Өгэлэн чэрби (хятад: 斡歌連, латин галиг: Öġölen[1]/Öġelen[2]), Эгүлэ чэрби[3], Өгэлэй чэрби[4] нь Монголын Арулад аймгийн Наху баяны хөвүүн, Боорчугийн дүү, Чингис хааны хишигтэн цэргийн чэрби тушаалтан. Монголын нууц товчооны 120-р зүйлд "... Boγ̇orču-jin ​​deġü​ Öġölen-Čerbi​ Arulad-ača​ qaγačažu​ ​​aqa-dur(i)-jan Boγ̇orču-dur​ ​​neilen irebe-kü..."[1] (Боорчугийн дүү Өгэлэн чэрби Аруладаас хагацаж ахдаан Боорчуд нийлэн ирвэй хө.) гэж анх тэмдэглэснээр түүний нэр түүхэнд бичигдэж эхлэсэн. 1204 онд Чингис хаан Найманыг дайлахын өмнө Халхын ор нугын хэлтгий хад гэдэг газарт цэргээ хуваарилж, 80 хэвтүүл, 70 турхаг нийт 150 хишигтнийг байгуулах үед Өгэлэныг чэрби болгож, мөн 70 турхагийг захируулж, Баруласын Худус халчинтай (Хубилай ноёны ах) зөвлөх зарлиг буулгав. Ингэснээр томилсноор хишигтний анхны зургаан чэрбигийн нэг болсон.

1206 онд Их Монгол Улсыг тунхагласны дараа хишигтэн цэргийг өргөтгөн шинэчлэл хийхдээ урьд байсан 70 турхагийг 8000 болгосноос 1000 турхагийг Өгэлэн чэрбид захируулжээ.

1236 онд Өгэдэй хааны зарлигаар Алтан улсын эзлэгдсэн нутгаас Гуанпин чөлгөөний (廣平路) 15807 өрхийг соёрхол болгож шагнажээ.[5] Түүний хэзээ нас барсан нь тодорхойгүй.

  1. 1.0 1.1 Күракичи, Ширатори. "音訳蒙文元朝秘史/巻三-2 - Wikisource". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2024-02-22.
  2. Т, Дашцэдэн (2009). Монголын нууц товчооны галиг (2 ed.). Улаанбаатар: Битпресс ХХК. p. 62.
  3. ., Лувсанданзан (2006). Алтан товч. Улаанбаатар. pp. 75, 131.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. ., Жамба (2006). Асрагч нэртийн түүх. Translated by Д, Заяабаатар. Улаанбаатар. p. 31.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  5. Юань улсын судар, 95-р дэвтэр