Хонгирад
Хонгирад (монголоор: ᠬᠣᠩᠭᠢᠷᠠᠳ; Хонгирад; хятадаар: 弘吉剌; пиньинь: hóngjílá) нь Эргүнэ гүнээс гаралтай Дарлигин Монголчуудын нэг салбар язгуурын Монгол аймаг юм. Тэд Хөлөн, Буйр нуурын сав газраар нутаглаж байсан эртний Монгол аймаг. Чингис хааны их хатан Бөртэ үжин нь Хонгирадын Дай сэцэний охин болно. XIII-XIV зууны үед Монголын эзэнт гүрний үед Алтан ургийн олон хаад, хааны угсааны их бага ноёд, жанжид энэ аймагтай худ ургийн холбоотой байсан. Энэ аймгийн нэрийг монгол, хятад, перс хэлний түүхийн ном сударт Онгират, Конграт, Хунгират, Кунграт, Ванжила (王紀剌), Ёнжиле (雍吉烈), Хонжила (弘吉剌), Гуанжила (廣吉剌) зэргээр олон хэлбэрээр бичсэн байдаг.
Гарал үүсэл
засварлахОйрад (ойн ард) гэсэнтэй адил Хунгийн ард - Хунгийн арад - Хунгийнрад - Хунгийрад - Хунгирад - Хонгирад гэж үүссэн гэж үздэг.
Хонгирад аймгийн тотем шүтлэг нь хун шувуу бөгөөд тэд өөрсдийгөө хун шувуунаас үүссэн гэх Алтанцөгцийн домог байдаг. Хонгирадуудтай нэг гарал үүсэлтэй Олхонууд, Ихирэс, Харнууд, Хонхлуут, Элжигин, Горлос, Хингиадай гэх мэт олон овог бий.
Рашид Аддины бичсэн Судрын чуулганд: "...Алтан савнаас гурван хөвгүүн төржээ...Нэгдүгээр хөвүүн Журлук мэргэн тэр орчин үеийн хонгирадад хамрагдаж байгаа аймгуудын өвөг, Хоёрдугаар хөвүүн нь Күбай Шира. Тэр хоёр хөвүүнтэй. Ихирас, Олхунуд юм. Гуравдугаар хөвүүн нь Түсүбү Дауд. Түсүбү Дауд тэр хоёр хөвүүнтэй. Харануда, Кинклиуда нар билээ..."[1] хэмээн өгүүлжээ. Мөн Хонгирадын нутгийн баримжааг "...Монгол, Хятадын хооронд үргэлжилсэн уткух хэрмийн Утажиэ гэдэг газар..."[2] гэсэн нь одоогийн Цагаан хэрэм эсвэл Чингисийн далангийн орчмын нутгийг хэлсэн бололтой. Эргүнэ гүнээс гарахаар төмрийн хүдэртэй уулыг хайлуулан нүхлэн гарах үед хонгирад аймгийнхан бусад овог аймагтай хэлэлцэлгүй хамгийн түрүүнд гарахдаа бусад овгуудын голомтыг гишгэн гарсан тул үйлийн үрээр тэднийг хөлийн тулай өвчинтэй болсон гэжээ.
Чингис хаан Их Монгол Улсыг 1206 онд байгуулахад Дай сэцэнгийн хөвгүүн Алчи хүргэн гурван мянган хонгирадыг захирч мянганы ноён болж байв. Юань Улсын үед аймгийн эзэн ноён нь Лу ван (鲁王) цол хүртэж, үе улиран залгамжлан, Боржигин овгийн хаадын гүнжтэй хуримлан хүргэн болж, монголын төрд алба хашиж байв.
Монголын эзэнт гүрний үе
засварлахИх Монгол, Юань Улс
засварлах12-р зууны үед Хонгирад аймаг Олхунуд, Ихирэс, Харнууд, Конклиуд, Горлос, Элжигин аймгийн хамтаар Хамаг Монголын ханлигаас тусгаар оршиж, худалдаа наймаа хийж, монгол хаад ноёдтой худ ургийн харилцаатай байв. Монголын нууц товчоонд Дай сэцэнгийн хэлсэн өгүүлэмж нь энэ аймгийн ерөнхий чиг баримжааг мэдэж болно.
