Анандын Амар

монголын зохиолч

Агданбуугийн Амар (1886 онд төрсөн- 1941 оны 7-р сарын 10-нд Москвагийн ойролцоо Коммунарка дахь Бериягийн зуслангийн ард ухсан гүн нүхний ирмэг дээр суулгаж байгаад дагзруу нь буудан алсан) - Монгол төрийн "Мэргэн сайд" хэмээгддэг тулхтай төрийн зүтгэлтэн байв. Тэрээр 1928 оны 2 сарын 21-ээс 1930 оны 4 сарын 27 хүртэл Монгол Улсын Ерөнхий Сайд, 1934 оны 7 сарын 2-оос 1936 оны 3 сарын 22 хүртэл Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оны 3 сарын 22-оос 1939 оны 3 сарын 7-ы хооронд дахин Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 оны 3 дугаар сард баривчлагдаж, Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) хүргэгдэж 1941 оны 7-р сарын 10-нд Москва хот орчим цаазаар авахуулжээ.

Агданбуугийн Амар
ᠠᠨᠠᠨᠳᠠ ᠶ᠋ᠢᠨᠠᠮᠤᠷ
7 дахь Монгол Улсын Ерөнхий Сайд
Албан тушаал хашсан
1928 оны 2 сарын 21 – 1930 оны 4 сарын 27
Ерөнхий нарийн бичигЦэрэн-Очирын Дамбадорж
Өлзийтийн Бадрах
Бат-Очирын Элдэв-Очир
Пэлжидийн Гэндэн
ӨмнөхБалингийн Цэрэндорж
ДараахЦэнгэлтийн Жигжиджав
Албан тушаал хашсан
1936 оны 3 сарын 22 – 1939 оны 3 сарын 7
Ерөнхий нарийн бичигХас-Очирын Лувсандорж
Банзаржавын Баасанжав
ӨмнөхПэлжидийн Гэндэн
ДараахХорлоогийн Чойбалсан
6 дахь Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга
Албан тушаал хашсан
1932 оны 7 сарын 2 – 1936 оны 3 сарын 22
Ерөнхий нарийн бичигБат-Очирын Элдэв-Очир
Жамбын Лхүмбэ
Доржжавын Лувсаншарав
Хас-Очирын Лувсандорж
ӨмнөхЛосолын Лааган
ДараахДансранбилэгийн Догсом
Хувийн мэдээлэл
Төрсөн1886 (Загвар:Four digit)
Эрдэнэ дайчин вангийн хошуу, Түшээт хан аймаг, Ар Монгол, Чин Хятад (одоогийн Хангал сум, Булган)
Нас барсан1941 оны 7 сарын 27 (56–57 насалсан)
Коммунарка буудлагын талбай, Лениний район, Москва муж, ЗСБНХ Орос улс, ЗХУ
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам (1923–1939)

Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн "Монгол Улсын товч түүх" ном нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгд тооцогдож байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайн хажууд буюу Төрийн ордны баруун талын гудамж түүний нэрэмжит болсон юм. Алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү. Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш нь Амар хэмээн нэр өгсөн түүхтэй. Эцэг Агданбуу тайжийн сахилын нэр Ананд тул Анандын Амар гэдэг.[баримт хэрэгтэй]

Анандын (Агданбуу) Амар нь билгийн тооллоор Арван тавдугаар жарны улаан нохой жил 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон мэндэлжээ. А.Амарыг Бугат сумын Уулын голын Ар маалын аманд төрсөн хэмээдэг нь үндэслэлгүй гэж үр хүүхдүүд нь үздэг аж. Эцэг Агданбуугийн сахилын нэр нь Ананд бөгөөд хохь тайж байжээ. Эцэг нь хүүдээ Гонгор хэмээх нэр хайрласан боловч хожим 1920 онд хүндээр өвчилснөөс болж төрийн хар хүний бэлгэ тэмдэг болсон гэзэг үсээ авч, нэрээ Амар болгон сольсон гэх нь бий. Түүнийг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны Тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй монгол бичиг сайн сурч манж, төвд хэл бичиг ч төсөөлдөг болж, тэрээр Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад 1913 оноос Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал маллах ажил эрхлэн байв.

Судлаачдын тогтоосноор Сүхбаатар 1921 оны хавар хилийн чанадад байхдаа Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүст нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байв. Монгол оронд Ардын хувьсгал ялсаны дараа тэрээр нийслэл хүрээнд ирж 1921 оны намар Ардын Засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлжээ.

