Чин улс

Дай Чин гүрэн
(Манж Чин Улс-с чиглүүлэгдэв)

Чин улс, Дайчин гүрэнманж үндэстэн үүсгэн байгуулж захирсан, 1636-1912 оны хооронд оршин тогтносон хаант улс байв.

Дайчин гүрэн
大清 (Хятад)
ᡩᠠᡳ᠌ᠴᡳᠩ
ᡤᡠᡵᡠᠨ
 (Манж)
1636–1912
Чин улсын далбаа
Далбаа
(1889–1912)
Төрийн дуулал: 
鞏金甌
Gǒng Jīn'ōu
"Шижир тунгаамал алтан бадар"
(1911–1912)
1760 оны Чин улсын газар нутгийг орчин үеийн газрын зураг дээр харуулав. Хяналтад байсан газар нутгийн тод ногооноор; нэхэмжилж байсан газар нутгийг цайвар ногооноор.
1760 оны Чин улсын газар нутгийг орчин үеийн газрын зураг дээр харуулав. Хяналтад байсан газар нутгийн тод ногооноор; нэхэмжилж байсан газар нутгийг цайвар ногооноор.
НийслэлМүгдэн (Шэньян)
(1636–1644)[a]
Бээжин
(1644–1912)[b]
Томоохон хотБээжин
Албан ёсны хэлМанж хэл, Хятад хэл[1]
Угсаатны бүлгүүд
Хань, Манжууд, Монголчууд, Төвөдүүд, Уйгурууд, ба бусад
Шашин
Албан ёсны шашин:
Күнзийн сургаал[2]
Олонхын шашин: Хятадын
ардын шашин
, Хятадын
Буддизм
, ба Бомбын шашин
Цөөнхийн шашин: Төвөдийн
Буддизм
, Хятадын
теологи
, Ислам,
Бөө мөргөл,
Христ итгэл,
ба бусад
Ард түмний нэршилЗүрчид
Төр засагХэмжээгүй эрхт хаант засаг
(1636–1911)
Үндсэн хуульт хаант засаг
(1911–1912)
Эзэн хаан (Хуанди) 
• 1636–1643 (үүсгэн байгуулагч)
Дээд эрдэмт
• 1643–1661 (Бээжин дэх)
Эеэр засагч
• 1908–1912 (сүүлчийн)
Пүи
Регент 
• 1643–1650
Доргон
• 1908–1911
Зайфэн
Ерөнхий Сайд 
• 1911
Икуан
• 1911–1912
Юань Шикай
Хууль тогтоох байгууллагаЗөвлөлдөх зөвлөл
(1636–1733)
Байхгүй (тогтоолоор захирах)
(1733–1910)
Зөвлөх зөвлөл
(1910–1912)
Түүхэн эринХожуу орчин үе
• Үүсгэн байгуулалт
1636
1644–1662
1687–1757
1755–1792
1839–1842
1850–1864
1856–1860
1861–1895
1894–1895
1898
1900–1901
1901–1911
1911–1912
• Хаант засаглалын төгсгөл
1912 оны хоёрдугаар сарын 12
Газар нутаг
1700[3]8,800,000 км2
1790[3]14700000 км2
1860[3]13400000 км2
Мөнгөний нэгжВэнь (wén)
Лан (liǎng)
Цаасан мөнгө
Өмнө нь
Дараа нь
1636:
Хожуу Алтан улс
1646:
Шунь улс
1662:
Өмнөд Мин улс
1755:
Зүүнгарын Хаант Улс
1912:
Дундад Иргэн Улс
1883:
Бүгд Найрамдах Желтуга Улс
1895:
Бүгд Найрамдах Тайвань Улс
1911:
Олноо Өргөгдсөн Монгол Улс
Бүгд Найрамдах Урианхай Улс
1912:
Төвөд

БНХАУ, Монгол, Тайвань, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан орны 14.7 сая км² нутаг дэвсгэрийг эзлэн, хятад, манж, монгол, төвөд, хуй таван өнгөтнийг захирсан гүрэн байлаа. Анх Өмнөд Манжуураас мандаж, 1636 онд Мүгдэн хотод анх төвлөж, 1644-1661 онд бүх хятад орныг эзлэж, 1636-1757 онд бүх Монгол улсыг байлдан дагуулж оргил тэлэлтэндээ хүрээд ДИУ-д 1912 онд мөхжээ.

Чин бол хятадын dynasty биш Манжийн улс юм. Хятад гэж тухайн үед тусгайлсан улс байгаагүй харин Манжийн Чин их гүрний нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан. Орчин үеийн Хятад улс Чин гүрэнтэй түүхийн хувьд ямарч үе залгамжлалгүй юм.[4]

 
Мүгдэн ордны «Дайчин дука» (Дайчин хаалга 大清門)

Улсын нэр монголоор Чин улс, манж Чин улс, Дайчин гүрэн зэрэг нэрлэж байв. Манжаар Дайчин гүрэн гэж байснаас «дайчин», «гүрэн» зэрэг үгс монгол хэлнээ орсон. Хятадаар 清朝 чин-чао (Чин улс), 大清 да-чин (их ариун) гэдэг. Хятадын «Да чин», манж-монголын «дайчин» (цэргийн туршлагатан) нь угтаа нэг үг бөгөөд сунжирсан хэлбэр нь юм. Анх Нурхач баатар улсаа Да-жинь буюу «Их Алтан» улс хэмээсэн ба хожим нь түүхчид «Хожуу Алтан» улс гэжээ.[5] Харин түүний хүү Дээд эрдэмт хаан үндэстнийхээ нэрийг манж хэмээхийн сацуу улсын нэрийг 1636 онд Да-чин буюу «Дайчин» болгон сольжээ.

Манж нар 8-р зуунд Бохай хэмээх хүчирхэг гүрнийг анх байгуулсан. Сүүлд 1115 онд Зүрчид улсыг байгуулж 1126 онд Алтан улсыг байгуулжээ. 1234 онд Алтан улсын манж нар монголчуудад ялагдаж Их Монгол гүрний бүрэлдэхүүнд орсон. Манж нар бичиг үсгээ монголчуудаас өвлөн авч босоо уйгуржин бичигтэй болж,төрт ёс, цэргийн ухааныг монголчуудаас сурч авсан юм.

