Иван Майский
Иван Михайлович Майский (1884-1975)(жинхэнэ овог нэр нь Ян Ляховецки гэдэг) Хаант Оросын болон Зөвлөлт Холбоот Улсын дипломат, түүхч, судлаач. Түүхийн ухааны доктор, ЗХУ-ын Шинжлэх ухааны Академийн гишүүн. 1929-1932 онд Финланд дахь ЗХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч, 1932-1943 онд ЗХУ-аас Их Британи дахь Элчин сайд.
ЗХУ-д 1953-1956 онд хэлмэгдэж шоронд суугаад сүүлд 1960 онд цагаатгагдсан байна.
Намтар
засварлахИ.Майский 1884 оны 1-р сарын 7-нд Новгород мужийн буюу өнөөгийн ОХУ-ын Вологодск хязгаарын Кириллов хэмээх жижиг хотод цэргийн эмчийн гэрт төрсөн. 1887 оны 11-р сард түүний еврей гаралтай польш үндэстэн эцэг Михал Ляховецки нь Анагаах ухааны академийг эмч мэргэжилээр онц дүнтэй төгсөөд 1888 оны хавар Сибирийн Омск хотод гэр бүлийн хамтаар ажиллахаар явсан байна.
1892-1901 онд Иван Майский Омск хотын эрэгтэй хүүхдүүдийн гимназид сурч төгсөөд 1901 онд Санкт-Петербургийн Их сургуулийн түүх-хэл шинжлэлийн ангид элсэн суралцсан. 1902 онд оюутны эсэргүүцлийн жагсаалд оролцсон тул сургуулиасаа хасагдаж эргээд Омск хот руу нутаг заагдаж Цагдаагийн газрын хяналтанд орсон байна.
1903-1905 ондуудад “Сибирийн социал-демократуудын холбоо”-ны “меньшевик” гишүүн, 1905 оноос Самарын болон Саратовын РСДРП буюу Оросын социад-демократ ажилчны намын гишүүн байсан. 1906 оны 1-р сард цагдаад баривчлагдаж Тобольск мужид 2 жил цөллөгдсөн.
1908 онд цөллөгнөөс суллагдаад Швейцар дараа нь Герман руу цагаачилж 1912 онд Мюнхен хотын Их сургуулийн эдийн засгийн анги төгсөөд Лондонд амьдархаар явсан байна.
Лондонд байх үеэрээ сүүлд ЗХУ-ын Гадаад хэргийн сайд болсон Г.В.Чичерин, М.М.Литвинов нартай ойр дотно танилцаж холбоотой болсон байна.
Орос улсад болсон 1917 оны “Хоёрдугаар сарын хувьсгал"-ын дараа эх орондоо буцаж ирээд Түр Засгийн газрын Хөдөлмөрийн яамны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилсан.
1917 оны Орос оронд болсон большевкуудын “Октябрын” хувьсгалыг тэрээр эхэн үед хүлээж аваагүй. Улмаар 1918 оны зун Самара хотноо большевикуудын эсрэг байгуулагдсан Бүх Оросын Хууль тогтоох Хорооны Засгийн газарт Хөдөлмөрийн сайдаар ажилсан байна. Эсеруудын Засгийн газарт орж ажилсан гэж үзээд Оросын социал демократ ажилчны нам /РСДРП/ эгнээсээ И.Майскийг хөөсөн.
1919 оны 5 дугаар сараас 1920 оны 9 дүгээр сарын хооронд Монголд худалдаа хийх судалгааны аялал хийсэн.
1920 оны 10-р сараас 12 сар хүртэл Эрхүүгээр дамжин Омск руу явсан байна.
1921 оны 2 дугаар сард Оросын Коммунист намын (большевик) Сибирийн товчооны Төв хороо намдаа элсүүлж дөнгөж бий болсон Сибирийн Улсын Төлөвлөгөөний хорооны даргаар томилогдсон.
1922 оноос дипломат албанд шилжиж Гадаад хэргийн Ардын комиссариатад хэвлэлийн хэлтсийн даргаар томилогдсон.
1925–1927 онуудад И.М.Майский ЗХУ-ын Лондон дахь төлөөлөгчийн газар зөвлөх, 1927-1929 онд Япон дахь төлөөлөгчийн газар зөвлөх, 1929-1932 онд Финланд дахь ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч байсан.
1932-1943 онд ЗХУ-аас Их Британид суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар ажилсан. Британий Ерөнхий сайд У.Черчиль түүнийг "юм ойлгодог хүн" гэж магтаж байсан байдаг.
1943-1946 онд ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовын орлогчоор /Гадаад хэргийн яамны орлогч сайд/ ажилсан. 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд болсон “Ялтын бага хурал”-д Зөвлөлтийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж оролцсон. /Ялтын уулзалтын үеэр Дайны дараа Германаас нөхөн олговор авах тухай илтгэл тавьж байсан. Мөн Монголыг мэддэг байсан тул Монголтой холбоотой асуудлыг хэлэлцэх Зөвлөлтийн байр суурь боловсрулахад оролцсон байх магадлалтай/.
