Богд хааны Засгийн газар

Монголын үндэсний эрх чөлөөний 1911 оны хувьсгалын үр дүнд Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулсан. Олноо өргөгдсөн Монгол улс нь хаант засаг бүхий улс байсан бөгөөд VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залжээ.

Засгийн газрын тамга

Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар

засварлах

1911 оны 11 дүгээр сард Халхын хүрээний хэргийг бүгд түр ерөнхийлөн шийтгэх газрыг байгуулж, уг газрын даргаар Түшээт чин ван Чагдаржав-ыг томилж, Ханддорж зөвлөх түшмэл нь болжээ. Халхын дөрвөн аймгаас цэрэг татахад Түшээт хан аймгийн жанжны хувьд Ханддоржийн харъяаны цэргүүд голлон цугларч, Хүрээнд сууж байсан Манжийн амбан Монгол хязгаараас зайлан явах тулган шаардах бичиг өгсөн байна.

Шинэ Засгийн газар

засварлах

1911 оны 12-р сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жавзандамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ. Шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Минжиддоржийн Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт чин ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Ваанчигийн Гомбосүрэн буюу Далай ван Гомбосүрэнг, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайдаар Эрдэнэ засаг, хошой чин ван Мижиддоржийн Намсрай нарыг тохоон томилжээ. 1912 оны 8-р сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

Богд Жавзандамба хаан зарлиг буулгаж

Монголын тусгаар улс байгуулах үйлсийг сэдэж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулсан:

-Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг, түшээт чин ван Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны,
- Түшээт хан аймгийн жанжин, засаг, хошой чин ван Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны,
-Их хүрээний да лам Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны,
-Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин, засаг, бэйс Гомбосүрэнг Цэргийн хэргийг бгд захиран шийтгэгч яамны,
-Түшээт хан аймгийн улсад туслагч гүн, засаг Намсрайг шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тус тус томилж, хаан төрдөө үнэнч зүтгэх тангараг өргүүлснээс гадна янз бүрийн цол хэргэмээр хөхүүлэн шагнасан байна.

Яамдын сайд нар төр улсдаа үнэнчээр зүтгэж ажиллах талаар өргөсөн тангарагтаа: “…Дотоодод болбоос тус тусын үнэн шудрагыг илэрхийлнэ. Гадаадад болбоос аюулт дайнаас аянга цахилгаан мэт буцалтгүйгээр улсын сүрийг бадруулан, хаан эзний өмнөөс шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүйгээр эдүгээгийн байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” гэсэн байдаг.

Монгол улсын засаг захиргааны анхан шатны үндсэн нэгж нь хошууд хэвээр байв. Тухайлбал:

Халхын хуучин засаг Түшээт хан аймгийн 21 хошуу, Сэцэн хан аймгийн 23 хошуу, Засагт ханы 19 хошуу, Сайн ноён ханы 24 хошуу, тулгар төрд дагаар ирсэн дөрвөд аймгийг хоёр гар хувааж, зүүн гарын Бат ерөөлт төгс хүлэг далай хан аймгийн 12 хошуу, баруун гар Үнэн зоригт хан аймгийн 15 хошуунд тус тус хошуу захирагч тамгыг олгох болсон тул Богд хаант Монгол улсын Дотоод яамнаас төрийн яам, газруудын тамгыг солих, шинээр хийх, тараан олгох тухай ерөнхий журам гаргаж, яам, аймаг, чуулганы газар хошуудад мэдэгдэж, 1911 оны 12 дугаар сарын 11-ний өдөр явуулсан бичигт өгүүлсэн нь:

Довтолгон явуулах учир: “…Эдүгээ манай дотоод яаманд буулгасан зарлигийг хичээнгүйлэн дагаж, халхын дөрвөн аймгийн хан, ван, бээл, бээс, гүн, засаг, чуулганы дарга, туслагч жанжин нар, хамба номун хан, дүйнхор хутагт, эрдэнэ шанзудба нарын хуучин тамгыг цөм сольж, шинэ шагнан олгох тамгуудыг манай яамны ёслолын хэргийг хавсран шийтгэгч газраас эхлэн шийтгэж, цутган үйлдвэрлэхийн тулд одоо олон тамгыг цутган үйлдвэрлэхэд хэрэглэх мөнгө, лав, урчуудын хүнс зүйл, олгох хөлс зэргийг жагсаан бичив” Үүнд:

1.Дарга, жанжин ба 4 хан, хамба шанзудба, дүйнхор хутагтын тамгыг цутган үйлдүүлэхэд тамга тутам сайн цагаан мөнгө 60 лан,
2.Олон хошууд, шанзудбын тамга тутам сайн цагаан мөнгө 50 лан
3.Мөнхүү бүх тамга тутам хэрэглэх шавар сав нэгийн үнэ 3 цаас, лав нэг жингийн үнэ 3 цаас, нүүрс 2 шуудайн үнэ 4 цаас, хар мод нэг тэрэгний үнэ 20 цаас, төмөр утас, шавар холих муутуу цаас, хэв ороох даавууны үнэ 1 цаас, орос лаа нэг толгойн үнэ 40 мөнгө, таван урчуудын хүнс хонины мах нэг бүхлийг, зузаан цайны хагас, мөс нэг тэрэг олгох ба ажлын хөлсөнд тамга тутам 30 лан олгоно.

Үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, туслагч жанжин, хүрээний хамба номун хан, эрдэнэ шанзудба нарт нэгэн адил довтолгон явуулаад уламжлан харъяат олон газраа зарлан тушааж өөр өөрийн хошуу шавийн газраас тус тусын тамга цутган үйлдэх мөнгө зэрэг зүйлийг тооны ёсоор гаргуулж жинхэнэ тушаалын түшмэл зайсан нарт авахуулан хурдан түргэнээр манай яамнаа ирүүлээд олон тамгыг дэс дараалан цутган олгуулахад бэлтгүүлсүгэй.

Энэ болбоос тулгар төрийг нээж тогтоогоод тэргүүнд “тамга”-ыг олгуулах нь маш чухал, Зүй нь энэ жилд эрхгүй шавдан гүйцэтгэвээс зохих бөгөөд саатсан, саатуулах зэрэгт хүргүүлбээс үл болох явдлыг хамтаар ухуулан тушаасугай! Үүний тул өргөн илгээв. Олноо өргөгдсөний тэргүүн он, өвлийн дунд сарын хорин нэгэн” хэмээжээ.

Дээрх журамд Тамга хэрэглэх, хийх талаар нарийвчлан зааж оруулсан байдаг. Үүнд:

Тамга цутгуулах нь: Аливаа тамга цутгуулахад олон яам, сайд, хан, хамба номун хан, эрдэнэ шанзудба, чуулган дарга, жанжны тамга болбоос 60 лан мөнгийг хэрэглэмой. Дөрвөлжин тийш гурван ямх, дөрвөн пүү, зузаан тийш найман пүү, таван яамны тамга болбоос дөрвөн үзүүрт чандмань, бусад нь цөм гурван үзүүрт чандмань бариултай. Бариулын үзүүр тийш гурван ямх байх заалттай байжээ. Олон засаг, хутагтын шавь нарыг захирах тамга өөр өөрийн 80 лан мөнгийг хэрэглэмой, дөрвөлжин тийш гурван ямх, гурван пүү, зузаан тийш найман пүү, бариулд хос эрдэнэ, бариулын өндөр тийш хоёр ямх, дөрвөн пүү байхыг тус тус заасан байна. Тамганы төвд нь соёмбо, зүүн барууны талд нь монгол үсэг сийлэх журмыг дотоод яам тогтооно. Зарлиг болгосны хойно тамгыг цутгуулж өгүүлэгтүн” гэсэн нарийн заалттай байжээ.