Удалгүй 1922 онд Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн Яамны сайдаар тохоогдон ажиллаж байгаад 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр ажилласан байна. 1928 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлаас Амарыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилсонд 1930 он хүртэл ажиллаж байгаад, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.

Анандын Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан. Зөвлөлт улсад Иосиф Сталиныг тахин шүтсэн нь манайд нөлөөлж хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг Амар тухайн үед эсэргүүцэж байжээ. Чойбалсан нар 1933 онд зохиомлоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. "Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй" хэмээн хэлж байжээ.

Хэлмэгдэл

засварлах

Анандын Амар эл бодлого, үйл ажиллагаа Х.Чойбалсан нарын цаад зорилгод саад тотгор болж байв. Иймд А. Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд 1939 оны 3 сарын 7-нд болсон Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд нарийн бичгийн дарга Д. Лувсаншарав Амарын нам бус явдалын тухай илтгэл тавьж түүндээ

„Амар бол ангийн дайсны эрх тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчөөс хэдэн хувь дор юм. Тэр зальт аргаар өндөр албан тушаалд гарсан ба өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байв“

Д.Лувсаншарав

гэхчлэн хамаг бурууг тохоож, Х. Чойбалсан дэмжин ийм өнгөө будсан дотор нь харалсан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэлд нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино, Ерөнхий сайдын тушаалаас шууд зайлуулбал таарна гэжээ.

Уг хурал дээр Амар

„Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг мэдсэн. Нөхөд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёрт, нөхдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу, намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна“

Анандын Амар

гэж хэлжээ.[баримт хэрэгтэй] Мөн өдрийн орой 12-р бага хурал болж, Х.Чойбалсан Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд[баримт хэрэгтэй]

„Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноосоо урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрээр эсэргүүцлийг учруулж, үнэн хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалах байдалд хүрсэн“

хэмээн заагаад түүнийг ялтны ширээнд шилжүүлэн, мөнхүү хурлаар Хорлоогийн Чойбалсан Ардын сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд болжээ.

Үүний дараа А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны 7 сарын 10-нд ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн шийдвэрээр "хувьсгалын эсэргүү нарын бүлэглэлийн гишүүн" хэмээн яллаж, 1941 оны 7 дугаар сарын 27-нд Москва орчмын "Коммунарка" хэмээх хороох газар цаазаар аваачжээ. Анандын Амар эцсийн мөрдөн байцаалтад, өөрийгөө ямар ч гэм буруугүйг нотлоод, өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээрээ Монгол Улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ.

Цагаатгал, түүний баримтууд

засварлах

Анандын Амар агсны хэргийг хянан үзсэний үндсэн дээр түүнийг цагаатгах тухай ЗХУ-ын Ерөнхий прокурорын мэдэгдэл 1956 онд Монгол улсад ирсэн байна. Энэ мэдэгдлийн дагуу дагуу Амарыг 1962 онд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр цагаатгажээ.

ЗСБНХУ-ЫН ДЭЭД ШҮҮХ МАГАДЛАЛ №4н-022693/56 ЗСБНХУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЦЭРГИЙН КОЛЛЕГИ Хууль цаазны хурандаа Семик даргалж, гишүүдэд хууль цаазны хурандаа Сенин, Ладик нарын бүрэлдэхүүнтэйгээр: 1887 онд төрсөн, БНМАУ-ын иргэн МАХН-ын 1923 оны гишүүн, БНМАУ-ын ерөнхий сайд байгаад ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегоор 1941 оны 7 дугаар сарын 10-нд ЗСБНХОУ-ын ЭХ-ийн 58 дугаар зүйлийн 1 дүгээр ангийн А 58-р зүйлийн 11 дүгээр ангид зааснаар буудан алж бүх хөрөнгийг хураах ял шийтгүүлсэн Агданбуугийн Амарт холбогдох хэргийн талаар ЗСБНХУ-ын прокурорын дүгнэлтийг И.Сталиныг нас барсан дараа 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.[баримт хэрэгтэй]

Н.Ладикийн илтгэл, цэргийн ерөнхий прокурорын туслах, хууль цаазны дэд хурандаа Н.Арсеньевын дүгнэлтийг сонсоод ОЛСОН НЬ: Агданбуугийн Амар нь 1935 оноос эхлэн их монголын тагнуул-хуйвалдагчдын байгууллагын удирдагчийн нэг байсан ба уг байгууллагын даалгавраар БНМАУ-д зэвсэгт бослого гаргахад бэлтгэж, Японоос цэргийн тусламж авах зорилгоор Япон тагнуулын байгуулагуудтай холбоо тогтоож, Японы тагнуулын байгууллагад тагнуулын шинжтэй мэдээ дамжуулж, байгууллагадаа хүмүүсийг шинээр элсүүлж алан хядах үйл ажиллагаанд бэлтгэж байсан гэж яллагджээ.[баримт хэрэгтэй]

