Борохул
Борохул (бас Борагул-нойон гэж бичсэн нь бий) (? - 1217) - монголын жанжин, Чингис хааны есөн нөхөр ба ерэн таван мянгатын ноёдын нэг.
Намтар
засварлахГарал үүсэл ба амьдралын эхний жилүүд
засварлах"Судрын чуулган"-ыхаар бол Борохул Үүшин (Хушин) овгоос гаралтай. 1197 оны орчим жүрхин нарын ялагдлын дараа хүүхдээрээ байсан түүнийг нүүдэлчдийн нэгэн отгоос олсон бөгөөд жалайрын ноён Тэргэт баяны хүү Жэбгэ Чингис хаанд авчирчээ. Хүүг Чингисийн эх Өэлүн өргөж авч, хүмүүжүүлсэн. Өэлүн Борохулаас гадна мэргид овгийн Хүчү, бэсүд овгийн Хөхөчү, татарын Шигихутуг гэсэн гурван өргөмөл хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн.
Чингис хааны албанд
засварлахРашид ад-Дины хэлснээр Борохул Чингис хааны албанд эхлээд букаул (хааны зоог шүүсийг амсаж шалгадаг хүн) ба буурч (даамал), дараа нь бие хамгаалагч хишигтэн болжээ. Борохул Боорчи, Мухулай, Чулуун нарын хамт хишигтэн харуулын анхны дөрвөн хэсгийг удирдаж байсан Чингис хааны хүлэг баатрууд болох "дөрвөн баатар"-ын тоонд орсон.
Ойролцоогоор 1198-1199 онд наймануудтай хийсэн тулалдаанд Чингис хааны бусад нөхөд болох Боорчи, Мухулай, Чулуун нарын хамт Борохул онцгойрсон байна. Чингис хаан, Жамуха, Ван хан нар нэгдсэн хүчээр Буйруг ханыг довтолсон бөгөөд түүний цэргүүдийг Кишил-Баш нуурын дэргэд бут цохисон, гэр орондоо буцах үед нь Найманы жанжин Хүгсэү Сабрагийн тэргүүлсэн цэргийн анги зам хаав; өглөө тулалдахаар шийдсэн ч шөнө нь Ван хан, Жамуха хоёр найманууд түүнийг дуусгана хэмээн найдаж, Чингис хааныг ганцааранг нь үлдээн зугтжээ. Өглөө болоход Чингис хаан энэ тухай олж мэдээд тулалдаанд оролгүй ухрав. Найманууд Чингис хааныг биш, Ван ханыг хөөж эхэлсэн. Сөнөх мөхөх нь тодорхой болсон тул Ван хан Чингис хаанд элч илгээж тусламж гуйжээ. Чингис хааны нөхөд ирж хэрэйдийн цэргүүдийг ялагдлаас аварсан ба наймануудад олзлогдсон Ван ханы хүмүүс, өмч хөрөнгийг нь буцаан авахад туслав.
1203 онд Хар халзан элээтэд (Халахалжит-элэт) хэрэйдүүдтэй хийсэн тулалдааны үеэр Борохул хүзүүгээрээ суманд шархадсан Чингис хааны хүү Өгэдэйн амийг аварчээ. Борохул шархнаас нь цусыг сороод, Өгэдэйг төв байранд эсэн мэнд авчирсан байна.
1204 оны намар Чингис хаан Тогтоа бэхийн мэргидүүдийн эсрэг хөдлөв. Замдаа монголын цэргүүд мэргид овгуудын нэг увас мэргидүүдтэй таарахад тэд монголчуудад тулалдаангүйгээр дагаар орсон; гэвч Чингис хааныг явмагц увас мэргидүүд бослого гаргаж, монголын тэрэг ачааг дээрэмджээ. Ачааны хамт үлдсэн Чингис хааны хүмүүс мэргидүүдтэй тулалдаанд орж, олзыг нь булааж аваад, тэднийг зугтаалгав; босогчдыг дарахын тулд Чингис хаан Борохул, Чимбай нарын тэргүүлсэн цэргүүдийг илгээсэн байна.
1206 оны хуралдай дээр Чингис хаан Борохулд мянгатын ноёны албан тушаал олгов. Чингис хаан улсаа хоёр "жигүүр"-т хуваагаад баруун жигүүрийн тэргүүнд Боорчийг тавьсан; Борохулыг түүний орлогчоор (суткусун) томилжээ.
Борохулын үхэл
засварлах1217 онд боссон хорь түмэдүүдийг номхотгохын тулд Борохулыг цэргийн хамт илгээжээ. Түмэдийн нутагт хүрээд Борохул хэдэн хүний хамт цэргүүдээсээ түрүүлэн явав. Ой дундуур явж байхдаа тэрээр түмэдүүдийн зохион байгуулсан отолтод орж, алагджээ.
Рашид ад-Дин Борохулын үхлийг арай өөрөөр дүрсэлсэн байдаг: "Судрын чуулган"-д бичсэнээр Борохул түмэдүүдийн зохион байгуулалттай отолтод биш, харин Наяа ноёны оронд илгээгдэн тэдэнтэй тулалдаж байгаад амь үрэгдсэн аж.
Чингис хааны илгээсэн Дөрбэй догшин түмэд овгийг эзлэн авсны дараа олзлогдсон зуун түмэдийг Борохулын гэр бүлд түүний үхлийн нөхөн төлбөр болгож өгчээ.
Гэр бүл ба үр удам
засварлахБорохулын эхнэр Алтани нь Чингис хааны хүү Толуйн аврагч гэж үздэг. Татарын Харгил шар Өэлүний өргөөнд хууран мэхэлж ороод хүүхдийг алахыг завдахад Алтани хашхирчээ; түүний дуугаар гүйж ирсэн Жэдэй, Зэлмэ хоёр Харгил шарыг алсан байна. Жек Уэзерфордын хэлснээр Алтани Өэлүний өргөмөл охин юм уу ач/зээ охин байж магадгүй юм.
Рашид ад-Дины бичсэнээр Борохулын хүү Жүбүхүр-Хубилай Өгэдэйн хаанчлалын үед эцгийнхээ мянгатыг захирч байв. Борохулын охин Хүшижин хатан (бас Хүшинжин хатан, Үүшчин гэх мэтээр бичсэн нь бий) их хаан Хубилайн эхнэрүүдийн нэг байсан бөгөөд түүний хөвгүүд Аячи, Хөхөчү нарыг төрүүлжээ.
"Алтан товч"-д бичсэнээр Борохулын удам нь одоогийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үүшин хошуу амьдарч буй чидагутын табунангууд (тавнангууд) юм.