Тамгыг хүлээн авах нь: Шинэ тамгыг цутгаж төгсгөн Дотоод яам байцаан үзсэний хойно дансанд тэмдэглэж уул тамга барих хүн нь нийслэлд буй аваас биед тушаан өг, хэрэв нутагт суусан нь болбоос бичиг явуулан, түшмэл гарч хүлээж ав. Хүлээж авсан, нээж хэрэглэсэн өдрийг Дотоод яаманд мэдүүл.

Тамгыг халж олгуулах нь: Аливаа тамганы үсгийг халж олгуулбаас зохих эсвээс он удаж үсэг балархай болбоос зарлигийг гуйн айлтган халж олгуул. Хуучин тамгыг битүүмжилж дотоод яаманд хүргэж ирүүлэгтүн, эвдэж санд хураалгагтун!

Тамга битүүмжлэх ёс нь: Төрийн тамга битүүмжлэх ёс нь нарийн дэг журамтай.

Дотоод яамнаас Богд хаанд айлтгал бичиж “Тамга битүүмжлэх ёсыг тогтоосон тухай нэгэн бичигт: Урьд Чин улс дэлхий дахинд зарлан жил бүрийн 12 дугаар сарын эцэст тамгыг битүүмжилж, цагаан сарын эцэст нээдэг байсныг дурдаад олон монгол тусгаар улс болж Чин улсын хууль цааз хамаарахгүй болсон тул Монголын олон яам, газрын тамгыг битүүмжлэх ба харъяат олон газар нийтээр дагаж явуулбаас болох эсэхийг зааж сургахыг айлтгана уу” гэжээ. Олноо өргөгдсөн тэргүүн оны өвлийн дунд сарын 24-ний өдөр Богд хаан гуйсан ёсоор болгогтун гэж улаан бийрээр цохсон байна. “Гуйсан ёсоор болгогтун” хэмээснийг хичээнгүйлэн дагаж дөрвөн яам, дөрвөн аймгийн хан, чуулганы дарга, туслагч жанжин, Хүрээний хамба, Номун хан, Эрдэнэ шанзудба нар тус бүр явуулан тушаагаад улмаар харъяат газруудад зарлан мэдэгдэж, дагаж мөрдөхийг заажээ. Баримтаас үзэхэд: тамга битүүмжлэх өмнөх уламжлалыг авч хэрэглэжээ гэж үзэж болохоор байна.

Тамга эрхэмжлэлийг тасалдуулах нь: Аливаа олон яамны явуулан илгээх бичигт тамга дарахыг тасалдуулваас харъяат бичээч эрхэлж илгээсэн хүнийг жаран ташуур занч. Бүрэн тамга дарсан үгүй болвоос аливааг наян ташуур занч. Хэрэв тасалдуулж тамга дарсан буюу жич бүрэн тамга дарсан үгүй албаны бичиг, цэрэг, морь дайчлах, хязгаарын газрын цэргийн хэрэглэлд нийлүүлэн өгөх аму цалинд холбогдох болбоос аливааг зуун ташуур занч. Тэр тасалдуулсан тамга дарсангүй харъяат яам сэжиглэж, даруй дайчлан илгээхгүй, нийлүүлэн өгөхгүй учирт цэргийн тухайг алдах, саад хийлгүүлэх болбоос буудан алагтун. Гянданд хорьж хүлээ, эрхэлж тамга дарах хүнийг тэргүүн болго. Тэргүүлсэн түшмэл нийлүүлэн үзэх хүнийг зуун ташуур занчиж, жаран өдөр дөнгө дөнгөлөөд зогсоо. Хэрэв тамгыг тэрсүү дарваас тамга тасалдуулсан цаазын бичгийн ёсоор жаран ташуур занчигтун гэсэн хатуу хариуцлага оногдуулж байжээ.

