Мухулай (бас Мухали, Мукали, Мохули, Мухури гэх мэтээр бичдэг) (1170-1223) нь Чингис хааны доорх хүндэт захирагч бөгөөд итгэмжлэгдсэн хүн болсон монгол жанжин ("боол" ("bo'ol") - албаны "үүрэг хүлээсэн нэгэн") байв. Монголчуудад үнэнч байх тангараг өргөсөн жалайрын ахлагч Гүүн-Увагийн (Gü'ün-U'a) хүү тэрээр Их Хаан болон Монголын эзэнт гүрэнд тууштай, чадварлаг зүтгэснээрээ олсон "Битүү нэгэн" (үг дуу цөөн, гүн бодлоготой) гэх утгатай "Мухали" ("Muqali") (энэ нэрийг одоо "Мухулай" гэж бичиж байна) хэмээх нэрээр алдаршжээ.

Алтан улс руу довтлох үед Мухулай Чингис хааны хоёрдугаар тушаалтны үүргийг гүйцэтгэж, Хятадын амбан захирагчаар дэвшсэн ба Чингис хаан Төв Азийг байлдан дагуулахаар мордсоны дараа түүнд бие даасан байдлын асар их эрх олгосон байна. Аливаа давуу талыг олж авахын тулд үй олноор хөнөөхөд бэлэн байсан олон монгол удирдагчдаас ялгаатай нь Мухулай ихэвчлэн эвлэрлийн арга замаар дайснуудаа найз нөхөд болгохыг оролддог байлаа.

Өгэдэйн хаанчлалын үед (1229-1241) түүнийг монгол жанждын ер бусын авьяаслаг хэсгийн шилдэг нь гэж үздэг байв. Маш хязгаарлагдмал нөөцтэй байсан ч ялагдал хүлээгээгүй амжилтыг нь авч үзвэл түүнийг түүхэн дэх хамгийн агуу цэргийн жанждын нэг гэж тооцож болох юм. Тэр "маргаангүй Монголын тэргүүлэх зүтгэлтнүүдийн нэг бөгөөд дээд удирдагч" байсан. Түүний орон нутгийн хэргийг шийдвэрлэхдээ мэргэн ухаантайг нь онцлон тэмдэглэсэн байдаг.

АмьдралЗасварлах

Гүүн-Увагийн гуравдугаар хүү Мухулай нь боржигин монголчуудын үе дамжсан хамжлага болох Жалайр аймгийн "Цагаан" овогт ("White" clan) төржээ. Анх Боржигины салбар жүрхин нартай холбоотой байсан Мухулайн аав, авга ах нар 1197 онд жүрхин нарыг ялах үед нь Тэмүжинд (Чингис хааны жинхэнэ нэр) үнэнч байхаа тангарагласан. Гүүн-Ува өөрийн хүү Мухулайг Тэмүжинд хувийн боол (өмч боол (emčü bo'ol)) болгон өргөв. Чингис хааны хэд хэдэн зарц хожим түүний армийн чухал албан тушаалд томилогдсон, тухайлбал Зэлмэ балчир хүүхэд байхдаа тангараг өргүүлж Чингисийн боол болон өгөгдсөн ба хожим мянгатын ноёны албан тушаалд дэвшсэн байна. Чингис хааны зарц байх хугацаандаа Мухулай Чингис хаантай их дотно болсон байх. Энэ дотно харилцаа нь түүнийг Чингисийн хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг болоход хүргэжээ.

1206 онд Чингис хааныг хаан ширээнд залах үеэр Мухулайн тусламжийг эргэн дурсаж, түүнийг гуравдугаар түмний (мянгатын?) ноёны албан тушаал болон зүүн жигүүрийн мянгатуудын дээрх удирдлагаар шагнасан байна. Тэрээр дараа нь Алтан улсын эсрэг хийсэн аян дайнд, тэр дундаа 1211 оны Ехулингийн тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ тулалдаан нь Хойд Хятад дахь зүрчин нарын удирдсан Алтан улсын эсрэг Монголын байлдан дагуулалтын эхний үе шат дахь шийдвэрлэх тулалдаан байв.

