Тэмүгэ (монгол: ᠲᠡᠮᠦᠭᠡ; 1168 - 1246)[1] - Чингис хааны хамгийн отгон эрэгтэй дүү, Есүхэй болон Өэлүн хоёрын дөрөв дэх хүүхэд байсан юм.

"Монголын нууц товчоонд" <<Тэмүжинийг есөн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмүгэ отчигин гурван настай, Тэмүлүн өлгийтэй байсан бүлгээ>> гэсэн байдаг. Айлын отгон хүү байсан тул түүнийг “галын хаан, голомтын эзэн болох отчигин” гэж дууддаг байжээ. Иймд Нууц товчоонд болон бусад түүхэн эх сурвалжид Тэмүгэ отчигин, эсвэл Отчигин гэж нэрлэх нь олонтаа. Тэрээр хүүхэд ба өсвөр насандаа ээж, ах нараараа эрхлүүлсэн, тансаглах хандлагатай байсан нь Нууц товчооноос харагддаг ч

"Эрт унтдаг боловч

Эрэлхэг зоригтой хүн,

Отгон хөвүүн учраас

Орой босдог боловч

Омог чадалтай эр,

Байлдаан үймээн болоход

Байрандаа хоцордоггүй

Баатар Отчигин " гэж түүнийг дайснууд нь хүртэл хүлээн зөвшөөрч байжээ.

Ах Тэмүжин нь дүү нарынхаа дэмжлэгтэйгээр монгол аймгуудыг нэгтгэх үйлд Тэмүгэ ихээхэн хувь нэмэр оруулж, аян дайны бэлтгэл ажлыг хангах, ээж болон Бөртэ үжиний хамт ар гэрээ хамгаалах, омог доторхи асуудлуудыг зохицуулах зэргээр түүний оролцоо их байжээ. Жишээ нь, Мэнлиг эцгийн долоон хөвүүний дундахь Хөхөчү Дэв тэнгэр бөө Тэмүжин болон түүний гэр бүлийнхний өсөн нэмэгдэж буй хүчийг анзаарч байсан тул омог аймгуудийг өөртөө татах хандлага гаргадаг болжээ. Иймд Бөртэ үжиний асуудлыг гаргаж тавьсанаар, Тэмүжиний зөвшөөрснөөр Тэмүгэ Хөхөчү бөөтэй гэрийн гадаа барилдаж байгаа мэтээр бөөгийн амийг хороосон түүхтэй.

Тэмүжин Чингис хаанаар өргөмжлөгдөснийхөө дараа монгол ёсын дагуу дүү Тэмүгэ, ээж Өүлэнд түмэн иргэн[2] эсвэл таван мянган цэрэг[3] гаргах өрх албат хамжлагыг өгч, мянганы ноёдоос Хүчү, Хөхөчү, Жунсо, Аргасун[2] нарыг тушааж өгч өвөг дээдсийн голомтоо отгондоо хайрладаг заншилаар нутгийнхаа зүүн захад нутаглуулсан. Чингис хаан их цэргээ удирдан Алтан улс, Тангуд улс, Хорезмын эсрэг байлдсан 15 гаруй жилийн туршид Монгол орны аюулгүй байдлыг Тэмүгэ отчигинд хариуцуулдаг байсан. Олон арван жил Монгол улсынхаа арыг дааж явсан Тэмүгэ нь туршлагатай захирагч, чадварлаг зохион байгуулагч, үнэнч шудрага хүн болохоо баталсан.

Чингис хааны дунд хүү их хаан Өгэдэйг 1241 онд нас барсны дараа түүний бэлбэсэн гэргий Дөргөнэ аажмаар улс орныг захирдаг болсныг Тэмүгэ эсэргүүцжээ. Тэр үед Өгэдэйн хүү Гүюг Орос, Европод байлдан дагуулалтаар явж байжээ, энэ завшааныг ашиглан Тэмүгэ их хааны ширээнд суух оролдлого хийсэн ч бүтээгүй. 1246 оны их хуралдай Гүюгийг их хаанд өргөмжилсний дараа түүний авга ах Тэмүгэ, мөн өөр хэд хэдэн төрийн эрхийг барилцаж байсан хүмүүс цаазлагдсан байна.

