Барулас (монг. барулас, каз. барлас, узб. barlos, перс. بارلاس‎) нь Хамаг Монгол, Их Монгол Улсын нэг аймаг юм. Чингис хаанд дагаар орж, Их Монгол Улсын эхээр Цагадай ханыг дагаж Дундад Азид очиж суусан Нирун Монгол угсааны аймаг юм. 14-р зуунаас хойш исламын шашинд орж түрэгжсэнээр, одоогийн Узбек, Казах үндэстэнд уусан шингэсэн.

Монголын нууц товчооны 45-46-р зүйлд өгүүлснээр энэ овогтны үүслийг дараах байдлаар тайлбарлаж болно:

Хабич баатрын хөвүүн Мэнэн тудун бүлгээ. Мэнэн тудуны хөвүүн Хачи хүлүг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бүлгээ. Хачи хүлүгийн хөвүүн Хайду, Намулун эхээс төрсөн бүлгээ. Хачины хөвүүн Ноёгидай нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хөвүүн Баруладай нэрт бүлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хөвүүн бас идээ барах ховдог тул их барула, өчүүхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн барулас овогтон болов.[1]

Барулас аймаг нь Чингис хааныг Жамухаас салж нүүх үед тус аймгийн ноён Суху сэцэн, Харачар хөвүүнээ, Хубилай, Худус нар ах дүүгээ дагуулан дагаар орж, монгол аймаг ханлигийг нэгтгэхэд зүтгэсээр 1206 онд Их Монгол Улсыг байгуулах үед 95 мянганы ноёныг томилоход 8 дахь мянганы ноёноор Хубилай, 43 дахь мянганы ноёноор Худус нар нэр өргөмжлөгдөж, Хубилай ноёнд бүх цэргийн үйлийг захируулж байв. Чингис хаан өөрийн эх, дүү, хөвүүдэд ноёдыг хуваарилахдаа Цагадайд баруласын Харачар, жалайрын Мөнх, Идухадай гурван ноёныг соёрхож, баарины Хөхөчосыг зөвлөх үүрэгтэйгээр өгчээ.

Өгэдэй хааны үед Харачар ноён Мавераннахр, Туркестанд захирагчийн хувиар сууж, Цагадай ханыг эзэнгүй үед ханы ордыг хариуцаж байсан. 1238 онд Бухарт гарсан Махмуд Тарабийн бослогыг дарах үйл хэргийг зохион байгуулсан.[2] Цагадайд анх дөрвөн мянганы ноён өгсөн нь өсөж өргөжин түмтийн ноён болжээ.

Барулас аймгийн нутаг нь Цагадайн ханы үед Монгол нутгаас Тэнгэр уулын Долоон гол орчимд шилжин сууж байснаа 1269 оны Таласын хуралдайгаас эхлэн "Кашка-дарья голын савд суурьших болж"[3], Мавераннахр мужийн Кеш хотоор төвлөрч амьдрах болсон. Хожим Доголон Төмөр эмир Цагадайн улсын баруун нутгийг нэгтгэж, Хорасан, Туркестан, Перс, Хойд Энэтхэг, Бага Ази, Зүчийн улсыг байлдан дагуулж хүчирхэг гүрнийг байгуулсан.

15-р зууны сүүлчээр Төмөрийн Улсад хямрал гарч, хойд зүгээс ирсэн Зүчийн хөвүүн Шибаны удмын хаадын улсад эзлэгдэхэд барулас овгийн Бабур ноён өөрийн цэргээ удирдан Афганистаны Кабулд шилжин байрлаж, тэндээс Энэтхэгийн хойд хэсгийг 1526 онд эзлэн шинэ улс байгуулсныг Их Могол гэж түүхэнд тэмдэглэдэг. Нутагтаа үлдсэн баруласууд одоогийн Узбекстан, Казахстан улсын нутагт тархан суурьшиж байна.

  1. "Монголын нууц товчоо: 45-46-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2023-12-16.
  2. Цагаадайн улс- Монголын Эзэнт Гүрний Түүх. Улаанбаатар: МУИС. 2019. p. 86.
  3. Монголын Цагаадайн Улс. Улаанбаатар. 2006. p. 46.