Тамганы бичээс, хэлбэр хадгалах нь: Монгол улсын яам, аймаг, хошуу, албан газрын тамгын гол дахь соёмбоны хоёр талд монгол бичгээр уул газрын нэрийг бичсэн тамга хэрэглэх болжээ. Тамга нь тамга баригч байгууллагын зэрэг зиндааны байдлаас хамааран том, жижиг байна. Төрийн байгууллагуудын тамга нь дөрвөлжин хэлбэртэй байсан хуучин уламжлалаа хадгалан, тамгыг тусгай гэр-өргөөнд эрхэмлэн хадгалдаг учир “тамгын өргөө” гэх буюу товчлон “тамга” гэсэн тодотголоор нэрлэсэн байдаг. Тухайлбал: “тамгын газар”, “хошуу тамга” гэх мэтээр нэрлэдэг байжээ.

Яамдаас ирүүлсэн албан бичигт хэрхэн хариуцлагатай хандаж, шийдвэрлэдэг байсны жишээ болгон 1911 оны 12 дугаар сарын 11-ний өдөр явуулсан бичгийн ёсоор Засагт ханаас тушаасан тамганы данс тооцоо нийлсэн баримтыг үзье.

“Манай засагт хан аймгийн чуулганы дарга, туслагч жанжин, басхүү засагт хан, жич олон зайсан хутагт, шанзодба, аймгийн жасааны газраас өөр өөрийн тамга тэмдгийг тэр жил сард олгуулсан ба ямар зүйлээр цутган үйлдсэн зэргийг тодорхойлон мөнхүү тамга тэмдгийг дармал дарж, басхүү үүний дээд этгээд дор сийлбэрлэсэн зүг бүрийн үсгийг тус тус хэвээр манж, монгол, хятад, тангадаар дүрслэн бичиж цохдос наалдуулан ирснийг хэвээр дараалан товшиж, жанжин сайдад хүргүүлснийг байцаахад бэлтгэж нэгэн адил дүрслэн зурж гагцхүү хятад үсгийг бичсэнгүй. Дараалан жагсааж дансан дор бичсэн нь:

1.Заг болон эх Бидэри нуурийн чуулганы даргын тамгын дүрэм, Тэнгэрийг тэтгэсний 13-р он 3 сард олгожээ. Одоо тушаалын чуулганы дарга, бэйсийн зэрэг зайсан, улс дор туслагч гүн Да барьжээ. Энэ тамгыг мөнгөөр үйлджээ. /манж монгол бичгээр дууриан бичээд хятад үсгийн зайг орхижээ./
2.Халхын баруун гарын цэргийг захирах туслагч жанжны тамгын дүрэм.Найралт төвийн 2-р оны 5 сард олгожээ. Одоо тушаалын туслагч жанжин, зайсан, улсад туслагч гүн Лу барьжээ. Энэ тамгыг хүрлээр цутган үйлджээ. /манж монгол бичгээр дууриан бичээд хятад үсгийн зайг орхижээ./
З.Халхын Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгын дүрэм. Найралт төвийн 2-р оны 2 сард олгуулжээ. Одоо тушаалын Эрдэнэбишрэлт Засагт хан Со барьжээ. Энэ тамгыг мөнгөөр цутгажээ. /манж монгол бичгээр дууриан бичээд хятад үсгийн зайг орхижээ./
4.Халхын засагт хан аймгийн Эрдэнэбишрэлт засагт хан бөгөөд засаг төрийн жүн ван Со-ийн засаг тамгын дүрэм. Энх-Амгалангийн 31-р он цагаан сард олгуулжээ. Энэ тамгыг мөнгөөр цутган үйлджээ. /манж бичгээр дууриан бичээд хятад үсгийн зайг орхижээ./
5.Халхын засагт хан аймаг, дэд чуулганы дарга Жүн вангийн зэрэг засаг терийн бэйл Э-гийн тамгын дүрэм. Тэнгэрийг тэтгэсний 15-р онд 2 сард олгуулжээ. Энэ тамгыг мөнгөөр цутгасан. /манж монгол бичгээр дууриан бичээд хятад үсгийн зайг орхижээ./

