвуулж хийгдсэн байдаг. Жишээ нь монголчуудын өмсгөл зүүсгэл, хувцас, үс засалтыг буруу хийх, тухайн үеийн монгол соёл, зан заншилд байгаагүй зүйлийг дүрслэх г. м.

    Телевизийн олон ангит кинонууд

    • Genghis Khan, 1987 онд Хонконгийн TVB сувгаас хийсэн цуврал. Гол дүрд Алекс Ман тоглосон.
    • Genghis Khan, 1987 онд Хонконгийн ATV сувгийн цуврал. Уг киноны гол дүрд Тони Лю.
    • Genghis Khan, 2004 оны Өвөр Монгол, Хятадын кино.

    Уг кино хятад төвийн үзлээр хийгдсэн байна. Монголчуудын өмсгөл зүүсгэл, хувцас, үс засалтыг алдаатай дүрсэлжээ. Гол дүрд Батдоржийн Баасан тоглосон.

    Мөн үзэх

    Ном зүй

    • Dominique Farale: De Gengis Khan à Qoubilaï Khan. Economica, Paris 2003, ISBN 2-7178-4537-2.
    • Louis Hambis: Gengis Khan (= Que sais-je ? Band 1524). Presses universitaires de France, Paris 1973.
    • Christian Koller: Ein Feldherr als Identitätsstifter? Zum Vergangenheitskult in der postkommunistischen Mongolei. In: Arbeitskreis Militärgeschichte. Newsletter. Jahrgang 31, Nr. 2, Arbeitskreis Militärgeschichte e. V. 2008, S. 8–10 (Volltext als PDF).
    • Hans Leicht: Dschingis Khan. Sonderausgabe.: Eroberer. Stammesfürst. Vordenker. Patmos, Düsseldorf 2002, ISBN 3-491-96050-9.
    • Franklin Mackenzie: Dschingis Khan. Scherz, Bern/ München 1977; Habel, Darmstadt 1993, ISBN 3-502-16441-X, ISBN 3-87179-179-2.
    • Reinhold Neumann-Hoditz: Dschingis Khan. Rowohlt, Reinbek 1985, ISBN 3-499-50345-X.
    • Paul Ratchnevsky: Genghis Khan – His Life and Legacy. Blackwell Publishers, Oxford 1993, ISBN 0-631-18949-1.
    • Jean-Paul Roux: Gengis Khan et l’Empire Mongol (= Découvertes Gallimard. Bd. 422). Gallimard, Paris 2002, ISBN 2-07-076556-3.
    • Jean-Paul Roux: Histoire de l’Empire Mongol. Fayard, Paris 1993, ISBN 978-2-213-03164-4.
    • Boris Yakovlevich Vladimirtsov: The life of Chingis-Khan. Reissued 1930, Blom, New York 1969.
    • Jack Weatherford: Genghis Khan and the Making of the Modern World. Three Rivers Press, New York 2004, ISBN 0-609-80964-4.
    • Gudrun Ziegler, Alexander Hogh: Die Mongolen, im Reich des Dschingis Khan. Theiss, Stuttgart 2005, ISBN 3-8062-1940-0.
    • Б. Сумъяабаатар, "Монголын нууц товчооны хэлбэрсудлал", хуудас 3.144, 1997
    • Б. Сумъяабаатар, "Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн уеийн бичмэл", хуудас 720, 2002, ISBN 99929-5-552-X
    • "HISTORIA MONGALORUM" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "Монголчуудын түүх" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1

    Цахим холбоос

      Commons: Чингис хаан – Викимедиа дуу дүрсний сан

    Эшлэл

    1. 1.0 1.1 1.2 Рашидаддин: Судрын чуулган: Орос хэлнээс орчуулж тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.395
    2. Рашидаддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.396
    3. Рашидаддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.396-399
    4. 4.0 4.1 4.2 Рашидаддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.400-403
    5. 5.0 5.1 5.2 5.3 元史卷106[permanent dead link]
    6. 6.0 6.1 6.2 Лу.Алтан товч
    7. 7.0 7.1 Рашидаддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.206
    8. 8.0 8.1 Рашидаддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.205
    Өмнөх
    Есүхэй баатар
    Хамаг Монголын хан
    1189-1206
    Дараах
    Их Монгол Улсыг байгуулсан.
    Өмнөх
    байхгүй
    Их Монгол Улсын Их Хаан
    Үндэслэгч

    1206-1227
    Дараах
    Өгэдэй хаан