Үеэр
Үеэр (хятад: 吾也而, пиньинь: Wú yě ér, перс: ویار وانشی, Ūyār Wānshī) (1163-1258 оны 10 сарын 4) нь Их Монгол Улсын салжууд аймгаас гаралтай, түмтийн ноён. Түүний нэрийг Юань улсын сударт ханзаар Үеэр, Үер (吾也而) гэсэн бол Судрын чуулганд Хархиданы Уяр ваншай[1] гэж бичжээ. Тэрээр Салжууд аймгийн Торхучар (圖魯華察, Tú lǔ huá chá)-ийн хөвгүүн. Төрх байдал нь сүрдэм, бэлхүүс нь уужим.[2]
Түүх
засварлах1211 оноос Алтан улсын эсрэг дайнд Зэв ноёныг дагаж Алтан улсын зүүн нийслэлийг довтлон эзэлж, 1215 онд Мухулай ноёны удирдлага дор Алтан улсын хойд нийслэлийг довтлон эзэлж, тус хотыг сахин суух даргач болсон. 1216 онд урьд дагаар орсон Жинжоу хотын даргач Жан Жи бослого гаргасныг дарсанд Мухулай ноён сайшаан арван морь, таван хуягаар шагнуулав. 1217 онд урьд дагаар орсон Шинжоугийн даргач Жун-эр бослого гаргасныг цэргийн хүчээр дарав. 1220 онд Мухулай ванг дагаж Алтан улсын Шаньдун мужийн Дунпин, Шаньси мужийн Яньань хотыг эзлэн, дайсны хоёр жанжныг олзлов. 1222 онд Яньанийг эргүүлэн эзэлж, улмаар Жяжоу, Вэйжоу хотуудыг эзлэв. 1223 онд Булу вангийн хамтаар Тангудыг довтлон сайн байлдсан тул 5 морь, 1 хуягаар шагнуулав. 1226 онд цэрэг удирдан Иду хотыг довтлон, 2 жилийн дотор 30 гаруй хот тосгодыг эзлэв.
1229 онд Саритай хорчийн хамтаар Ляодуныг довтлон 1231 онд Саритай хорчийг дагаж Гуулин улсад довтлон 10 гаруй хотыг эзлэн, тус улсыг буулгаж аван Гуулин улсын вангийн хөвгүүнийг данж болгон Монгол руу илгээв. 1241 онд Бэйжин, Дунжин, Гайжоу, Пинжоу, Тайжоу, Кайюань фу зэрэг 7 хотын цэргийн ерөнхий жанжнаар (征行兵馬都元帥) томилогдов. 1251 онд Мөнх хааныг, хаан болох хуралдайд очиж, дорно зүгийн харьяа мужуудын талаар хэлэлцэж, хаантай хамт найрлан цэнгэжээ. 1257 онд Үеэр ноёныг их хуралдайд ирэхэд нь өрөвдөж, Чингис хааны үеэс нааш үнэнчээр зүтгэсэн өтгөс хэмээн хүндлэн албан тушаалаас чөлөөлж, дунд хөвүүн Ахайд нь албан тушаалыг нь шилжүүлжээ. 1258 оны намар 10 сард түүний гэрт тэнгэрээс солир унаж хэдэн бээрт гэрэл гялбасанд, Үеэр ноён хэлсэн нь: "Миний цаг болжээ" гэв. Маргааш өдөр нь 96 насандаа таалал төгсжээ.
Үеэр ноён дөрвөн хөвгүүнтэй байсны нэгийг нь Жали (霅禮, ?-1308), бас нэгийг Ахай (阿海) гэдэг байсан. Жали нь Өгөөдэй хааны үед Бэйжин зэрэг чөлгөөний даргач байсан. Ахай нь эцгийнхээ цол, албан тушаалыг өвлөж авсан.
Эшлэл
засварлах- ↑ Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган (1-р боть). Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. pp. 306, 403.
- ↑ "元史/卷120 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-07.