Засагт хан аймаг
Засагт хан аймаг нь Халхын баруун гарт үндэслэж байгуулагдсан бөгөөд Манжийн эрхшээлийн үе, Богд хаант Монгол улсын үед оршин байсан Халх Монголын 4 аймгийн нэг юм.

Түүх Засварлах
Батмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн дараа түүний хатан Хатунгай Халхыг 7 хүүдээ хуваан өгөхдөө, ахмад хүү Ашихай дархан хун тайж, дэд хүү Ноёндой хатан баатар, зургадугаар хүү Далдан хүндлэн, отгон хүү Саму Буйма нарт Халхын баруун гарыг хуваан захируулжээ. XVII зууны эхээр Ашихайн ач Лайхур Халхын баруун гарын даргач болж, “хан” гэгдэх болжээ. Түүний дараа залгамжилсан хөвгүүн Субадай “Богд Засагт хан” гэж өргөмжлөгджээ. Засагт ханыг Норов, Ванчиг, Цэнгүн, Шар нар үе хан цолыг залгамжлан суужээ.
1691 оноос Манжийн эрхшээлд Халх орсны дараа Халхын уг байдалд үндэслэн 3 аймгийг албан ёсоор байгуулсны нэг нь Засагт хан аймаг юм. 1692 онд Халхын аймгуудыг гурван зам болгон хуваахад Засагт хан аймгийн хошууд нь Халхын өрнө зам хэмээн нэрлэгджээ. Тус аймагт урьдны Халхын баруун гарт багтаж байсан хошуудыг захируулсан ажээ. Засагт хан аймгийн анхны тэргүүн нь Ашихайн удмын чин ван Цэвээнжав байгаад удалгүй Ноёнтойн удмын Гэлэг-ямпил шилжүүлжээ. Тус аймгийн ноёд "Заг голын эх Бидэръяа нуурын чуулган" нийлдэг байв.[1]
Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Хан Тайшир уулын аймаг гэж нэрлэжээ.[2]
Газар зүй Засварлах
Аймгийн эрт нутаг нь зүүн тийш Онги, Шаргалжуут, баруун тийш Хар ус, Элсэн нуур, өмнөт тал нь Арцын хар тохой, умар тал нь Түйн гол хүрдэг байжээ. Газарзүйн энэ баримжааг авч үзэхдээ, зүүн өмнө зүгийг уламжилалт өмнө зүг хэмээн үзсэнээр ойлгох учиртай. Манжийн үеийн Засагт ханы нутаг нь хуучнаас зүүн талдаа өөрчлөгдсөн бөгөөд тус аймагт өнөөгийн Говь-Алтай аймгийн нутаг бүхлээрээ, Завхан, Хөвсгөл, Ховд аймгуудын нутгийн хагас, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймгийн зарим сумдын газар нутаг багтаж байв.[2]
Дэл элс, Монгол элс, Бага нуурын өмнөд элс зэрэг 150-200 гаруй км үргэлжилсэн их элснүүд оршин бөгөөд алдарт Хүйс, Шаргын говиуд энэ аймгийн нутагт багтаж байв.[3]
Засагт хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ 288.740 ам дөрвөлжин км, нутгийн урт нь 1080 км, өргөн нь 240-540 км.[3]
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Засварлах
Эхэн үедээ Засагт хан аймагт Халхын долоон хошууны баруун гарын дөрвөн хошуу багтаж байсан. 1691 онд Манжид дагаар орсноос хойш хэд дахин хуваагдсаар. 1755 онд Хойтын 1 хошууг тус аймагт хавсарган захируулжээ. 1911 онд аймаг 19 хошуу, 3 тамгатай хутагтын шавьтай байв. Гомбожавын зургадугаар үеийн ач Дашцэрэнд 1912 онд Монгол улсын Жавзандамба хутагт Богд хаан Итгэмжит засаг цол хүртээж тусгай засаг хошуу болгон Засагт хан аймагт захируулжээ.
1932 онд дахин засаг захиргааны шинэчлэлт хийгээд Алтай, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт хуваасан. Эдүгээ 2015 оны байдлаар Говь Алтай, Завхан, Хөвсгөл аймаг, Баянхонгор, Увс, Ховд аймгуудын зарим сумд болсон байна.
Засагт хан аймгийн, хошуу, отогийн нэрс[3] Засварлах
- Ахай засгийн хошуу
- Мэргэн засгийн хошуу
- Далай засгийн хошуу
- Жалханз хутагтын шавь
- Эрдэнэ дүүрэгч засгийн хошуу
- Ачит засгийн хошуу
- Цогтой засгийн хошуу
- Ялгуусан хутагтын шавь
- Сэцэн засгийн хошуу
- Баатар засгийн хошуу
- Үйзэн засгийн хошуу
- Эрдэнэ засгийн хошуу
- Сүжигт засгийн хошуу
- Дархан засгийн хошуу
- Засагт хан хошуу
- Дайчин засгийн хошуу
- Бигэр номун ханы шавь
- Илдэн засгийн хошуу
- Ёст засгийн хошуу
- Итгэмжит засгийн хошуу
- Бишрэлт засгийн хошуу
- Жонон засгийн хошуу
Засагт хангууд Засварлах
- Баяндара, 1547 онд Халхын Ашихай дархан ноёны хөвүүн болж төрсөн, Жалайр, Үнэгэд отгийг захирч хунтайж болсон.
- Лайхур хан, (1562-1637) Баяндара хунтайжын хөвүүн, 1580-1637 оны орчимд Засагт ханы аймгийг байгуулсан.
- Субадай хан, (1596-1655) 1637-1655 оны хооронд Засагт ханы орыг залгасан. Цол нь Эрдэнэ Бишрэлт Засагт хан
- Норов хан, 1655—1662
- Гомбожав хан, 1662—1664
- Ванчуг хан, 1664—1666
- Цэнгүүн хан, 1666—1686
- Шар хан, 1686—1688
- Цэвэнжав хан, 1688—1732
- Гэлэг-ямпил хан, 1732—1743
- Балдар хан, 1743—1761
- Цэвэнбалзай хан, 1761—1792
- Бунирадна хан, 1792—1823
- Манибазар хан, 1823—1840
- Цэрэндондуб хан, 1840—1877
- Доржпалам хан,1877—1898
- Содномравдан хан, 1898—1912
- Цэрэнгомбожав хан,1912—1923
Эшлэл Засварлах
- ↑ ЗАСАГТ ХАН, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ, АЛТАЙ АЙМАГ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙН ХАМААРАЛ
- ↑ 2.0 2.1 Ц.Цэрэндорж. Засагт хан аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
- ↑ 3.0 3.1 3.2 О.Батсайхан, З.Лонжид, О.Баяртөр, Л.Алтанзаяа. (2012). МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР