Тарвага (Marmota) нь Хэрэмнийхэн овгийн мэрэгч юм. Тарваганы төрөлд нийт 14 зүйлийн тарвага багтана. Эдгээрээс Монгол Улсад Алтайн тарвага (Marmota baibacina) буюу хар тарвага, хээрийн тарвага (Marmota sibirica) буюу шар тарвага гэсэн хоёр зүйлийн тарвага байдаг. Цаг агаарын хүнд хүйтэн байдлыг ичиж өнгөрөөнө. Ичээндээ голдуу бүлээрээ байдаг. Тарвага нь Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан, мах, арьсны үнэт үслэг амьтан юм. Биеийн урт 47—58 см, жин 3—5 кг. Гуужилт III—VI сард эхэлж, VIII—XI сард үсний хөрс бүрэн гүйцдэг. Ороо хөөцөө ичээнээс гарсны дараа III—IV сард болж 35 хоногийн дараа 3—8, заримдаа 12 хүртэл мөндөл гаргана. Мөндөл 30-40 грамм жинтэй төрөөд, эхийгээ сар шахам хөхөж байж өвсөн хоолонд орно. Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идээшлэх ба зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар өглөө, үдэш гарч идээшлээд үдэд нүхэндээ орж нар баруунаа хэлбийхээс нар жаргатал идэвхтэй идээшлэдэг.

Алтайн тарвага

Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мэрэгч
Овог: Хэрэмнийхэн
Төрөл: Тарвага, Marmota
Дэд төрөл: Marmota (дэд зүйл)

Гадаад төрх

засварлах

Алтайн тарвага буюу хар тарвага биеэр арай том, тархац нь Монгол орны баруун хэсэг Ховд аймагт голчлон байдаг. Хээрийн тарвага буюу шар тарвага нь биеийн урт 47—58 см, жин 3—5 кг, тархац нь илүү өргөн.

  • Нэг настай төлийг мөндөл гэнэ.
  • 2 настай залуу тарвагыг хотил эсвэл бозлог гэж нэрлэнэ.
  • 3 настай залуу тарвагыг шар хацарт гэнэ.

4-с дээш насны үржлийн насанд хүрнэ.

  • Насанд хүрсэн эрэгчин тарвагыг бурхи гэнэ.
  • Насанд хүрсэн эмэгчин тарвагыг тарч гэнэ.

Өвчин, тахал

засварлах

Тарваган тахал өвчний талаар холбоосоор орж дэлгэрэнгүй уншина уу.