Нурхачи баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлнэ. Лигдэн хаан урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэн хааныг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачиийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна. Тэр ч байтугай 1619 онд Мин улстай холбоо тогтоон, Манжийн цэрэг рүү Өвөр Халхын тайж нарт 1 түмэн цэрэг өгч илгээн, байлдуулахад ялагджээ. Олзлогдсон тайж нарт Нурхачи баатар өршөөл үзүүлж тавьж явуулсан. Тэр цагаас Нурхачи Өвөр Халхын тайж нарыг өөртөө татаж сэтгэлийг нь урвуулах болжээ. Чингис хаан "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил Нурхач баатар "Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё" гэж ярьдаг байв.

Тэгсээр Хорчин, Горлос зэрэг аймгийн тайж нар, мөн Өвөр Халхын тайж нар Нурхачтай холбоотон болж, Лигдэн хаан ганцаарджээ. Өвөр Халхын тайж нар Манжтай холбоо тогтоохдоо Мин улсын эсрэг хамтарч байлдана гэж тангарагласан. Харин Лигдэн хаан Мин улсын их хэмжээний алт эрдэнэст шунаж, бусад ноёдыг өөрөөсөө түлхэх нөхцөлийг бүрдүүлсэн нь эргээд өвөрлөгчийн ноёд, их хааны хооронд дайн гарахад хүрсэн. Тухайлбал, 1622 онд Лигдэний эсрэг байлдаж ухраасан байна. 1623 онд Лигдэн хаан Өвөр Монголын Түмэд, Ордос зэрэг нутгуудыг Манжаас өрсөн өөртөө нэгтгэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд Найман, Баарин, Огниуд, Горлос аймгууд манжид дагав. Мөн онд Нурхач, Нинюань хотыг дайлах байлдаанд анхны ялагдалаа мингийн жанжин Юан Чунжуанд хүлээж хэдэн сарын дараа нас нөгцжээ.

1626 онд Нурхачиийг Абахай сэцэн хаан (нэр. Хун тайж, 1592-1643[6]) залгамжилж, Лигдэн хааныг өөрийн талд оруулахаар чармайж байв. Лигдэн хаан 1631 онд Манжийн эсрэг дайтан эхэлж, нутагт нь гүн давшин орсон боловч 1634 онд Манж ба түүний холбоотон монгол тайж нарын цэргийн нэгдсэн хүчинд цохигдож, Хөх нуурын (одоогийн БНХАУ-ын Цинхай муж) зүг ухарч яваад өвчнөөр нас барав. Манжууд Хөх хотыг эзэлж, 1636 онд Манжийн Абахай сэцэн хаан өөрийгөө бүх Монголын хаан өргөмжилж, улсаа "Чин улс" хэмээн нэрлэжээ.

1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. 1634 онд Лигдэн хаан Шар тал гэх газар нас барсан. Ингэснээр Манжууд баруун талаасаа айх аюулгүй болсон байна. Абахай сэцэн хааны Мингийн эсрэг анхны тулалдаан 1627 онд мөнөөх Юан Чунжуаны эсрэг болсон бөгөөд Мин улсын Португалаас олж авсан үхэр бууны улмаас ялагдсан ба 1634 онд Абахай сэцэн хаан олзны хятад дархчуудаар үхэр буу хийлгэн анхны манж үхэр бууны хороотой болсон байна. 1635 онд өвөр монголын цэрэг манж тугийн цэрэгт бүрэн нэгджээ.

1636 онд Солонгост довтлон 1637 онд Манж, Монголоос гадна хятадын Хан цэргийг байгуулан 1640-1642 онуудад хятадын Мингийн эсрэг амжилттай тулалдаануудыг хийж зүүн хойд хятадыг эзлэв. Ингээд тэрээр Мин улсын засаглалын хэлбэрийг авч хэрэгжүүлэн зарим хан хятадыг төрийн албанд томилсон ба Нурхачийн үеийн олзны хан хятад ямар алба язгууртайг үл тооцон 5-р зэрэглэлийн хүн гэсэн ойлголтыг өөрчлөн манжид алба хаах хятадуудыг манж үндэстэн гэх болжээ. Мөн 1635 онд бүх жүрчидийг манж хэмээх болж Лигдэн хааны хүү Эжэй хаан Юан гүрний хас тамгыг Абахай сэцэн хаанд өргөлөө зар тарааж, ёслол үйлдэн 1636 онд улсын нэрийг Манж чин улс буюу манжаар Дайчин гүрүн хэмээн өөрчилж Дээд эрдэмт хааныг их эзэн хаан хэмээжээ. Энэ нь тэрээр Монголчуудад их эзэн Чингис хааны залгамжлагч их Юан гүрнийг дахин мандуулагч гэх, мөн хятадуудад урдын жүрчидийн Алтан улс буюу гадны булаан эзлэгч биш гэдэг ойлголтыг өгөх бодлого байлаа.[6] Мөн онд халхын ноёд Дээд эрдэмт хааныг хэлэлцээр хийсэн ба өвөр монгол манжийн захиргаанд оржээ. Манжийн хаан 1638 онд жил бүр есөн цагааны бэлэг өргөж байхыг халхын ноёдод тулгаж Засагт хан манжийг эсэргүүцэн Хөх хотыг уулгалан довтолжээ.