Шүүх хурал дээр Амар өөрийгээ гэм буруугүй гээд урьдчилсан мөрдөн байцаалт дээр гаргасан мэдүүллэгээсээ буцаж, тэдгээр мэдүүлэг нь аргагүйн эрхэнд гаргасан худал мэдүүлэг, үнэн хэрэг дээрээ БНМАУ-ын нутагт хувьсгалын эсэргүү ямар ч бүлэглэл байгаагүй, түүний аргагүйн эрхэнд гаргасан худал мэдүүлгийн дагуу баривчлагдсан хүмүүс бол хувьсгалын эсэргүүчүүд огтхон ч биш гэж мэдэгдсэн байна.

ЗСБНХУ-ын ерөнхий прокурор дүгнэлтэндээ: Амарт ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох ба нэмэлт мөрдөн байцаалтаар Амарын хэрэг нь БНМАУ-ын төрийн бусад зүтгэлтнуүд, хариуцлагатнуудын хэргийн нэгэн адил зохиомол болох тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгохыг санал болгожээ. Шалгалтаар дараах байдлууд тогтоогдсон байна:

1939 оны 3 дугаар сарын 7-ны өдөр БНМАУ-ын бага хурлын шийдвэрээр Амарыг БНМАУ-ын ерөнхий сайдын албан тушаалаас зайлуулж тэр өдөрт нь баривчилжээ. Амарыг БНМАУ-ын засгийн газрын удирдлагаас зайлуулах ба баривчлах асуудлаар БНМАУ-ын Дотоод явдлын яам Бериятай тохиролцсон байжээ. Үүний дараа 1939 оны гуравдугаар сараас наймдугаар саруудад БНМАУ-д МАХН, Засгийн газрын удирдах ажилтнуудаас Лувсаншарав, Насантогтох, Дансрангийн Догсом нарын олон хүнийг баривчилж улмаар БНМАУ-аас Чит мужийн ДЯАК газарт хүргэсэн ба тэнд Наседкин хэмээх хүнээр толгойлуулсан ЗСБНХУ-ын ДЯАК-ын төв аппаратын мөрдөн байцаах групп ажиллаж байсан юм.

Байцаалтын үеэр баривчлагсдыг хайр найргүй зодож жанчиж байсан ба тийм л аргаар БНМАУ-д хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан гэдэг мэдүүлгийг тэднээс гаргуулжээ.

1939 оны 8 дугаар сард баривчлагдагсдыг Читээс Москвад хүргэж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхдээ мөн л зодож жанчих, хоолыг хасах мэтээр хууль ёсыг бүдүүлгээр зөрчиж байжээ. Мөрдөж байгаа хүмүүсийг байлцуулахгүйгээр байцаалтын протокол үйлдэж, дараа нь харгислах замаар уг протоколдоо гарын үсэг зурахыг албадах явдал олонтой байжээ.

А.Амар хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэдгийг илчлэн мэдүүлсэн Лувсаншарав, Насантогтох, Балжинням нар нь зодох болон бусад аргаар тарчилгасны улмаас мөрдөн байцаагчдын хүссэн мэдүүлэгийг өгөх байдалд хүрсэн байжээ.

Эдгээр хэргийг мөрдөхөд оролцож байсан ЗСБНХУ-ын ДЯАК-ын ажилтан Васильев, Добротин, Морозов нар 1939 оны 11 дүгээр сард ЗСБНХУ-ын ДЯАК-ын намын хороонд хандаж, мөрдөн байцаалт объектив биш явагдаж байгаа тухай өргөдөл гаргажээ. Энэ асуудлаар шалгалт хийхэд өргөдөлд бичигдсэн зүйл үнэн болох нь нотлогджээ. Гэтэл Лаврентий Берия, Меркулов нар энэ асуудлаар ямар ч арга хэмжээ аваагүй байна.

1956 оны наймдугаар сард гэрчээр байцаагдсан Добротин, Чернонебов нар мөрдөн байцаах байгууллагын мэдэлд А.Амар болон түүнтэй хамт баривчлагдсан хүмүүсийн гэм бурууг нотлох ямар ч объектив материал байгаагүй юм гэж мэдуүлжээ.