Чингис хаан Хорезмын эзэнт гүрэнтэй дайтахаар шийдсэнийхээ дараа Мухулайг Хойд Хятадыг захирах амбан захирагч болгон үлдээсэн ба түүнд Чингис хааны армид өөр хэнд ч өгөөгүй гуй он (gui ong) буюу го вангийн (kuo-wang) хэргэм олгож, мөн монголчуудын хэрэглэж байсан хятад цол болох тайшийн хэргэм олгожээ. Чингис хаан Монголын гол хүчний ихэнхийг салган холдуулж, Өрнө зүгт аваачсанаас үл хамааран, хэдийгээр зарим түүхчид түүний гадаадын туслахуудыг тооцон 40,000 ба 70,000-ын хоорондох хүний тоо өгдөг ч Мухулай ойролцоогоор 20,000 монголчууд бүхий бага хүчээрээ Хойд Хятадын ихэнх хэсгийг захирч чадсан болой.

1217 онд Мухулай Алтан улсын хяналтад байсан одоогийн Хэбэй муж, хойд Шаньдун муж, хойд Шэньси муж руу дайрчээ. Энэ бол 1219 он гэхэд Мухулайн үндсэндээ захирч байсан чухал газар тариалангийн бүс байв. 1220 онд Мухулай Шаньдун мужийн бусад хэсэгт анхаарлаа хандуулж, нэг хэсгийг нь эзлэн авав; дөрвөн хотыг эзэлсэн боловч хүчтэй шахагдсан Алтан улсын цэргүүд мужийн өөр газрыг тогтоон барьж чаджээ. Тулалдааны талбарт Мухулайгаас хэд хэдэн аймшигт ялагдал хүлээсний дараа Алтан улс өөрсдөд нь хотуудаа тогтоон барьж, Мухулайн хүчин чадлыг тэсвэрлэн давж байж түүний эсрэг зогсох цорын ганц найдлага үлдсэнийг мэдсэн ажгуу.

Сүүлчийн цэргийн ажиллагаа ба үхэлЗасварлах

Мухулайн сүүлчийн цэргийн ажиллагаа 1220-иод онд болсон. Тэр 1221 оны дунд үед Ордосоор дамжин өнгөрч, жилийн үлдсэн хугацааг хойд болон төв Шэньси дахь гол хотуудыг эзлэхэд зарцуулжээ. Тэрээр Шар мөрнийг гатлан Шэньсид хүрч, эхний ээлжинд стратегийн ач холбогдол бүхий Цзячжоуг (Chia-chou) 1221 оны 11-р сард эзлэн авав. Тэр үед дараагийн саруудад нь тэрээр хойд болон баруун Шэньси дахь Алтан улсын гол цайзуудыг эзэлжээ. 1222 оны хавар тэр Лохэ голын ойролцоох байлдааны бүсээс Шар мөрнийг мөсөн дээгүүр дахин гаталж, Шаньси дахь олон хот, тэр дундаа Сычжоу (Hsi-chou), Тайчжоуг (Tai-chou) эргүүлэн авав. Дараа нь тэрээр Шэньси, Ганьсуг (Kansu) Монголбухад (Mönggü Buqa) хариуцуулан үлдээж, гол цэргийн хамт Юйчжоу (Yü-chou) руу, тэндээс Цзычжоу (Chi-chou) руу хөдөлж, Фыньшуй голын хөндий дэх Алтан улсын бүх цайзыг эзэлсэн байна. Тэр дараа нь 1222 оны сүүлээр стратегийн ач холбогдол бүхий Хочжуныг (Ho-chung) авч, голын дагуух чухал хотуудыг эзлэв. Гэсэн хэдий ч Цзынцзяо (Ching-chao), Фынсян (Feng-hsiang) хотууд эсэргүүцэн тэмцэлджээ. Шар мөрний хоёр талд байр сууриа бататгаж байхдаа тэр хүндээр өвдөж, 1223 оны хавар 53 насандаа таалал төгсөв. Нас барах үедээ Мухулай хэзээ ч ялагдаж байгаагүй гэдгээ бахархалтайгаар мэдэгдсэн. Гэхдээ Өгэдэйг хаан ширээнд залрах үед Хятад дахь монгол цэргийн бүлгүүд олон тооны бүтэлгүйтэлд өртсөн явдал нь 1232 онд Сүбээдэй, Толуй нарыг Монголын гол хүчний хамт илгээх хүртэлх Алтан улсын хувь заяаны бяцхан сэргэлтэд хүргэжээ.