Залгамжлагчид

засварлах

Тэмүгэ отчигины их хатан нь олхонуд овгийн Сөндөгчин[3] болон бусад хатдаас Одон, Жибуган, Садажи, Хашидай, Жажира, Толичу, Урудай, Байху зэрэг найман хөвгүүд төрсөн. Их Монгол Улсын эхэн, дунд үед түүний удмын ноёд зүүн гарын алтан ургийн вангууд дотроо Хасар, Бэлгүтэй, Хачиуны удмын ноёдоос улс төрийн эрх мэдэл, эзэмшдэг хот суурин зэргээр өндөр байр суурьтай байжээ.[3]

Өгэдэй хааны үед Алтан улсын нутгаас газар таслан өгөхөд 1236 онд Иду чөлгөөний (益都路; Одоогийн Шаньдун мужийн төвийн хэсэг) 62156 өрхийг газар нутагтай нь соёрхов. Харин 1319 онд Буянт хааны үед байцаан шалгахад 28301 өрх үлдэж, жилд 11425 жин ёнгор торго нийлүүлдэг байв.[4] Хубилай хааны үед Сүн улсыг эзлэсний дараа 1281 онд Жяннин чөлгөөний (建寧路) 71377 өрхийг өгч, тэдгээр өрхөөс жилд тушаах зоос нь 2855 ембүү мөнгө[4] хураадаг болсон нь бусад ах дүү дотроос хамгийн том соёрхолын газар, их тариачин өрх эзэмшдэг нь болжээ.

Мөн Улсын сангаас жил бүр 100 ембүү мөнгө, торго 5918 боодол, хөвөн 5918 жин, хэмэрлэг 300 боодол, жунтунгийн цаасан мөнгө 120 сүхэс буюу ембүү, хонь 500 толгой, алт 116 ембүү 45 лан зэрэг эд зүйлээр цалин соёрхож байв.[4]

  • Тэмүгэ отчигин
    • Одон
    • Жибуган
      • Аяхачи
      • Тагачар ван
        • Ажул
        • шоу ван Наймандай
          • Булу ван
            • шинин ван Сарнуг[5]
            • ляо ван Тогтох
              • ляо ван Янашири
                • ляо ван Ажашири: 1389 онд Мин улсад бууж өгсөнд Тайнин харуулын даргаар томилсон. Удалгүй дахин Мин улсын эсрэг тэмцээд 1392 онд амь үрэгдсэн.
                  • Тогооч: Тайнин харуулын дарга
                  • Зүчи: Тайнин харуулын дарга
        • Эбүгэн
        • Уларгидай
        • Осухай
        • Чарахай
        • Болодай
          • шинин ван Чулуудай
            • Маохан
            • Бамбар
            • Игэ
            • Бүжир
      • Тэмүдэр
        • Бацичу (八乞出)[6]
        • Шарам (襲剌謀)[7]
        • Борги (撥里吉)[8]
          • Балиа (八里牙)[9]
          • Самбуу (三寶)[10]
    • Садажи
    • Хашидай
    • Жажира
    • шоу ван Толичу
      • Айхачи ван
        • Балттөмөр ван
          • Нангиадай
          • Улусхан
    • Урудай
      • Хабарту ван
        • Муда
          • Хуладай
      • Тэгш ван
        • Тото ван
      • Хидуга ван
        • Тотөмөр ван
          • Яньши
          • Эзэн хонгор
            • Шинду
    • Байху
  1. Хотулбаатар Доржбат: Чингис хааны түүхэн он дараалал
  2. 2.0 2.1 "Монголын нууц товчоо: 243-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2024-10-20.
  3. 3.0 3.1 3.2 ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 197.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. 4.0 4.1 4.2 "元史/卷095". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-20.
  5. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. p. 612.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  6. "元史/卷107". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  7. "元史/卷107". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  8. "元史/卷107". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  9. "元史/卷107". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.
  10. "元史/卷107". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-15.