Жалайр (Монгол бичиг:ᠵᠠᠯᠠᠢᠢᠷ) бол Дарлигин монголчуудад хамаарагддаг, язгуурын монгол аймгуудын нэг юм. Чингис хааны дээд өвөг Хайду ханы үед монголчуудын захиргаанд оржээ. Монголын эзэнт гүрний үед жалайрууд Монголын эзэнт гүрний нутаг даяар тархжээ.

Уг гарал

засварлах

Гадны зарим эрдэмтэд Уйгурын хаант улсын ноёлох овгийн нэг Яклакартай төстэй нэртэй учир уйгар гаралтай гэж үздэг. Гэхдээ Жалайрын гарал үүсэл хүннү нартай холбогдож болох сэжим бий. МНТ-д тэмдэглэгдсэн жалайр аймгийн хүмүүсийн нэр бүгд монгол байдаг. Жишээ нь Гүн гуа, Сэцэ-Домог, Архай Хасар-Бала г.м (120-р зүйл).

Жалайр аймгийн овгуудын талаар Судрын чуулганд дараах байдлаар бичжээ. Үүнд: Жат, Тукараун, Кунсаут, Уят, Нилкан, Куркин, Тулангит, Тури, Шанкут[1] нарыг багтаажээ.

X-XIII зуунд Жалайр нь дотроо 10 гаруй овгийг багтаасан томоохон аймаг хэлбэрээр, Монгол ханлигийн дотор онгу боолд тооцогдон багтаж байсан. X-XI зуунд Хянганы нуруу, Хэрлэн голын дагуу нутаглаж байгаад Кидан Улсад шахагдснаар, XI-XIII зууны хооронд хойшилж Хэнтийн нуруу, Онон, Хэрлэн голуудын сав газраар нутаглаж байсан бололтой. Улмаар Монголын байлдан дагуулалтаар нэг хэсэг нь Ил хаант улс, Цагадайн улс, Юань улсын нутагт тус тус очиж суусан бол үлдсэн хэсэг нь монгол нутагт суух болсон.

XIV-XVIII зууны үед Монголд үлдсэн жалайрууд бусад Монгол аймгуудын дотор хуваагдан сарниж, овгийн байдалтай болжээ. Монгол Улсын Халх ястан бүрэлдэхэд голлон жалайрууд их оролцсон байдаг. Харин Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Хасарын угсааны ноёдын захирсан цөөн тооны жалайрууд нь Жалайд хошуу болж, эдүгээ Тунляо, Хянган аймагт тархсан.

Харин Монголын эзэнт гүрний үед Цагаадайн Улс, Ил Хаант Улсад очсон байдаг. Тэдгээр улсууд нь XIV зууны дунд үеэс бутран сарниснаар тус тус газраа үлдэж хоцорсон. Цагадайн улс, Өгэдэйн улсаас үлдсэн цөөн тооны хэсэг жалайрууд нь Казахстан улсад Жалайыр нэрийн дор үлдсэн байдаг.

  1. Рашидаддин, Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. I Боть, т.60.