Энэ мэтээр 27 ш тамга байгаагаас 23 дахь нь Халхын засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазарын тамгын дүрэм. Төр гэрэлтийн 4-р он 12 сард олгосон. Энэ тамгыг гуулиар цутган үйлджээ. /манж бичгээр дууриан бичээд хятад үсгийн зайг орхижээ./

24 дэх нь Халхын Засагт хан аймгийн Самади багш ялгуусан хутагт Лувсанданзангийн тамгын дүрэм. Бүрэнт засгийн 8-р он 2 сард олгожээ. Энэ тамгыг мөнгөөр цутган үйлджээ. /манж бичгээр дууриан бичээд хятад үсгийн зайг орхижээ./

27 дахь нь Улиастай дахь цэргийн хүрээнд халхын Засагт хан аймгийн жасааны хэргийг шийтгэгч засаг туслагч нарын тэмдгийн дүрэм. Түгээмэл элбэгтийн 9-р он 11 сард олгожээ. Энэ тэмдгийг туслагч түшмэлийг томилж 3 сараар жасаа авч барина. Энэ тэмдгийг гуулиар үйлджээ. /Эдгээр 27 тэмдгийн 15-ийг мөнгөөр, 7-г үурлээр, 5-г гуулиар үйлджээ./

Ийнхүү Богд хаан төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллагууд төрийн яамдыг 1911 оны 12 сард байгуулж, сайдуудад нь төрийн тамгыг бариулан тус тусын ажлыг эрхлүүлсэн байна. Гэтэл Монгол дахь шашин төр хосолсон “хос ёсны” хаанчлалын явцад яамдын эрхлэх ажлын байр суурь, дээд тушаалтны дунд эрх мэдэл, суудал зиндааны зөрчил гарч, бас олноогийн 2-р оны дунд үеэс шар харын дээд тушаалын хүмүүс бие биенээс дээгүүр байранд дэвших гэсэн зөрчил ил тод болсон учир Богд хаан 1912 оны 7-р сарын эхээр Дотоод зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамыг байгуулжээ. Энэ яам нь хэрэг дээрээ засгийн газрын эрх мэдэл бүхий ажлыг эрхэлсэн байна.

Мал аж ахуй

засварлах

Богд хаант Монгол улсын Засгийн газар 1918 онд малын тооллого явуулсан нь тус оронд малын тоог илүү бодитойгоор тоймлох боломж олгосон байна. Оросын эрдэмтэн И.Майскийн тэмдэглэснээр 1918 онд Монголын нийт малын тоо-12.7 сая, үүнээс адуу 1.5 сая, үхэр1.4 сая, тэмээ 300 мянга, хонь ямаа 9.5 сая байсан ажээ.

Газар нутаг

засварлах
 
1911-1919 оны Засаг захиргааны хуваарилалт


та нар юу гэж боджин хэхэ


Олноо Өргөгдсөн Монгол Улсын Нийгэм,эдийн засгийн байдалд гарсан өөрчлөлтүүд

засварлах

I. Ард түмний үндэсний ухамсар сэргэн дээшилж, улс орны улс төр, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх талаар олон янзын шинэ саналууд дэвшин гарч байсан байна. Тухайлбал:

1. 1914.02 сард дээд, доод танхимтай улсын 2 хурлыг бий болгож,  ард иргэд идэвхтэй оролцох болсон.
2. Нийслэл хүрээний сонин бичигтэй ард түмнийг улс орныхоо төлөө зүтгэхэд нь нэмэр болохуйц ухааруулсан, зоригжуулсан зүйлүүдийг бичсэн байдаг. 1917 оны нэгэн дугаартаа Бүгд Найрамдах Улс гэгчийн утгыг тайлбарлахдаа “… ард олон бүгдээрээ санаагаа хэлэлцэж, төр засгийн удирдагчдаа сонгоод тэд 3 ба 5 жилээр төр бариад, ахин сонгогдоно. Ямагт  улс орон, ард иргэдийнхээ төлөө үйл ажиллагаагаа явуулна. Ард баян болвоос улс баян, газар тариалан, гар урлал, МАА, хоршоолол зэрэг нь ард түмний хөдөлмөр юм. дэмжицгээе” гэж бичсэн байлаа.
3. 1915 онд Түшээт ханы Мээриндорж аймгуудын дунд өртөө байгуулъя, Богдын шавьд өртөөний алба ноогдуулъя гэдэг санааг бага хуралд тавьж байжээ.
4. 1916 оны 03 сард лам Ёндонжамц улсын дээд, доод хуралд Монголын дотоодод ургадаг цайг ашиглан улсын баялгийг арвитгах талаар санал дэвшүүлж байжээ.

