Буман хаан
Буман хаан нь (Эртний Түрэг бичиг: 𐰉𐰆𐰢𐰣:𐰴𐰍𐰣, Bumïn qaγan, Хятад: 伊利可汗, Пиньинь: yīlì kěhàn, Вадэ-Гилэс: i-li k'o-han, Illig khan) (?-552 он) эртний Түрэгийн Ашина овгийн Туву ноёны хүү ба 551 онд Хөхтүрэгийн хаант улсыг байгуулсан. Тэрээр эхэндээ Нирун улсын албат боол байснаа хожим нь Баруун Вэй улстай харилцаа тогтоож, Нирун улсыг хоёр талаас нь довтолж мөхөөсөн. Түүнийг зарим сурвалж бичигт Түмэн хаан гэж бичсэн байдаг.
Анх 545 онд Баруун Вэй улсын хаан Ювэнь Тай түүнд элч илгээжээ. Харин 546 онд Буман хаан баруун Вэй улсад элч илгээж, харилцаа үүсгэсэн байдаг. Тэрээр хэдэн жилийн дотор Вэй улсын тусламжтайгаар Тэлэ овгийг өөрийн мэдэлд оруулаад өөрийн эзэн Нирун улсын Амгай хаанд элч илгээж, өөрийнх нь охиноо сүйлж өгөхийг гуйжээ. Харин Амгай хаан хариуд нь, "Чи бол миний харц боол билээ. Гэтэл надад яаж ийм үг хэлэв?" хэмээжээ. Энэ явдлаар шалтаг болгож Нирун улстай харилцаагаа таслаад, бие даах бодлого баримталсан. 551 онд баруун Вэй улсын Ювэнь Тай хааны охин Чанлэ гүнжтэй гэрлээд, Вэй улстай худ ургийн холбоо тогтоожээ. 552 онд Нируны Амгай хааны цэргийг бут цохьсон. Энэ явдлын дараахан нас барсан.
Харин түүний дүү Истеми нь баруун тийш Перс, Византи хүртлэх газрыг эзэлжээ. Улмаар түүнийг хөвүүн Иссик хаан, хаан ширээг нь залгамжилжээ.
Гэр бүл
засварлах- Эцэг: Ашина Туву
- Эх: ?
- Дүү: Ашина Истеми
- Хатад: Баруун Вэй улсын Чанлэ гүнж
- Хөвгүүн: Иссик хаан
Холбоотой мэдээлэл
засварлах
Өмнөх Улс байгуулсан |
Хөх Түрэг Улсын хаан 551-552 |
Дараах Иссик хаан |