Мангуд
Мангуд нь 11-р зууны үед үүссэн нирун монгол угсааны эртний монгол овог, аймаг. Энэ аймаг нь 1120-иод оноос Хамаг Монголын ханлигийн бүрэлдэхүүнд багтах болж, Чингис хааны үед Хуйлдар сэцний удирдсан мангуд аймгийн цэргүүд дайн байлдааны их цэргийн манлайд явж байлдаж ялдаг байсан тул монголын түүхэн дэх алдартай аймгуудын нэг болсон.
Түүх
засварлахЭнэ овгийн үүслийг Монголын Нууц Товчоонд "Бодончарын хүү Хабич баатар, Хабич баатрын хүү Мэнэн Тудун, Мэнэн тудуны хүү Начин баатар, Начин баатрын хөвүүн Уруудай, Мангуудай хоёр бүлгээ. Уруд, Мангуд овогтон болов" гэжээ. Рашид Ад-дины Судрын чуулганд "Тумбинэ ханы ахмад хүү Жагсугийн овгоос ноёхон, уруд, мангуд аймаг гарчээ"[1] гэсэн нь Нууц товчооноос бага зэрэг өөр байдаг.
Мангуд аймаг 1192 оныг хүртэл тайчууд аймгийг дагаж байснаа, Даланбалжудын 13 хүрээний тулалдаан Жамухын талд байлдсаны дараа Жамухын далан тогоонд Чоносын эрчүүдийг чанаж алсан харгислалын дараа, мангуд аймгийн ноён Хуйлдар сэцэн Тайчуудаас дүрвэж Чингис хаанд дагаар оров. Тэр үеэс хойш Чингис хааны удирдсан том жижиг бүхий л дайн байлдаанд цэргийн манлайд уруд аймгийн хамт явдаг байсан. 1206 онд Их Монгол Улс байгуулагдах үед Чингис хаанд түрүүнд дагаар орсон Жидай, Доголху чэрби болон Хуйлдар сэцэний хүү Мөнх халжа нарыг эцгийнх нь нэрээр мянганы ноён болгов. Их Монгол Улсын эхэн үеийн мангуд аймгийн цэргийн үүрэг нь орчин үеийнхээр элит, тусгай хүчний цэрэгтэй дүйцнэ.
1217 онд Мухулай ноёныг улсын ван болгон, Алтан улсыг дайлах зүүн жигүүрийн таван аймгийн цэргийг захируулсны нэг нь Мангуд аймаг байсан. 1235 онд Өгөөдэй хааны зарлигаар мангуд аймгийн ноён Мөнх халжад Алтан улсын эзлэгдсэн нутгаас Тай-ань жоугийн (泰安州) 20000 өрхийг соёрхосон нь 1319 оны байдлаар 5971 өрх болж, жил бүр гувчуурлан авах бөс даавуу нь 2425 жин.[2] 1281 онд Хубилай хааны үед Хуйлдарын удмын захирсан мангуд аймагт Гүйянжоугийн (桂陽州) 21000 өрхийг шагнасан нь жилийн авах гувчуур нь 840 мөнгөн ембүү байв.[2] Юань Улсын үед мангуд аймаг нь таван түшээ аймгийн нэгд багтаж явсан.
Монголын байлдан дагуулалын үед мангудын зарим хэсэг нь Зүчийн удмын ханхөвүүдийг даган баруун зүгийг байлдан эзлэхэд оролцож, тэр хавийн нутгийг эзэгнэн захирах явцдаа түрэгжиж, овгийн нэр нь мангыт гэх нэртэй болсон. 14-р зууны сүүлээр Алтан Ордны улсын дотоодын дайнд Ногайн орд хэмээх шинэ ханлиг улсыг захирсан мангу овгийн Эдигэй ноён товойн гарч 1395-1419 оны хооронд Алтан Ордын хамгийн улс төр, цэргийн нөлөө ихтэй ноён болж, тоглоомын хаадыг дураараа залдаг нэгэн болсон. Зүчийн удмынхан аажмаар 15-р зуунд дундад ази руу нүүдэллэж, хуучин Цагадайн улсын нутагт хяналтаа тогтоох үед мангыт овог нь эхэндээ Шибаны удмын хаадын байгуулсан улсад зүтгэж байснаа 1747 оноос мангыт удмын ноёд Бухарын эмирт улсыг 1920 он хүртэл захирчээ. Орчин үед Казах, Узбек, Каракалпак зэрэг түрэг үндэстэний дотор мангытчууд аж төрж байна.
Харин уугуул монгол нутагт мангуд овог нь Юань Улсаас хойш олон газар тархаснаас ар халхын бүрэлдэхүүнд бас уусан шингэсэн нь одоо Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн нутагаар тархан аж төрж байна.