II. Төрийн тусгаар тогтнол, нийгмийн харилцааг зорхицуулах талаар хийсэн өөрчлөлтүүд.

Монгол Улсын газар нутаг, хил хязгаарыг батлан хамгаалах зорилгоор 4 аймгаас цэрэг дайчлан татаж, баруун зүүн хязгаарыг тохинуулах сайд нарыг томилон суулгасан. 1912 онд Хужирбуланд цэргийн сургууль бий болгож, байлдааны урлагийг зааж байсан. Манж улсын үеийн цэргийн зохион байгуулалтыг өөрчилж байсан. 1913 оны 02 сард ерөнхий сайд Намнансүрэн Оросын тусгай төлөөлөгч И.Я. Коростовецтэй хэлэлцэж “Монгол цэргийн бригадыг бий болгох Хаант Оросоос цэргийн сургагч авч ирэх гэрээнд гарын үсэг зурсан. Монгол Улсын хууль цааз боловсруулах тусгай комисс байгуулагдаж, тэр үеийн боловсролтой гэгдэх О.Жамъян, Магсаржав, Бат-Очир, Пүрэвдож, Минжүүр нар байлаа.

Тэд манжийн үеийн хууль зүйлийн бичиг нийт 396 дэвтэр, монголчуудын хэв хуулийн дурсгал зэргийг нэмж, хасаж, эмхлэн 1913-1918 онд зарлигаар тогтоосон ”Монгол улсын хууль зүйлийн бичиг” 65 дэвтрийг зохион дуусгажээ. Шинэ зохиогдсон хууль цаазын бичигт монголын нийгмийн өвөрмөц харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон зүйлийг нэмж залруулсан боловч урьдах үеийн харгис ёс дэглэм оршсоор байсан. Жишээ нь: гав гинж, дөнгө зүүх, нойтон ширээр ширлэх, зодох занчих зэрэг харгис цээрлэлүүд хэрэглэж байхаар хуульд заажээ.

Эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлтүүд:

