Рашид ад-Диний зохиосон судрын чуулганы мэдээг үндэслэн Х.Пэрлээ энэ нэрийг тайлбарлахдаа- "Монголоор хиад гэдэг нь уулсаас буугч догшин түргэн хүчтэй их үер гэсэн утгатай. Тийм учраас хиад нар идэрхэг эрэмгий, эрс зоригтой учир энэ үг тэдний нэр болжээ. Кияд гэдэг нь Киян (хиан)-ы олон тоо юм" гэжээ. Хамаг Монголын Хабул хааны 6 хүүхэд хийгээд түүний дүү нараас Есүхэй баатар хүртэлх үеийг цөм нуруун хиад гэж нэрлэж, Есүхэй баатар түүний хүүхдүүд Чингисийн угсаас Хиад боржигон гэдэг.

Хүннүгийн киянь, хуянь овогтон гэдэг нь хамаг Монголын хиян, хиад аймаг биш юм болов уу. Энэхүү үгийн дуудлага нь хаан “хаад” гэсэнтэй ойролцоо бөгөөд бүр Модун шаньюйн үед шүүн захирах эрхтэй хиянь, хуянь гэсэн язгууртны овог байсан тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг.