Налайх дүүрэг
Налайх нь Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг. Улаанбаатар хотын төвөөс зүүн хэсэгт 36 километрийн зайд оршдог. Баруун талаараа нийслэлийн Баянзүрх дүүрэг, урд талаараа Төв аймгийн Сэргэлэн, зүүн талаараа мөн аймгийн Эрдэнэ сумтай хиллэнэ. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Хөл Налайхад 1900-гаад онд чулуун нүүрс олдож 1915 онд гар аргаар олборлож эхэлснээр Налайх суурингийн үүсэл тавигдсан бол 1922 онд анхны нүүрсний уурхай, улсын ууган үйлдвэр энд байгуулагдсан юм. 1955 он хүртэл Улаанбаатар хотын 7 дугаар хороо, улмаар Уурхайчдын хороо, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар орон нутгийн зэрэглэлтэй хот болжээ. 1965 оноос Улаанбаатар хотын Налайх район гэж нэрлэгдэх болов. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн зорилтын дагуу Нийслэлийн Налайх дүүрэг болон зохион байгуулагдсан. 8 хороотой. Хүн амын тоогоор дүүргүүд дотроо цөөнд орох боловч газар нутгийн хэмжээгээр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дараа гуравдугаарт орж байна.[1] [2] [3]
Налайх дүүрэг
ᠨᠠᠯᠠᠶᠢᠬᠤᠲᠡᠭᠦᠷᠭᠡ | |
---|---|
Улс | Монгол |
Нийслэл | Улаанбаатар |
Хороо | 8 |
Засаг захиргаа | |
• Засаг дарга | Ч.Раднаабазар |
Газар нутаг | |
• Нийт | 687.6 км2 (265.5 бээр2) |
Өндөр | 1,459 м (4,787 фут) |
Хүн ам (2023) | |
• Нийт | ▲ 40 238 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Бүсийн дугаар | +976 (0) 23 |
Улсын дугаар | НА_ (_ янз бүр) |
Вэб сайт | www |
Түүх
засварлахДархан чин вангийн хошуу
засварлах1691 онд Манжийн Энх амгалан хаан Долоннуурт чуулган зохион байгуулж, Халхын ноёд язгууртнуудад ван, бэйл, бэйс, гүн цол шагнаж, нутаг, бэлчээр олгож засаг болгосон ба албат ардыг нь зохион байгуулж хошуу болгов. Энэ үед нийт 32 хошуу байгуулагдсаны нэг нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу буюу Манжийн хааны зарлигаар батлагдсан албан ёсны нэр нь Халхын умард замын дунд этгээдийн хошуу юм. Дархан чин вангийн хошуу нь Монголын төв нутагт байрлах ба нийт нутгийн хэмжээний хувьд Түшээт хан аймаг дотроо томоохонд орж байжээ. Олноо өргөгдсөн Монгол улсын үед буюу 1911 оноос 1921 он хүртэл тус хошуу нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу хэмээн нэрлэгдэх болжээ. Налайх дүүргийн орчмын газар нь чухам энэ хошууны нутагт хамаарч байсан бөгөөд тухайн цагт тус газар орныг Налуугийн ухаа хэмээн нэрлэж байв. Мөн эл нутгийг Дархан чин вангийн хошууны ноён Пунцагцэрэнгийн хамжлага ардын нутаг Хөл Налайх гэж тэмдэглэсэн нь бий. Нийслэл Хүрээнээс зүүн зүгт гарах, зүүн зүгээс Нийслэл Хүрээнд орж ирэх их хөлийн газар болж байсан учраас "Хөл Налайх" хэмээн нэрлэгдэж байжээ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэр
засварлахДархан чин вангийн хошууны ноёдын дээд өвөг нь Халхын Гэрсэнз жалайр хунтайжийн ач Абтай сайн ханы шууд удам бөгөөд 1691 онд Долоннуурын чуулганаар хошууны засаг болж, төрийн жүн ван өргөмжлөгдсөн Түшээт хан Чахундоржийн ахмад хөвгүүн Галдандорж юм. Галдандоржийг 1692 онд ахмад хөвгүүн Дондовдорж залгамжилсан бол улмаар Ринчиндорж, Хаживдорж, Гэжэйдорж, Цэвдэндорж, Сүндэвдорж, Лүмбүүдорж, Дэлэгдорж, Намжилдорж нар залгамжилсаар хамгийн сүүлчийн засаг ноён нь Пунцагцэрэн болжээ. Пунцагцэрэн 1883 онд хэргэм залгамжилсны дараа эцгийн адил аймгийн туслагч жанжин, улмаар Хүрээний сайд, мөн Түшээт хан аймгийн чуулган даргаар ажиллаж байсан төдийгүй 1911 онд буюу Олноо өргөгдсөн шинэ Монгол улсын үед Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайдаар томилогдож байв. Дархан чин вангийн хошууны ноёд эдийн засгийн талаар нэлээд хөрөнгө хогшилтой байсан бөгөөд Хөххот, Бээжинд тусгай эрх мэдэл, албат иргэн, эзэмшил хашаа, тарианы газартай, тэндээс жил бүр их хэмжээний бараа таваар, жимс ногоо, архи дарс, тариа будаа татварлан ирүүлдэг байжээ. Тэрчлэн хошууны засаг ноёдыг Хөххотод оршуулдаг уламжлалтай байсан бөгөөд хошууны засгууд Бээжинд жасаалахаар явах замдаа Хөххотоор дайрч өвөг дээдсийн онгонд мөргөдөг ёс байжээ.
“Монголын хошуу нутгийн тэмдэглэл” хэмээх сурвалжид “...тэдний нүүдлийн нутагшилт нь баруун урд Өргөө болон Хан уул өнгөртөл, зүүн урагш Хэнтийн уул хүртэл, зүүн зүгт Хонгор толгой ба Сэцэн хан аймгийн баруун жигүүрийн өмнөд дунд гарын хошуутай хиллэнэ. Өмнө зүг Баянхад хүрэх ба Сэцэн хан аймгийн баруун дунд хошуутай, баруун тийш талаараа Оорцог ба Түшээт хан аймгийн дунд этгээдийн зүүн адгийн хошуу хүрэх, умар тийш Далар голын эх уулын нутаг хүртэл, зүүн тийш Хатай ба Сэцэн хан аймгийн дунд гарын зүүн умард адгийн хошуутай, баруун хойш Хамар даваа ба Түшээт хан аймгийн баруун этгээдийн баруун дунд адгийн хошуутай, зүүн өмнө тийш Бөгтөр Хар ус, Сэцэн хан аймгийн баруун жигүүрийн баруун дунд хошууны нутагтай, баруун өмнө тийш Даш Лүн уул буюу Түшээт хан аймгийн зүүн жигүүрийн баруун адгийн хошуутай тус тус хиллэнэ” гэжээ. Энэ хил хязгаарыг одоогийн Монгол улсын засаг захиргааны тогтолцоонд буулган авч үзвэл Улаанбаатар хотын зүүн, зүүн өмнөд, өмнөд талаар зах залган тогтсон байв.
Эдийн засаг, хүн ам
засварлахХошуу нь 1854 онд нийт өрх 1104, ам 5364, адуу 1924, тэмээ 117, үхэр 2394, хонь 4232 байжээ. Оросын эрдэмтэн Н.И.Майскийн тооцоолсноор, 1918 оны үед Дархан чин вангийн хошуунд 629 өрх, 3356 ам байсан нь Түшээт ханы нийт 21 хошууны дундажаас 300 гаруй өрх, 1400 орчим хүнээр цөөн байжээ. Мөн тус хошууны үржил шимт өмнө болон зүүн урд талаар Богд Жавзандамба хутагтын мал сүрэг, Манзушир хутагт нарын мал, иргэд багтаж байв. Мал сүргийн хувьд гэвэл мөнхүү 1918 онд адуу 8400, тэмээ 1000 орчим, 8000 гаруй үхэр, 57300 шахам бог мал байсан байна. Тус хошуунд одоо мэдэгдэж байгаагаар нийт 3 удаа хүн амын болон 4 удаа малын тоо бүртгэл хийгджээ. Анх 1765 онд буюу Тэнгэрийн тэтгэсний 29 онд, 1854 онд, 1909 онд хүн амын тооллого, 1806, 1807, 1905, 1904 онд малын тооллого тус тус хийгджээ. Хүн амын тооллогоос үзэхэд тус хошуунд Барга, Цоохор, Халбагад, Монголмууд, Авга, Даарьтан, Цахар, Хамниган, Шарнууд, Сартуул, Харнууд, Боржигон, Хиад зэрэг овгууд байжээ. Хошуу нь боржигон тайж нар олонтой хошуу гэгдэж байв.
Хошууны албат иргэд мал аж ахуйг голлон эрхлэхээс гадна ан гөрөө, хадлан тариалан, гар урлал эрхэлж байснаас гадна Тэрэлж, Туул, Сэлбэ зэрэг хэд хэдэн голын хөвөөгөөр тариа тарьж байв. Тарианаас улаан буудай, арвай, вандуй, идэшний ногооноос төмс, сонгино, саримс зэргийг тарина. Гар урлалчид эмээл, хазаар, үхэр тэрэг, хувин тогоо, шавар хувин болон хүрээ хийдийн газар бурхан тахилын элдэв зүйл зурах, цоолборлох наах, шуух, цутгах, хөөх зэргийг хийдэг ба түүнийгээ Хүрээний зах дээр худалдана. Анчид чоно, үнэг, хярс, тарвага, зээр, зэрлэг гахай зэргийг агнаж мах, арьс үсийг худалдаачдад борлуулна. Тэд ан хийхээс гадна Хүрээний манж сайд нарт зориулсан нийтийн ав хоморгод оролцож байжээ.
XIX зууны сүүл үед Монголын нэг өрхөд жилд 35 лангийн татвар оногдож байснаар удалгүй зууны зааг болоход 2 дахин өсч 70 лангаас доошгүй алба оногддог болжээ. Тэр үед Түшээт хан аймгийн 21 хошуунд 1,5 сая орчим лангийн алба оногдож байв. Үүнээс Дархан чин вангийн хошуу 100 мянга орчим лангийн алба Манжид залгуулдаг болжээ. Тэр албыг хошууны бүх өрхөд хуваавал жилд дунджаар нэг өрхөд 150 лан оногдож байв. XIX зууны сүүл үед Хүрээний хэрэг шийтгэх яамнаас тэмдэгт бичиг авсан худалдааны хятад иргэд олшров. Дархан чин вангийн хошуунд ч мөн тийм иргэд ирэх болж, будаа, гурил, даавуу, мөсөн чихэр зэрэг суурин иргэдийн элдэв төрлийн ахуйн жижиг зүйлсийг зарах ба хошууны ардууд тэдэнтэй малын болон ангийн түүхий эдээр худалдаа хийхээс гадна мод, давс, хужир, мөөг, сонгино, саримс, самар зэргийг түүн наймаалж байжээ. Тухайлбал, 1914 оны намар хятад худалдаачид Дархан чин вангийн хошуунаас 1660 жин мөөг худалдан авч байв.
Сүм хийд
засварлахДархан чин вангийн хошуу нь хэд хэдэн томхон сүм хийдтэй байсан бөгөөд тэдгээр нь нутгийн ард олны сүсэг бишрэл, оюуны амьдралд төдийгүй хошууны нийгэм-эдийн засгийн байдалд тун чухал нөлөөтэй байв. Хошууны ардууд хошууны хүрээ хийдийн жас жавын мал хөрөнгийг маллан амь зуух, алба татвар төлөх, сүмийн ажилд зарагдах зэрэг аж ахуйн талаар идэвхтэй оролцож байжээ. Тэдгээр хүрээ нь Хэрлэнгийн зүүн хүрээ буюу Шадивчойнхорлин хүрээ, Чүлтэмжанчивлан хүрээ, Манзушир хийд (Богдын их шавийн харьяа), Баяндэлгэрийн хурал гэх мэт болно.
Богд хан уулын хошуу
засварлах1923 оноос Монгол улс даяар өрнөсөн засаг захиргааны өөрчлөлтөөр Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг болгон шинээр зохион байгуулж 23 хошуу болгов. Үүний нэг Богд хан уулын хошуунд хуучин Дархан чин вангийн хошууны нэлээд нутаг, одоогийн Налайхын нутаг багтжээ. 1925-1931 онд Баянзүрх уул, Зогсоол жаргалант уулын хоёр хошуу байгуулсанд одоогийн Төв аймгийн Эрдэнэ, Алтанбулаг, Сэргэлэн, Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Баянцагаан, Баян, Баянчандмань сум ба Улаанбаатар, Налайх, Багануур, Багахангай, Жанчивлин хавийн нутаг дэвсгэр хамрагдаж байв.
Чингис уулын хошуу
засварлахДархан чин вангийн хошуу буюу Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошуунд Богдын Их шавийн хэд хэдэн отог нутаглаж байжээ. Ардын засгийн газар 1923 онд “Их шавийн захиргааны дүрэм”-ийг баталж[4], шавийн өөрөө удирдах байгууллага хурлыг бий болгосноор Их шавийн захиргааг задлан шавийн ардуудыг аймагт шилжүүлэх буюу тэднээр бүрдсэн тусгай аймаг байгуулах боломжийг бүрдүүлжээ. 1925 оны 3 дугаар сарын 20-нд Их шавийн Анхдугаар их хурлыг хуралдуулж, их шавийн ардуудаар бүрэлдсэн шинэ аймаг байгуулан Дэлгэр их уулын аймаг хэмээн нэрлэв. Богд хан уулын хошуунд байсан Их шавийн таван отгоос 3 отгийг бие даасан хошуу болгохоор шийдвэрлэсэн бөгөөд тэр нь Дэлгэр их уулын аймгийн Чингис уулын хошуу юм.
Хошууны нутаг дэвсгэрийг Чингис уулаар төв болгоод зүүн этгээдэд Шаргуйтын даваа, зүүн өмнө этгээд Бага хөл, өмнө этгээд Буурлын даваа, баруун өмнө этгээд Баян уул, баруун этгээд Баянзүрх, баруун хойд этгээд Сэлбийн голын эх, хойд этгээд мөн хошууны нутгийн сав, зүүн хойд этгээд Дулаан ханы даваагаар нутгийн заагийг тогтоожээ. Хошуу тамгын газрыг Чингис уулын зүүн өмнө этгээд, Налайхын нүүрсний уурхайгаас хэдхэн км зайтай Уу буланд байгуулав. Чингис уул, Бага хөл, Буурлын даваа, Уу булан зэрэг газруудын нэр өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй, Налайх дүүргийн эргэн тойронд байна. 1926 оны мэдээгээр Чингис уулын хошуу нь өрх 469, хавсарсан өрх 92, арван гэр 46, баг 9, сум 3-тай, нийтдээ 2321 хүн амтай байсны дотор лам 340, хар 876, эмс охид 1105 байв.
Төв аймгийн харьяанд
засварлахАрдын засгийн газар Налайхын чулуун нүүрсний уурхайг 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс мэдэлдээ авсан юм. Уурхайг улсын мэдэлд авснаар энэ нутагт хүн амын суурьшил, төвлөрөл бий болж, засаг захиргааны нэгжийн хувьд Улаанбаатарын дагуул хот Амгаланбаатарын 6 дугаар хороонд харъяалагдан уурхайн дарга хороо захиргааны даргын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ. 1931 онд МАХН-ын VIII их хурал, Улсын VI их хурлын шийдвэрээр орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчилж, 13 аймгийг шинээр байгуулав. Энэ удаагийн өөрчлөлтөөр Налайхын уурхай Төв аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт багтах болжээ. Тус сум нь 8 баг, 793 өрхтэй байсан бөгөөд сумын төв нь Налайхын уурхайн ойролцоо, одоогийн Налайхын цэргийн анги орчимд байжээ. МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1938 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Налайхын үйлдвэрийг Улаанбаатар хотын захиргаанд харьяалуулж, Налайх дээр тусгай хороо байгуулах шийдвэр гарав[5]. Ингэснээр Налайхын уурхай нь засаг захиргааны нэгжийн хувьд Улаанбаатар хотын 7 дугаар хороо болж зохион байгуулагдав.
1930-50-иад он
засварлахНалайхын уурхайн хөгжил 1930-аад оноос шинэ шатанд гарч, үүнтэй холбоотойгоор Налайхад шинэ шинэ барилгууд баригдан, ахуй, соёлын үйлчилгээний газрууд байгуулагдаж, Налайх нь зөвхөн уурхайн газар төдийгүй шинэ суурьшлын бүс болон хөгжиж эхэлсэн байна. 1941 оны байдлаар Налайх нь уурхайн үйлдвэрийн албан контор, граш, эд аж ахуйн болон тэсрэх зэвсгийн, авто техникийн зэрэг агуулах, цахилгаан станц зэрэг үйлдвэрийн барилга байгууламжаас гадна уурхайн ажилчдын нийтийн байр, мэргэжилтэн нарын орон сууц, клуб, эмнэлэг, халуун усны газар, хүүхдийн цэцэрлэг зэрэг нийгэм, ахуй соёлын барилга байгууламжтай болсон байв. Налайхад янз бүрийн шалтгаанаар шилжин ирж суурьшигсдын тоо жилээс жилд нэмэгдсээр байсан бөгөөд 1941 оны мэдээгээр Налайхын хэмжээнд 1700 шахам өрх айл нүүрс хэрэглэж байжээ.
Налайхын анхны сургууль 1938 онд 1 багш, 20 сурагчтайгаар байгуулагдаж, 1941 онд Есдүгээр бага сургууль нэртэй болсон бол 1943 онд анхны төгсөлтөө хийсэн юм. Улмаар 1949 онд 7 жилийн сургууль болжээ. 1924 онд байгуулагдсан хүн эмнэлгийн бага эмчийн салбар 1931 онд их эмчийн салбар болж өргөжсөн бөгөөд анхны их эмч нь ЗХУ-ын мэргэжилтэн эмэгтэй Андреева байв. Эмнэлэг 1935 онд 15, 1936 онд 17, 1948 онд 30 ортой больниц болж өргөжжээ. 1935 онд уурхайн дэргэд 8 албан хаагчтай Цагдан сэргийлэх харуулын пост байгуулагдав. Анхны Ажилчны клуб 1937 онд ашиглалтад оржээ. 1932 оноос галын байцаагч ажиллах болж, гал командыг 1934 онд байгуулав. 1935 онд анхны хоршоо буй болсон бол 1941 онд 33 ажилтан, албан хаагч, оёдлын 18 машинтай оёдлын тасаг байгуулагдаж, 1942 онд бие даасан артель болон өргөжин жилдээ 240 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. Налайхын чулуун нүүрсний үйлдвэрийн дэргэд 1947 онд 5 ажилтантай, 30 хэрэглэгчийн багтаамжтай телефон станц байгуулагджээ. 1939 оны 8 дугаар сард гаргасан Налайхын уурхайн машины бүртгэлд “3 тн-ын даацтай “ЗИС” машин ажилтай 4, завсарт 1, огт ажилгүй 2, “БЭКҮ” хэмээх суудлын машин 1 засварт, “Найм” хэмээх суудлын машин 1” гэжээ. 1936 онд 70 квт-ын чадалтай уурын цахилгаан станц баригдав.
Уурхайчдын хороо
засварлах1955 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн БНМАУ-ын СнЗ-ийн “Улаанбаатар хотын хороодыг нэртэй болгох тухай” №203 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын 7 дугаар хороог Уурхайчдын хороо болгон нэрлэжээ.[6] 1956 оны байдлаар тус хороо 8639 оршин суугчтай болсон байв. 1960 онд Уурхайчдын хороо захиргаанд хорин нэгийг нэмж байгуулснаар нийт 8 хоринтой болсноор өнөөгийн дүүргийн зохион байгуулалтын эхлэл тавигдсан гэж үздэг.
Налайх хот
засварлах1962 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарлигт:
- Налайхын уурхайн төв нь хүн амаар олширсон байдлыг харгалзан, түүнийг орон нутгийн Налайх хот болгосугай.
- Налайх хот болгосонтой холбогдуулан хороо захиргааг хотын захиргаа болгон өөрчлөн байгуулсугай хэмээн заав.
Улмаар Налайх хотын гүйцэтгэх захиргааны орон тоог 19 нэгж, сарын цалингийн фондыг 9470 төгрөгөөр баталж, Налайхын худалдаа, нийтийн хоол, нийгэм хангамж, сургууль цэцэрлэг, эмнэлэг, ясли, кино театр зэрэг соёл гэгээрлийн байгууллагыг Налайх хотын гүйцэтгэх захиргаанд шууд харьяалуулжээ. Улаанбаатар хотын төсөвтэй шууд харьцаж санхүүжиж байгаа Налайхын худалдаа үйлчилгээ, нийгэм хангамжийн салбар, соёл гэгээрэл, эрүүлийг хамгаалах байгууллагуудын 1962 онд батлагдсан төсөвт зардлыг Налайх хотын гүйцэтгэх захиргаанаас шууд санхүүжүүлж байхаар түүнд шилжүүлэн өгч, цаашид Налайх хотыг нийслэл хотын төсөв дотор бие даасан тусгай төсөвтэй болгохыг Улаанбаатар хотын АДХГЗ-нд даалгажээ.
Засаг захиргаа
засварлахБНМАУ-ын Ардын депутатуудыг сонгох сонгуулийн дүрмийн ёсоор Нийслэл Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны хурлын тогтоолоор Налайх хотын Ардын депутатуудын хурлыг сонгох сонгуулийг 1962 оны 7 дугаар сарын 1-нд явуулж, XVII тойргийн депутатаар А.Барний, 46 дугаар тойргийн депутатаар Ч.Шагдар, 50 дугаар тойргийн депутатаар Л.Сэнгэсамбуу нар сонгогчдоос 100 хувийн санал авч сонгогджээ. Налайхыг хот болгосонтой холбогдуулан Налайх хотын гүйцэтгэх захиргааг 19 орон тоотойгоор байгуулав. Налайх хотын Ардын депутатуудын хурлын анхдугаар удаагийн чуулган 1962 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааг байгуулах, худалдаа үйлчилгээний газруудын ариун цэврийг сайжруулах, үйлчилгээг хөнгөн шуурхай болгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Налайх хотын АДХГЗ-ны анхны дарга нь Чойхүүгийн Шагдар байв. Мөн оны сүүлээр Төр хурахын САА, Айргийн эмнэлэг, Нэвтрүүлэх радио төв станц, Хонхорын төмөр замын станцыг харьяалуулан Хонхорын хороо захиргаа, Горхийн өнгөт металлын уурхайн төв, Тэрэлжийн амралт, Зүүнбаянгийн уурхайн 8 дугаар ангийг харьяалуулан Горхийн хороо захиргааг байгуулав.
Харин гурван жилийн дараа буюу 1965 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн АИХ-ын зарлигаар Налайх хотыг районы эрхтэйгээр Улаанбаатар хотод харьяалуулах шийдвэр гаргасан юм.
Хүн ам
засварлахИх уурхай байгуулагдан, үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж, улсын төлөвлөгөө нормыг ханган биелүүлэх тусам Налайхын хүн амын тоо өсөн нэмэгдэж байв. 1978 оны Налайх хотын хүн ам, орон сууцны тооллогын 1.5 дугаар хороо болон Тэрэлж, Шохой, Галтай булнайн нийт 8 хороонд 17914 хүн тоологджээ. 10 жилийн дараа буюу 1988 онд энэ тоо 21.7 мянгад хүрсэн юм.
Үйлдвэр, аж ахуйн газрууд
засварлах1965 онд хотын үйлдвэр аж ахуй, соёл үйлчилгээний газруудын нийт фонд 160 гаруй сая төгрөг болж, нүүрсний уурхай, шохой, шил, хүнсний үйлдвэр, ахуйн үйлчилгээний комбинат, оёдлын артель, барилга, сангийн аж ахуй, авто бааз зэрэг материаллаг үйлдвэрлэл явуулдаг цөөн тооны үйлдвэр аж ахуйн газруудад 2500-гаад ажилчин, 400 гаруй инженер техникийн ажилчин, албан хаагчид ажиллаж байв.
Их уурхай
засварлах1953 онд БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөнд жилд 600 мянган тонн нүүрс гаргах чадалтай орчин үеийн техникээр тоноглогдсон Налайхын их уурхай барихаар төлөвлөв. Энэ ажил 1954 оны 7 дугаар сараас эхэлж, 1958 оны 1 дүгээр сарын 15-нд анхны ээлжийг ашиглалтад оруулсан бол 2 дугаар ээлжийн барилгыг 1960 онд дуусгажээ. Мөн 1971-1974 онд Налайхын их уурхайг ЗХУ-ын тусламжаар орчин үеийн уул уурхайн төхөөрөмжөөр тоноглож шинэчлэлт хийсэн юм. Налайхын уурхайн нүүрс олборлолт 1958 онд 466 мянган тонн байсан бол, 1982 онд 856 мянган тонн болж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн билээ.
Шилний үйлдвэр
засварлахМонгол, Хятадын Засгийн газрын хооронд 1956 онд байгуулагдсан хэлэлцээр ёсоор Шилний үйлдвэрийг Налайх хотод 1958 онд ашиглалтад оруулж, материал найруулах, шил хайлах, хэвлэх, гүйцэтгэх, засварын газар зэрэг 4 үндсэн цехтэй, бүх ашигтай талбай 2000 м/кв, жилд 1.1 сая ширхэг өргөн хэрэгцээний шил сав үйлдвэрлэх хүчин чадалтай, 100 гаруй ажиллагсадтайгаар ажиллаж байв. Улмаар 1966 онд Польш улсын тусламжаар барилга, тоног төхөөрөмжийг өргөтгөн шинэчилсэн бол 1977 онд ЗХУ-ын тусламжаар автомат шугам нэвтрүүлснээр жилдээ 4-4.5 сая лонх үйлдвэрлэх хүчин чадалтай болсон юм. Үйлдвэрт архи, пиво, жимсний чанамал, эм савлах төрөл бүрийн лонх, шилэн хундага, аяга таваг, цэцгийн болон тамхины үнсний сав зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.
Соёл, боловсрол
засварлахНалайхын боловсролын салбарын үүсэл хөгжлийг 1938 онд уурхайчдын хүүхдийг сургах зорилгоор “Зуны сургууль” байгуулсан үеэс эхлэлтэй хэмээн үздэг. 1954 онд нүүрсний үйлдвэрийн орон тоог батлахдаа ясли ба цэцэрлэгт эрхлэгч, багш, асрагч, тогооч, цэвэрлэгч, хувцас угаагч, морь тэрэгчин гэсэн 18 хүний орон тоог баталж байжээ. 1957 он гэхэд Налайхад 3 цэцэрлэг ажиллаж байсан бол 1966 онд 5 цэцэрлэгт 443 хүүхэд хамрагдаж байв. 1974 оны байдлаар Налайх хотод 8, 10 жилийн сургууль тус бүр нэг, бага сургууль 3, уул уурхайн ТМС 1, оройн дунд сургууль 1 ажиллаж байв.
Налайх хотын боловсролын байгууллагуудын нэг нь Техник мэргэжлийн сургууль юм. Уурхай байгуулагдсан цагаас уурхайчдыг сургахын тулд механикуудын түр курсийг 1954 оноос эхлэн хичээллүүлсэн нь 1959 онд мэргэжилтэй ажилчид бэлтгэх байнгын ажиллагаатай сургууль болж өрөмдөгч, тэсэлгээчин, бэхэлгээчин, засварчин зэрэг 10 гаруй мэргэжлээр хүн сургаж 1964 оноос аж үйлдвэрийн төрөл бүрийн мэргэжлийг хамарсан 1-2 жилийн сургалттай Техник мэргэжлийн сургууль болж өргөжсөн юм. 1974 онд тус сургуулийг 18 мэргэжлээр 315 хүн төгсгөжээ.
1959 онд Уурхайчдын соёлын ордон[7], 1960 онд кино театр, 1968 онд анхны номын сан байгуулагдсан бөгөөд байна. 1980 онд кино гаргалт 109.1%, үзэгчид 109.6%, орлого 108.9%, ном уншигчдын төлөвлөгөө 101.2%, ном олголтын төлөвлөгөө 100% биелсэн үзүүлэлттэй байв.
Барилга, орон сууц
засварлах1954-58 онд Налайхын капитал их уурхайг барьж байгуулах ажлын хүрээнд орон сууцны 2 давхар 8-18 айлын 32 байшин, соёл ахуй, худалдаа үйлчилгээний 49.4 мянган м/кв багтаамж бүхий барилга баригдсаны дотор 1000 хүүхэд нэг зэрэг хичээллэх дунд сургууль, нэгдсэн эмнэлэг, 340 хүний суудалтай соёлын ордон, цэцэрлэг, ясли, гуанз, дэлгүүр зэрэг 40 гаруй сая төгрөгийн барилгатай уурхайчдын хотыг байгуулжээ. 1962 онд Налайхын орон сууцны гудамжны хороод 2, дэвсгэрийн албан үйлдвэр, аж ахуй соёлын том жижиг 105 байгууллагатай, 17 мянга гаруй хүн амтай байжээ. Налайхын орон сууцны гол нь ЗХУ-ын тусламжаар баригдсан усан системийн ажиллагаатай тосгоны байшингууд байсан ба тэдгээр байшинд 1000 шахам хүн ам оршин сууж, хотын хэмжээнд 3 халуун ус ажиллаж байв. 1962 онд 542 айлын орон сууц, 1976 онд 350 айлын сууц баригдсанаас хойш таван жилийн төлөвлөгөөнүүдэд орон сууц, соёл үйлчилгээний барилга барихаар төлөвлөж байсан боловч хотын цахилгаан дулаан цэвэр усны хангамж хүрэлцээгүй, цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдээгүй байснаас болоод 1987 он хүртэл 11 жилийн хугацаанд орон сууцны нэг ч барилга бариагүй, орон сууцны хангамж хотын дунджаас ихээхэн хоцорч байжээ. Харин 1989 он гэхэд хот районы дулааны станц, дулааны шугам хоолой, цэвэр бохир усны шугам, цэвэрлэх байгууламжийн барилгыг Зөвлөлтийн барилгачдаар бариулжээ. 1989 онд улсын төвлөрсөн хөрөнгөөр 6500 м/кв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулснаар 232 айл орчин үеийн орон сууцанд орж нийт орон сууцны тоо 37.4 хувиар өссөн байна.
Эрүүлийг хамгаалах
засварлах1964 онд Налайх хотын гүйцэтгэх захиргаанд эрүүлийг хамгаалах тасгийг байгуулжээ. Ингэснээр эрүүлийг хамгаалах бүхэл бүтэн систем бий болж, мэргэжилтэй боловсон хүчин, эмнэлгийн нарийн тоног төхөөрөмж, эд материалаар бүрэн хангагдав. Налайхын эмнэлэгт 1974 онд их эмч 47, бага эмч 36 ажиллаж нэг их эмчид 205 хүн оногдож байжээ. 1985 онд Налайхад 250 ортой нэгдсэн эмнэлэг, поликлиник, сүрьеэ, арьс өнгөний диспансер, Ариун цэвэр халдвар судлалын станц буюу халдвартын тасаг, хүүхдийн больниц, хороодын хүүхдийн хэсэг, эмийн сан, түргэн тусламж зэрэг нэгж байгууллагуудад 61 их эмч, 173 дунд мэргэжилтэн ажиллаж байв.
90-ээд он
засварлах1991 оны эхний байдлаар Налайх хотод 23.6 мянган хүн оршин сууж, 5000 гаруй өрхтэй, 43 албан байгууллагад 10 мянган хүн ажилладаг, 20 мянган толгой малтай байв. Харин Налайхын их уурхайд 1449 хүн ажиллаж, жилдээ дунджаар 300-400 мянган тонн нүүрс олборлож, 40-50 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ. Монгол улсын нийгэм, эдийн засаг, үйлдвэр үйлчилгээ, соёлын салбарт учирсан хямрал гүнзгийрсний шууд тусгал болж 1991 оноос Налайхын уурхай сэлбэг хэрэгсэл дутмаг, эрчим хүчний саатал, геологийн нөхцөл хүндэрсэн зэрэг шалтгаанаар, мөн Шилний үйлдвэр, Уурхайн барилга трест, Барилга угсралтын контор, Автобаазын төлөвлөгөө тасалдаж, борлуулалт мэдэгдэхүйц буурч эхлэв. Эдийн засгийн хямрал гүнзгийрч, хүнс, өргөн хэрэглээний барааны хангамжид хомсдол үүссэний зэрэгцээ ажилгүйдэл, ядуурал нэмэгджээ. Ийм нөхцөлд Налайх хотын санхүүгийн эх үүсвэр нь нийслэл Улаанбаатар хот байсан бөгөөд 1995 онд гэхэд 450 сая төгрөгийн татаас авсан байна. 1995 онд их уурхай хаагдаж, Шилний үйлдвэр, Оёдлын үйлдвэр, Барилга угсралтын контор, Авто 14 дүгээр бааз зэрэг ажлын байраар хангагч байгууллагууд үүд хаалгаа барьжээ.
Үүний зэрэгцээ Налайх хотод хувийн хэвшлүүд үүсч, өмч хувьчлалын үр дүнд хувьцаат компаниуд байгуулагдаж, малын тоо толгой жил бүр өсөв. Налайхын аж үйлдвэрийн салбар 1997 онд 314.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өмнөх оныхоос 12.8%, тээвэр, холбоо, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар 74.3%, худалдаа үйлчилгээний салбар 18%, ахуйн үйлчилгээний салбар 45%-иар тус тус өссөн байна. Ашиглалтгүй болоод байсан Налайх-Улаанбаатарын төмөр замыг ашиглалтад оруулж, өдөрт гурван удаа тээвэр хийх боломжийг бүрдүүлжээ. 1997 оны хүн амын бүртгэлээр Налайхад 4826 өрхөд 21011 хүн бүртгэгдсэн байна.
Налайхын уурхай
засварлахОлноо өргөгдсөн Монгол улсын үе
засварлах1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаар эдийн засгаа хөгжүүлэх, улсын санг арвижуулах шинэтгэлүүдийг хийж эхлэв. Гадаад яам уурхай нээж, байгалийн баялгийг ашиглах асуудлыг хариуцаж байсан бөгөөд анх 1913 онд “Олон зүйлийн уурхайг нээж шийтгүүлэх дүрэм”-ийг батлан гаргаж[8], ашигт малтмал бүхий газрыг концессын журмаар ашиглуулах харилцааг зохицуулах боллоо. Тухайн үед Нийслэл Хүрээний ойр орчимд нүүрсний уурхай байхгүй, Хүрээний айл өрх, албан байгууллага болон гадаадын худалдааны газрууд түлшиндээ дан ганц мод хэрэглэж байв[9] Ийм үед буюу 1900-гаад оны эхээр Налайхад нүүрс илэрсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж, хувь хүмүүс гар аргаар бага хэмжээний нүүрс малтан худалдаалж байсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь өргөжиж, Налайхаас олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэж байжээ. 1915 оны байдлаар Налайхын уурхай нь 40 орчим ажилчинтай, 160 орчим метр урттай газар олборлолт явуулж, 1500 тн нүүрс гаргаж байсан мэдээ бий. Монгол улсын Засгийн газар 1916 онд “Улсын хөрөнгийг захирах газар” хэмээх тусгай албан газрыг байгуулж[10], мөн тэр жилээ гол төлөв хятад иргэдийн олборлолт явуулж байсан Налайхын нүүрсний орд газрыг улсын мэдэлд авсан байна.
Богд хаант Засгийн газрын санхүүгийн зөвлөх орос С.А.Козины тооцоогоор тэр үед Налайхын уурхайгаас 1 пуд (16,3 кг) нүүрс олборлоход 10 копейк зарцуулж, түүнийг газар дээр нь 15 копейкаар борлуулж байв[11] Оросын эрдэмтэн Иван Майский “Орчин үеийн Монгол” номдоо Налайхын нүүрсний уурхайг “Монголын цорын ганц жинхэнэ үйлдвэрийн газар” хэмээн үнэлээд[12] “Оросын мэргэжилтнүүдийн удирдлагын дор Монголын Засгийн газрын ашиглаж буй энэ уурхай 1915 онд ашиглалтад оржээ. Жилд 100 мянган пуд сайн чанарын хүрэн нүүрс голдуу Өргөөгийн түлшинд явна. Бүтээлийн нэг пудийн дундаж өртөг нь 0,04, ашиг нь 0,06 хятад доллар байгаа нь тус уурхай Монголын улсын санд бузгай орлого оруулдаг нь илт байна. Тус уурхайн нүүрсний нөөц асар их тул тус улс эндээс үлэмжийн орлого олно гэж найдах бүрэн үндэстэй юм” хэмээн бичжээ.
“Мөн онд Монгол Улсын Хөрөнгийг захирах газраас Налайхын чулуун нүүрсний уурхайг нээж туршин үзсээр өргөн нь хэд хэдэн арван мод, зузаанаар гурав дөрвөн алд бөгөөд ёстой сайн нүүрсийг ухан гаргаж, албан амин хүн түлээний оронд хэрэглэх болжээ. Нийслэл Хүрээнээ суух хүний тоо цөөхөн бус, жилийн дөрвөн цагт түлэх түлшинд учир хэмжээгүй их түлээ хэрэглэн хэрэглэсээр ойр хавийн ой модыг хядан дуусаад хол бүхий модыг барахад хүрсэн цагт энэхүү чулуун нүүрсний уурхай нээсэн нь олонд үнэн хямд түлш, улсад дэлхийн баялаг мод гамнан аривлах, санд хэд хэдэн зуун онд бат ашиг оруулах зам мөн хэмээвээс зохино”
“Нийслэл Хүрээний сонин бичиг”-ийн 1917 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн дугаар.
Ардын Засгийн газар
засварлахАрдын Засгийн газар 1922 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гадаадынхны эзэмшиж байсан уул уурхайн концессуудыг хүчингүй болгож, улмаар Налайхын нүүрсний газрын ашиглалтыг мөн оны 12 дугаар сарын 25-наас улсын мэдэлд авах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн дагуу мөн өдөр Засгийн газрын төлөөний түшмэл Налайхын уурхайд ирж, тус уурхайг улсын үйлдвэр болгосныг мэдэгдэж, уурхайн захирагчийг сонгожээ.
Ардын Засгийн газар 1923 оны 4 дүгээр сарын 23-нд “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт бичгийг баталсан дотор “Налайхын чулуун нүүрсний уурхайг эрхэм чухал болгож, боловсон аргаар (нүүрс) малтан, түмэн амьтны түлш хийвэл зохино. Хэрэв чулуун нүүрсний түлш түлээнээс үнэ хямд болоод айл гэр болгонд чулуун нүүрсний зуух буй аваас эрхбиш олон түмнээр аяндаа чулуун нүүрс хэрэглэнэ” гэсэн байна. 1926 онд Налайхын уурхайг Аж үйлдвэрийн яамнаас шууд удирдах болов. Налайхын уурхайн дүрмийг боловсруулан баталж, уг дүрмээр уурхайг улсаас санхүүжүүлэх журмыг тогтоосон байна. Дараа дараагийн жилүүдэд Налайхын уурхайн талаар Ардын Засгийн газраас онцгой анхаарч, тус уурхайгаас малтан гаргаж ард олны хэрэгцээнд нийлүүлэх нүүрсний хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, нүүрсийг ердийн хөсгөөр бус автомашинаар тээвэрлэн улмаар Улаанбаатар-Налайхын хооронд төмөр зам тавих, нүүрсний өртгийг бууруулах, нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх, уурхайг техникээр хангах зэрэг бодлого боловсруулан хэрэгжүүлж байв. Үүний үр дүнд Налайхын уурхайгаас гаргах нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэн бөгөөд 1926 онд 483,3 мянган пуд, 1927 онд 553 мянган пуд, 1928 онд 557 мянган пуд, 1929 оны эхний 10 сард 376,7 мянган пуд нүүрс тус тус гаргажээ.
1927 оны үеэс шинэ уурхай нээж өргөжүүлэх ажил эхэлсэн байна. Энэ үед хятад ажилчид Налайхад ирж, зун нь Налайхын ажилчдын орон сууц, ахуй үйлчилгээний газруудыг барьж, өвөл нь гар ажиллагаатай уурхайд ажиллаж нүүрс олборлодог байжээ. Налайхын уурхайн үйл ажиллагаа өргөжиж, ажилтны тоо нэмэгдсэнээр ажилчдын байр, халуун ус зэрэг байшин барилгууд шинээр баригдаж эхлэв.
1930-40-өөд он
засварлах1936 онд 70 квт-ын хүчтэй уурын цахилгаан станц баригдсанаар Налайхын уурхайд цахилгаан гэрэлтүүлэг болон нүүрс татах өргөгч машин “лебеток” анх нэвтэрсэн ажээ. Улмаар 1938 онд үйлдвэрийг түшиглүүлэн шохойн завод байгуулагдаж Улаанбаатарын барилгуудыг шатаасан шохойгоор хангаж эхлэв. 1930-40 онд Налайхад үйлдвэр, соёл, үйлчилгээний байгууллагууд ээлж дараалан байгуулагдаж, Улаанбаатар хотын дэргэдэх томоохон суурин газар болон хөгжиж эхэлсэн байна. Налайхын чулуун нүүрсний үйлдвэрийн захиргаанаас 1941 оны 10 дугаар сарын 20-нд гаргасан тушаалд “Манай үйлдвэр нь тус улсын хоёрдугаар хүнд үйлдвэрийн газар мөн” хэмээн онцлон тэмдэглэжээ. 1941 оны байдлаар Налайх нь уурхайн үйлдвэрийн албан контор, граш, эд аж ахуйн болон тэсрэх зэвсгийн, авто техникийн зэрэг агуулах, цахилгаан станц зэрэг үйлдвэрийн барилга байгууламжаас гадна уурхайн ажилчдын нийтийн байр, мэргэжилтэн нарын орон сууц, клуб, эмнэлэг, халуун усны газар, хүүхдийн цэцэрлэг зэрэг нийгэм, ахуй соёлын барилга байгууламжтай болсон байв. Энэ үед тус уурхайг “Налайхын чулуун нүүрсний үйлдвэр” хэмээн нэрлэж байсан бөгөөд үйлдвэрийн удирдлага болох дарга болон түүний 2 орлогч нь монгол хүн, харин үйлдвэрийн инженер, зөвлөх, уурхайн дарга зэрэг албан тушаалд ЗХУ-аас ирсэн инженер, техникийн ажилтнууд ажиллаж байв.
Уурхай 1939 оны байдлаар 452,173 төгрөг, 97 мөнгөний өөрийн хөрөнгөтэй (газар болон түүний доорх баялаг ороогүй) нийт 5 уурхайтай ажиллаж байгаад мөн онд онд 6 дахь уурхайг шинээр ашиглаж эхэлсэн байна. Нүүрсийг Улаанбаатар хот руу ачааны машинаар тээвэрлэж байв. Уурхайд хэд хэдэн уурхайн ам нээж, цахилгаан шугам татсанаас гадна конвейерийн систем нэвтрүүлжээ. Энэ үед Налайхын уурхайн түүхэнд гарсан нэг томоохон дэвшил бол ЗХУ-аас нүүрсний уурхайн зориулалтын машин техник хүлээн авч үйлдвэрлэлд ашиглах болсон явдал юм. Уурхай 1938 онд 112 мянган тн нүүрс үйлдвэрлэн гаргасан бөгөөд нийт 405 ажилтантай, тэдгээрийн 37,4 хувийг монголчууд эзэлж байжээ.
1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Налайхын уурхайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ[13].
Нарийн төмөр зам
засварлахМАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид 1936 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хурлаар Улаанбаатар-Налайх хооронд нарийн төмөр зам байгуулах асуудлыг хэлэлцэн 26 дугаар тогтоол гаргажээ. Ерөнхий сайд А.Амар тэргүүтэй төлөөлөгчид 1936 оны 10 дугаар сарын сүүлээр ЗСБНХУ-д айлчлахдаа Монголын арми, аж үйлдвэр, худалдаа эдийн засгийн салбарт тусламж үзүүлэх хүсэлт тавьсны дотор Улаанбаатар хүртэл нүүрс тээвэрлэхийн тулд 39-40 км урттай нарийн төмөр зам барихаар төлөвлөснөө танилцуулжээ. Улмаар 43 км замыг жилийн 3 хувийн хүүтэй зээлийн санхүүжилтээр барихаар тохиролцон 1937 онд ЗХУ-ын Төмөр замын цэргийн 67 дугаар тусгай ангийнхан ирж бүтээн байгуулах ажил эхэлж 1938 оны Ардын хувьсгалын 17 жилийн ойгоор нээсэн билээ. Налайх-Улаанбаатарын хооронд автомашинаар нэг тонн нүүрс тээвэрлэх зардал 15 төгрөг байсан бол төмөр замаар тээвэрлэхэд 8 төгрөг 45 мөнгө болж байв. 1940-өөд оны дунд үеэс илүү хүчин чадалтай ВП-1 уурын тэрэг нэмж явуулах болсноор тээвэрлэх ачаа нэмэгдэж, хоногт 700-1000 тн нүүрс болжээ. 1957 онд Налайхын их уурхайг байнгын ашиглалтад оруулж Хонхор, Налайхын хооронд өргөн төмөр зам ашиглалтад орсон нь нарийн төмөр замыг татан буулгах нөхцөлийг бүрдүүлсэн тул 1958 онд нарийн төмөр замын хөдөлгөөнийг зогсоож татан буулгасан юм.
Дэлхийн II дайны үе
засварлахДэлхийн II дайны жилүүдэд БНМАУ-ын Засгийн газар улс орны амьдралыг дайны байдалд зохицуулан зохион байгуулж, гадаадаас авах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг хязгаарлан, дотоодын нөөц бололцоог өргөнөөр ашиглах арга хэмжээ авч байв. Үүний үр дүнд аж үйлдвэрийн салбарт нэлээд ахиц гарч эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээ шаардлага нэлээд өсөв. Үүнээс гадна МАХЦ-ийн хүч чадлыг бэхжүүлэхэд онцгой анхаарч цэргийн анги салбаруудыг шинээр байгуулсны зэрэгцээ Зөвлөлтийн цэргийн ангиуд орж ирсэн тул тэдгээрийг түлшээр тасралтгүй, найдвартай хангах томоохон зорилт тулгарч байв. Эдгээр нөхцөл байдалтай уялдан төрөөс нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарах болжээ. Налайхын уурхай 1938 онд 112 мянган тн нүүрс үйлдвэрлэн гаргасан бол 1939 онд 200 мянган тонныг гаргахаар төлөвлөсөн нь өмнөх жилийнхээс даруй 1,5 дахин өссөн хэрэг байв. 1942 онд Налайхын уурхай 192.7 мянган тн нүүрс гаргасныхаа 7 хувийг Улаан армийн ангиудад нийлүүлжээ.
Дайны жилүүдэд Налайхын уурхайд нам, төрөөс өндөр үүрэг даалгавар оногдуулж, төлөвлөгөөг биелүүлэх, давуулан биелүүлэхийн төлөөх социалист уралдаанд түрүүлэхийн тулд уурхайчид өдөр, шөнөгүй ажиллаж байв. Налайхын чулуун нүүрсний үйлдвэрийн харьяа уурхайнууд 1943 оны хоёрдугаар сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-гаас дээш хувиар биелүүлжээ. 1945 оны нэгдүгээр сарын төлөвлөгөөг 5 уурхай, 14 аравт 100-гаас дээш хувьтай биелүүлсэн байна. Ахмад уурхайчин Танжаракийн Риян дуртгалдаа “Эх орны дайны жилүүдэд өөрийнхөө хөдөлмөрийн бүтээмжийг Зөвлөлтийн ард түмэнд зориулан бэлэг болгож, нормоо 300 хувь хүртэл давуулан биелүүлж байлаа” хэмээн бичжээ.
Эмэгтэй уурхайчид
засварлахДайны жилүүдэд Налайхын уурхайд эмэгтэй уурхайчдын эгнээ өргөжин тэлж байжээ. Уурхайн захиргаа 1939 оны эхээр үйлдвэрийн ажилчдын ар гэрт энгийн сууж байгаа эмэгтэйчүүдээс 20 хүнийг сайн дураар нь элсүүлэн ажиллуулах уриалга гаргасныг дэмжиж саналаа өгсөн эмэгтэйчүүдийг төмрийн дархан, токарьчин, жолооч, монтёр, галч зэрэг мэргэжлээр дагалдуулан сургажээ. Эмэгтэй уурхайчдын даргаар ажиллаж байсан ахмад уурхайчин Н.Банзарын дурсан өгүүлснээр 1942 оны 11 дүгээр сард 21 эмэгтэй нэг хэсэг буюу бригад болж, 3 ээлжээр ажиллахдаа нэг ээлжиндээ 50-70 тн, хоногт 180-200 тн нүүрс гаргадаг байжээ. Эмэгтэй уурхайчдын бригад 1945 оны намар хүртэл ажиллахдаа 200 мянган тн нүүрс гаргасан байна. Уурхай даяар төдийгүй Налайх даяар алдаршсан Омголон хүрэн морь бол эмэгтэйчүүдийн бригадын морь ажээ. Анхны уурхайчин эмэгтэй Г.Цэндсүрэн 1936 онд 3 дугаар сард уурхайд ажилд орж, уурхайн гүнээс поолуу саваар нүүрс гарган гаднах вандан дээр асгаад даачаа тэргэнд ачдаг байжээ. Тэрбээр 1940-өөд оноос уурхайд мотор засагч, токарьчин зэрэг ажил хийж байгаад Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдан жолооч болж, эмэгтэйчүүдийн бригадын мастераар ажиллаж байсан бөгөөд 1938 онд эмэгтэйчүүдээс анх удаа “Ударник” хэмээх хүндтэй цолыг хүртжээ.[14]
Омголон хүрэн морь
засварлах1930-аад оны сүүлээр Налайхын уурхайд хайрцагтай нүүрсийг мориор чирдэг байжээ. Нүүрс чирдэг морьд дундаас Омголон хүрэн хэмээх морь Налайхынхны дунд домог мэт яригдсаар өдий хүрчээ. Уурхайчин эмэгтэй Товуугийн хөтөлдөг байсан тэрхүү морь анх Бөгтөр хүрэн нэртэй байгаад эзэн нь ажлаараа манлайлан “Ударник” цол авснаар мөн тийм нэртэй болжээ. Ахмад уурхайчин Баасанжавын дурсан ярьснаар, уурхайн морьд 2 жил ажиллаад чөлөөнд гардаг байсан бол Ударник хүрэн морь лавтайяа 5 жил ажиллажээ. Чөлөөнд гарахад нь уурхайчид Богд уулын Шажинхурахын аманд аваачиж хазаарыг нь мулталж сэтэрлээд сул тавьж байжээ. “7 хоногийн дараа гэгэлзээд тэр хавьдаа байж магадгүй гээд буцаж очсон боловч олдоогүй. Бодвол уулынхаа оргил өөд тэмүүлсэн байх” хэмээн уурхайчин Баасанжав ярьж байжээ. Ударник хүрний зургийг зураач Лувсанзундуй зурсан нь өнөөдөр Налайх дүүргийн музeйн сан хөмрөгт хадгалагдаж байна. Хүрэн морийг уурхайчид хайрлан хүндэтгэж “Омголон хүрэн” хэмээх дуу зохиосон нь: Уурхайн ажилчин ударник би Омголон хүрэн морьтой доо Мянган хувийнхаа нормыг Мориныхоо хамтаар биелүүлдэг гэсэн үгтэй байжээ. “Энэ дууг дуулахад дуулахад Омголон хүрэн нүүрс ачсан хайрцгаа чирэн чих нь сортолзон, толгой хаялан шогшдог. Өглөө тоног хэрэгслээ хийлгэж аваад өөрөө уурхай руу ороод нүүрс зөөх хайрцагныхаа дэргэд зогсчихно. Гурав дөрвөн хайрцаг нүүрс (3-4 тонн) чирчихээд зуугаад метр газар дандаа шогшиж явна. Ажил дуусмагц уурхайгаас өөрөө гарна. Ганц гэм нь илүү цаг ажиллах дургүй. Хэрэв ажиллуулж гэмээ нь шогшихгүй, зөвхөн гэлдрэх төдий л явдаг байсан” гэж ахмад уурхайчин, “нударга” хочит С.Даваасамбуу ярьж байжээ.[15] “1939 оны сүүлчээр манай уурхайд 60-аад морь байлаа. Жамц гэдэг хүн маллаж, ажилд гарах морьдыг өглөө уурхай дээр авчирч, ажил тарсны дараа туугаад буцдаг. Тэдгээр морьдын ааштайгийнх нь нүдийг боож олон хоногоор харанхуйд нүүрс зөөснөөс наранд гарахдаа заримынх нь нүд сохордог байсан” гэж ахмад уурхайчин Баазгаагийг ярьсныг Газар зүйн ухааны дэд доктор Найдансүрэнгийн Бадарч тэмдэглэн үлдээсэн байна.[16]
Анхдугаар таван жилийн төлөвлөгөө
засварлахМАХН-ын XI Их хурал БНМАУ-ын Улс ардын аж ахуйг 1948-1952 онуудад хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг батлахдаа[17] малтаж ашиглах ба боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг 15,8 хувиар өсгөх, үүний дотор нүүрс гаргалтын хэмжээг 1952 онд 542 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх, үүнээс 520 мянган тонныг Налайхын уурхайгаас гаргах заалт оржээ. Уурхайн хэмжээнд төлөвлөгөө тасрах явдал байсан боловч уурхайчид хувь хувьдаа үүрэг амлалт авч ажиллан төлөвлөгөөгөө хэд дахин давуулан биелүүлэх явдал цөөнгүй байв. Тухайлбал, уурхайчин Т.Риян анхдугаар таван жилд 15 жил, 8 сарын ажил хийж, улсын “Ударник” цол хүртжээ. 1948-50 онд уурхайн төлөвлөгөө хараахан биелээгүй боловч дараах хоёр жилд нь энэ байдал эерэгээр өөрчлөгдсөн байна.