 
Чин гүрний өргөжилт

1643 онд Дээд эрдэмт хаан гэнэт өөд болж түүний ахмад хүү Хүүгэ болон эцэг нэгтэй дүү Доргон нар хаан ширээний төлөө тэмцэлдсэн боловч Манжийн хааны 5 настай хүү Фүлинг өргөмжлөхөөр тохиролцож 1644 онд Эеэр засагч хаан гэх болов.[7] Энэ үед хятадын Мин улс дотоодын самуунтай байсны оргил нь 1644 оны 4 сард Бээжинг Ли Зичэны удирдсан босогчид эзлэн Мингийн сүүлчийн хаан Чонжэн амиа хорлон Мин улсын төгсгөл болсон үйл явдал байлаа. Ли Зичэн бээжинг эзэлсэний дараагаар 200.000 хүнтэй босогчдын армиа Бээжингээс зүүн хойш 80 гаруй км-т цагаан хэрэмийн Шанхайгуан боомтод байх Манжаас Мингийн нийслэлийг сэргийлэн суугаа торгон цэргийн ерөнхий командлагч Ү Сангуйн зүг хөдлөгжээ. Ү жанжины цэргийн тоо босогчдоос 2 дахин цөөн олон жил манжтай байлдаж сульдсан байсан мөн манжуудыг мэдэх болсон зэргээс үүдэн хэрэг дээрээ төр барьж байсан Доргонтой холбоо байгуулсан байна. Урдын дайсан шинэ холбоотнууд Чунжэн хааны өшөөг авах нэрээр 1644 оны 5 сарын 27-нд Ли-гийн босогчдыг бут цохин 6 сарын 6-нд Бээжинг эзлэв. Ингээд манжууд Мингийн сүүлчийн хааныг бунхлан өөрдийгөө мингийн залгамж лагч гээд 10 сарын 30-нд Эеэр засагч хааныг тэнгэрийн хөвгүүн хуанди хэмээвэй. Үүнээс хойш тэд 17 жилийг бүх хятадыг эзлэхэд зарцуулсан юм. Хятадын сүүлчийн хамгаалагч мөн сүүлчийн хунтайж Гуи гэгч Мин улсын дагуул улс байсан Бирмийн хаанаас орогнол эрж очсон авч Ү Сангуйн удирдсан манжийн нэхэх арми түүнийг олзлон Хунаньд авчран 1662 онд цаацалжээ. Эеэр засагчийн эхний 7 жил хэрэг дээрээ Доргоны засаглал байлаа. Мөн олон манж язгууртан ноёдын эсэргүүцлийг сөрөн Бээжинг Манжийн нийслэл болгосон нь хэт алсын хараагүй явдал болсон авч тухайн үедээ Мин улсыг эзлэх явдлыг түргэтгэсэн билээ. Түүний шууд оролцоотой 1645 онд гарсан бусад үндэстнийг манжуудын адил тав гэзэг тавих хааны зарлиг гаргасан нь хятадуудын хэр үнэнчийг шалгах шалгуур болсон юм. Энэ нь күнзийн уламжлалтай Хан үндэстний хувьд том доромжлол байсан ба зарлигийг үл дагагчдын толгойг авч байсан ч эсэргүүцэгчид 1650 он хүртэл байсаар асан бөгөөд зарлиг бүрэн хэрэгжтэл хятад даяар 25 сая хүн цаазлагдсан гэдэг байна.

1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв. Доргон 1650 онд авд явж байгаад осолдож Эеэр засагч хаан 12 настай тул түүний эх хатан төрийн ихэнхи үйлийг явуулж байсан ба Эеэр засагч 1661 онд 24 насандаа цэцэг өвчнөөр өөд болов. Эеэр засагчийн өөрийн засаглалын үед халх манж хоёул аядуу бодлого барьж байсан бололтой. Үүний жишээ нь 1655 онд Өндөр гэгээн өөрийн урласан дэлгэмэл болон цутгамал бурханаар манжийн хаанд бэлэг хүргүүлсэн, 1657 онд Засагт хан манжийн хаанд элч илгээн бичиг барьсан, 1658 онд манжийн хаанаас халхын ноёдод бэлэг хүргүүлсэн зэрэг явдал болно. Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн ба хаад нь Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан авдаг байсан юм. Монгол хатнаас төрсөн анхны манж хаан бол Эеэр засагч хааны гутгаар хөвгүүн Шуани буюу 1662 онд хаан ор суусан Энх-Амгалан хаан юм. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Энх амгалангийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настай хаан болсон түүний он удаан жилийн амжилтын эхийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь Эеэр засагч хаан Доргоны дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обои нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна. Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна.

Чин гүрний алтан эрин

засварлах
 
Чин эрин үеийн цэрэг

Энх амгаланг хааны (1654-1722 он) үед 1673 онд өмнөд хятадын Юньнан, Гуйжоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох хан үндэстэн Шан Кэжи, Жэн Зонмин болон Ү Сангуйтан нийлэн бослого гарган тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд 3 феодалын бослого гэгджээ. Мөн энэ үед Ойрад Монгол Галдан хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын хаант улс” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, Моголистан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долоннуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. Энх-Амгалангийн хаанчлалын үед хятадад одон орон, математик, газар зүй болон бусад шинжлэх ухаан гойд хөгжөн дэвшсэн ба мөн үед сарны тооллыг нарийвчлан засч сайжруулан шар зурхайг гарган нийтээр мөрдүүлжээ.

1689 оны 9-р сарын 6-нд Чин улс "Нерчийн гэрээ"-г Оросын хаант улстай байгуулж анх удаа умард хил хязгаараа тогтоож байжээ.

1722 оны өвөл Энх амгалан хаан өөд болж түүний 4 дөх хүү Юн чин ван Иньжэнь буюу Найралт төв хэмээгдэн 1723 онд хаан ор суув. Энхамгалангийн засаглалын сүүлийн жилүүдэд ах дүү нартайгаа таарамж муутай байснаас гадна хааны гэрээсийг өөрчлөн засч хаан суусан хэмээн хэлэгдэж асан Иньжэнь Манжийг хатуу чанд гараар барьж байв. Тэрээр төрийн албаны шалгалтыг хатуу чанд болгон төрийн албан хаагчдыг чанга шалгуураар шалган хан үндэстэн хятадуудад итгэл хүлээлгэн өөрийн ах дүү төрөл ургийн ноёдын оронд төрийн өндөр албан тушаалд тавьсан байна. Мөн тэрээр хээл хахуулийн эсрэг хатуу байр сууринаас хандан, мөнгөний ханшийг дураар тогтоох явдлыг эцэс болгож зөрчсөн этгээдийг цаацлах хүртэл хатуу чанга шийтгэж байв. Түүний засаглалын үед Халх дах ноёрхолоо бэхжүүлэн Сайн ноён аймгийг нэмж байгуулан халхыг 75 хошуунд хуваан халх дах манжийн цэргийн өртөөг бэхжүүлж монголын ноёдод цалин пүнлүү өгөх болжээ. 1735 онд Найралт төв хаан өөд болж түүний хүү Бао чин ван Хунли 1736 онд 24 насандаа Тэнгэрийн тэтгэсэн хаан хэмээгдэн Тэнгэрийн тэтгэсний анхдугаар оныг эхлүүлэв. Түүний засаглалын үед 1755 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ. 1755-1758 онуудад хотгойдын Чингүнжав, хойдын Амарсанаа нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ.

