Хучар
Хучар буюу Хучар бэхи (?-1204) нь Хамаг Монголын Хиад боржигин овгийн Нэгүн тайшийн хөвүүн, Чингис хааны үеэл ах юм. Рашид ад-Дины Судрын чуулганд "Хучар нь харваач байсан, тавьсан сум нь маш хол, их дээгүүр мэргэн тусдаг байсан учир үүгээрээ нэрд гарч алдаршсан байна. Тэрээр маш хол харваж чаддаг байсан болохоор монголчууд түүнийг магтан "Хучарын сум нь нүдэнд үзэгдэхгүй болтолоо хол явдаг" гэцгээдэг байв."[1] гэж харвах чадварыг нь тэмдэглэжээ.
Намтар
засварлахХучар бол 12-р зууны сүүлч, 13-р зууны эхэн үед Хамаг Монголын ханлигийн нөлөө бүхий ноён байсан нэгэн юм. Түүний уг гарал нь Бартан баатрын хоёр дахь хөвүүн Нэгүн тайшийн ахмад хөвүүн болох тул Чингис хааны үеэлд ах болно. Тэмүжинийг Жамухаас салж нүүсний дараа Алтан отчигин, Даридай отчигин нарын хамтаар Жамухаас салж Тэмүжиний хүрээ хотолд айлсан бууж, дагаар орсон. 1189 онд Хар зүрхний Хөх нуурт Алтан, Даридай, Сача бэхи гурвын хамт Тэмүжиний өмнө тангараг өргөж, Хамаг Монголын хан болгосон. Энэ явдлын дараа Ханы зарлигаар Жамухад Тэмүжинийг хан өргөмжилсөн тухай мэдээг хүргэжээ. Далан Балжудын 13 хүрээний тулалдаанд өөрийн хүрээ цэргээ захирч байлдаанд оролцсон. Мөн 1196 онд Нарату шүтээн, Хусту шүтээнд Татаарын Мэгүжин сүүлтийг устгах дайнд Тэмүжинийг доор цэрэг захиран оролцсон. 1201 оны Хүйтэний байлдаан, залган үргэлжилсэн Тайчуудыг дарах байлдаанд идэвхитэй оролцож, ялалт байгуулахад манлайлах үүрэг гүйцэтгэсэн.
1202 онд Татаарыг дайлахад Чингис хаан дараах цэргийн цааз гаргав. Тэр дайнд Алтан, Хучар, Даридай нар дайны олзонд шунаж, байлдаанаас саатсанд, Зэв, Хубилай жанжидыг илгээн олзолсон эдийг нь хураан авчээ.
"Дайсныг дарах цагт олзонд бүү саатагтун. Дайсан нэгэнд дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хүрвэл анх довтолсон байрандаа даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгүй хүнийг алтугай"[2]
Уг явдалд тэд дургүйцэн Ван ханыг түшихээр одов. 1203 онд Жамухын хамтаар нялх Сэнгүмийг ятгаж, Ван ханыг Тэмүжиний эсрэг дайтуулах хуйвалдаанд оролцож, тэр жилийн намар Тэмүүжинийг "багалзуур ид" хэмээн хурим хийх нэрээр барьж авах гэж байхад, Бадай, Хишилиг хоёр нууцыг задруулан Тэмүжинд хэлж замын дундаас буцсанд, Хэрэйдийн тал сэжиглэж их цэргийн хүчээр Хамаг Монгол руу цөмрөн, эзлэхэд Алтан, Хучар, Даридай гурав Хэрэйдийн цэргийн дотор багтаж байсан. Удалгүй Жамухын хамтаар Тоорил ханы эсрэг нууцаар хуйвалдаж байгаад илчлэгдэж тэндээс оргон Найманыг түшихээр зугтжээ. 1204 онд Наху гүний тулалдаанд Чингис хааны удирдсан монголчууд Найманыг ялж, эзлэн авсны дараа Алтан, Хучар нар баригдан цаазлуулсан.
Судрын чуулганд бичснээр Хучарыг дагасан харьяат нарыг монголчууд ойн иргэн гэж басамжлан үзэхээс гадна Букун Жаухат буюу Жаухай гэдэг Хучарын хөвүүн байсныг Чингис хааны зарлигаар Цагадай ханд өгсөн[1] байдаг.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. pp. 188–189.
- ↑ "Монголын нууц товчоо: 153-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2024-01-12.