Гадаад төрх байдал ба гэр бүлЗасварлах

Чжао Хун түүнийг "өгөөмөр, найрсаг байдалд дуртай бөгөөд түүний тухай хөгжилтэй хэрэг явдлууд Сүнгийн элчийн тайланд хадгалагдан үлдсэн байдаг" гээд долгиолсон хэлбэр бүхий сахалтай, бараан царайтай, маш өндөр хүн гэж тодорхойлжээ.

Түүний их эхнэрийг Лай-мань (бас Лай-ам (Lai-am), Найман (Naiman), Бухалун (Buqalun) гэх мэтээр бичсэн нь бий) гэдэг. Тэрээр өөр найман эхнэртэй байсан бөгөөд тэдгээрийн дөрөв нь монгол, дөрөв нь зүрчин хүмүүс байв. Түүнийг нас барсны дараа Чингис хаан Мухулайн хүү Болуд (бас Булу, Бол, Богол, Боол (Bo’ol) гэх мэтээр бичсэн нь бий) албан тушаалыг нь өгчээ. Болу Тас (Taš), Сүгүнчаг (Süγunčaq) (бас Сүгүнчак, Сугунча гэх мэтээр бичсэн нь бий), Баатар ноён (Ba’atul noyan), Бай Инал (Bai Inal) (бас Буйнан гэж бичсэн нь бий), Эмгэн (Emegen), Өвгөн (Ebügen), Аркис (Arkis) (бас Аргис, Архис, Алихиши гэх мэтээр бичсэн нь бий) гэсэн долоон хүүтэй байсан. Тас (мөн Чалаун (Čalawun) гэж нэрлэдэг) нь Мухулайн хайртай ач хүү байсан ба го вангийн (gui ong) цол түүнд шилжжээ.

Үлдсэн өвЗасварлах

Түүнд аль эрт 1320-иод оноос хойш олон шагнал нэхэн хүртээсэн. Түүнийг нас барсны дараа Мухулайн үр сад монголчуудын Их Хаанд, ялангуяа Толуйн удмынханд алба хааж байсан: тэдний дундаас Доржбал (Dorjibal/Dorjeban), Дорж (Dorǰi) нар нэр алдартай байв. Түүний хойч үеийнхнээс Аньтун, Байжу гэх мэт цөөн тооны хүн хожим Чингис хааны ач хүү Хубилай хааны байгуулсан Юань улсын Күнзийн суртлын нэр хүндтэй түшмэд болжээ. Мухулайн уг сурвалж болсон жалайр аймгийн гишүүд Толуйн удмын Хүлэгүгийн харьяат албатын хувиар Персийг байлдан дагуулахад оролцсон ба хожим Хүлэгүгийн улс задран унасны дараа Багдадаас засаглаж байсан Жалайрынхны угсаа залгамжлалыг үндэслэсэн аж. Өөр нэг үр удам нь болох Нагачу Юань улсын уналтаас тэсэж үлдсэн агаад Мин угсааныхны дор өөрийн эрх мэдлийг хэвээр хадгалсан юм.

Мухулайг гайхалтай удирдагч бөгөөд "Чингис хааны шийдвэрүүдэд бодит нөлөө үзүүлж чадсан маш цөөхөн хүмүүс"-ийн нэг гэж үздэг. Хойд Хятадад цэрэглэн дайтсан долоон жилийн дотор тэрээр Алтан улсын нутаг дэвсгэрийг зөвхөн Хэнань муж болгон багасгасан байдаг. Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дахь Чингис хааны хөшөөний хажууд Мухулайн хөшөө Боорчитой хамт бий.

Мөн үзэхЗасварлах