Манжийн доройтол

засварлах
 
Энэ улс төрийн хүүхэлдэйн кино болох Британи, Герман, Орос, Франц, Япон улс Чинийг хувааж байна

Тэнгэрийн тэтгэсэний засаглалын үед Манж улсад хээл хахууль газар авч манжийн оргил үе дууссаны дохио гарч эхэлжээ. Үүний жишээ нь түүнийг үхмэгц буюу Сайшаал ерөөлтийн тэргүүн онд (1796) “цагаан лянхуа нийгэмлэг”-ийн бослого гарч 8 жил үргэлжилсэн нь Манжийн хүчийг ихээхэн сулруулсан юм. Энэ үед манжийн газар нутгийн хэмжээ 13 сая хавтгай дөрвөлжин километр хүрч ноёрхолынхоо оргилд хүрсэн ба Монголыг гадаад монголын 4 аймаг (Сэцэн хан аймаг 23 хошуу, Түшээт хан аймаг 20 хошуу, Сайн ноён аймаг 24 хошуу, Засагт хан аймаг 19 хошуу), Дарьгангын хааны сүрэгчин тусгай хошуу, Тагнын Урианхайн (5 хошуу болон Хөвсгөлийн овог), Ховдын хязгаар 30 хошуу, Ил тарвагатайн 13 хошуу, Хөх нуурын 29 хошуу, Эзний хошуу, Алшаа хошуу, дотоод монголын 24 аймаг 49 хошуу (Жирэм, Зост, Зуу үд, Шилийн гол, Улаанцав, Их зуу 6 чуулган), Цахар 8 хошуу, Түмэд 2 хошуу, Уйгарыг Шинжааны урд 6 хот, Түвдийн Хашаг,[8] хятадийг 18 мужид хуваан захирч байв.

1860 оны 11-р сарын 2-нд "Бээжингийн гэрээ" байгуулсан. Оросын хаан улсын Засгийн газар хошууч генерал Н.П.Игнатьев тэргүүтэй онцгой төлөөлөгчдийг 1859 оны 3-р сард Бээжин рүү илгээж Чин гүрний ван Гүнтэй хэлэлцээ хийжээ. Энэ Гэрээний дагуу Уссури голоос далай хүртэл хилийн шугам тогтоожээ. Мөн уг Гэрээгээр Монголын Өргөөнд Оросын консул суулгахаар болсон.

Ингээд тэнгэрийн тэтгэсний дараагаар 1796-1820 онд Юньян буюу Сайшаал ерөөлтийн, 1821-1850 онд Төр гэрэлтийн, 1851-1861 онд Түгээмэл элбэгтийн, 1862-1874 онд Бүрэн засагчийн, 1875-1908 он Бадаргуулт төрийн хаанчлалаар Манж чин улсын үе үргэлжлэн, 1909-1911 онд Хэвт ёсны хаанчлалаар төгсгөл болжээ. 1861-1908 онуудад хэрэг дээрээ Цыши хатан Манжийн төрийг барьжээ. Тэрээр 1861 онд гарсан төрийн эргэлтээр Гон хунтайжийн тусламжтай Сүшүний ахалсан 8 засаг баригч ноёдыг хөөн гаргаж Түгээмэл элбэгт хааныг үхэхийнх нь өмнө Цышигийн хүү Бүрэн засагч хаанаар залгамжлуулахаар заалгажээ. Ингээд Бүрэн засагчийн мөн түүний залгамжлагч Цышигийн зээ дүү болох Зайтянь буюу Бадаргуулт төрийн нийт 47 жил Цыши “хөшигний араас захирагч” байсан байна.

19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ. Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851 онд Хон Сюцюань гэгч Гуйжоу мужийг эзлэн “Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14 жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ. Үүнээс гадна 1856-1873 оны Юньнанд гарсан Мяо хүмүүсийн болон Хотон Пантайгийн эсэргүүцэл, 1862-1877 оны лалын шашинтнууд “Цагаан малгайтны[9] бослогууд мөн Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв.

Чин гүрний сүүлч үе

засварлах
 
Синьхайн хувьсгал

19-р зуунд Ёвропын улсууд эрчтэй хөгжин колончлох, эдийн засгийн ашиг сонирхолдоо бусад улсыг хамруулах бодлогыг явуулж байсан нь Манжийн тэнгэрийн доорхи бүхнийг захирах бодлоготой мөргөлдөж эхэлсэн байна. Их Британи Британи болон Францын хятадад дахъ хар тамхины наймааг нь хаах гэсэн 1838 оны Манжийн оролдлогын хариуд дайн зарласнаар 1839 онд хар тамхины дайн эхлэв. Уг дайнд орчин үежсэн Британичууд тэнгис болон эх газарт хоцрогдсон Манжийн цэргийн хүчнийг хялбархан цохиж 1842 онд ялагдсан манжууд Нанкинд манайхны хэлдэгээр хилс гэрээ гэгчийг Британитай байгуулсан байна. Уг гэрээ ёсоор Манжууд дайны төлбөр төлөхөөс гадна боомтуудаа ёвропчуудад нээн онцгой эрх эдлүүлэх болон Хонконг Британид өгчээ. Барууныхан үүгээр ханасангүй, 1854 онд Британичууд Нанкины гэрээг дахин авч үзэх хятадын гол мөрөнд онцгой эрх эдлэх Бээжинд элчин сайдын яам нээх зэрэг зүйлийн тулгалтанд Манжууд эсэгүүцсэнд дахин дайн зарласанаар 1856 онд хар тамхины 2-р дайн эхэлсэн байна.

Энэ дайн 1858 онд Британи болон Америк Француудтай өмнөхөөс илүү доромж гэрээг Тяньжинд байгуулснаар дуусаж Манжууд албаны бичиг баримтуудаа англи хэл дээр хийх, Британийн байлдааны онгоцуудад хятадын гол мөрнөөр чөлөөтэй нэвтрэх онцгой эрхийг өгчээ. Үүнээс гадна 1844 онд Вансяд Америктай хилс гэрээ, 1860 онд Бээжинд, 1881 онд Петербургт Оростой гэрээ байгуулан онцгой эрхүүдийг өгч 1894-1895 онд Японтой хийсэн дайнд ялагдал хүлээжээ. Энэ мэт дорой байдал нь Хятадын үндэсний үзэлтнүүд, шинэчлэгчдийн дургүйг ихээхэн хүргэж байсны дээр Цыши хатны өөрийн сүр хүчийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан их хэмжээний зардал тансаглал, энгийн ардын ядуурал зэргээс үүдэн Манжийн засаглалыг эсэргүүцэгчдийн тоо ихэд нэмэгдэхийн хажуугаар европынхон буюу гадныхныг үзэн ядах үзэл дэвэрчээ. 1898 онд Бадаргуулт төр хааны “Шинэтгэн засах 100 өдөр” гэгч шинэтгэлийн бодлогоор хуучин хууль журмуудыг хүчингүй болгон Ли Хунжан зэрэг хуучинсаг үзэлтэй гэгдсэн улсыг албанаас буулган Кан Юүвэй мэт шинэчлэгчдийг өндөр албанд томилсон боловч Цыши хатан түүнийг таслан зогсоож ордны хорионд оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөс улбаалан Манжуудын Монголтой хийсэн хуучин гэрээ хэлцлүүд, Монголтой холбоотой хууль цаацуудад өөрчлөлт орж эхэлсэн ба Монголын газар нутагт хятадуудыг суурьшуулахгүй байх зэрэг тохиролцоо алдагдаж Монголд тариалан хөгжүүлэх нэрээр 1906 онд хятадуудыг монголд нүүлгэх товчоо гэгчийг Бээжинд байгуулсан зэрэг нь Монголчуудын дургүйг мөн ихээхэн хүргэсэн явдал болжээ.

Түүхэнд “Боксчдын бослого” хэмээгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн зорилт нь Манжийн хаант засаглалыг түлхэн унагаж харийнханыг хятадаас хөөн гаргах байсан ч Цыши хатан сайд нараараа дамжуулан тэднийг хянаж удирдагчаар нь “Чин улсыг дэмжин гадныхныг устгая” гэсэн уриа гаргуулан эрчимжүүлжээ.[10] 1899 онд боксчид хятадад байсан хэдэн мянган загалмайтны шашны номлогчдыг толгойг нь тасдах, амьдаар нь өвчих зэргээр хэрцгийгээр алж хэдэн аван мянган христэд итгэгч хятадуудыг алж хядсан үйлдэл хийснийг Цыши өөгшүүлэн дэмжиж байв. 1901 онд Германы элчин сайд алагдсанд 25.000 хүний бүрэлдэхүүнтэй 8 улсын цэргийн хүчин Бээжинг эзлэхэд зугтан гарсан Цыши болон Манжийн засаг захиргаа хамтын хүчний тавьсан шаардлагыг хүлээн авч их хэмжээний мөнгөөр төлбөр хийн Бээжинг эргүүлэн авчээ.[11] Энэ үед Ли Хунжан Чин улсын гадаад бодлогод их нөлөөтэй байсан.

19-р зууны хоёрдугаар хагас 20-р зууны эхэнд Чин улсын дотоод гадаад байдал ихээхэн сулран доройтсон тул өөрийн улсын хэмжээнд 1901 онд “Шинэ засгийн бодлого” хэмээн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг зарласан. 1908 онд хатан хаан Цыши болон Бадаргуулт төр хаан хоёр Чунь чин ван буюу Зайфөний ахмад хөвгүүн 2 настай Пүиг хаан суулгахаар гэрээслэн сульдаж доройтсон хэзээ мөдгүй сүйрэх гэж буй хаант төрийг үлдээгээд хоёул ойролцоо өөд болцгоов. Цыши үхэхийнхээ өмнө итгэлтэй тайганаараа хаанд хор өгүүлжээ гэх нь бий ч өөр хувилбараар Юан Шикай хоёуланг нь гар буугаар буудаж хороосон гэх нь ч байдаг юм байна. Ингээд Зайфөн засаглалыг авснаар генерал Юан шикай албанаасаа буужээ. 1911 онд Зайфэн үндсэндээ Айшин гиоро овгийнхноос бүрдсэн “Хааны гэр бүлийн танхим”-ыг байгуулж төрийн хэргийг явуулах болсон байна. Мөн оны 10 сарын 10-нд Учаны босогчид Дундад Иргэн Улс (Бүгд найрамдах хятад улс)-ыг байгуулж Нанжинд Сүнь Ятсэнээр толгойлуулсан засгийн газар байгуулснаа зарласан байна. Үүний дараагаар хэд хэдэн муж Манжаас салж ДИУ-д орж эхэлсэн тул Манжийн засгийн газар хувьсгалчдыг даруулахаар Юан Шикайд Манжийн анхны орчин үеийн зэвсгээр зэвслэгдсэн орчин үеийн цэрэг байлдааны арга барилд суралцсан Бэйяны армиа захирах эрхийг нь буцаан өгчээ. Юан Шикай ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлсний дараа хатан хаан Лонуйгийн оролцоотойгоор Зайфэнийг эрх мэдлээс нь салган Чин улсын улс төрийн гол тоглогч болов. Сунь Ятсэн үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг хүсч байсан бол Юан Шикай үндсэн хуульт хаант засгийг байгуулахыг зорьж байсан ч хоёул Хятадын эрх ашгийг урьтал болгон үзэж байв. Ингээд Юан Шикай Лонуй хатны зөвшөөрлөөр хувьсгалчидтай хэлэлцэн тохиролцох оролдлогыг хийж эхлэв. Сунь Ятсэн Бүгд найрамдах улс байгуулж дэмжлэг үзүүлбэл Юан Шикайг ерөнхийлөгч болгоход бэлэн байлаа. Хэд хэдэн удаагийн яриа, хэлэлцээний үр дүнд 1912 онд Лонгуй хатан, хааны хаан ширээнээс татгалзах тухай зарлигийг гаргаснаар хятадад 2000 гаруй жил тогтсон хаант засаг мөн 300 шахам жил (1616-1912) тогтносон Манж чин улсын ноёрхолд цэг тавьжээ.[12]

Засаг төр

засварлах

Засаг захиргааны хуваарь

засварлах
 
Газар нутаг. 1820 он

Чин улс 18-р зуунд хамгийн өргөн буюу Дотор газар (18 муж), өнөөгийн зүүн хойд орон, Өвөр Монгол, Ар Монгол, Шинжаан, Төвөдийг хамарсан 13 сая км² газар нутагтай болсон байв. Дотор газрын 18 муж дээр Манжуур, Шиньжянг задалж 22 муж болгон өсгөжээ. Фужянь дотор байсан Тайванийг дотоод 19 дэх мужаа болгосон авч 19-р зууны төгсөлийн Япон-манжийн дайнд ялагдсанаар Японы мэдэлд шилжүүлсэн.