Шалгалтын явцад хэргийг мөрдөхөд орчуулагчаар оролцсон Б.Ч.Балданг байцаахад "Мөрдөн байцаагчид хэрэг хүлээсэн мэдүүлэг гэгчийг авах зорилгоор барвчлагсдыг зодож, тарчилгаж байсан" тухай Балдан дэлгэрэнгүй мэдүүлжээ.

А.Амар болон БНМАУ-ын төрийн бусад зүтгэлтэн, хариуцлагатай ажилтнуудын хэргийг мөрдөх ажил 1940 оны зургадугаар сард дууссан байтал ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллеги 1941 оны долдугаар сарын 10-нд хэргийг хэлэлцжээ.

Хэргүүдийг шүүхээр хэлэлцэхийн өмнө ДЯАК-ын ажилтнууд шүүгдэгчидтэй уулзаж шүүхэд өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлбэл ял шийтгэнл хөнгөрнө гэж ятгаж, өдөөн хатгасан аргаар нөлөөлж байжээ.

ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх УАХХ, ЗСБНХУ-ын ГЯЯ, ДЯЯ-ны архивуудаар шалгахад А.Амар болон түүнтэй хамт шийтгүүлсэн бусад хүмүүс ямар нэг хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан, Японы тагнуулын байгууллагатай холбоотой байсан гэдгийг гэрчлэх баримт олдоогүй.

Хэргийн болон нэмэлт мөрдөн байцаалтын материалыг хянаад ЗСБНХУ-ын ерөнхий прокурорын дүгнэлтэд дурьдсан баримтыг үндэстэй гэж үзэж ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегоос

ТОГТООХ НЬ:

Шинэ нөхцөл байдал илэрсэн тул ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегоос Агданбуугийн Амарт ял оногдуулсан 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосугай. Зохих гарын үсгүүд зурагдсан. Хуулбар үнэн: ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга

Хууль цаазны хурандаа А.Никонов. Орчуулсан: Н.Төмөрхуяг[баримт хэрэгтэй]

МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Хянан Шалгах Хорооны 1989 оны 09-р сарын 26-ны өдрийн тогтоолоор А. Амарыг МАХН-ын 1923 оны гишүүнээр нэхэн сэргээжээ.[баримт хэрэгтэй]

Хэлсэн үг

засварлах
  • Шүүх хурал дээр хэлсэн үгээс-“...-Монголын нутагт хувьсгалын эсрэг ямар ч бүлэглэл, эсэргүү дайсан гэж байхгүй. Эсэргүү гэгдэгсэд бол коммунистуудын хууль бус мөрдлөг, хүн ёсноос ангид яргаллыг тэсэхээ болиод худал хэрэг хүлээсэн хүмүүс. Тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш. Тэдний ихэнх нь эх орноо гэсэн чин сэтгэлтэй улс...Том гүрэн жижиг улсыг эзэрхийлэхдээ удирдагчдыг нь баривчилдаг нь дандаа тохиолддог явдал. Зөвлөлт Холбоот улс Монголыг тусгаар улс гэж байгаа ч хэрэг дээрээ мөн л ингэж хандаж байдгийн бодит жишээ нь би өөрөө болоод байна...”[баримт хэрэгтэй]
  • Мөрдөн байцаалтын үед өгсөн өчгөөс-“...-Би Оросын ард түмнийг хүндэтгэдэг. Харин тэднийг мунхруулж, дарлаж буй улаан коммунистуудад дургүй...”[баримт хэрэгтэй]

Ном зохиол

засварлах
  • "Монголын товч түүх"
  • "Нам ба аж ахуйн тухай" (1926)
  • "Арван жилийн ой ба шинжлэх ухааны үйлдвэр" (1931)
  • "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын арван хоёр жилийн ой ба Үндсэн хуулийн ёсоор гүйцэтгэн явуулж байгаа улсын нийтийн бодлого, үүргүүдийн тухай" (1933)
  • "Монгол үндэсний хэл бичгийг хөгжүүлэх тухай сэдэв" (1933)
  • "Монголчуудын манж лугаа тэмцэж тусгаар тогтносон байдал ба Монголд эртнээс нааш тогтож ирсэн улс төрийн байдал" (1933)
  • "Шинэ эргэлтийн бодлогын үр дүн, цаашдын зорилт" (1936)
Өмнөх
Балингийн Цэрэндорж
Монгол Улсын Ерөнхий Сайд
1928 - 1930
Дараах
Цэнгэлтийн Жигжиджав
Өмнөх
Пэлжидийн Гэндэн
Монгол Улсын Ерөнхий Сайд
1936 - 1939
Дараах
Хорлоогийн Чойбалсан