Бүтэц, зохион байгуулалт
засварлахАнхдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний жил буюу 1948 онд Налайхын уурхай дараах 17 нэгжтэйгээр ажиллаж байжээ. Үүнд:
- Захиргаа, аж ахуй
- Газар уурхай
- Төлөвлөгөөний хэлтэс
- Санхүүгийн хэлтэс
- Бэлтгэлийн хэлтэс
- Шинэ хүчний хэлтэс
- Бичиг хэргийн анги
- Төмрийн тасаг
- Граш
- Зэвсгийн склад
- Техникийн склад
- Модны склад
- Вагон явуулагч бригад
- Вагон ачигч бригадууд
- Аж ахуй
- Халуун ус
- Хөдөө тээвэр
Ажилчин элсүүлсэн нь
засварлахУурхайн удирдлага үйлдвэрийг ажиллах хүчнээр хангахад онцгой анхаарч байв. 1947 онд Баян-Өлгий аймгаас ажилчин элсүүлэх төлөөлөгчид тус аймагт томилогдон очиж бие эрүүл, ар гэртээ гачигдалгүй, үйлдвэрт он удаан жил тогтвортой ажиллаж чадах 100 хүнийг ажилчнаар элсүүлэн авах үүрэгтэй ажиллажээ. Үүний үр дүнд Баян-Өлгий аймгаас олон казах залуучууд уурхайд ажилчнаар элсэв. Мөн Ховд, Увс болон бусад аймгаас ч олон арван залуус уурхайд элсэн орж, уурхайчдын эгнээ улам бүр өргөжсөн байна.
Нийгмийн хамгаалал
засварлахНалайхын уурхайг түшиглэн 1948 онд Цагаан хоолны сувилал 12 ажилтан, 15 ортой байгуулагдаж, жилдээ 150 хүн хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болов. Уурхайчдын ахуй хангалт, нийгмийн хамгааллын асуудлыг хариуцдаг Хэрэгцээний хэлтсийн 1951 оны актад тэмдэглэснээр, газрын гүнд ажиллаж сүү ууваас зохих ажилчид уурхайн захиргааны төлөвлөгөө ёсоор 35 хүн байсан боловч дагалдан зэрэг хүмүүстэй нийлж 55 хүнд сүү олгож байсан бөгөөд хүн бүрт өдөр тутам 0,5 л сүү, нэг сард бүгд 625 л сүү олгож байв. Уурхай 1950 онд 1551 толгой малтай, уурхайчдын хүнсний хэрэгцээнд зориулан ногоо тарьж байжээ.
Шинэ үсэгт тайлагдсан нь
засварлахУлаанбаатар хотын Үйлдвэрчний зөвлөлөөс 1947 оны 3 дугаар сарын Бүгд хурлын тогтоолд гишүүд ба үйлдвэрийн газруудын ажилтан, ажилчныг шинэ үсгийн хичээлд заавал, тогтмол хамруулж, шинэ үсэгт тайлагдаагүй байгаа үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн 70 хувийг 1947 онд хуралдах МҮЭ-ийн 5 дугаар их хурлын өмнө шинэ үсэгт сургахыг Үйлдвэрчний эвлэлийн үндсэн байгууллагуудад даалгажээ. Тогтоолд, хятад, казах ажилчдыг шинэ үсэгт сургах ажлыг 1947 онд хүчтэй зохион байгуулах, Налайх, Аж үйлдвэрийн комбинат, Махкомбинат зэрэг хятад, казах ажилтан олонтой газруудад шинэ үсгийн бүлгэм курсүүдийг 3 дугаар сарын 20-ны дотор байгуулж ажиллуулахыг даалгажээ. 1950 онд Налайхын уурхайд бичиг мэдэхгүй буюу бага мэддэг 356 хүн байгаагийн дотор казах ажилчид 95, хятад ажилчид 98, бусад ажилчид 163 байв. Тухайн онд Налайхын уурхайд 768 хүн ажиллаж байсан бөгөөд тэдний бараг тал хувь нь шинэ үсэгт тайлагдсан байсныг энэхүү баримтаас үзэж болно. Налайхын уурхайн казах ажилчид болон тэдний гэр бүлийнхэн уурхайчдыг бичиг үсэгт сургах болон тэдний дунд зохиох соёл олон нийтийн ажил явуулахад зориулсан тусгай байртай болох санаачилгыг 1950 онд гарган амралтын үеэрээ уурхайд субботник хийж 188 тн нүүрс гарган, 300 мянган төгрөг хуримтлуулан уурхайн удирдлагад хүлээлгэн өгч байжээ.
Бүтээн байгуулалт
засварлах1954 онд хуралдсан МАХН-ын XII их хурал тус улсад социализмыг дэлгэрэнгүй байгуулах зорилтыг дэвшүүлж, 1953-1957 онд Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөг батлав. Уг төлөвлөгөөнд Улаанбаатар хотын цахилгаан комбинатын өргөтгөлийг дуусгах, ЗХУ-ын тусламжтайгаар жилд 600 мянган тонн нүүрс гаргах чадалтай орчин үеийн техникээр тоноглогдсон Налайхын их уурхай барихаар тусгажээ. 1954 оны зун Налайхын капитал их уурхайг барьж байгуулах ажлыг эхлүүлж, суурь тавьснаар бүтээн байгуулалт эхлэв.
Их уурхайг байгуулсан нь
засварлах1957 онд их уурхайн барилгын ажилд Зөвлөлтийн мэргэжилтэн 203, хятад ажилчин 525, монгол ажилчин, албан хаагчид 1536, бүгд 2264 хүн оролцож байв. Уурхайг барихад Монгол, Зөвлөлтийн мэргэжилтэн, ажилтнууд газар дор 130-170 метрийн гүнд 6250 метр урт малталт хийж, 76 мянган м³ шороо гаргасан ба газар дор 1000 гаруй метр төмөр бетон бэхлэлт, 11 мянга гаруй дан бетон бэхлэлт хийхийн хамт, уурхайн нүүрс гаргах лаваас төмөр замын вагонд ачих хүртэл бүх тоноглолыг тавьжээ. Улмаар 1958 оны 1 дүгээр сарын 15-нд капитал уурхайн нэгдүгээр ээлжийг 88 тооны үйлдвэрийн барилгатай хамтаар хүлээлгэн өгчээ. Мөн цахилгааны өндөр хүчдэлийн 38 км, Улаанбаатар-Налайхын хооронд телефон харилцааны шинэ шугам, өргөн төмөр замаар нүүрс тээвэрлэх 13,6 км-ийн салаа замыг тавьж ашиглалтад оруулав. Их уурхайн хоёрдугаар ээлжийг 1960 онд ашиглалтад оруулжээ. Төвийн районы нүүрсний эрэлт хэрэгцээг хангахад 1970-1990 онд Налайхын нүүрсний уурхай төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж, улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд нүүрс олборлох дээд амжилтыг эвдэж 20-30%-иар ахиулсан юм.
Боловсон хүчин
засварлахИх уурхайд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1954 онд Налайхын нүүрсний баазыг түшиглэн бэхлэгч, малтагч, өрөмдөгч нарыг сургах “Түр курс”-ийг байгуулан тухайн үеийн Налайхын “Ягаан клуб”-т хичээллүүлж байв. Уг курсийг 1964 онд үйлдвэрийн төрөл бүрийн мэргэжлээр ажилчин бэлтгэх Техник мэргэжлийн сургууль болгосон бол 1979 онд Техник мэргэжлийн дунд сургууль болон өргөжүүлжээ. Их уурхайд өргөтөл, шинэчлэл явуулах тухай бүрд ажилчдыг ЗХУ-д 3-6 сарын хугацаатай курст явуулан сургаж, ажлын талбарт гаргаж байв. Ажилчин элсүүлэх болзлыг 1964 онд шинэчилж, уул уурхайн үйлдвэрт 3-аас доошгүй жил газар дор ажиллахаар гэрээ байгуулж, үндсэн ажилчнаар ажиллахыг хүссэн хүмүүст нэг удаагийн тэтгэмж 300 төгрөгийг буцалтгүй олгон бусад аймгаас ирсэн шинэ элсэгчдийг тэргүүн ээлжид орон сууцаар хангаж, эхний 6 сард үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ.
Техник, тоног төхөөрөмж
засварлах1971-1975 онд Налайхын их уурхайд ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтай өргөтгөл хийж, нүүрсний уурхайн хүчин чадлыг жилд 800 мянган тн нүүрс гаргахаар болгож, орчин үеийн уул уурхайн төхөөрөмжөөр тоноглож, техникийн шинэчлэл хийгджээ. Уурхайн үндсэн үйлдвэрлэл дээр СБВ-2М, 2СБШ-200 өрмийн машин, Э-2005, ЭКГ-4,6 цахилгаан экскаватор, 50-60 тн-ын 4ВС-50 думпкар, 27 тн-ын даацтай БелАЗ-540 автосамосвал, 1000-1100 морины хүчтэй ТЭМ-1, ТЭМ-2 илчит тэрэг, 25 тн-ын төмөр замын кран, Д-686 бульдозер зэрэг техникүүд ажиллаж байв.
Нүүрс олборлолт
засварлахНалайхын уурхайн 1958-1982 онуудад хийсэн уулын ажлын гүйцэтгэл (Эх сурвалж: "Налайх: Нэгэн зууны түүхийн товчоон" ном. Ерөнхий редактор Ц.Батбаяр. Улаанбаатар хот. 2022 он.)