Үүнээс гадна Солонгос (тухайн үеийн Чусонь), Вьетнам, Афганы Катоор улс, Кокандын хант улс, Непал зэрэг улсууд Чинд алба барьж, хараат улс болж барьсан.

  1. Тэнгэр уулын ар өвөр (хожим Шиньжян болон нэгдсэн) - Хамил зэрэг хагас өөртөө засах хант улсыг багтаасан. Мөн 10 хошуу торгуудын Чин сүсэгтийн чуулган, 3 хошуу хошуудын Бат сэтгэлтийн чуулган багтаж байсан.
  2. Гадаад МонголТүшээт хан аймаг, Сэцэн хан аймаг, Засагт хан аймаг, Сайн ноён аймаг, Ховдын хязгаар, Урианхайн хязгаар
  3. Дотоод Монгол[13] - 6 чуулганы 49 хошуу (Жиримийн чуулган, Зостын чуулган, Зуу үдийн чуулган, Шилийн голын чуулган, Улаанцавын чуулган, Их Зуугийн чуулган)
  4. Бусад монгол газар – Алшаагийн торгууд хошуу, Эзнээ голын өөлд хошуу, Или, Хөхнуур, Дарьгангын дээдсийн адууны сүрэг, Цахар найман хошуу, Хөлөнбуйр дахь шинэ, хуучин Баргын хошууд.
  5. Төвөд (Ү-Цан, Камын баруун хагас, одоогийн Төвөдийн ӨЗО-той бараг дүйнэ)
  6. Манжуур буюу манжийн уугуул нутаг (одоогийн хятадын зүүн хойд орон, хожим Гирин, Хармөрөн муж болон задарсан)
  • Арван найман муж (Дотор газар)
  1. Жили, одоогийн Хэбэй
  2. Хөнань
  3. Шаньдун
  4. Шаньси
  5. Шэньси
  6. Ганьсү
  7. Хүбэй
  8. Хүнань
  9. Гуандун
  1. Гуанши
  2. Сычуань
  3. Юньнань
  4. Гуйжоу
  5. Жянсү
  6. Жянши
  7. Жөжян
  8. Фужянь (1885 он хүртэл Тайванийг багтаасан)
  9. Аньхүй
  • 19-р зуунд нэмэгдсэн 5 муж
  1. Шинжаан
  2. Тайвань (1895 он хүртэл)
  1. Фөнтянь, одоогийн Ляонин
  2. Гирин
  1. Хармөрөн

Төрийн бүтэц зохион байгуулалт

засварлах

Манжийн ноёрхлын үед феодалын мөлжлөг ширүүссэн нь

засварлах

Манж Энх Амгалан хааны үеэс цэцэглэн мандаж Тэнгэрийн тэтгэсэн хааны үе хүртэл үргэлжилсэн юм. Манжийн түрэмгийлэгчид, Монголын шар хар феодалыг түшин, хөдөлмөрчин ард, албат, хамжлагын эрхгүй байдлыг урьдынхаас нь бүр хүндрүүлсэн билээ.

Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд нар болох Манж амбанууд захирч байв.[14]

Монголын тухай манж нараас “Монгол цаазын бичиг”-т оруулсан хууль цөм феодаль ангийн шинж чанартай нь илэрхий юм. Тэдгээр хууль ёсоор монголын хөдөлмөрчин олны аж төрөх хамаг юмыг нарийн чанд дүрэм хэмжээтэй болгож, монгол газарт Манжийн хянан цагдах дэглэм тогтжээ.

Мин улсын үед ойролцоогоор Хятад 150 сая хүн амтай байсан бол 18-р зууны төгсгөлд буюу Чин улсын үед 300 сая болж өссөн. Хүн ам өсөхөд нөлөөлсөн хэд хэдэн томоохон шалтгаан бий

  1. Мин улсыг унасанаар Эртний Цинь улсын үеэс баригдаж эхэлсэн хирээр жил бүр насанд хүрсэн олон мянган насанд хүрсэн хятад эрэгтэйчүүдийг дайчлан амь насыг авч оддог байсан Их цагаан хэрмийг барих явдлыг зогсоосон.
  2. Мин улсын сүүлийн жилүүдэд мөрдөгдөж ирсэн дааж давшгүй элдэв татвар-гувчуур (өрхийн татвар, цонхны гувчуур) гэх мэтийг болиулсан
  3. Зүүнгарын улсыг эзлэн авснаас хойш томоохон дайн хийгээгүй нь 18-р зуунд удаан хугацаагаар улс гүрэн нь тогтвортой тайван амгалан байсан
  4. Мөн Америкаас шинэ төрлийн ургацууд болох эрдэнэ шиш, амтат төмс, самар гэх мэт зүйлсийг импортлох болсон
  5. Мөн зүүн өмнөд Азиас шинэ төрлийн цагаан будаа ирсэн нь үйлдвэрлэл нь их хэмжээгээр өсөхөд жил бүр үерлэж олон сая хүний амийг авч оддог байсан Шар ба Хөх Мөрний тариалангийн даланг сэргээн засварлах, нэмж барих ажлыг Чин улсын эхэн үед санаачлан амжилттай зохион байгуулсан нь нөлөөлсөн.
 
Хөх хотын Их зуу хийд

Манжийн хааныг сүүлчийн Монголын Лигдан хааны эсрэг кампанит ажилд Төвөдийн Буддын шашиныг дэмжиж эхэлсэн юм. Манж Хунтайжийн цол нь Сэцэн буюу Дээд эрдэмт хаан гэгдэж байсан. 1642 онд Төвөдийн Далай ламаас Манзшури бурханы хувилгаан дүр өргөмжлөл хүртсэн. Мөн Манж гэдэг үг нь тэдний хэлээр эр зориг гэсэн үгтэй нь адилхан дуудагддаг гэх шалтгаануудаар тэд өөрсдийгөө нэрлэсэн байх магадлалтай. Монгол орон тэр үед их том орон байсан болохоор аймаг болгон угсаатан болгон өөр өөр байгаль, газар зүйн бүсэд, эдийн засаг, улс төрийн нэгдэлтэй болчихсон, үүнээс улбаалаад сэтгэлгээ, оюуны цар хүрээ эрх ашиг нь тусдаа болчихсон байлаа. Өвөр монголчууд онцолбол Цахарууд олон жил улс төр, оюун санааны төв байсан бол аглагын 12 отог Халхууд нь Монгол орны хамгийн зах хязгаарын хоцрогдмол, бүдүүлэг соёлжоогүй хязгаар 1911 он хүртэл байжээ. Иймд Манжууд Монголчуудад ялгавартай хандаж байсан бөгөөд анх дагаж орсон хөрш зэргэлдээ Хорчин зэрэг аймгуудад хүндэтгэлтэй хандаж ах, дүү холбоотны ёсоор ханддаг байсан учир тэднийг шарын шашинд гүн автуулах явдлыг хориглон Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” гэж байжээ. Учир нь Манж Хятадыг эзлэх, даран захирч байхад Өвөр монголчуудын цэрэг, эдийн засгийн хүчин чадал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой байв.[15]

