Сэцэн хан аймаг
Сэцэн хан аймаг нь Даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжын дунд хөвгүүн Аминдуралын ахмад хүү Шолой хан Төвдийн V Далай ламаас Махасамади Гэгээн Сэцэн хан хэмээх цол хүртсэнээс хойш 1600-аад оны эхээр түүний эзэмшил нутаг болох одоогийн Монгол улсын Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймгийн нутаг болон ОХУ-ын Чита, БНХАУ-ын Хөлөн нуур орчмын нутгуудыг Сэцэн ханы аймаг хэмээн нэрийдэж байсан юм.
Түүх
засварлахБатмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн 7 хүү Ар Халхыг хуваан авахад 4-р хүү Аминдурал (1536-?)-д хүрээ хороо, цоохор; 5-р хүү Дара (1540-?)-д хөхүйд, хатагин отгууд оногджээ. Дара үргүй өнгөрсөн тул түүний эзэмшил отгууд Аминд шилжжээ. Амины хоёрдугаар хөвгүүн Мууру буйма Хэрлэн голын савд нутаглаж байсан агаад түүний үр хойчис ч Хэрлэн голын саваар төвлөн, Халхын дорнод хэсгийг эзэмшиж байжээ. Моору буймагийн хөвгүүн Шолойг 1620-оод оны үед Халхад нүүдэллэн ирсэн өвөрлөгч ноёд “хаан” цол өргөснөөр Ар Халхад 3 хаан буй болов. Шолойн Сэцэн хаан цолыг Бабу, Норов, Илдэнравдан нар тус тус залгамжилжээ.
Тэд Сэцэн хаан хэмээх цол зүүж, харьцангуй нэгдмэл байдлаа хэвээр хадгалсаар байсан явдал нь хожим Манжийн эрхшээлийн үед Сэцэн хан аймаг хэмээх бие даасан аймаг бий болох үндэс суурь нь болжээ. Манжийн эрхшээлд орох хүртэл Халхын хангуудын дотроос ганцхан Сэцэн ханыхан л “Сэцэн хан” гэдэг цол чимгийг тууштай хэрэглэсээр байв.[1]
Халх Манжийн эрхшээлд орсны дараа 1691 оноос Халхад 3 аймаг байгуулсны нэг нь Сэцэн хан аймаг байв. 1692 онд Халхын аймгуудыг гурван зам болгон хуваахад Сэцэн хан аймгийн хошууд нь Халхын зүүн зам хэмээн нэрлэгджээ.[1] Манжид дагаар орохоос өмнө тус аймаг нь бие даасан шинжтэй, Халхын зүүн гарт багтаж, дотроо 2-3 хошуутай байсан бол 1921 он болж ирэхэд 25 хошуу, 2 шавь отогтой болсон байдаг. Тус аймгийн ноёд "Хэрлэн Барс хотод чуулган" нийлдэг байв. Манжийн үед хошуу нь сум, хондого, хөмжлага гэж задрах болсон.
Газар зүй
засварлахАймгийн нутаг нь зүүнтэйд Эрдэнэ толгой, баруун этгээдэд Цагаан чулуут, өмнө этгээдэд Тархун цайдам, умар этгээдэд Ундурхан хүрдэг байсан ажээ. Халхын Сэцэн хан аймагт одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Төв аймгийн зүүн талын сумд /Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баянжаргалан, Баян сум/, Дорноговь аймгийн хойд талын сумд /Их хэт, Даланжаргалан, Дэлгэрэх сум/, Дундговь аймгийн зүүн талын /Цагаандэлгэр, Говь-Угтаал/ сумдын газар нутаг харьяалагддаг байсан.
Сэцэн хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 286.160 ам дөрвөлжин км, нутгийн урт 960 км, өргөн нь 480 км.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
засварлахМанжийн эрхшээлийн үед тус аймаг 23 хошуутай байв. Түүнээс гадна Егүзэр хутагт шавь багтаж байжээ. Богд хаант Монгол улсын үед Хуучит ван, Манлай ван, Бишрэлт бэйлийн 3 хошуу, Ялгуусан хутагтын шавь нэмэгдсэнээр нийт 28 хошуутай болжээ. Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Хан Хэнтий уулын аймаг гэж нэрлэжээ.
1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Хан Хэнтий уулын аймгийн суурин дээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг байгуулжээ. Түүнчлэн Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн багавтар хэсэг нь угтаа тус аймгаас салбарлан гарсан ажээ.
