Хулан (? - 1225?) бол Увас Мэргидийн Дайр Усуны охин бөгөөд Чингис хааны дөрөв дэх хатан юм.

Хулан хатны тухай мэдээ түүхэнд анх Чингис хааны их цэрэг Найманы Таян ханыг ялж, түүний улсыг хураасны дараах Мэргидийн үлдэгдэлийг бут ниргэх үетэй холбогддог. Түүний эцэг Дайр усун бол Гурван Мэргидийн доторх увас Мэргидийн эзэн бөгөөд Буур хээрийн тулалдааны үед увас мэргэд аймгийг захирч байсан томоохон ноёдын нэг юм.

Монголын нууц товчоонд дурдахдаа: "Мөн хулгана жилийн (1204 он) намар ... мэргид иргэнийг эзлэхэд увас мэргидийн тэргүүлэгч Дайр-Үсүн гэгч хүн өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридайн Наяа ноёнд Дайр-Үсүн учирч өгүүлрүүн: "Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна." гэвэл Наяа ноён өгүүлрүүн: "Охины чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очьё. Чи намайг гурав хоног хүлээ." гэж дуртгаж хүлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Үсүн хоёр Хуланг авч Чингис хаанд хүргэв. Наяа ноён гэртээ гурав хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод машид хилэгнэж " Чи энэ бүсгүйг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ?" гэж чанга тулган асууж, засаглан шийтгэх гэж байтал Хулан өгүүлрүүн: "Надад Наяа ноён хэлэхдээ, би хааны их ноён билээ. Бид хамт бараалхаж очьё, зам зуур цэргүүд самуурч болзошгүй гэж ятгасан. Хэрэв Наяа ноён учирч туслаагүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох биш үү. Энэ Наяа ноёнтой учирсан нь сайн болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбодийг минь шалгаж үзтүгэй" хэмээжээ. Тэмүжин, Хулангийн үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул түүнийг хатан суудалд залж, соёрхон таалжээ. Наяа ноёны үг бас үнэн байж таарсанд: "Үнэн үгтэй, шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая" гээд өршөөж соёрхжээ.[1]

Харин Лувсанданзаны зохиосон Алтан товчид дурдахдаа: Тэрбээр энэ үед өрлөг жанжиндаа хандан: " Хар багаас сүй тавьж ханилсан хатан Бөртэ бол сайн язгуурт эцгийн минь ханилуулсан халуун журамт хань минь билээ. Дайн тулааны талбараас хатан Хуланг олсон билээ би. Одоо орон гэртээ харьж буцахын цагт хатан Бөртэтэйгээ уулзахад хүнд байна. Тиймээс есөн та нарын хэн нэг нь түрүүлэн очиж, миний өмнөөс хатан Бөртэд учир явдлыг тайлбарлана уу" хэмээн хүсээд, Мухулайг явуулсан байна. Эзнийхээ даалгаврыг биелүүлэхэд Мухулайд мөн л халуухан байсан тул хаан эзнээ өчүүхэн ч хаацайлалгүйгээр: "Хаан маань ёс заншлыг ч дагалгүй, сайд жанжин нарынхаа татгалзахыг тоолгүйгээр царайны сайхан, барсын арьсан гэрийн өнгөнд автжээ. Тэгээд ёсыг ч гүйцээлгүй тэр дороо Хулан хатантай дэр нэгтгэсэн" хэмээн өгүүлж орхижээ. Гэтэл хариуд нь Бөртэ хатан: "Өчүүхэн миний хүсэл сэтгэл ч, хүн ардын зориг эрмэлзэл ч, бүгд л их эзний хүсэл соёрхолд захирагдана" хэмээн өгүүлээд: "Хаан хэнтэй нөхөрлөж, хэнтэй холбоо тогтоохыг түүний өөрийнх нь соёрхол мэдэх бизээ" хэмээгээд хэсэгхэн бодолхийлсний эцэст нь: "Эзэн харин шинэ хатандаа шинэ орд өргөө барьж өгөх болтугай" гэжээ.

Тэмүжин энэ үгийг дуулаад нуруун дээрээс нь нэг их ачаа авч хаясан мэт сэтгэл даруй хөнгөрч, Хулан хатанд асар өргөө, гэр тэрэг, адуу мал тасалж, шадар хүмүүс гаргаж өгөөд тусад нь буулгаж, өөрөө Онон мөрнийг сэтгэл тэнүүн зорьсон байна. Ийнхүү Хулан хатан энэ үеэс их хатан Бөртийн удаах байрыг эзлэн суух болжээ. Хулан хатан төрөлхийн цэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн гоо, ариун нандин байсан тул төрийн их хатан Бөртэ ч түүнийг хүндэтгэн таалж:

"Эрэг мөрөнд хун галуу олон гэнэм

Эрхийгээ чинэтэл намнахаа

Эзэн минь мэдэх буй за

Энэ их улсад

Эмс охид олон гэнэм

Эрэн аваачихыг

Эзэн минь өөрөө мэднэм зэ" хэмээсэн байдаг. Хулан хатандаа маш их хайр халамжтай байжээ. Сайр хээрийн Харилт нэрт газар тусгай орд өргөө байгуулсан ба түүнийг хариуцаж байсан нь Хулан хатан байв. Чингис хаан хойшдоо ч олон татвар эмс түүний дотор хятад, перс газрын гүнж нарыг авч байсан ч ганц Хулан хатнаа бусдаас илүү хайрладаг байжээ. Хэдийгээр Хулан хатны удам угсааныхан өөрөөс нь урваж одсон ч, мэргэдүүдийг толгой дараалан хядсан ч гэлээ Тэмүжин Хулангийн ахын амийг өршөөгөөд зогсохгүй, бие хамгаалах торгон цэргийнхээ нэг ангийг итгэл удирдуулжээ.

Судрын чуулган, Юань улсын судар зэрэг анхдагч эх сурвалжуудад Хулан хатныг, Чингис хаанд Хүлгэн нэртэй хүү төрүүлсэн тухай тодорхой тэмдэглэжээ. Лу.Алтан товчи зэрэг 17-р зуунд бичигдсэн Монгол сурвалж бичигт Хөлүгэ нэрт гүнж төрүүлэв гэж бичсэн харагддаг.. Тэрээр баруун зүг сартуул иргэнд дайлаар мордоход мөн дагалдан яваад, Хиндикүшийн нуруунд таалал төгсчээ. Хулан хатны захирсан ордыг Саарь хээрийн харилт дахь орд, хоёрдугаар орд гэх зэргээр Юань улсын сударт өгүүлжээ.

  1. "Монголын нууц товчоо" УБ., 2017. орчуулсан Ц.Дамдинсүрэн. т.151-152. 197-р зүйл.