Барга
Барга - хуучны нэгэн Монгол аймаг, одоогийн Монгол үндэстний нэгэн ястан. Өдгөө ихэнх Баргууд Өвөр Монголын Хөлөнбуйрт, цөөнх хэсэг Монгол Улсын Дорнод, Төв аймагт төвлөн суурьшжээ. Баргуудын хэлэлцэх аялга нь Буриад аялгатай илүү ойр.
Барга ястан | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Бүгд — 90 мянга. Үүнээс: Хятад (БНХАУ) — 85,803 Монгол — 2,989 (2010)[1] |
Хэл аялга | Монгол хэл (төв умардын завсрын аялга) |
Бичиг үсэг | Худам монгол үсэг, Монгол кирил үсэг |
Шүтлэг | Буддын шашны буяны ёс (шарын шашин), Тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Буриад мэтийн бусад Монгол үндэстэн |
Хэл угсаа | Монгол угсаатан / Монгол хэлтэн |
Түүх
засварлахЭртний Тан улсын сударт бичигдсэнээр Баргууд нь Хүн гүрний үед нэгэн томоохон хүчирхэг аймаг байсан тухай бичигддэг бөгөөд хөшөө дурсгалууд дээр "Баегү" хэмээн бичигдэн үлдсэн байна.
Барга нь 11, 12-р зууны үед Байгал нуурын зүүн бие Баргажин төхөмөөр нутаглаж байсан тухай судлаачид бичсэн байдаг. Монголын Нууц Товчоонд тэмдэглэснээр Баргажин аймгийг Баргудай мэргэн захирч байсан бөгөөд түүний охин Баргужин гуагаас төрсөн Чингис хааны дээд удамын Алунгуа эх гэдэг болно.
Барга нь 13-р зууны үед Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан, 15-р зууны үед Ойрадын бүрэлдэхүүнд багтаж байгаад Ойрадыг баруун зүг нүүдэллэхэд зүүн Монголд үлдсэн. 17-18-р зууны үед Оросын эзэнт гүрэн газар нутагаа тэлэхэд түрэгдэн Баргажин төхөм нутгаа орхин, Халхын Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдорж, бэйл Ванчин, ван Доржжан, засаг Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд харъяалагдаж байгаад ноёдын дарлалаас зайлан 1734 онд Манжийн Найралт төв хаанд өргөн мэдүүлснээр Хөлөнбуйрт нүүдэллэн ирж Шинэ Барга хэмээн нэрлэгдэх болсон ажээ.
1911 оны 12-р сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс тунхагласнаас 15 хоногийн дараа Хөлөнбуйрт үндэсний эрх чөлөөний тэмцэл гарч, Хайлаар хотыг Хятад түшмэлээс чөлөөлж, Баргын ноёд хуралдан, Богд хаант Монгол улсад нэгдэхээр шийдвэрлэж, тэмцлийг манлайлагчдын нэг суман зангиМанлайбаатар Дамдинсүрэн зургаан нөхрийн хамт Их Хүрээнд ирж нэгдэх бичгийг барьсан байдаг. 1912 оны Ховдын байлдаан, 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдаанд Баргуудын дундаас нэг цэргийн жанжин, 10 гаруй баатар төрсөн байна.
1928 онд БНМАУ-аар дэмжигдэж өдөөгдсөн, Дагуур хүн Мэрсээгээр удирдуулсан Баргын зэвсэгт бослого Гоминданы засгийн бодлогыг эсэргүүцэн Хөлөнбуйрт дэгдэж, удалгүй хүчинд автагдан дарагдаж байсан түүхтэй.
Баргууд Хөлөнбуйраас БНМАУ-д 1912, 1916-1917, 1928, 1946 онуудад тус тус нүүдэллэн ирж, Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумд, Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад аж төрөн амьдарч байна.
Мөн Монголын Их Удирдагч Хорлоогийн Чойбалсан Барга ястан хүн байсан бөгөөд Монгол улсын Тусгаар Тогтнолын асуудал шийдэгдэх ярвигтай үед тухайн үеийн ЗХУ-ын хүчийг ашиглан Монгол улсын тусгаар тогтнолыг бататгаж "Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө,тусгаар тогтнолыг та нарт үлдээв" гэсэн захиасаа үлдээсэн байдаг.
1949 онд БНХАУ байгуулагдаж, засаг захиргааны хуваарь шинэчлэгдэхэд хуучин, шинэ Барга нийлж нэгэн хошууг бүрдүүлэх болжээ. Хуучин Баргыг Эвэнх, Орчоон, Дагуур ястнуудын хамт Солоон хошуунд харьяалуулсан байна. Баргуудын дийлэнх хүн ам Өвөр Монголын Хөлөнбуйр аймагт Барга 3 хошуунд аж төрж байна. Шинэ Баргын 2 хошуу,Хуучин Баргын 1 хошуу байдаг. Шинэ Баргууд нь Шинэ Барга зүүн хошуунд 31.530 хүн, Шинэ Барга Баруун хошуунд 28.370 хүн аж төрж нийт 60.000-д байна. Харин Хуучин Баргууд Хуучин Барга хошуунд 26.000 байна.
2009 оны 1 сарын 9-ны мэдээгээр Дорнод аймгийн Гурванзагал суманд 400 өрх, 1351 хүн ам, Хөлөнбуйр суманд 464 өрхийн 1758 хүн ам Барга ястанд тоологджээ[2]. Одоогоор Баргууд нь Монгол улсын 13 аймаг, 47 суманд 15 барга овог, БНХАУ-ын 7 муж, ӨМӨЗО-ны 19 хошуу, 15 гацаа, шиян, хотуудад 25 Барга овог болон Туркмен улсад Байергу барга, Казакстан улс буюу Кашгарт Байеркогийн Барга овгууд байна.[3]
Алдартай барга хүмүүс
засварлах- Баргудай баатар
- Алун Гуа
- Тагнуулч Барга лам Ц. Лувсанням
- Манлай баатар Дамдинсүрэн
- Бодлогот Баатар Цэнд Гүн
- Маршал Хорлоогийн Чойбалсан
- МУСГЗ, яруу найрагч Ш.Дулмаа (Төв аймаг)
- МУ-ын ардын багш Миеэгомбо
- МУ-ын гавьяат багш Ядамсүрэнгийн Шаарийбуу
Бусад холбогдол
засварлахЗүүлт
засварлах- ↑ Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн.
- ↑ Дорнод аймгийн Статистикийн газрын 2009 оны 01 сарын 9 мэдээ[permanent dead link]
- ↑ Ж. Өлзий. Барга Монголын түүх. УБ.1999 [1]
Холбоос
засварлах- Барга судлаач Шарайд Ц. Түмэн. Монгол голомтоо гэсэн Баргын ард түмний тэмцэл, хувь заяа [2]
- Ц.Норжин. Хуучин Барга хаанаас ирсэн бэ? [3][permanent dead link]