Доржийн Гармаа
Доржийн Гармаа (1937 оны 9-р сарын 27-нд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн-2016 оны 12-р сарын 21-нд нас барсан) - Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн (2006 он), кино болон хүүхдийн нэрт зохиолч.
Намтар
засварлахТэрбээр сумандаа бага, дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн техникум сурч төгссөн.
1966 онд ЗХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, 1978-1980 онд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн.
1958-1961 онд Баянхонгор, Төв аймгийн санхүүгийн хэлтэст ерөнхий ня-бо, 1961 онд "Тоншуул" сэтгүүлийн утга зохиолын ажилтан, 1966-1973 онд МЗЭ-ийн хороонд "Цог" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, хүүрнэл зохиолын зөвлөлийн эрхлэгч, 1973-1978 онд Монголын радио, телевизид редактор, 1980-1983 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1983-1990 онд Монголын Зохиолчдын Эвлэлд орлогч дарга, 1990-1997 онд мэргэжлийн зохиолчоор тус тус ажиллаж байжээ.
Зохиолч Д.Гармаа 1955 оноос эхэлж уран бүтээлээ туурвисан юм. “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” уран сайхны кино зохиол бичиж дэлгэцнээ гарсан нь үзэгчдийн талархал хүлээсэн билээ. “Хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгчдийн нэг Д.Гармаа нь “Гал манахын нуу”, “Дайны сүүдэр”, “Хуучин хэрэм”, “Халуун амьсгал”, “Өвөөгийн намар”, “Тасын суудал”, “Тайгын цэнхэр манан”, “Харуул Алтай”, “Үхэл өөрөө ирдэггүй”, “Нарны будан”, “Эцгийн голомт” зэрэг тууж, роман, өгүүллэг, жүжиг, киноны зохиол бичин эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, амьдралын эрээн барааныг тод томруун харуулсан юм” хэмээн мэргэжил нэгт нөхөд нь дурсдаг. Түүний зохиол бүтээлүүд Орос, Хятад, Украин, Киргиз, Казак, Молдав зэрэг арав гаруй хэлээр орчуулагдан хэвлэгдсэн байна.
Шагнал
засварлахДоржийн Гармаагийн хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж 1971 онд “Дайны сүүдэр” номонд нь МҮЭ-ийн шагнал, 1969 онд “Хөгжөөнтэй тууж” номонд нь МЗЭ-ийн шагнал, 1982 онд “Газар тэнгэр” романд нь Д.Нацагдоржийн шагнал, 1988 онд “Хөгжөөнтэй тууж” номонд нь төрийн шагнал олгож, 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.