Улз гол -Монгол Улсын Хэнтийн нурууны зүүн салбарын Норовлин сумын нутаг Их ба бага бүрдийн булгаас эх аван улсын хил даган хоёр аймгийн 5 сумын нутгийг дайран урсан Оросын нутагт орших Тарь нуурт цутгадаг. Улз голын нийт урт 428 км бөгөөд Монголын нутагт 420 км нь ноогддог. Улз голын ус хураах сав газрын талбай нь 27500 км, ус зүйн сүлжээний нягтшил дунжаар 0.015 км/км2. Улз гол нь Онон, Хэрлэн голын хоорондох уудам тал газраар урсана.  Голын хөндий эхнээсээ эцэс хүртэл өргөн уудам байдгаараа онцлог юм. Голын татам хөндийн өргөнөөс шалтгаалж 1.5-2.0 км зурвас газрыг хамрахын хамт голын сав дагуу олон жижиг үлдэц нуур, хужир марзат хотгор элбэгтэй. Улз гол нь Тээлийн голоор салаалан Хөх нуурт цутгадаг байсан ч өдгөө урсац нь тасраад цутгахгүй болсон. Голын өргөн эхэндээ 1-5 м, цаашид 20-25, уужим газраа 40-50 м хүрэх ба голын голдрил ихээхэн тахирлах бөгөөд усны гүн 0.5-2.0 м, урсгалын хурд 0.5-2.0 м/с, ёроолын хурдаст хайрга, шавар зонхилно. Улз голд Түргэн, Дөч, Сэвсүүл, Хархираа, Мужлан зэрэг томоохон цутгал голууд бий