Он | Нүүрс олборлолт мян. тонн | Үндсэн малталт | Бэлтгэл малталт) |
---|---|---|---|
1958 | 466.1 | 1040 | 1557 |
1959 | 539 | 1166 | 4450 |
1960 | 587.1 | 2300 | 3124 |
1961 | 713.8 | 3335 | 4643 |
1962 | 801.6 | 3419 | 5223 |
1963 | 764 | 2475 | 5192 |
1964 | 512.5 | 923 | 3367 |
1965 | 600.4 | 974 | 5618 |
1966 | 509 | 1425 | 3626 |
1967 | 395.6 | 1043 | 5411 |
1968 | 451.7 | 1786 | 4335 |
1969 | 419.5 | 1133.5 | 1333.8 |
1970 | 553.5 | 846 | 5957 |
1971 | 500.2 | 1736 | 3413 |
1972 | 524.3 | 1206 | 5031 |
1973 | 539.7 | 1038 | 3854 |
1974 | 573.5 | 863 | 2472 |
1975 | 624.5 | 1046 | 4342 |
1976 | 695.8 | 489 | 5136 |
1977 | 810.3 | 1738 | 4330 |
1978 | 870.8 | 989 | 5075 |
1979 | 731.9 | 228 | 6594 |
1980 | 804.6 | 172 | 6528 |
1981 | 860 | 350 | 4674 |
1982 | 856.6 | 323 | 5401 |
Хөдөлмөрийн баатрууд төрөв
засварлах1957 онд Налайхын 17 дугаар уурхайн бэхэлгээчин Дамдины Даваажав БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртэв.[18] Улмаар 1961 онд Х.Түвшин, Ж.Отгонцагаан, 1962 онд Н.Залиль, Д.Чанкий, Ж.Батлай Хөдөлмөрийн баатар болжээ.[19]
Гавьяа шагнал
засварлах1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Улсын бага хурлын 34 дүгээр тогтоолоор Налайхын нүүрсний их уурхайг Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор шагнажээ. 1982 онд мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр дахь удаа шагнаж, V, VI таван жилийн гавшгайч цол хүртээсэн байна.[20]
90-ээд он: Уурхай хаагдсан нь
засварлахТөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, ганц орноос хэт хамааралт байдалд хүргэсэн бодлого зэрэг нь 1980-аад оны сүүлч болоход Монгол улсыг эдийн засгийн гүн хямралд оруулсан бөгөөд улсын төсвийн алдагдал 1980-1989 онуудад 535.0 саяас 1.2 тэрбум буюу 2.3 дахин нэмэгдэж, жилд дунджаар 2.9% өсжээ. 1989 онд Налайхын нүүрсний уурхай нүүрс олборлолтыг 27.6%-иар тасалдуулав. Нүүрс гаргалтын төлөвлөгөө 165,5 мянган тонноор буюу 8,5 сая төгрөгөөр тасалджээ. Налайх хотын хэмжээгээр цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын төлөвлөгөө 18,3%-иар буюу 3,8 сая төгрөгөөр тасалдсан байна. Тухайн үед уурхай 1600 гаруй ажилтан, ажилчидтай, үндэсний 80 гаруй дээд мэргэжлийн сэхээтэнтэй, үүнээс 500 гаруй тэтгэврийн уурхайчидтай, группт болон хөнгөн ажилд орсон 620 хүнтэй байжээ. Налайхын нүүрсний уурхайн тухайн үеийн нөхцөл байдлын талаар Ж.Отгонцагаан тэргүүтэй БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар 6 ахмад уурхайчин 1989 оны 10 дугаар сард тодорхойлолт бичиж төрийн тэргүүнд хүргүүлэв. Уурхайчдын ахуй амьдрал дордож, уурхай санхүүгийн хүнд байдалд орсоныг тоочин өгүүлснээс гадна уурхайн бодит нөөцийг тооцон үзээд жилд 500 мянган тоннын хүчин чадлаар ажиллана гэж үзвэл 30 жил ажиллах ба 1994 он хүртэл үндсэн малталтын хоцрогдлыг арилгах болон сэргээн завсарлах, тоног төхөөрөмжийг өөрчлөхөд 215.6 сая төгрөгийн хөрөнгө шаардагдаж байгааг уг тодорхойлолтод дурдсан байв. Гэвч 1990 оны 3 дугаар сард МАХН-ын УТТ бүрэн бүрэлдхүүнээрээ огцров. 1992 оны 1 дүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хууль батлагдсанаар ардчилал, шинэчлэлийн үйл явц Монгол оронд эргэлт буцалтгүй боллоо.
Налайхын их уурхайн үйл ажиллагааны талаар Эрчим хүч, геологи, уул уурхайн яам, Налайхын их уурхайн комиссын мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт 1994 оны 6 дугаар сард гарчээ. Дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт “Налайхын их уурхай олон арван жилийн туршид улсаас татаас авч ирсэн бөгөөд хойшид ч зах зээлийн ашигтай ажиллах найдваргүйг харгалзан уг уурхайн үйл ажиллагааг зогсоож, одоо байгаа геологийн нөөцийг хадгаламжид авах” гэсэн байна. Дүгнэлтэд уурхайн уул, техникийн нөхцөл хүндэрсэн, техник технологиуд хоцрогдолд орсон, тонн нүүрсний өөрийн өртөг хэт өндөр болсон, уурхайн технологийн схем зөрчигдсөнөөс уулын нуралт даралт ихэсч, осол аваар нэмэгдсэн гэх мэт бодитой шалтгаануудыг дурдсан байв. Ингээд Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны сайдын 1995 оны 12 дугаар сарын 30-ны тушаалаар Налайхын уурхайг хаажээ.
1990 оны осол
засварлах1990 оны 12 дугаар сарын 17-ны өглөөний 9 цаг 21 минутанд Налайхын уурхайн баруун жигүүрийн 541 дүгээр лавны конвейерын шрехт метан хий дэлбэрч 19 уурхайчин амь насаа алдсан эмгэнэлт осол гарав. Улаанбаатар хотоос эрүүл мэндийн хоёр бригад, БХЯ-ны хоёр бригад, эрчимт эмчилгээ, нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн, ОХУ-аас уулын цэрэгжүүлсэн аврах ангийн аврах баг ирж ослын голомтод ажиллажээ. Уурхайчид нөхдөө аврахаар ослын голомтод яаралтай орж ажилласнаас 44 хүн угаарын хийд хордон гэмтэл авсан байна. Ослыг судлах, шалтгааныг тогтоох ажлын явц 2 долоо хоног үргэлжилсний эцэст “Метан хийн дэлбэрэлт нь нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас үүдсэн” хэмээн дүгнэжээ. Осол болсноос дөрөв хоногийн дараа Засгийн газар тогтоол гаргаж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр тус бүрт 6000, хордлого, гэмтэлд орсон хүн тус бүрд 2000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх, орон сууцны халаалтын хөлс, нүүрсний үнийн хөнгөлөлт эдлүүлэх, эмчлүүлж байгаа хүмүүсийг амралт, рашаан сувилалд нэг удаа улсын зардлаар амруулах, Налайхын уурхайчдыг алдаршуулсан хүндэтгэлийн гэрэлт хөшөөг 1991 онд багтаан барихаар болжээ.
Орчин үе
засварлах1992 оны шинэ Үндсэн хуулиар "Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн хувьд аймаг, нийслэл, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана[21] гэж заасны дагуу 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурал тогтоол гаргаж Улаанбаатар хотын район, хороог татан буулгаж[22] Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгино, Налайх, Туул, Багануур, Багахангай, Жаргалант, Гачуурт зэрэг 12 дүүргийг шинээр байгуулжээ. Налайх дүүргийн анхны Засаг даргаар Ч.Жигжидсүрэн, ИТХ-ын даргаар С.Лхагвасүрэн томилогдов. Дүүрэг анхандаа 7 хороотой байсан бол 2019 онд хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар 8 хороотой болсон байна.
Засаг захиргаа
засварлахИргэдийн Төлөөлөгчдийн Хурал
засварлахДүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 25 гишүүнтэй. 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулиар Монгол Ардын Намаас 21, Ардчилсан намаас 4 нэр дэвшигч олонхын саналаар сонгогджээ. ИТХ-ын дарга нь П.Нарантуяа.
Засаг дарга
засварлахДүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар. Засаг даргын Тамгын газар 7 хэлтэс, 4 тасагтай. Тамгын газрын дарга нь Ж.Алтангэрэл.
Газарзүй
засварлахНийслэлийн Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хил залган ойт хээрийн бүсэд 68,7 мянган га нутаг дэвсгэрийг хамран Богдхан уулын зүүн шувтрага, Хангай, Хэнтийн атираат бүсийн Хэнтийн хэсгийн өмнө хэсэгт оршино. Зүүн, зүүн хойт талаараа 2197 м өндөр Орог ямаат, Цагаан тэмээтийн нуруу, Ёлтын даваа, Чингисийн хяр, Мөст, Өгөөмөр, Их Мөст зэрэг том уул нурууд, Их хуандий, Бага Дээндий, Өвөр Горхи, Тэрэлжийн зэрэг уудам ам хөндийнүүдтэй. Номхон далайгаас 1600-гаад км, дэлхийн экватороос 5300 км хол. Хойт туйлаас урагш 4700 км орчим алсад дэлхийн 7-р бүсэд Лондон хотоос 7 цаг 08 минутын зөрөөтэй оршдог. Уулын хамгийн өндөр хэсгээрээ уулын нугат ойн гүн хөлдөмтгий хөрс зонхилно.
Хилийн цэс
засварлахНутгийн хамгийн баруун захын цэг хойт өргөрөгийн 47° 43′ 32,45", зүүн уртрагийн 107° 26' 17,75"-ын солбилцол Их Баян уул, хойд захын цэг хойт өргөрөгийн 47° 59' 42,86", зүүн уртрагийн 107° 26' 17,75"-ын солбилцол Ганц модны гозгор, зүүн захын цэг хойт өргөрөгийн 47° 58' 08.38" зүүн уртрагийн 107° 35' 48,4"-ийн солбилцол Туул, Тэрэлжийн бэлчир, урд захын цэг хойт өргөрөгийн 47° 38' 55,14", зүүн уртрагийн 107° 17° 39,60"-ын солбилцол 1628 м тоот өндөрлөгт орших ба нутгийн хүйс буюу төв цэг хойт өргөрөгийн 47° 49' 16,88", зүүн уртрагийн 107° 26' 5,9"-ийн солбилцол Сайханы саравч орчимд байна.
Газар нутаг
засварлахНалайх дүүрэг нь 68,764 га газар нутагтай бөгөөд үүнээс 21,337 га газар нь хөдөө аж ахуйн, 12,261 га газар нь хот, суурин бүсийн, 1034 га газар нь зам, шугам сүлжээний, 1678 га газар нь ойн сан бүхий, 5 га газар нь усны сан бүхий, 32,446 га газар нь улсын тусгай хэрэгцээний зориулалттай. Нийт газар нутгийн 50 хувь орчим нь улсын тусгай хэрэгцээний буюу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эзэмшилд байдаг.
Уур амьсгал
засварлахЭрс тэс шинжтэй, хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй нутагт багтана. Өвөлдөө 20-25°С хэм хүйтэрч, зундаа +23-аас +28°С дундаж дулаантай, тэнгэр голдуу (жилдээ 250-иад хоног) цэлмэг байдаг. Жилийн дундаж хур тунадас 250-300 мм.
Амьтан
засварлахХэнтийн тайгын элемент болох олон зүйлийн хөхтөн амьтны тархалтын урд хил болдгийн хувьд монгол тарвага, дагуур огдой, урт сүүлт зурам, ойн солонго зэрэг олон зүйл амьтадтайн дотор нэн ховор хүдэр, гахай, ойн булга, ангир, нугас, хар өрөвтас болон шилийн сар, элээ, шаазгай, шар цэгцгий, хараацай зэрэг олон зүйл шувуутай. Туул гол тунгалаг цэнгэг устай бөгөөд тул, зэвэг, цагаан загас, шивэр хадран, цурхай, балиус, улаан нүдэн зэрэг олон зүйл загастай.
Ургамал
засварлахХээрийн бүстэй залгаа учир ой нь байгалийнхаа нөхцөлд ихээхэн эмзэг байрлалтай. Туулын хөндийгөөр нугат намгийн цэвдэг хөрстэй, бургас, улиас, монос, долоогонын бут шугуйтай. Оройгоороо асга болж гарч ирсэн суурь чулуулагтай, уулс нь шинэс голлосон ой модтой, ой нь нэн ховор дагуур тэрэлж, даль, сургар арц зэрэг анхилуун үнэрт ургамал, хад, нэрс, алирс, үхрийн нүд зэрэг жимсгэнэ, бамбай, сөд, алтан гагнуур зэрэг эмийн ургамалтай.
Гол, нуур
засварлахНалайхаас зүүн урагш Хэнтийн нурууны баруун урд захын Цогтчандмань уул (1854 м) нь Хойт мөсөн далай, Номхон далай, Төв Азийн дотоодын гадагш урсгалгүй ай савын цэвэр усны хагалбар бөгөөд энэ нь Монголын төдийгүй Азийн усны ай савын хагалбар болж байгаа чухал газар билээ. Туулын савын голууд нь Хойт мөсөн далайн ай савд багтах гол, горхиуд юм. Туулын хамгийн том баруун цутгал нь Тэрэлж, зүүн цутгал нь Элстэйн гол, Налайхын гол. Налайх орчмын гол горхины ус химийн найрлагын хувьд гидро карбонатлаг ангилалд багтдаг. Ар Жанчивланд гидрокарбонат, кальци-магни, Хүлэмжийн хий, радонтой рашаан байдаг. Мөн Бүс нуурын орчмын хүхэрлэг рашааныг хүмүүс эртнээс ашиглаж ирсэн байна.
Ашигт малтмал
засварлахНүүрсний арвин нөөцтэй. Алт, зэс, өнгөт ба хар металл, тоосгоны шавар, элс, хайрга, дайрга зэрэг ердийн ашигт малтмал ч элбэг байдаг. Шилний үйлдвэрийн үндсэн материал хадан улаан, шохойн чулуу элбэг тул шохойн болон цементийн үйлдвэрт өргөн ашигладаг. Ар Жанчивлангийн орчимд алт, цагаан тугалганы орд, гянт болд, хайгуур жоншны илрэл бий бөгөөд Горхид болор, Элстэйд цагаан тугалга, шилний элс бусад газраар шавар, хайрганы баялаг нөөцтэй.