Өндөр гэгээн Занабазар нь монголын бурханы шашин, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан юм. Мөн Монгол оронд бурхан шашныг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн сүм хийдүүдийг байгуулан, урлагийн олон арван бүтээлүүдийг туурвих, өөрийн дэг сургуулийг буй болгох ажлуудыг түүхэнд гүйцэтгэсэн юм. Тэрээр халх, ойрадын зөвчилдөөний улмаас өөрийн ард иргэдийг авч 1691 онд Долоннуурт Манж Чин улсыг түших чуулган чуулснаар халхыг Манж нар эрхшээх үүд болсон юм.[16] Харин тэд Халхыг найдваргүй этгээд хэмээн тооцож байсан агаад гадаад Монгол хэмээн өвөр Монголчуудаас тусад нь ялгаварлаж тусгай өөр бодлого хэрэгжүүлэв. Тэнгэрийн тэтгэсэн хаанд найдваргүй Халхын цэрэг, эдийн засаг Зүүнгарын хаант улс унаснаас хойш хэрэгцээгүй болсон юм. Тухайлбал Халхууд тун найдвар муутай холбоотон гэдгээ түүхийн турш харуулан Чингүүнжавийн бослого гэх мэтээс авахуулаад хожим Хятадад гарсан бослогуудыг дарах зэрэг үйлсэд цэрэг гаргалгүй хойш суун тэр байтугай босож байсныг XIX зууны Халхын түүхэнд гарсан цэрэг Онолт, Энхтайван зэргээр удирдуулсан үймээнүүд харуулдаг. Ингээд Халхаас илүү хүн амтай Өвөр монголд 49 хошуу байсан бол Халхад 86 хошуу дээр нь шавь нар гэж тусдаа засаг захиргаа байгуулан маш ихээр задалж хаясан байна. Иймээс тэд Халхад шарын шашин дэлгэрэхийг машид дэмжин Амарбаясгалант хийд гэх зэрэг хийдүүдийн барилгын ажлыг мөнгө санхүүгээр тэтгэж байлаа. Ингэснээр Халх нь дэлхийд төдийгүй Монгол угсаатан дундаа хамгийн бүдүүлэг хоцронгуй нь нэн хэтэрхий болж хүн амын ердийн өсөлт байтугай генетикийн хувьд бууран доройтсон.[15]

Бөө мөргөл нь арван наймдугаар зууны өмнө Манжийн оюун санааны амьдралын гол цөм байсан юм. 1691 онд Ар Монголыг Чин улсын хавсаргасаны дараа бурханы шашин шүтлэгтэй газар нутгийн голлох шашин болж, бөөгийн шашин нь бурханы шашны элементүүдийг нэгтгэж эхлэв.

Эдийн засаг

засварлах
Үндсэн өгүүлэл: Дайчин гүрний зоос

Мин улсыг түлхэн унагаасан үймээн самууны эцэст туйлдсан Хятадын эдийн засаг 17-р зууны төгсгөлд сэргэж хэвэндээ оржээ. Дараагийн зуунд Мин улсын төгсгөл үеийнх мэт дотоодын зах зээл үргэлжлэн тэлсээр, гадаад зах зээлээс хамаарах хамаарал ихэсч, бүс нутгуудын хоорондын худалдаа өсөн, хүн ам ч түргэн нэмэгдсэн. 17-р зууны сүүл үеэр хаагдсан зүүн өмнөд эргээ дахин нээснээр гадаад худалдаа маш хурдан дахин сэргэж, 18-р зууны сүүлийн хагасын турш жил тутам 4% өсч байлаа. Хятад нь цай, торго болон бусад бүтээгдхүүнүүдээ экспортлож, Баруунтай хийдэг гадаад худалдааны баланс нь ашигтай байв. Энэ урсгалын үр дүнд мөнгөний нийлүүлэлт маш их хэмжээгээр нэмэгдэж, өрсөлдөх чадвартай, тогтвортой эдийн засгийг бий болгожээ. 18-р зууны дунд үеэр феодалын эдийн засаг хөгжлийн шинэ оргилдоо хүрсэн ба түүнийг түүхэнд “Кан Чяний мандлын үе” хэмээн нэрийддэг.[17]

Мин улсын үед татвараа төлөх боломжгүйгээс хураагдаж, томоохон газар эзэмшигчдэд худалдагдсан газрыг Чин улсын засгийн газар хуучин эздэд нь эргүүлэн өгч, газар эзэмшигчид олшров. Иргэдийг зах зээлд идэвхтэй оролцуулахын тулд Мин улсын үеийнхээс татварын ачааллыг багасгаж, хамжлагат ёсыг халж, ажиллах хүчний толгойн татварыг тогтоожээ. Их Сувгийн захиргаанд шинэчлэл хийж, тээврийн системийг хувийн худалдаачид ч ашиглах боломжтой болгосон байна. Мөн үр тарианы үнийн хяналтын систем нь тариа будааны хомсдолыг арилгаж, ингэснээр цагаан будааны үнэ 18-р зууны турш зугуухан өссөөр байлаа. Чин улсын төр баригчид чинээлэг худалдаачдын эрх ашгаас болгоомжилж, худалдаа хийх эрхийг хягаарлан, мөн ядуу нутгаас бусад газарт шинэ уурхай нээхийг зөвшөөрдөггүй байв.