1. Богд гэгээний засгийн газар тулгар төр байгуулагдсанаас хойш Монголын аливаа орлогын албан татвар манжид зарцуулагдахаа больж МонголУлсын санд” орох болсон. 1912 оноос Ховд, Улиастай, Хиагт зэрэг газар гаалийн албан татварын албыг нээж, хүрээнд “Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх яам” байгуулагдсанаар улсын сан нэмэгдэх болсон. Зөвхөн Хятад, Монголын худалдаанд гаалийн татвар авч, бусад гадаад худалдаанаас татвар авдаггүй байсан.
2. Хүрээний эрх баригчид газар орныхоо “байгалийн баялаг”-ийг ашиглах явдалд анхаарлаа хандуулж байсан байна. Жишээ нь: Богд эзэнд “…манай улс хэдийгээр МАА-н бүтээгдэхүүн ашиг шимээр амьдраад болж байсан ч ган зуд бусад бэрхшээлээс болж мал хоргодох магадлалтай. Иймээс өдий болтол гадаад улс оронд тонуулчихаагүй хадгалж явсан газрын баялгаа ашиглая” гэж бичсэн байлаа. Монголд нээгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай “Монголор” алтны уурхайтай 1912 онд гэрээ байгуулж монгол түшмэдээр хянуулан, бүх олсон алтны 16.5 хувийг улсын санд алтаар болон Орос цаасан мөнгөөр оруулж байхаар болсон. Орос болон бусад аливаа улсаас ямар нэгэн уурхайн газрын баялаг ашиглах бол Монголын засгийн газартай гэрээ хийх, ямар ашигт малтмал ашиглаж байгаагаас шалтгаалж хувь татвар ноогдуулах зэрэг батлагдсан дүрэм журам байсан боловч Монгол Оросоос өөр улстай харьцаж чадаагүй байсан тул энэ талаар тодорхой ажил өрнөөгүй.
3. Монгол Улсын засгийн газар 1914.03 сард газар тариаланг ашиглах талаар журам гаргасан. Энэ ажлыг өрнүүлэхдээ  эхний удаа улсаас эд материалын тусламж үзүүлж, тарьсаны дараа 3 хувийнх нь 1%-ийг үр болгож, 1%-ийг улсын санд өгч, 1%-ийг нутаг хошууны иргэдийн хэрэгцээнд гэсэн хувиараар явуулав.  Энэ шийдвэр төдий л үр дүн өгөхгүй байсаар 1919 онд хүчингүй болсон.
4. Богдын засгийн газарт улсын орлого, зарлага, санхүү, төсвийн зарцуулалтын тал дээр тодорхой ахиц гарч, тэр үед Оросод Монголын санхүүгийн асуудал давхар хөтлөгддөг байсан тул Монголоос хүн суулгаж, санхүүгийн асуудлаа хянуулах боломжтой болсон. 1916 оны байдлаар Монгол Улсын төсвийн орлого 6 сая, зарлага 6 сая байсан нь орлого нь зарлагаа нөхөж чадахгүйд хүрсэн тул жилээс жилд алдагдалд орж, Оросоос 5 сая рублийн зээл авч байжээ. Монгол оронд доорхи жижиг үйлдвэр, аж ахуйнууд байгуулагдсан.
а/. Монголын алтны уурхайн эзэд Хараа голын эрэг дээр усны халуун уурын хүчээр тээрэм барих зөвшөөрөл авсан.
б/. 1915-16 онуудад Налайхын Чулуун нүүрсний уурхай ажилласан.
в/. 1915 онд Орос Монголын  хэвлэлийн газар байгуулагдсан.
г/. Цахилгаан станц, туйпууны заводын барилга баригдаж эхэлсэн.
д/. 1915 онд Орос хүрээнд “Монголын үндэсний банк” байгуулсан.
е/. Цахилгаан мэдээний хороо байгуулагдсан, Дундад Иргэн Улс, Орос, Монгол гурвыг холбосон ба дотроо Улиастай, Ховд, Хүрээ, Хиагтыг холбосон байлаа.
ё/. 1912 онд Орос улсын худалдаа үйлдвэрийн яамны төлөөлөгчдийн газар байгуулагдсан байна.

Монголын ард түмний ахуй амьдралд гарсан өөрчлөлтүүд Хэдийгээр тэмцлийн үр дүнд Олноо Өргөгдсөн Монгол улс байгуулагдсан боловч хагас колонийн байдалд шилжсэн байв. Монголд Хятад, Орос, Европ, Америкийн капиталууд элдэв аргаар нэвтрэн, албан татвар, өр төлөөс нэмэгдэж, ард түмний амьдрал доройтсоор байсан.

