Ердийн цурхай (Esox lucius) нь Цурхайнхан овгийн махчин загасны төрөл юм.

Ерөнхий шинж

засварлах

Бие сунаж уртассан, сум хэлбэрийн. Нуруу оливын ногооноос ногоовтор бор; хажуу цайвар, эмх замбараагүй эгнээ бүхий жижиг зуйван шар толботой ба хайрс бүхний ирмэгээр жижигхэн алтлаг толботой, хэвлий кремэн цагаан. Хос биш сэлүүрүүд ногооноос цагаан, заримдаа улаавтараас улбар шар өнгөтэй ба хар толботой. Толгой уртавтар, биеийн уртын дөрөвний нэгийг эзэлнэ. Доод эрүүний хоёр талд 5 том мэдрэхүйн нүх бий. Дээд доод эрүү, тагнай, хэлэн дээр хүчирхэг шүдтэй. Доод эрүү дээд эрүүгээ давсан. Хайрс жижиг, хажуугийн шугаманд 105-148 хайрстай. Нурууны сэлүүр сүвийн сэлүүрийн харалдаа байрлаж, нуруунаас хойшилж тогтсон. Хэвлийн сэлүүр биеийн дунд хэсэгт хэвлийн доор байрлана.

Биологийн онцлог

засварлах

Цурхайн биеийн урт 1 м, жин 35 кг хүрнэ. 3-4 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 4-р сарын эцэс 5-р сард усны температур 3.0-6.0°C болох үеэс үржил эхлэнэ. Үржлийн үедээ нуурын эрэг, булан тохой, голын адаг орчмын намуун урсгалтай, ургамлын үлдэгдэл ихтэй, 0.5-1.0 м орчим гүнтэй хэсэгт сүрэглэн цугларна. Атуу 14,800-121,000 түрсийг эрэг орчмын усны ургамалд шахна. Түрс наалдамхай, голч 2.1-3.5 мм. Жарамгайн үедээ голлон хөвөгч амьтад, шавьжийн авгалдайгаар хооллож байгаад бие гүйцсэн үедээ загасаар хооллоно.

 

Тогтуун урсгалтай томоохон гол, горхи, нуур, цөөрмийн ургамлаар баялаг хэсэгт тархан амьдарна.