"...Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцэлддэггүй.
Харь улсыг үл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хөллөж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшүүлж
Хамт суулгана.
Өөр иргэнийг үл тэмцэн
Өнгө сайт охидоо
Өлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Өл буур хөллөж
Үүсгэж одож
Өндөр суурь эзлэгчдийн
Өрөөл хань болгоно.
Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна..."[3]
Тэмүжин хан 1206 онд эсгий туургатан монгол түрэг овог аймгуудыг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулахад Хонгирад нь Алчи буюу Анчин ноён гурван мянган өрхийг захиран оршиж байв. 1217 онд Алтан улсыг дайлах дайнд Мухулайд захируулсан таван аймгийн нэгд багтаж, зүрчид, хятадыг дайлах дайнд идэвхитэй оролцжээ.
Чингис хааны зарлигаар хожмын хаад их хатнаа зөвхөн Хонгирад аймгаас авахыг гэрээслэж байсан нь уламжлагдаж Юань Улсыг мөхтөл тасралгүй үргэлжилж, Ил Хаант Улс, Цагаадайн улс, Зүчийн улсын хаад ноёд эхэндээ энэ ёсыг дагаж явсан ч, эх нутгаасаа алсран холдож, он жилийн уртад удаан сууснаар эзэлсэн орны хэл соёлд уусан шингэж, хонгирад аймгаас хатан авах ёс нь аажмаар орхигдсон.
Хожим нь Юань Улсын үед хааны ордонд жил бүр 3000 толгой шүүсний ирэг нийлүүлэх албыг хариуцаж байснаа Өлзийт хааны үеэс эхлэн 5000 толгой хонь нийлүүлэх болсон.
Юань Улсын үед тэдний нутаг нь өргөжиж, хаадын соёрхосон нутаг бэлчээр, хятад дахь идэх хот хувийн газар эзэмшил нь тэднийг улс төрд нөлөө ихтэй хүчирхэг болгожээ.
15-р зуунаас хойшх үе
засварлахДаян хааны үед зүүн гарын Халх түмний өврийн таван отогд харъяалагдах болсон. Даян хааны хөвгүүн Алчуболдын хөвүүн Хурхач Хасар ноён өөрийн таван хөвүүний нэг Буйма догшин ноёнд Хонгирад отогийг өгч захируулжээ. Энэ үед тэдний нутаг нь говийн өмнөх Хянганы нурууны орчмоор нутаглах болжээ. Манж Чин гүрэнд эзлэгдсний дараа Баарин аймагт харъяалуулав.
Одоо цагт Монгол Улсын дотор Халхын дотор овгийн байдалтай шингэж, Хятадын Өвөр Монгол, Гансү муж; 13-р зуунд дундад азид цэрэг удирдан очсон зарим хонгирадын ноёд цэргүүдийн үр хойчис нь Казахстаны Бага Жуз, Узбекистаны Каракалпак зэрэг газарт тархан суурьшжээ.
Хонгирад аймгаас гаралтай хатад
засварлах- Чингис хааны их хатан Бөртэ үжин: Дай сэцэнгийн охин.
- Зүчи ханы их хатан Өгий үжин
- Өгэдэй хааны их хатан Борогчин
- Мөнх хааны Хутагтай хатан: Дай сэцэнгийн ач хөвүүн Мангэчэнгийн (忙哥陳) охин.[4]
- Мөнх хааны Есүр хатан: Хутагтай хатны охин дүү
- Хубилай хааны хатан Тэгүлүн: Дай сэцэнгийн ач Толин ноёны охин.
- Хубилай сэцэн хааны Чаби хатан: Анчин ноёны охин.
- Хубилай сэцэн хааны Намбуй хатан
- Юйзон хуанди Чингим хунтайжийн их хатан Хөхчин
- Төмөр Өлзийт хааны Шириндарь хатан: Улужин хүргэний охин.[4]
- Шүньзон хуанди Дармабал вангийн Тажи хатан
- Хайсан хүлэг хааны их хатан Жэнгэ: Толин ноёны хөвүүн Бэнбула-гийн охин.[4]
- Хайсан хүлэг хааны бага хатан Сүхшир[5]
- Аюурбарбад Буянт хааны Анашишир хатан
- Сяньзон хуанди Гаммала жинь вангийн Буянхэрмиш хатан
- Есөнтөмөр хааны их хатан Бабухан: Анчин ноёны ач хөвүүн Олиучарын охин.[4]
- Есөнтөмөр хааны эгч дүү бага хатад Бихан[6], Сүхдарь[6]
- Тугтөмөр заяат хааны их хатан Будшир: Дивубал ван, Сэнгэраги гүнж нарын охин.