Хүн ам
засварлахХалх, дөрвөд, торгууд, урианхай, захчин, казах, буриад, барга, өөлд зэрэг ястнууд оршин суудаг. 2023 оны эцсийн байдлаар 10838 өрхийн 40238 хүн амьдран сууж байна. Нийслэлийн нийт өрхийн 2.3 хувь нь тус дүүрэгт байгаа бөгөөд өрхийн тоо өмнөх оны мөн үеийнхэээс 328 (3.1%)-аар өссөн байна. НҮБ-ын UNDP байгууллагын туслалцаатайгаар боловсруулсан “Налайх дүүргийн тогтвортой хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг”-т дүүргийн хүн амын тоо 2030 он гэхэд 47.8 мянгад хүрч, 10.1 мянган хүнээр нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.[23]
Налайхын казах үндэстэн
засварлах1926-1930-аад оны үед Налайхын уурхайд ажиллахаар анхны казахууд Налайхад нүүдэллэн иржээ. Налайхын уурхайд 1936, 1938 онд баруун гурван аймгаас олон тооны ажилчин элсүүлэн авсны дийлэнх нь Баян-Өлгий аймгийн казахууд байв. 1958 оны байдлаар Налайхын нийт уурхайчдын 80% нь казахууд байжээ. 1992-1993 онд Монгол улсаас Казахстан улс руу 30 мянга гаруй казах иргэд нүүн гарсны дийлэнх нь Налайхын казахууд байв. Налайхын уурхайгаас түүхэндээ 12 Хөдөлмөрийн баатар төрсний 5 нь буюу 42% хувь казах үндэстэн юм. 2021 оны байдлаар Налайх дүүргийн нийт хүн амын 10 гаруй хувийг казахууд эзэлж байна.[24]
Эдийн засаг
засварлахАж үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь дулаан хангамж, цахилгаан эрчим хүч бөгөөд элс хайрга, дайрга олборлох, оёмол эдлэл, резинэн эдлэл, талх, нарийн боов, малын мах, цэвэр ус үйлдвэрлэж байна. 2023 оны эцсийн байдлаар малтай өрхийн тоо 778, малчин өрхийн тоо 478 бөгөөд 44138 малтай. Мөн онд 20 га талбайд төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл тариалснаас 123 тн ургац хураан авчээ. Дүүргийн төсвийн орлого сүүлийн жилүүдэд өсч 2024 оны 1 дүгээр сард 2.018 тэрбум төгрөг болсон байна.[25]
Дүүрэгт барилгын материал, үйлдвэр технологийн парк, барилгын материалын бөөний төв, тээвэр ложистикийн төв зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байна.[26] “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ашиглалтад орсноор 120 га газарт 1500 гаруй ажлын байр шинээр бий болгож, улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 2 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, барилгын өртөг буурч, 50 гаруй барилгын материалын үйлдвэрлэл байгуулагдаж, 10000 орчим ажлын байр шинээр бий болно хэмээн тооцоолжээ.[27]
2024 оны 5 дугаар сард Монгол улсын Засгийн газар Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийг байгуулахаар шийдвэрлэжээ.[28] Тусгай бүс нь олон улсын тээвэр ложистик, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх юм.
Түүх, соёлын дурсгал
засварлахГорхи-Тэрэлжийн уулархаг бүс, Туул голын сав хөндийд оршдог, газарзүйн хувьд эрт дээр үеэс хүн амьдрах тааламжтай газар нутаг байсан учир түүх, соёлын асар их өв газрын хөрсөн дээр болон хөрсөн дор хадгалагдан иржээ.[29] Дүүргийн нутаг дэвсгэрт 37 дурсгалт газрын 217 археологийн үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн. Үүнд чулуун зэвсгийн үеийн бууц суурин, дарханы газар 7, булш, оршуулгын дурсгал 199, хадны зураг, бичээс 6, тахил тайлгын байгууламж 7 байна. Үүнээс дурдвал:
Чулуун зэвсгийн үе
- Хөх уулын дурсгалт газар
- Гандан уулын дурсгалт газар
- Улаан толгойн дурсгалт газар
- Мэлхий хадны дурсгалт газар
- Агуйт хадны дурсгалт газар
- Баянцагааны өврийн дурсгалт газар
- Эрээний амны адгийн дурсгалт газар
Хүрэл, төмөр зэвсгийн үе
- Дөрвөлжин булш
- Майхан уулын дурсгалт газар
- Банш уулын дурсгалт газар
- Морьтын дээд гармын зосон зургийн дурсгал
- Бичигт хясааны хадны зосон зургийн дурсгал
- Тэрэлжийн адгийн хадны зураг
- Шилжрээгийн гудамжны хүрлийн үеийн дурсгалт газар
Хүннүгийн үе
- Майхан уул 1-3 дурсгалт газар
- Бүс нуурын хойт энгэрийн дурсгалт газар
Түрэгийн үе
- Ар бургастайн амны адгийн тахилын байгууламжууд
- Тоньюкукын гэрэлт хөшөө, тахилын онгоны дурсгал
Монголын эзэнт гүрний үе
- Сайханы монгол булш
- Гандан уулын монгол булш
- Бүс нуурын монгол булш
Сүүлийн жилүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэр нь эртний түүх судлаачдын анхаарал, сонирхлыг нэлээд татах болсон бөгөөд энэ нь дүүргийн нутаг дэвсгэрээс урьд өмнө судалгааны эргэлтэд ороогүй олон арван дурсгалууд шинээр илрүүлэн олсонтой холбоотой. Нөгөө талаар хуучин чулуун зэвсгийн үеэс XlX зууны сүүл хүртэлх түүхэн үед холбогдох эдгээр түүхэн дурсгалууд нь энэ бүс нутгийн эртний төдийгүй дундад эртний түүхийг судлан тодруулахад чухал эх хэрэглэгдэхүүн болж байна.
Хөшөө дурсгал
засварлах“Уурхайчдын алдар” хөшөө
1992 онд Л.Болдын эх загвараар бүтээж, Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд байрлуулсан зэс хөшөө. Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар дүүргийн хамгаалалтад авсан.[30] [31]
Уурхайчин Д.Даваажавын хөшөө
Монгол улсын анхны Хөдөлмөрийн баатар, уурхайчин Д.Даваажав (1916-1947)-т зориулсан дурсгалын хөшөөг 2000 онд Л.Болдын эх загвараар бүтээжээ. 2008 онд дүүргийн хамгаалалтад авсан.[32] [33]
Налайх дүүргийн өндөрлөг буюу Алхтай хөшөө
Налайх дүүрэг байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан 1982 онд бүтээсэн. Өндөр нь 8,3 м. Дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг. 2008 онд дүүргийн хамгаалалтад авсан.[34]
Ч.Шагдарын цээж баримал
Налайх хот, дүүргийн анхны дарга Чойхүүгийн Шагдарын цээж баримлыг 2012 онд босгожээ. Ч.Шагдар нь 1962-1978 онд Налайх хотын анхны АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байв.[35]
Сүм хийд
засварлахСайн номуун хийд
1989 онд Монголын Сүсэгтний холбооны Налайх дахь салбар зөвлөл байгуулагдаж, түүний дэргэд Дашчойнхорлин нэртэй хийд байгуулагдаж, Дансран, Даниа, Наваанлувсан нарын 7 лам сүсэгтэн олонд 7 хоногийн 3 өдөр ном хурж үйлчилдэг байжээ. 1992 онд шашны сургууль төгсөж ирсэн С.Нэргүйд өвгөн лам нар хийд орноо хүлээлгэн өгснөөр одоо хийд байгаа дэнжийг тохижуулан шинээр дуган барьж жил тутам тохижуулсаар ирсэн байна. Хийдийн харъяанд "Гурван эрдэнэ" шашны дунд сургуулийг 1998 онд байгуулсан. 2011 онд хийдийг шинээр барьж тохижуулан аравнайлжээ.[36]
“Мекке мешит” исламын сүм
1990 онд Налайхын захиргааны A/67 тушаалаар Монголын мусульманы нийгэмлэгийн салбар байгуулагдав. Дүүргийн 4 дүгээр хорооны казах иргэдийн санаачлагаар 1993 онд Монголын мусульманы нийгэмлэг болон гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулсан. Мөн онд Турк улсад шашны сургууль төгсөж ирсэн Д.Хынейбек нар, 1997 онд Пакистан улсад сургууль төгсөж ирсэн Р.Жанарбек нар ажиллаж иржээ. Сүм хүүхэд залуучуудад шашны зан үйл, өв уламжлалын сургалт явуулдаг.
"Кония"-гийн соёлын төв буюу "Хазирет Османы мешит”
2012 онд ашиглалтанд орсон бөгөөд “Монгол улсад баригдсан сүм хийдийн дотор хамгийн орчин үеийн хэв загвартай, сайхан болсон” хэмээн Монголын мусульманы нийгэмлэгийн тэргүүн Х.Батырбек “Монгол улс дахь мешит, сүм хийдүүд” бүтээлдээ онцолжээ.
Цэргийн ангиуд
засварлахНалайх дүүрэгт Зэвсэгт хүчний инженерийн цэргийн 014-р анги, агаарын цэргийн 353-р анги Хилийн цэргийн тусгай 0303-р анги байрлаж байна.
Налайхаас төрсөн алдартнууд
засварлахХөдөлмөрийн баатар
Д.Даваажав (БНМАУ-ын анхны Хөдөлмөрийн баатар), Ж.Отгонцагаан, Х.Түвшин, Ж.Батлай, Д.Чанкий, Н.Залил, А.Орногвай, Ч.Пүрвээ, Т.Окобал.
Гавьяат уурхайчин
Д.Пүрэв, Ц.Сандаг, Ч.Адрес, З.Жавлай, Ж.Сайполда, Х.Кадас, Ө.Шаравхан, С.Банзрагч, Ц.Жанчив, С.Жадамбаа, Л.Дамдинсүрэн, Д.Балдорж, Х.Түвшин, Д.Орги.
Төрийн шагналт
У.Мавлет, Н.Лувсанчоймбол, Ц.Дорж.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
А.Барний.
- Монгол Улсын Соёлын гавьяат эүтгэлтэн, бөх тайлбарлагч А.Ганбаатар 1983 онд Налайхын Техник мэргэжлийн сургуулийг төгссөн, Налайх дүүргийн спортын хороонд дасгалжуулагч, арга зүйчээр ажиллаж байв.
- Монгол улсын анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1976 онд ЗХУ-ын Москва хотод Н.Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академийг төгсөж ирээд Налайхын цэргийн нисэхийн 137-р ангид Миг-21 онгоцны инженерээр ажиллаж, гэр бүлээрээ Налайхад амьдарч байв.
- Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав 1954-1958 онд Налайх дүүргийн 9 дүгээр дунд сургуульд суралцаж төгссөн бөгөөд Налайх хотын утга зохиолын бүлгэмд суралцаж байв.
- Төрийн шагналт анхны 3 уурхайчин У.Мавлет, Ц.Дорж, Н.Лувсанчоймбол нар гурвуул Налайхынх.
- Монгол улсын гарьд Пунцагийн Сүхбат бага насаа Налайхад өнгөрөөжээ. Түүнийг гурван настай байхад буюу 1967 онд Пунцагийнх хэмээх айл Баянхонгороос Налайхад нүүн ирсэн байна.
- Японы мэргэжлийн сүмод элссэн анхны зургаан хүүхдийн нэг, мэргэжлийн сүмод нэг удаа түрүүлсэн Нямжавын Цэвэгням буюу Кёкүтэнхо 1974 онд Налайхад төржээ.
Гавьяат цолтнууд
засварлахНалайх дүүргээс уурхайчин бус Гавьяат цолтнууд 20 төржээ. Гавьяат багш, малчин, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, нисгэгч, эмч, тээвэрчин тэдгээр хүмүүсийн хамгийн анхных нь Гавьяат багш Ц.Цэрэндэжид юм.
“Налайх дүүргийн хүндэт иргэн” шагнал
засварлахДүүргийн ИТХ-ын 1999 оны 22 дугаар тогтоолоор Налайх дүүргийн Хүндэт иргэн шалгаруулах журмыг баталжээ. Анхны Хүндэт иргэнээр Ч.Шагдар өргөмжлөгдөж байв. 1999 оноос хойш өнөөдрийг хүртэлх 25 жилийн хугацаанд 42 иргэн Налайх дүүргийн Хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн байна.