- Ачит засгийн хошуу
- Ахай засгийн хошуу
- Баатар засгийн хошуу
- Бишрэлт засгийн хошуу
- Бишрэлт бэйлийн хошуу
- Дархан засгийн хошуу
- Дарьганга хошуу
- Дайчин засгийн хошуу
- Далай дархан засгийн хошуу
- Далай засгийн хошуу
- Егүзэр хутагтын шавь
- Ёст засгийн хошуу
- Жонон засгийн хошуу
- Зоригт засгийн хошуу
- Илдэн засгийн хошуу
- Манлай засгийн хошуу
- Онон голын шинэ буриад хошуу
- Мэргэн засгийн хошуу
- Саруул засгийн хошуу
- Сүжигт засгийн хошуу
- Сэргэлэн засгийн хошуу
- Сэцэн ханы хошуу
- Сэцэнэ засгийн хошуу
- Үйзэн засгийн хошуу
- Хурц засгийн хошуу
- Хуучид засгийн хошуу
- Хуучид засгийн хошуу
- Эрдэнэ засгийн хошуу
- Эрх засгийн хошуу
- Эрхэмсэг засгийн хошуу
- Ялгуусан хутагтын шавь
Эдийн засаг
засварлахСэцэн хан аймаг нь худалдаа арилжаа, тээвэр хөгжсөн, аян жин тээх зөөх ажил ихтэй. Мөн аймаг нь Сэй бэйсийн хүрээ, Сэцэн ханы хүрээ, Бэрээвин хийд, зүүн, баруун Чойр зэрэг хэд хэдэн том хүрээ хийдтэй, орос, хятад худалдаачид олноор суурьшиж худалдаа хийдэг газар байв.
Сэцэн хан аймгийн хан, Хэрлэн Барс хотын чуулган дарга нар
засварлахСэцэн ханууд
засварлах- Сэцэн хаан Шолой 1627-1655
- Сэцэн хаан Бабу 1655-1683
- Сэцэн хаан Норов 1683-1688
- Сэцэн хаан Илдэн Равдан 1688-1690
- Засаг, Сэцэн хан Өмэхэй 1691-1709
- Засаг, Сэцэн хан Гүнчин 1709-1728
- Засаг, Сэцэн хан Цэвдэнбайнжур 1728-1733
- Засаг, Сэцэн хан Чойжав 1733-1735
- Засаг, Сэцэн хан Дамиран 1735-1751
- Засаг, Сэцэн хан Манибадар 1751-1767
- Засаг, Сэцэн хан Цэвдэнжав 1767-1788
- Засаг, Сэцэн хан Цэвээндорж 1788-1795
- Засаг, Сэцэн хан Пунцагдорж 1795
- Засаг, Сэцэн хан Санжайдорж 1796-1800
- Засаг, Сэцэн хан Махашири 1800-1807
- Засаг, Сэцэн хан Энхтөр 1807-1817
- Засаг, Сэцэн хан Артасэд 1817-1875
- Засаг, Сэцэн хан Цэрэндорж 1875-1893
- Засаг, Сэцэн хан Дэмчигдорж 1893-1910
- Засаг, Сэцэн хан Навааннэрэн 1910-1923
Аймгийн чуулганы дарга нар
засварлах- Сэцэн хан Цэвдэнбанжуур 1728-1733 он
- Сэцэн хан Чойжав 1733-1736 он
- Сэцэн хан Дамиран 1736-1750 он
- Дэмчиг/Илдэн Жюн ван/ 1750-1753 он
- Сэцэн хан Маньбадар 1753-1767 он
- Засаг ван Базарсад 1767-1768 он
- Сэцэн хан Цэвдэнжав 1768-1782 он
- 3асаг ван Гончигжав/Дархан ван/ 1782-1790 он
- Санзайдорж/ИлдэнЖүн ван/ 1790-1800 он
- Бэйл Дагдандорж /Сэцэн ван/ 1800-1802 он
- Гомбожав /Жонон засаг/ 1802-1805 он
- Сэцэн хан Махшир 1806-1807 он
- 3асаг ван Дарамшир /Дархан ван/ 1807-1813 он
- Сэцэн хан Энхтөр 1813-1817он
- Сэцэн хан Арта-сэд 1817-1830 он
- Дархан ван Цэрэндорж 1830-1846 он
- Сэцэн ван Гончигжав 1846-1856 он
- Бэйс Дэжиддорж 1856-1857 он
- Тогтох төр /Илдэн Жюн ван/ 1857-1868 он
- Гүн Эрдэнэ-тогтоол 1868-1875 он
- Манжбазар /Илдэн ван/ 1875-1882 он
- Сэцэн хан Цэрэндорж 1882-1892 он
- 3асаг ван Намжилдэндэв 1892 он
- Сэцэн ван Цэрэнсандүй 1893он
- Сэцэн хан Дэмчигдорж 1896он
- Илдэн ван Доржпалам 1897-1910 он
- Гомбосүрэн 1910-1914 он
- Цогбадрах /Жонон ван/ 1915-1919 он
- Навааннэрэн Эрдэнэ далай ван 1920-1921 он
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Ц.Цэрэндорж. Сэцэн хан аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
- ↑ О.Батсайхан, З.Лонжид, О.Баяртөр, Л.Алтанзаяа. (2012). МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР