Эзэн Хороо (монгол бичиг: ᠡᠵᠡᠨ ᠬᠤᠷᠤᠭᠠ) гэдэг нь Чингис хаан болон түүний дөрвөн хатдын сүнс, сүлдийг тахидаг тахилгын онгон бөгөөд, заримдаа "Чингис хааны онгон" (ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨᠤ
ᠤᠩᠭᠤᠨ
), "Ерөнхий шүтээн", "Эзний найман цагаан гэр"[1][2], "Найман цагаан гэр"[3], "Цагаан гэр"[4][5] гэж нэрлэж байсан.

Страленбергийн 18-р зууны үеийн "Great Tartary" газрын зураг дээрх "Karakoſchun буюу Их алдар цуутай Чингис хааны булш"-ыг өмнөд "Ordus"-д харуулсан дэлгэрэнгүй.
Charles-Eudes Bonin-ийн 1897 оны Эзэн хорооны гэрэл зураг.

Чингис хаан 1227 онд Тангуд улсыг мөхөөгөөд 8 дугаар сард нь нас нөгчихөд алтан шарилыг нь хамгаалан монголын уламжлалт ёсны дагуу эх нутагт нь хүргэн явах зам зуур Ордосын Мунын хөөвөр гэдэг газар шарил ачсан тэрэг саатсанд, Сөнидийн Гилгүдэй баатар тэрэгний өмнө өчил өчсөнд тэрэгний дугуй шавраас гарахад Чингис хааны өмссөн цамц, өргөө гэр, өрөөсөн оймс зэргийг тэнд онголж Чингис хааны шүтээн тахилгын онгон анх үүсэн байгуулж “ерөнхий шүтээн” гэж нэрлэх болжээ. Чингис хааны жинхэнэ шарилийг Бурхан Халдуны өвөр Хүрэлхү гэдэг газар оршуулж хамаг улсын шүтээн болгон тахисан байна.

Өгэдэй хааны үед Хархорумд тахилгын ордон байгуулж, нэгэн удаа тахихдаа ноёдын дөчин гоо охидыг сонгож Эзэн Богдын араас дагуулж оршуулсан тахилгын зан үйл болжээ. Хубилай хааны үед Шанду хотын Бумбатын хөндий гэдэг газар тахилга үйлдэж байжээ.[баримт хэрэгтэй] Дараа нь Дайду нийслэл хотод дээдсийн тахилгын 8 сүм байгуулж Есүхэй баатар тэргүүтэй өвөг дээдэстээ шүтлэгийн ордон байгуулсныг "Найман цагаан ордон" гэж нэрлэх болсон нь яваандаа "Найман цагаан гэр", "Цагаан гэр", "Эзний найман цагаан гэр", "Эзэн Хороо" хэмээх нэрс үүсэх үндэс болсон.

Юань Улсын үед "Чингис хааны дөрвөн их орд", "Найман цагаан орд" гэдэг нь хоёр тусдаа байгууламж байсан. Чингис хааны дөрвөн их ордос нь Хархорум төвтэй Монгол нутагт байсан бөгөөд алтан ургийн жинь ван цолтой ханхүү нар монгол нутгийг захирахаас гадна уг дөрвөн ордын тахилга, хятад нутаг дахь соёрхолын газраас ирэх татварын эд бараа, мөнгөнд хяналт тавих, зарцуулах үүрэгтэйгээр ерөнхийд нь хариуцдаг байсан. Харин Найман цагаан орд хэмээх нь Дайду хотод Хубилай хааны байгуулсан хятад, монгол ёсыг хольсон өвөг дээдсийн тахилгын сүм юм.

1292 онд Хубилай хааны зарлигаар ач хөвгүүн Гамалад жинь ван цол өгөхдөө "...Чингис хааны дөрвөн их орд, цэрэг морь, Монгол улсын бүх газрыг..."[6] захируулан суулгажээ. Юань улсын сударт дөрвөн их ордост их хэмжээний мөнгө, торго тусламжаар өгч байсан тэмдэглэл цөөн удаа тэмдэглэжээ.

Найман цагаан ордыг 1263-1266 онд дараах найман гэр өргөөтэй байгуулахдаа дараах байдалтай байв.

  1. Есүхэй баатрын 1-р гэр[7]
  2. Чингис хааны 2-р гэр[7]
  3. Өгэдэй хааны 3-р гэр[7]
  4. Тулуй хааны 4-р гэр[7]
  5. Хааны авга Зүчийн 5-р гэр[7]
  6. Хааны авга Цагадайн 6-р гэр[7]
  7. Гүюг хааны 7-р гэр[7]
  8. Мөнх хааны 8-р гэр[7]

Юань Улсын сүүлээр олон хаад хатад солигдсоор анхны найман цагаан гэрээс гадна нэмж 10 гаруй хаадын орд гэр бүхий тахилын онгон байгуулагдсан.

