Добу мэргэн буюу Добун мэргэн (монгол:ᠳᠣᠪᠤᠨ ᠮᠡᠷᠭᠡᠨ галиг: Dobun mergen[1][2] хятад: 朶奔-篾兒干, пиньинь: Duǒ bēn-miè er gàn) нь Бөртэ чонын 10-р үеийн ач Торголжин баяны гэргий Борогчин гуагаас төрсөн отгон хөвүүн. Тэрбээр Чингис хааны дээд өвөг Бодончарын эх Алун Гуа хатны авааль нөхөр агсан. Түүнийг X зуун орчимд амьдарч байгаад 35-40 орчим насандаа таалал төгссөн байж магадгүй гэж Х.Пэрлээ гуай таамаглал дэвшүүлсэн.[баримт хэрэгтэй] "Дува сохор гэх ах нь магнай дундаа ганц нүдэт, гурван нэүридийн[3] газар харах бүлгээ."[4]

Монголын нууц товчоонд Добун мэргэнийг Алунгуатай хэрхэн хуримласныг өгүүлэхдээ:

Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дүүтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин уруу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй. Дува сохор өгүүлрүүн: "Тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё" гээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв. Добу мэргэн, тэр нүүдэлд хүрч охиныг үзвэл үнэхээр алдартай, гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алун гуа гэнэ... Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй хоёр хөвүүнийг төрүүлэв.[5]

Мөн түүний дараа ах Дува сохор нь нас барсны дараа дөрвөн хөвүүн нь тусгаарлан салж нүүснээр дөрвөн овогтон болсон.

Дува сохор ах нь дөрвөн хөвүүнтэй бүлгээ. Дува сохрыг үхсэний хойно түүний дөрвөн хөвүүн, Добу мэргэнийг авга гэж үзэхгүй доромжилж салж нүүгээд дөрвэд овогтон болов. Түүний хойно нэг өдөр Добу мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарвал, ой дотор нэгэн урианхай хүн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж, "Нөхөр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хүн уушги зүлд ба арьсыг өөрөө авч, бусдыг цөм Добу мэргэнд өгөв. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хүүхдээ хөтөлсөн нэгэн ядуу хүн учрав. "Чи юун хүн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хүн өгүүлрүүн: "Би Малиг баяудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье" гэвэл, Добу мэргэн зөвшөөрч, бугын өрөөсөн гуяыг тэр хүнд өгөөд хөвүүнийг авч ирж гэртээ зарцлах болов. Тэгж байтал Добу мэргэн үгүй болов. Добу мэргэнийг үгүй болсны хойно түүний гэргий Алун-гуа бэлбэсэн бөгөөтөл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хөвүүнийг төрүүлэв.[6]

Добун мэргэнийг Чингис хаантай мах цусны шууд хамааралтай гэж үзэх боломжгүй мэт боловч тухайн үеийн хүмүүс ямар нэг сэжимээр холбож бичсэн нь өнөө цагийн бидэнд уламжлагдан иржээ. Добун мэргэн, Алунгуа хатан, гэрлээс төрсөн гурван хөвүүний талаар эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний өгүүлэл бичснээс гадна гадаадын болон монголын цөөнгүй зохиолчид үлгэр туульсийн шинжтэй тууж, роман бичсэн нь олон хүний анхаарал татахуйц сэдэв болдог.

  1. Т., Дашцэдэн (2009). "Монголын нууц товчоон"-ы галиг (2 дахь хэвлэл ed.). Улаанбаатар: МУИС. pp. 16–18.
  2. ""Монголын нууц товчооны" Ширатори Күракичи-гийн галиг §3".
  3. МНТ-ны эхэд "3 нэүридийн газар" гэж байдаг. Ц.Дамдинсүрэн гуай "3 нүүдлийн газар" гэж хөрвүүлсэн. 3 нүүдлийн газар нь 60 орчим км болно.
  4. Т., Дашцэдэн (2009). "Монголын нууц товчоон"-ы галиг (2 дахь хэвлэл ed.). Улаанбаатар: МУИС. p. 17.
  5. "Монголын нууц товчоо: 5-10-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2023-12-06.
  6. "Монголын нууц товчоо: 11-17-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2023-12-06.