- Ринчинбал хааны их хатан Дарьитмиш хатан
- Тогоонтөмөр ухаант хааны их хатан Баянхутаг: Юйдэ ван Болдтөмөрийн охин.[4]
- Тогоонтөмөр хааны бага хатан Мунашири (木纳失里)
Хааны хүргэн болсон хонгирадын ноёд
засварлах- Чигү хүргэн[7]: Чингис хааны охин Түмэлүн гүнжийн нөхөр
- Тогочар ноён: Чингис хааны охин Толай гүнжийн нөхөр
- Очин хүргэн[7]: Тулуй ноёны охин Есүбухагийн нөхөр
- Начин хүргэн[7]: Чингис хааны ач охин Сэцэгэн (薛只干) гүнжийн нөхөр
- Нахэ хүргэн: Өгэдэй хааны охин Сорхохан гүнжийн нөхөр
- Улужин хүргэн[8]: Хубилай сэцэн хааны охин Өлзий гүнж, Нангиажин гүнж нарын нөхөр. Шириндарь хатны аав.
- Зинин жүн ван Төмөр хүргэн[8] 1277 онд Нангиажин гүнжтэй хуримласан.
- Манждай хүргэн[8]: 1290 онд Нангиажин гүнжтэй хуримлав. Нангиажин гүнжийг өөд болсны дараа Нангабула гүнжтэй хуримлав.
- Анчин ноёны ач хөвгүүн Наха хүргэн: Өгэдэй хааны охин Сорхохан гүнжтэй хуримлав.
- Лу ван Дивубал хүргэн: 1307 онд Дармабал вангийн (1264-1292) охин Сэнгэраги (1284-1332) гүнжтэй хуримласан.
- Лу ван Алижяшири[9] хүргэн: 1311 онд Дармабалын охин Доржбал гүнжтэй хуримлав.
- Төмөр хүргэний хөвгүүн Лу ван Сэнгэбул хүргэн: Төмөр Өлзийт хааны охин Пуна гүнжтэй хуримлав.
- Майжухан хүргэн: Байдаш гүнжтэй хуримлав.
- Долуобэн хүргэн[10]: Булухан гүнж, Хөхлүн гүнж нартай хуримлаж байсан.
- Хуайду хүргэн[11]: Өлзийбайху гүнжтэй хуримлав.
- Айбөх хүргэн[11]: Цайжин гүнжтэй хуримлав.
- Нинпү жүн ван Чанжи[12]: Мангэдай гүнжтэй (忙哥台) хуримлав.
- Ци ван Тутөмөр хүргэн[12]: Сэнгэбула гүнжтэй хуримлав.
- Бужир хүргэн[13]: Угэжин гүнжтэй (斡可真公主) хуримлав.[14]
Эшлэл
засварлах- ↑ Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Тэргүүн боть. т.117
- ↑ Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Тэргүүн боть. т.118
- ↑ Монголын нууц товчоо/64 дэх зүйл
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 元史/卷114/后妃一
- ↑ Анчин ноёны жич хөвүүн Харжигийн охин
- ↑ 6.0 6.1 Хонгирадын Гүн ван Майжухангийн охин
- ↑ 7.0 7.1 7.2 Дай сэцэнгийн хөвүүн Анчин ноёны хөвүүн
- ↑ 8.0 8.1 8.2 Дай сэцэнгийн ач хөвүүн Начин ноёны хөвүүн
- ↑ Лу ван Дивубалын хөвүүн
- ↑ Дай сэцэнгийн удамчир
- ↑ 11.0 11.1 Чигү хүргэний ач хөвгүүн
- ↑ 12.0 12.1 Айбөх хүргэний хөвүүн
- ↑ Дай сэцэнгийн хөвгүүн Хухугийн ач хөвгүүн
- ↑ 元史/卷118/列傳第五/特薛禪