1368 онд Юань Улс мөхөж монголчууд Бээжингээс ухран уугуул нутагтаа буцснаас хойш Найман цагаан гэр, Дөрвөн их орд хоёр нь нэгдэж нэг бүтэцд хамаарах болсон. 1439 он хүртэл 70 гаруй жилд Найман цагаан гэрийн тухай мэдээ сураг алдарснаа Тогоон тайш бүх Монголыг дахин нэгтгэсний дараа Найман цагаан гэрт ирж тахилга хийн, Монголын хаан болохоор горилоод алагдаж байгаа тухай Алтан товч, Эрдэнийн товч зэрэг сурвалжид гардаг. Чухам энэ үеэс Монголын хаан сэнтийд залрах ёслолыг Чингис хааны онгон шүтээний өмнө зохион байгуулж, хаан цолоо баталгаажуулдаг ёс 1636 он хүртэл мөрдөгдөж байсан. Монгол нутагт ирсэн Найман цагаан ордосоос Чингис хаан, 4 их хатдын цомцог ордон үлдэснийг нийлүүлж, Ордос түмэн хариуцан тахисаар байжээ. XVI зууны эхэн Даян хааны үед Монголын ноёрхлын төв дахин говийн өмнө шилжихэд Ордос түмэн дагалдаж, Хатан голын Бортохойд нутаглахад Эзэн Хороо зэрэг олон шүтээн, өнөөгийн нутагт ирж нутаглах болов.

Чингис хааны Найман цагаан орд зэрэг шүтээн нь тухайн үед Ордосын Арвас, Алаг уул, Харгуна ханы өвөр, Вангийн голын Их зуу зэрэг олон газраар нүүн шилжиж 1649 онд Ордос зүүн гарын дундад хошууны (бас Жүн вангийн хошуу гэдэг) Баянцанхагийн голын хөвөөнд хадгалан тахижээ. Түүнээс хойш энэ газрыг "Эзэн хороо" хэмээн нэрлэх болсон байна. БНХАУ байгуулагдсны дараа 1959 онд уг газарт Эзэн Хороо хошуу хэмээх засаг захиргааны нэгж байгуулжээ. 1955 онд уг газарт Чингис хааны онгон хэмээх шүтээн онгоны барилга баригдаж нүүж орсон. жил бүр дөрвөн цагийн тахилга үйлддэг болсон байна.

Албан тушаалтан

засварлах

14-17-р зуунд Эзэн Богдын онгоныг тахигч Ордос түмнийг жонон захирах тул ерөнхий эзэн болж, онгоны өдөр тутмын үйлийг тайш, чинсан, хонжин, ерөөлч, тахилч, туульч зэрэг сул тушаалтад бусад дархадаа хариуцаж байсан. Дархад хэмээх нь онгоны өдөр тутмын тахил тайлгыг хариуцдаг тахилчид, тэдний өрх гэр бүл, хамгаалан сахигчдыг үеийн үед татвар гувчуураас чөлөөлж, зөвхөн Эзэн Богдын онгонд үйлчлэх тул дархалсан нь ийм нэр үүсэхэд нөлөөлсөн. Анх олон тоотой байсан ч, манжийн эрхшээлд орсны дараа тэдний тоог 500 өрх айлаар тогтоож, манжийн төрийн алба татвараас чөлөөлжээ. Жонон цол нь манжаас өмнө улс төрийн эрх мэдэлтэй чухал цол, албан тушаал байснаа Манжид дагаар орсноос хойш билэгдэлийн шинжтэй сул цол болж хувираад, хэн томилохыг Монгол журганаас тогтоодог болжээ.

Соёрхолын газар

засварлах

Чингис хааны дөрвөн их ордын соёрхолын газраас жил бүр тодорхой тооны мөнгө, торго даавуу ирдэг байсан.

