Монгол Улсын Засгийн Газар

Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Монгол Улсын Засгийн Газрын өнөөгийн бүрэлдэхүүн нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан У. Хүрэлсүхийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа 2021 оны 1 сарын 27-нд Ерөнхий сайд УИХ-ын чуулганаар томилогдож, 1 сарын 29-нд танхимын сайд нарыг УИХ-д танилцуулснаар тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон.

Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2022 оны 1 сард Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулжээ.

2022 оны 1 сарын 17-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасанг огцруулахаар болж, 1 сарын 18-нд түүний оронд Бат-Өлзийн Бат-Эрдэнийг УИХ-ын чуулганд танилцуулж, сайдаар томилов.

2022 оны 8 сард Үндсэн Хуулийн Цэц Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тодорхой заалтыг хүчингүй болгосонтой холбогдуулан Засгийн Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, ингэснээр 2022 оны 8 сарын 30-нд УИХ-ын нэр бүхий гишүүд шинээр сайдын албанд томилогдов. Гэсэн ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар шинээр томилогдсон Даваажанцангийн Сарангэрэл "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ ороогдож огцрох хүсэлт гаргасныг ерөнхий сайд ёсоор болгож, оронд нь 10 сарын 21-нд Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон ч, Аюурсайхан "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон тул прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснээр 2023 оны 3-р сарын 24-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Улмаар 2023 оны 1 сарын 5-нд УИХ-ын гишүүн бус 2 сайдаа УИХ-ын гишүүдээр сольж, мөн Боомтын сэргэлтийн сайдыг томилсноор засгийн газар бүрдсэн.

2023 оны 4 сарын 7-нд Т.Аюурсайханы оронд Хүрэлбаатарын Булгантуяаг хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар шилжүүлэн томилж, Буяагийн Тулгыг боомтын сэргэлтийн асуудал хариуцсан сайдаар томилжээ.

2023 оны 10 сард Хууль зүй дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар Улаанбаатар хотын даргаар томилогдсонтой холбогдуулан Баттөмөрийн Энхбаярыг томилсон. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн асуудалд холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатарын оронд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилжээ.

Бүрэн эрх

засварлах

Монгол Улсын Засгийн Газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  1. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
  2. Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;
  3. Салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
  4. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
  5. Төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
  6. Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
  7. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  8. Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
  9. Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.

Бүрэлдэхүүн

засварлах

Тэргүүлэгчид[1][2]

засварлах
Албан тушаал Нэр Нам, эвсэл
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ МАН
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд[1] Лувсаннямын Гантөмөр АН
Онцгой байдлын алба хариуцсан Шадар Сайд Сайнбуяны Амарсайхан МАН
Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд Тогмидын Доржханд ХҮН
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ням-Осорын Учрал МАН

Яамдын сайд нар[1][2]

засварлах
Яам Сайд Нам, эвсэл
Гадаад харилцааны яам Батмөнхийн Батцэцэг МАН
Сангийн яам Болдын Жавхлан МАН
Хууль зүй, дотоод хэргийн яам Оюунсайханы Алтангэрэл АН
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Салдангийн Одонтуяа АН
Батлан хамгаалах яам Сандагийн Бямбацогт МАН
Боловсролын яам Пүрэвсүрэнгийн Наранбаяр ХҮН
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Жамбын Батсуурь АН
Зам тээврийн яам Борхүүгийн Дэлгэрсайхан МАН
Гэр бүл, нийгмийн хамгааллын яам Лувсанцэрэнгийн Энх-Амгалан МАН
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Жадамбагийн Энхбаяр МАН
Аж Үйлдвэр, эрдэс баялгийн яам Цэвэгдоржийн Туваан АН
Эрчим хүчний яам Баттогтохын Чойжилсүрэн МАН
Аялал жуулчлал, Соёл, Спорт, Залуучуудын яам Чинбатын Номин МАН
Эдийн засаг, хөгжлийн яам Чимэдийн Хүрэлбаатар МАН
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам Цэндийн Баатархүү АН

Сайд, Үндэсний хорооны дарга нар[1][2]

засварлах
Албан тушаал Нэр Нам, эвсэл
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр АН
Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга Равжихын Эрдэнэбүрэн АН
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга МАН
  • Жич: Нэрийг нь тодруулсан сайд нар УИХ-ын гишүүнээр давхар ажилладаг.

Үе үеийн Засгийн газрууд

засварлах
  1. Дашийн Бямбасүрэнгийн Засгийн газар (1990 оны 9 сарын 11 - 1992 оны 7 сарын 21)
  2. Пунцагийн Жасрайн Засгийн газар (1992 оны 7 сарын 21 - 1996 оны 7 сарын 19)
  3. Мэндсайханы Энхсайханы Засгийн газар (1996 оны 7 сарын 19 - 1998 оны 4 сарын 23)
  4. Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газар (1998 оны 4 сарын 23 - 1998 оны 12 сарын 9)
  5. Жанлавын Наранцацралтын Засгийн газар (1998 оны 12 сарын 9 - 1999 оны 7 сарын 22)
  6. Ринчиннямын Амаржаргалын Засгийн газар (1999 оны 7 сарын 30 - 2000 оны 7 сарын 26)
  7. Намбарын Энхбаярын Засгийн газар (2000 оны 7 сарын 26 - 2004 оны 8 сарын 20)
  8. Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газар (2004 оны 8 сарын 20 - 2006 оны 1 сарын 13)
  9. Миегомбын Энхболдын Засгийн газар (2006 оны 1 сарын 25 - 2007 оны 11 сарын 22)
  10. Санжаагийн Баярын Засгийн газар (2007 оны 11 сарын 22 - 2009 оны 10 сарын 29)
  11. Сүхбаатарын Батболдын Засгийн газар (2009 оны 10 сарын 29 - 2012 оны 8 сарын 10)
  12. Норовын Алтанхуягийн Засгийн газар (2012 оны 8 сарын 10 - 2014 оны 11 сарын 5)
  13. Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар (2014 оны 11 сарын 21 - 2016 оны 7 сарын 7)
  14. Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газар (2016 оны 7 сарын 7 - 2017 оны 10 сарын 4)
  15. Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар (2017 оны 10 сарын 4 - 2020; 2020 - 2021 оны 1 сарын 27)
  16. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газар (2021 оны 1 сарын 27 - одоо хүртэл)

Цахим холбоос

засварлах
  1. 1.0 1.1 1.2 1.3 Эрдэнэзаяа, Б. (2024-07-10). "Шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авлаа | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2024-07-11.
  2. 2.0 2.1 2.2 iKon.mn, А. Ням-Өлзий (2024-07-10). "Засгийн газрын тэргүүн танхимын сайд нараа УИХ-д танилцууллаа". ikon.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-07-11.