Мэнлиг, Мэнлиг эцэг, Мунлиг нь Хамаг Монголын Есүхэй баатрын шадар нөхөр байснаа сүүлд Их Монгол Улсын нэгдүгээр мянганы ноён болж, Чингис хаан түүнийг эцэг хэмээн хүндэлж байсан хүн. Хамаг Монголын Хонхотан овгийн Чирха өвгөний хөвгүүн, Тэв тэнгэр зайрангийн эцэг. Түүний нэрийг Монголын нууц товчоонд "蒙力克᠌ 額赤格[1] (​Münglig ečige[2])", Судрын чуулганд "Мунлик"[3] гэж бичдэг.

Товч түүх

засварлах

Тэр бол Хонхотаны Чирха өвгөний хөвгүүн бөгөөд Есүхэй баатрын харьяат албат нь байсан. Есүхэй баатрыг Цэгцэрийн шар талд Татар аймгийнханд хорлогдож ирсний дараа, Тэмүүжинийг Хонгирад аймгаас буцаан авч ирсэн. Мөн энэ үеэр түүний аав Чирха өвгөн Есүхэйн албат өрхүүд хаяж нүүхийг болиулах гэж байгаад жадлуулсан. Есүхэй баатрын гэрээсээр хатад хөвүүдийг нь хэсэг хугацаанд асарч явсан тул Чингис хаан хожим түүнийг "эцэг" хэмээн хүндлэдэг болсон нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн. Гэхдээ төдөлгүй Мэнлиг нь өөрийн өрхөө дагуулан Жадараны Жамухыг бараадан Өэлүний өрхийг хаяж нүүгээд Даланбалжудын 13 хүрээний байлдааны дараа Жадараныг хаяж, Чингис хаанд дагаар орж, Хэрэйдийн ханлигтай залгаа нутагт нутаглах болсон. 1203 онд Чингис хаан Хэрэйдийн Ван ханы нутаг руу багалзуур идэхээр[4] явах замдаа Мэнлиг эцгийн гэрт нэгэн шөнө хоноглохдоо Мэнлиг эцгийн зөвлөгөөг дагаж зам зуураас буцсан зөв алхам болжээ.

1206 онд Их Монгол Улсыг тунхаглахад Мэнлиг эцэг, хөвгүүд Хөхөчү зайран, Толун чэрби, Сүйхэтү чэрби, Суту ноён нар нь мянганы ноён болж баруун, зүүн гарын түмэнд харьяалагдаж, алтан ургийн дараа орох хүчирхэг гэр бүл болсон. Хөхөчү нь "Тэв Тэнгэр зайран" гэж түмэнд алдаршиж, төрийн зайран болоод 1210-аад оны үед Хасар, Тэмүгэ отчигинтой албат өрх булаацалдан тэмцээд нуруугаа хугалуулж амь үрэгдсэн үеэс тэдний гэр бүлийн нэр алдар нь дарагдаж эхэлснээр Мэнлиг эцгийн хэзээ нас барсан нь тодорхойгүй үлдсэн.

  • Аав: Чирха өвгөн

Хөвгүүд

засварлах
  1. Сүйхэтү чэрби
  2. Толун чэрби
  3. Хөхөчү зайран
  4. Турухан[5]: Толун чэрбигийн хамт мянганыг захирагч
  5. Суту ноён
  6. Дайр ноён[6]: Чингис хааны Өгэдэйд соёрхсон мянганы ноён
  1. "音訳蒙文元朝秘史/巻二-1 - Wikisource". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2024-08-15.
  2. Т, Дашцэдэн (2009). Монголын нууц товчооны галиг (2 ed.). Улаанбаатар. p. 253.
  3. Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 153.
  4. Бэр гуйхыг хэлдэг эртний үг
  5. "Монголын нууц товчоо: Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь". www.mongolian-art.de. Татаж авсан: 2024-08-15.
  6. Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 405.