Бэлгэ тэмдэг
засварлахДүүргийн бэлгэдэл нь алтан шар хүрээтэй хөх өнгийн дэвсгэр бүхий бамбайн хоёр хажуу талд “Налайх дүүрэг” гэж алтан манжлага чимэгтэй дөрвөлжин монгол бичгээр багана, доод хэсэгт нь кирилл үсгээр суурь болгож бичээд, цэлмэг тэнгэрийн өнгөтэй тольтын төвд Налайхын хоймор-Майхан уулаа чандмалан байрлуулж, Туул голыг усан хээгээр, цэлгэр тал хөндийг ногоон өнгөөр, хэвлийдээ “хар алт”-аа өнө мөнх, үеийн үед хадгалж байхын бэлгэдэл болгож талст бүхий судлаар төлөөлүүлж, магнайн хэсэгт нар, сар, дөлийг байрлуулсан нь Налайх дүүрэг өнгөрсөн-одоо-ирээдүй гурван үеийн хэлхээсээр өргөжин тэлж, суу алдар нь мандан бадарч, мөнх оршихын утга санааг агуулна.[37]
Үе үеийн удирдлага
засварлахНэр | Ажилласан он | |
---|---|---|
1. | Ч.Шагдар | 1962-1979 |
2. | Ч.Цэдэндамбаа | 1979-1981 |
3. | А.Чахархан | 1981-1985 |
4. | Л.Жавзмаа | 1985-1987 |
5. | Н.Жанцан | 1987-1990 |
6. | С.Лхагвасүрэн | 1990-1992 |
7. | Ч.Жигжидсүрэн | 1992-1997 |
8. | Б.Энхбаяр | 1997-1998 |
9. | Т.Энхтайван | 1998-2000 |
10. | Л.Дамдинсүрэн | 2000-2004 |
11. | Ш.Энхсайхан | 2004-2008 |
12. | Б.Баяндэлгэр | 2008-2012 |
13. | Х.Болдбаатар | 2012-2015 |
14. | Ч.Раднаабазар | 2016- |
Гадаад харилцаа
засварлахГадаад улсын 12 хот, дүүрэгтэй найрамдалт хамтын ажиллагаатай. Эдгээрээс Австрали улсын Гоүлбурн хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг, Эрээн хот, БНСУ-ын Нонсан хот, Ванжү хот, ОХУ-ын Буриад улсын Гусиноозерск хоттой идэвхтэй хамтран ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Засгийн “Өвсний үндэс” хөтөлбөр, Туркийн ТICA, Өмнөд Солонгосын KOICA, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, “Good neighbors” зэрэг 60 гаруй олон улсын байгууллагатай хамтран ажиллаж 2020-2023 онд нийгэм, хүмүүнлэг, эрүүл мэнд, боловсролын салбарт 28.3 тэрбум төгрөгийн гадаад хөрөнгө оруулалтыг дүүрэгт татжээ.[38]
Сонирхолтой баримтууд
засварлах- Төрийн шагналт зохиолч Д.Гармаа Налайхын Шохойн заводод ажиллаж байсан монгол, казах шохойчдын амьдралаас сэдэвлэн “Цагаан булаг” роман бичсэн нь 1972 онд хэвлэгджээ.
- Монголын уран сайхны “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөрийн дүрд тоглосон жүжигчин Т.Сандуйжав Налайхын нүүрсний уурхайд Санхүүгийн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байв. Түүний том хүү С.Батдорж Налайхын уурхайн хамгийн сүүлчийн буюу 33 дахь даргаар дөрвөн жил ажилласан юм.[39]
- Анхны уурхайчин эмэгтэй Гармаевын Цэндсүрэн Налайхын уурхайд 1936 онд ажилд орж, уурхайн гүнээс поолуу саваар нүүрс гарган гаднах вандан дээр асгаад даачаа тэргэнд ачдаг байжээ. Тэрбээр 1940-өөд оноос уурхайд мотор засагч, токарьчин зэрэг ажил хийж байгаад Зөвлөлтийн мэргэжилтнийг дагалдан “РУБ” машины жолооч болж, эмэгтэйчүүдийн бригадын мастераар ажиллаж байсан бөгөөд 1938 онд Монголын эмэгтэйчүүдээс анх удаа “Ударник” цолыг хүртжээ.
- 30-аад оны сүүлээр уурхайд нүүрс зөөж байсан Омголон хүрэн буюу Ударник хүрэн морийг дүрсэлсэн 20 метр өргөн, 30 метр урт “Дуудлага” хөшөөг дүүргийн 100 жилийн ойд зориулан барих санаачлагыг Налайхын уугуул, сийлбэрч Т.Баттогтох 2020 онд гаргасан юм. Энэ санаачлагыг дүүргийн удирдлага дэмжин 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт шав тавьсан[40] бөгөөд хөшөө барих хөрөнгийг босгоход хандив цуглуулахыг олон нийтэд уриалж ЗДТГ-ын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж байв.[41]
- Налайхын эргэн тойронд Монголын уран сайхны олон киноны зургийг авчээ. Тухайлбал, Горхи, Тэрэлжийн орчимд "Алтан өргөө", "Бушхүүгийн үлгэр", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Газарчин", "Төгсгөл", Цэргийн амралтын дэргэд "Ардын элч”, Хар чулуутад "Зэрэг нэмэхийн өмнө", Галтай, Булнайд "Төөрсөөр төрөлдөө” киноны зургийг авсан байна.
- 1959 онд цахилгаан дамжуулах 35кВ-ын дан модон тулгууртай шугамыг Улаанбаатар-Налайхын хороонд татаж ашиглалтанд оруулсан нь Монгол улсын анхны 35 кВ-ын шугам, дэд станц байлаа.
Ашигласан ном зохиол
засварлах- "Налайх: Нэгэн зууны түүхийн товчоон". Ерөнхий редактор Ц.Батбаяр. Улаанбаатар. 2022 он.
- Х.Батырбек. "Моңғолиядағы мешіттер" (Монгол улс дахь мешит, сүм хийдүүд). Улаанбаатар. 2020 он.
- Х.Дареже. "Монголын төрөөс үндэсний цөөнхийн талаар авч хэрэгжүүлсэн бодлого". Өлгий. 2013 он.
- Л.Алтанзаяа. “Монголын тамгатай хутагтуудын шавь нар”. Улаанбаатар. 2011 он.
- Ц.Сономдагва. “Манжийн захиргаанд байсан үеийн Ар Монголын засаг захиргааны зохион байгуулалт (1691-1911)”. Улаанбаатар. 1961 он.
БНМАУ-ын Их, Бага хурлуудын тогтоол, Үндсэн хууль, тунхгууд. Эмхэтгэсэн Ц.Насанбалжир, Улаанбаатар. 1956 он.
- “Чингисийн удмын ноёны манж гүнжийн эрэлд” Эмхэтгэсэн На.Батболд. Улаанбаатар. 2021 он.
- “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл”. VI боть. 1971-1985. 2010 он.
- "Налайхын бага тайлбар толь". Налайх, 2010 он.
- Л.Дамдинсүрэн. "Сэтгэлд мөнхөрсөн уурхайчид". 2003 он.
- “Монгол Улсын түүх”. Улаанбаатар. 2003 он.
- “Нийслэл Хүрээний сонин бичиг”. 1915-1920 он.
- Д.Цэдэндамба. "БНМАУ-ын уул уурхайн аж үйлдвэрийн эдийн засаг, зохион байгуулалт, төлөвлөлт". Улаанбаатар. 1978 он.
- З.Лонжид. "Монгол Улсын санхүүгийн албаны түүх" (1911-1921). Улаанбаатар. 2000 он.
- И.Майский. "Орчин үеийн Монгол" (Автономит Монгол XX зууны гараан дээр). Орос хэлнээс орчуулсан Ц.Отгон. Улаанбаатар. 2001 он.
- МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд. 1920-1940 он. Нэгдүгээр дэвтэр. 1966 он.
- “МАХН-ын гуравдугаар их хурал. 1924 оны найм, есдүгээр сар. Дэлгэрэнгүй тэмдэглэл”. Улаанбаатар. 1966 он.
- Т.Мандах. “БНМАУ-ын төмөр замын хөгжилтөөс” (1938-1975). Улаанбаатар. 1978 он.
- С.Дамбадаржаа. “Монголын төмөр замын түүхэн товчоо”. Улаанбаатар. 2007
- Б.Шаравжамц. “Монголын зүтгүүрийн аж ахуйн үүсэл хөгжлийн түүх”. Улаанбаатар. 2006 он.
- Эмхэтгэн хавсруулсан сэтгүүл. 1938. №2.
- "Ардын үндэсний эрх" сонин.
- Д.Эрдэнэбат. “Монгол Улсын эдийн засаг дэлхийн хоёрдугаар дайны үед”. Улаанбаатар. 2018 он.
- Б.Магванжав, Ч.Цогтбаатар. “Монгол улсын уул уурхай 95. Монголын уул уурхайн түүхэн хөгжлийн жим”. Улаанбаатар. 2017 он.
- “Зуун гишүүний үг”. Боловсруулан эмхэтгэсэн Л.Эрэвгийлхам, Д.Дэмбэрэл. Улаанбаатар. 1981 он.
- “БНМАУ-ыг 1953-1957 онд хөгжүүлэх хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний талаар намын XII их хурлаас өгөх удирдамжийн тухай илтгэл ба мөн хурлаас өгсөн удирдамжууд”.
- Р.Буяндэлгэр. “Налайхын эмэгтэйчүүд" (Налайхын эмэгтэйчүүдийн байгууллагын 90 жилийн ойд зориулав). Налайх. 2013 он.
- С.Отгонжаргал. “XX зууны Монголын түүхийг эргэн харахуй” (1921-1990). Улаанбаатар. 2003 он.
Эшлэл
засварлах- ↑ https://www.nad.ub.gov.mn/c/view/56
- ↑ https://www.mongolianguideschool.com/info7/detail/117
- ↑ https://www.nad.ub.gov.mn/c/view/56
- ↑ https://www.kas.de/documents/268650/0/Belegexemplar+21-11-08+IB021-032+Herausfordeungen+der+repres%C3%A4ntativen+Demokratie.pdf/e0105cb9-3b32-7544-bcab-ad11d02891c0?version=1.0&t=1642062397994
- ↑ https://www.nad.ub.gov.mn/c/view/56
- ↑ https://www.nad.ub.gov.mn/c/view/98
- ↑ "Archive copy". Archived from the original on 2024-08-18. Татаж авсан: 2024-08-18.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ https://academy.edu.mn/2020/04/01/%D0%BE%D0%BB%D0%BD%D0%BE%D0%BE-%D3%A9%D1%80%D0%B3%D3%A9%D0%B3%D0%B4%D1%81%D3%A9%D0%BD-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD-%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0/
- ↑ https://www.24tsag.mn/a/210762.
- ↑ https://www.slideshare.net/slideshow/1911-240603961/240603961
- ↑ https://www.academia.edu/43186991/%D0%9A_%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D0%B8_%D0%BD%D0%B0%D0%B7%D0%BD%D0%B0%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%BD%D0%B0_%D0%B4%D0%BE%D0%BB%D0%B6%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D1%8C_%D1%81%D0%BE%D0%B2%D0%B5%D1%82%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B0_%D0%A1_%D0%90_%D0%9A%D0%BE%D0%B7%D0%B8%D0%BD_%D0%BD%D0%B0_%D0%BF%D1%83%D1%82%D0%B8_%D0%B2_%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D0%B8%D1%8E.
- ↑ https://www.mongolianguideschool.com/info7/detail/117
- ↑ https://www.mongolianguideschool.com/info7/detail/117
- ↑ https://www.unuudur.mn/a/128055
- ↑ https://archive.shuurhai.mn/p/110511
- ↑ https://sonin.mn/news/enews/110978
- ↑ https://www.mongolbank.mn/file/files/documents/MB_sanhuu12-4-132-20-74.pdf
- ↑ https://www.sonin.mn/news/enews/121998
- ↑ https://www.nad.ub.gov.mn/c/view/60
- ↑ https://www.nad.ub.gov.mn/c/view/56
- ↑ "https://legalinfo.mn/mn/detail/343
- ↑ https://legalinfo.mn/mn/detail?lawId=6067
- ↑ https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/migration/mn/5_Nalaikh_document_draft_Dec-2020.pdf
- ↑ https://all4education.mn/wp/wp-content/uploads/2022/12/1.1.3-%D0%A5%D0%BE%D1%81-%D1%85%D1%8D%D0%BB%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D0%BE%D0%BB.pdf
- ↑ http://www.ubstat.mn/Upload/Reports/sariin_taniltsuulga__nalaikh_202307_nalaih_2023-08.pdf
- ↑ https://www.nad.ub.gov.mn/c/view/63
- ↑ https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/migration/mn/5_Nalaikh_document_draft_Dec-2020.pdf
- ↑ https://montsame.mn/mn/read/344410
- ↑ https://eguur.mn/206289/
- ↑ http://ubheritage.mn/ub/heritage/140[permanent dead link]
- ↑ https://ncch.gov.mn/Files/Download/%D0%94%D2%AF%D2%AF%D1%80%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B4-%D0%B1%D0%B0%D0%B9%D1%85-%D0%A2%D0%A1%D2%AE%D0%A5%D0%94-2021_12_24-12_35.pdf
- ↑ http://ubheritage.mn/ub/heritage/141[permanent dead link]
- ↑ https://ncch.gov.mn/Files/Download/%D0%94%D2%AF%D2%AF%D1%80%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B4-%D0%B1%D0%B0%D0%B9%D1%85-%D0%A2%D0%A1%D2%AE%D0%A5%D0%94-2021_12_24-12_35.pdf
- ↑ http://ubheritage.mn/ub/heritage/118[permanent dead link]
- ↑ https://www.nad.ub.gov.mn/n/1906
- ↑ https://gogo.mn/r/n3y23
- ↑ https://www.nad.ub.gov.mn/c/view/59
- ↑ https://www.nad.ub.gov.mn/c/view/64
- ↑ https://ergelt.mn/news/112/single/7417
- ↑ https://www.nad.ub.gov.mn/n/886
- ↑ https://www.montsame.mn/mn/read/231860