1946 онд И.М.Майский дипломат ажлаас чөлөөлөгдөж ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдон ажилсан байна.
1953 оны 2 дугаар сард Британий тагнуулын байгуулагад ажилсан гэж буруутгагдаж баривчлагдаад 1955 онд суллагдсан. 1960 онд цагаатгагдаж улмаар испани улсын түүх, Дурсамжуудаа бичсэн байна. 1964 онд ЗХУ-ын төрөөс "Хөдөлмөрийн улаан туг"-ийн одон хүртсэн.
1968 оноос И.М.Майский ЗХУ-ын Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэнд ажилласан. Түүнийг 1975 онд нас барахад Москва хотын Новодевичье оршуулгын газар нутаглуулсан байна.
- Анхны гэргий- Ольга Никитична Ляховецкая (Быстрицкая), эмч (1915 онд салсан. Охин- Наталия Ивановна Майская (1908—?), цахилгааны инженер.
- Хоёр дахь эхнэр- Нина Петровна Высоцкая, /Ермолова/, (1917 онд салсан)
- Гурав дахь эхнэр -Агния Александровна Майская (Скипина), багш.
Монголд аялсан тухай. /1919 оны 5 сараас -1920 оны 9 дүгээр сарын хооронд/ Тэрээр улс төрөөс түр зайгаа авч Бүх Оросын хэрэгчэгдийн нийгэмлэгийн төв холбоонд ажилсан байдаг / товчоор ”Центросоюз”/. Тус холбооны Эрхүү хот дахь салбараас махны зах зээл судлах зорилгоор Монгол руу илгээсэн экспедицийг И.Майскийгаар ахлуулжээ. Уг экспедиц буюу судалгааны аялал 1919 оны 5 дугаар сарын 6-нд Эрхүү хотоос гарч 10 хоногийн дараа 15-нд Автономит Монголд Хиагт дахь хилээр орж ирсэн байна. Монголын нийслэл Өргөө-д ирээд экспедиц бүрэн бүрэлдэж, өмнөх 1918 онд явуулсан хүн амын бөгөөд малын тооллогын болон бусад холбогдох ихээхэн мэдээллийг авч цааш баруун зүгт 1919 оны 7 дугаар сарын 11-нд хөдөлсөн байна. Эксепидицийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс орсон байна. Үүнд:
- Майский Иван Михайлович-удирдагч,
- Канников А.Д.-гэрэл зурагчин, нягтлан бодогч.
- Э.Б.Батуханов.-орчуулагч, /Өргөө дахь монгол сургуулийн багш/
- И.В.Эпов -хүнс, аж ахуй эрхлэгч.
- Гурав-дөрвөн малчин.
Экпедиц буюу судалгааны аялал Эрдэнэ зуу, Мөрөн хүрэн, Хатгил, Тосонгол, Улиастай орж 10 дугаар сарын сүүлчээр “Хангельцик” /номонд зохиолчийн тэмдэглэсэнээр/ голын эрэг дээр экпедиц худалдаачин А.В.Бурдуковын байшинд өвлийг хүйтнийг давж өнгөрүүлэхээр шийдсэн байна. Тэнд Монгол судлалаар элбэг номын сантай байсан гэж И.Майский өөрийн номондоо өгүүлсэн байдаг. Өвлийн саруудад Ховд нутгийн орчмыг судалж өнгөрүүлсэн байна. “Центрсоюз”-ын Ховд дахь төлөөлөгчийн газрын ажилтан Ф.Е.Кисилёв судалгааны ажилд ихэд тусалсан гэж тэрээр тэмдэглэн үлдээжээ. Өмнө хурандаа П.К.Козловын үед хийж байсан экспедицийн үетэй харьцуулахад орос аялагчдад хандах хандлага их доройтсон байсан гэж тэмдэглээд Монгол дахь экспедицийн үйл хэрэгт гүн туслалцаа үзүүлж байсан П.А.Ветте, А.И.Заплавный, А.В.Бурдуков, М.Д.Хомутов нарт талархасанаа И.Майский өөрийн номондоо илэрхийлсэн байна. Монголд байх үерээ алдарт Пётр Козловтай танилцсан байна.
Монголд өмнө Н.М.Прежевальский, П.К.Козлов, М.В.Певцов нарын экспедиц гол төлөв Монголын физик газар зүй, Г.Н.Потанин физик газар зүй бөгөөд этнографи, А.М.Позднеев шашин, М.И.Боголепов, М.Н.Соболев, А.П.Болабан нар эдийн засгийг судалж байсан бол эдгээрийн нэгтгэх бөгөөд нийтэд хүртээмжтэй болгох оролдлогыг И.М.Майский анх хийхийг оролдсон гэж 1921 онд Эрхүү хотод хэвлэгдсэн “Современная Монголия” номондоо дурдсан байна.