  1. "Их ордны жилийн хишиг: Мөнгө 43 цутгаас (нэг цутгаас нь тав буюу арван лан байдаг), улаан хүрэн гурамсан сиймхий (торгын нэгэн зүйл) 24 толгой, өнгө бүрийн өөтөн ба ёнгор 5000 жин, зүү 3000 ширхэг, торго 75 толгой, байнга гаалийн торго 800 толгой. Ёнгор гаалийн тавт(таван өрх бүрээс нэг жин ёнгорын гааль татварладгаас ингэж нэрлэжээ): 1275 онд зургаан түмэн өрх хувьдан өгчээ. 1319 онд хэрэг дээрээ 12693 өрх байсан бөгөөд нийт 5207 жин ёнгор хураадаг байжээ. 1281 онд Цзян Нань-ий зоос тушаах гаалийн өрхийг Ганьчжоу лу-гаас хоёр түмэн өрх (өрх бүр таван цэн тушаадаг) хуваан өгсөн бөгөөд найман зуун цутгаас хураадаг байв."[8]
  2. Хоёрдугаар ордны жилийн хишиг: Мөнгө 50 цутгаас, торго 75 толгой, байнга гаалийн торго 1490 толгой, ёнгор гаалийн тавт: 1257 онд Цинчэн сянь болон Цинчэн сянь-ий 2900 өрхийг хувьдан өгчээ. 1319 онд хэрэг дээрээ 1556 өрх байсан бөгөөд нийт 657 жин ёнгор хураадаг байна. 1281 онд Цзяннань-ий зоос тушаах гаалийн өрхийг Ганьчжоу Лу-гаас 15000 өрх хувьдан өгсөн бөгөөд зургаан зуун цутгаас хураадаг байв.[8]
  3. Гуравдугаар ордны жилийн хишиг: мөнгө 50 цутгаас, торго 75 толгой. Байнга гаалийн торго 682 толгой, ёнгор гаалийн тавт: 1252 онд 318 өрх, 1319 онд хэрэг дээрээ 121 өрх байсан бөгөөд 48 жин ёнгор хураадаг байжээ. Цзяннань-ий зоос тушаах гаалийн өрхийг 1281 онд Ганьчжоу Лу-гаас 21000 өрх хувьдан өгсөн бөгөөд нийт 840 цутгаас хураадаг байв.[8]
  4. Дөрөвдүгээр ордны жилийн хишиг: мөнгө 50 цутгаас, торго 75 толгой. Ёнгор гаалийн тавт: 1252 онд Чжэндин зэрэг газрын 283 өрхийг хувьдан өгчээ. 1319 онд хэрэг дээрээ 116 өрх байсан бөгөөд нийт 46 жин ёнгор хураадаг байв.[8]

Мөн эдгээрээс гадна Дайду, Шанду, Баодин, Хэдун, Жуожоу, Тай-ань зэрэг газарт дөрвөн их ордод мөнгө, будаа тутарга, торго мяндас даавуу, архи дарс зэргийг үйлдэх жижиг үйлдвэрүүд олон тоогоор байжээ.

Дөрвөн цагийн хурим

засварлах

Чингис хааны онгоны тахилын хамгийн чухал зүйлийн нэг нь Хубилай хааны үед зохиож, Алтан ханы үед засагдсан "Арван Буянт Номын Цагаан Түүх" зохиолд "Дөрвөн цагийн хурим" хэмээх эртний монголын цаг тооллын дагуу хийх ёслолыг зохиосон нь онгоны тахил тайлгыг хийх баримжааг олгодог.

  1. Хаврын эцэс сарын 21-нээ Чингис хааны 99 гүүдээ уяж, цагаан сацалаа сацсанаар цагаан сүргийн хурим[9]
  2. Зуны дунд сарын 15-наа ертөнцийн шүтээн дэлгэр эх их тугийг тавьж, 99 цагаагчнаа уураг үрсийг гаргаснаар зуны уурын хурим[9]
  3. Намрын эцэс сарын 12 унаганы ногт шилбийг эвхэснээр намрын ширгийн хурим[9]
  4. Өвлийн тэргүүн сарын шинийн гуравнаа Чингис хааны мялагаадын хурим[9]

Эзэн Хороонд ямар зүйлийг тахихаас шалтгаалж олон төрлийн тахилга үйлддэг. Цагаан, Хар сүлдийг тахих бол сүлдийн тахилга, Мялгаалгийн тахилга, Их бага Жигий, 7 бурхан одны тахилга, галын тахилга, Цахар усан шүтээний алаг сүлдийн тахилга зэрэг тахилга хийж байсан. Ингэхдээ юу тахиж байгаагаас шалтгаалж, хар цагаан сүлдийн сан, гарилын өчиг зэрэг төрөл бүрийн ерөөл магтаалыг цээжээр уншиж байсан.

  1. Алтан товч (1 ed.). Улаанбаатар. 2006. p. 249. {{cite book}}: |first= missing |last= (help)
  2. Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч (1 ed.). Улаанбаатар. p. 132.
  3. ., Лувсанданзан (2006). Алтан товч (1 ed.). Улаанбаатар. p. 269.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч (1 ed.). Улаанбаатар. p. 135.
  5. Асрагч нэртийн түүх (1 ed.). Улаанбаатар. 2006. p. 56. {{cite book}}: |first= missing |last= (help)
  6. "元史/卷029 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-11-06.
  7. 7.0 7.1 7.2 7.3 7.4 7.5 7.6 7.7 "元史/卷069 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-11-06.
  8. 8.0 8.1 8.2 8.3 ., Сайшаал (2010). Чингис хааны товчоон. Vol. 2. Улаанбаатар. pp. 226–227.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  9. 9.0 9.1 9.2 9.3 Арван Буянт Номын Цагаан Түүх. Translated by Ш, Чоймаа нар (1 ed.). Улаанбаатар. 2006. pp. 32–33.