1. Богд гэгээн, Их дагины эрдэнийн сууринд суусан өдрийг тохиож өвлийн дунд сарын шинийн 9-нд Халхын 4 ханаас 9 цагааны бэлэг барьдаг ёстой. Мөн олон дээд ноёд, лам нар албат ардаасаа татвар авахын хажуугаар, цалин пүнлүү авч байгаа нэрээр улсын санг хоосруулж байсан.
2. Манж, Хятадын мөнгө хүүлэгчдийн өрийг даран устгах байтал Богдын засгийн газар ардаар төлүүлэхээр шаардаж байсан бөгөөд үүнийг нь ардууд 11 сая лан мөнгөөр төлж байжээ.
3. Европ, Америкийн худалдаачид хятад худалдаачдаар дамжуулан монголын түүхий эдийг хөсөр үнээр авахуулж байлаа.
4. Монголын ард түмэн цэрэг, өртөө, харуулын алба, засаг ноёдод нийлүүлэх алба, орон нутгийн засаг захиргаанаас гадаадын капиталд төлөх алба, сүм хийдийн өргөл барьц, даншиг өргөх гэх мэт давшгүй олон албыг гүйцэлдүүлж байлаа. Ийм учраас ард түмний дунд албан татварын эсрэг тэмцэл боссон. 1916 онд Сэцэн хан аймаг Сэрээтэрдоржоос, Түшээт Хан аймгийн гүн Бадамлэгдэнзул зэрэг хүмүүсээс дээд газартаа нутаг хошууныхаа ядуурлын талаар бичиж байжээ. Иймд 1913-1917 онуудад Халхын олон аймаг хошуунд нийгмийн ангийн бүх давхарга, дэвшилтэт хүчнийг хамарсан эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнүүд гарчээ. Жишээ нь:
а/. 1903 оноос Засагт хан аймгийн нутагт гарч байсан Ард Аюушийн хөдөлгөөн 1913 оноос ахин сэргэж хүрээгээ тэлэх хандлагатай болсон.
б/. 1913 онд Хужирбулангийн цэргүүд орос сургагч нартайгаа цалингаас болж тэмцэлдсэн.
в/. 1915 онд Хүрээний цэргүүд бослого гаргасан бөгөөд үүний зэрэгцээ орон нутгийн засаг ноёдын харгислал, дураар аашлах, дарлан зовоох хэрцгий авирыг олны өмнө уудлан тавьж, дарлагчгүйгээр шинэ амьдрал зохиохыг уриалсан уриа “Нийслэл хүрээний сонин бичиг”-үүдэд ихээр хэвлэгдэх болсон.

Хятадын цэрэг Монголд нэвтэрч Монголын Автономийг устгасан тухай Дэлхийн 1-р дайнд Орос, Хятад улсууд татагдан орж, Орос оронд Октябрийн хувьсгал гарч түүний нөлөө Монгол оронд янз бүрээр туссан. Энэ байдлыг Хятадын засгийн газар овжиноор ашиглан Монголыг большевикуудаас хамгаалах зорилгоор 1919 оны 07 сард Монголд 600 хятад цэрэг оруулсан. Энэ үед хүрээнд сууж байсан хятад сайд Чень-И Монголын автономит эрхийг устгахыг хичээж, төслийг боловсруулан 64 зүйлтэй дүрэм журмыг баталсан. Энэ нь монголд хятадын засаг захиргааг тогтооход чиглэгджээ.

Гадаад Монголын засгийн газар өөрсдийн хүсэлтээр автономит эрхээ цуцалж, Дундад Иргэн Улсын харъяанд оров гэжээ. Мөн гэрээнд Богдын цолыг хэвээр, 2 улс хамтран хурлаа хийж байх, төмөр зам байгуулах, ашигт малтмал боловсруулах зэрэгт хятадын тал бие даан шийдэх, ноёдын эрх ямбыг хэвээр үлдээх гэх мэтийг заасан.

1919 оны 10 сард генерал Сюй-Шу-Жан Хүрээнд ирж автономит эрхийг устгахыг шаардсанаар 1919.11.10-нд Богдын засгийн газар хуралдаж автномит эрхээ устгажээ. Улсын дээд хурал үүнийг дэмжиж, харин улсын доод хурлаас эсэргүүцэж байсан.

1919.11.22-нд Монголын автономийг устгасан тухай ёслол болж, төв ордны дунд Дундад Иргэн Улсын ерөнхийлөгчийн зургийг байрлуулж, Богд гэгээнийг уг зурганд 3 дахин сөгдүүлж, мөргүүлж, бусад ноёдыг бас мөргүүлж доромжилсон.