Чин улсын сүүл үеэр улс төр ялзран доройтож, үзэл сэтгэхүй нь хоцрогдож, үхээнц дорой байдалд орсноор засаг төр уруудан буурах тийшээ хандсан байлаа. Ард иргэд туйлын зовлон зүдгүүртэй байсан учраас Тайпингийн бослого, Нианы бослого ар араасаа гарч байв.[17]

Дайчин гүрэн 1616-1912
Өвгөдийн сүмийн цол
(廟號 miàohào)
Нэхэн өргөмжилсөн цол
(諡號 shìhào)
Өөрийн нэр Хаанчлалын үе Оны цол (年號 niánhào)
Тайзү (太祖) Гао Хуанди Нурхач (努爾哈赤) 1616-1626 Тэнгэрийн сүлдэт (天命) 1616-1626
Tайзун (太宗) Вэн Хуанди Хун тайж (皇太極) 1626-1643 Тэнгэрийн сэцэн (天聰) 1626-1636
Дээд эрдэмт (崇德) 1636-1643
Шизү (世祖) Жан Хуанди Фүлин (福臨) 1643-1661 Эеэр засагч (順治) 1644 – 1661
Шэньзү (聖祖) Рен Хуанди Шуани (玄燁) 1662-1723 Энх амгалан (康熙) 1662-1723
Шизун (世宗) Шиан Хуанди Иньжэнь (胤禛) 1723–1735 Найралт төв (雍正) 1723–1735
Гаозун (高宗) Чүн Хуанди Хунли (弘曆) 1735–1796 Тэнгэр тэтгэгч (乾隆) 1736–1796
Рэнзун (仁宗) Руй Хуанди Юньян (顒琰) 1796–1820 Сайшаалт ерөөлт (嘉慶) 1796–1820
Сюанзун (宣宗) Ченг Хуанди Мяньнин (旻寧) 1820–1850 Төр гэрэлт (道光) 1821–1850
Вензун (文宗) Шянь Хуанди Ижу (奕詝) 1850–1861 Түгээмэл элбэгт (咸豐) 1851–1861
Музун (穆宗) И Хуанди Зайчунь (載淳) 1862–1875 Бүрэн засагч (同治) 1862–1875
Дезун (德宗) Жин Хуанди Зайтянь (載湉) 1875–1908 Бадаргуулт төр (光緒) 1875–1908
Сюнди (逊帝) Пүи (溥儀) 1909–1912 Хэвт ёс (宣統) 1909–1912

Газрын зураг

засварлах

Мөн үзэх

засварлах

Тэмдэглэл

засварлах
  1. Хятад: 盛京; пиньинь: Shèng Jīng; манж хэлээр: ᠮᡠᡴᡩᡝᠨ; Мөллендорфф: Mukden; Абкай: Mukden; capital after 1625 for Later Jin, secondary capital after 1644.
  2. Хятад: 北京; пиньинь: Běijīng; манж хэлээр: ᠪᡝᡤᡳᠩ; Мөллендорфф: Beging; Абкай: Beging; primary capital afterwards
  1. Norman (1988), pp. 133–134.
  2. "Living in the Chinese Cosmos: Understanding Religion in Late Imperial China (1644–1911)", What is Popular Religion, Columbia University, Архивласан огноо 19 January 2015, Татаж авсан: 15 June 2021
  3. 3.0 3.1 3.2 Taagepera, Rein (September 1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia" (PDF). International Studies Quarterly. 41 (3): 500. doi:10.1111/0020-8833.00053. JSTOR 2600793. Архивласан (PDF) огноо 2020-07-07. Татаж авсан: 2020-07-24.
  4. "Дмитриев С.В., Кузьмин С.Л. 2015. Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь. - Түүхийн судлал, боть 43-44, № 16, х. 197-214". Archived from the original on 2018-11-24. Татаж авсан: 2018-11-30.
  5. Манжийн талаар товч ойлголт өгөх түүхэн баримтууд
  6. 6.0 6.1 Дээд эрдэмт хаан
  7. "Манжийн төрийг залуурдаж явсан монгол гүнж Амирлангуйн түүх". Archived from the original on 2022-08-01. Татаж авсан: 2022-08-01.
  8. "Монголчууд ихэд нөлөө үзүүлсэн Түвдийн түүх". Archived from the original on 2022-07-30. Татаж авсан: 2022-07-30.
  9. Ардын дуу "Гоолингоо"-гийн үнэн түүх ийм ажээ (Memento 30. Долоодугаар сар 2022 цахим архивт) Tolgoilogch.
  10. Боксчин Бослого: Тайлбар, Түүх, Зорилго, Шалтгаан, Үр Дагавар
  11. 1900 оны Хятадын боксчдын бослого
  12. ХХ зууны Монголд тохиосон гурван хувьсгалын эхний 10 жилийн тухай эргэцүүлэл (Memento 29. Долоодугаар сар 2022 цахим архивт) М.Далайхүү Эх сурвалж: "Монцамэ".
  13. Манж нар Өвөр 49 хошууг “Дотоод засаг” гэдэг нэр томьёогоор илэрхийлдэг байснаа XIX зууны эхнээс “Дотоод засаг”-ийг “Дотоод Монгол” гэдэг нэр томьёогоор илэрхийлэх болов. Энэ үеэс эхлэн энэхүү “Дотоод Монгол” хэмээгч нь монголчуудын өөр зуураа хэрэглэдэг “Өвөр Монгол” гэдэг ойлголттой агуулгын хувьд бараг нийцэх болжээ. Тиймээс “Өвөр Монгол буюу Дотоод Монгол”, “Ар Монгол буюу Гадаад Монгол” хэмээн ямарваа нэгэн ялгаваргүйгээр хэрэглэх болсон бололтой. Ц.Цэрэндорж, Монголын түүх
  14. ТҮҮХЭН ЗУРГУУД: Манж амбан
  15. 15.0 15.1 Түвдийн шарын шашны Монгол дахь бодлого 2010 оны 4 дугаар сар 14
  16. Чулуун С. Өндөр гэгээн Занабазар ба Оросын хаант улс. // Өндөр гэгээн Занабазар: амьдрал, өв. УБ., тал 31-40.
  17. 17.0 17.1 Чин улсын түүхээс Гүнтөмөр 2017 оны дөрөвдүгээр сарын 18
Өмнөх
Мин улс
Бага хаадын үе
Зүүнгарын Хаант Улс
Манж Дайчин улс
1636-1912
Дараах
Олноо Өргөгдсөн Монгол Улс
Дундад Иргэн Улс