Архай Хасар (хятад: 阿児孩合撒児, перс: ارقای قسار نویان, галиг: Arqai Qasar nuyan) нь Их Монгол Улсын жалайр аймгийн Сэцэ Домогийн хөвүүн, Чингис хааны хишигтэн цэргийн мянган баатадын ноён.

Товч тойм

засварлах

Архай Хасар болбоос Хамаг Монголын ханлигийн жалайр аймгийн харьяат Сэцэ Домогийн хөвүүн, Бала хэмээх дүүтэй. Тэмүүжинийг Жамухаас салж нүүхэд жалайрын Сэцэ Домог өөрийн хоёр хөвүүний хамтаар Жамухаас салж ирснээр түүхэнд бичигдэж эхэлсэн. 1189 онд Хар Зүрхний Хөх нуурт болсон монгол ноёдын хуралдайгаар Тэмүүжинийг Хамаг Монголын Хан цолонд өргөмжлөх үеэр "Архай Хасар, Тахай, Сүхэхэй, Чаурхан дөрвийг холын холч, ойрын отогч болтугай"[1] хэмээж элч, өртөөчийн үүрэгт томилов. Мөн Жамухад өөрийн хан сууснаа мэдэгдэхээр Архай Хасар, Чаурхан хоёрыг элч болгон илгээжээ. Үүнээс нилээд хожим 1203 оны намар Хэрэйдийн Тоорил хан өөрийн мэдлийн их цэргээр Хамаг Монголыг довтлон орж түйвээсний дараа Тэмүүжин ханбээр Архай Хасар, Сүхэхэй нарыг элч болгон илгээж, Тоорил ханд үг дайлгасан байдаг. Тэндээс Сүхэхэй үлдэж, Архай Тэмүүжин рүү буцсан. Тус жилдээ Тэмүүжин хан ойр хавиас цэрэг цуглуулан Хэрэйдийн Тоорил ханыг гэнэдүүлэн довтлон 3 өдөр 3 шөнө амралгүй алалдаж, Хэрэйдийг бут цохиж, улмаар Хэрэйд улсыг эзлэн авчээ. Үүний дараа 1204 оны хавар эзэлсэн улсаа талан хуваах болоход Архай Хасарт "Мянган сайн баатрыг шилж автугай ! Байлдах өдөр өмнө минь явж байлдтугай! Ерийн өдөр, миний шадар хишигтэн болж явтугай! гэж зарлиг болов."[2] 1204 онд Найманы Таян хан Онгуд аймагт элч илгээн Монголыг хоёр талаас нь довтлон байлдах санал болгосныг Тэмүүжин ханд Юхунан нэр элчээр өртөөлөн мэдэгдсний дараа Найманы улсыг довтлохоор цэргээ бүртгэн, дайнд бэлдэх үеэр "Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найман улстай байлдахаар мордов." Наху гүний тулалдаанд Найман улсыг мохотгон доройтуулахад тэнд байсан монгол аймгийн ноёд цэрэг ардын хамтаар дагаар ороод, тэндээс мэргидийг довтлон эзлээд, Алтайн нуруунаас Хянганы нуруу хүртлэх бүхий эсгий туургатаныг нэгтгэж, 1206 оны барс сард Их Монгол Улсыг байгуулах хуралдайд Архай Хасарт мянган баатар цэргийг захируулан энгийн өдөр ээлжийн торгон цэрэг болгож, хатгалдан байлдахад манлай цэрэг болгосон нь манлайд явж байсан мангудын Хуйлдар, урудын Жүрчидэйн үүргийг хариуцуулсан мэт.

1215 онд Алтан улсын дундад нийслэл Жунду хотыг эзлэн авсны дараа Архай Хасар, Өнгүр буурч, Шихихутаг нарыг илгээн хотын эд хөрөнгийг бүртгэхийг зарлигдав. Тэднийг хотод орсны дараа Алтан улсын түшмэл Хадай гэгч тансаг бэлэг сэлттэй угтаж, хахуульдан өгөхөд Архай, Өнгүр хоёр шунахайран авч, гагц Шихихутаг авалгүй энэ явдлыг Чингис хаанд хэлсэнд, их хаан хилэгнэж тэднийг зэмлэв. Ер энэ үеэс хойш Архай Хасарын тухай мэдээлэл түүхэнд бараг байдаггүй нь тухайн цагт ял шийтгэл авсантай холбоотой болов уу.

  1. Монголын нууц товчоо. 124-р бүлэг
  2. Монголын нууц товчоо. 191-р бүлэг