Ар Монгол
Ар Монгол гэдэг нь 1691-1911 оны хооронд Манж Чин Гүрний харьяанд оршин байсан эдүгээ цагийн Монгол Улс болон Тува улсыг нийлүүлсэн газар нутгийн түүхэн улс төрийн зорилготой өгсөн нэршил юм.
“Ар Монгол буюу Гадаад Монгол” гэдэг нэр томьёо 1632 оны үед анхлан гарчээ. Анхандаа үүгээр Манжид дагаар ороод байсан дотоод засаг 49 хошууны монголчуудыг л нэрлэдэг байв. Гэвч 1691 онд Халх Манжид эзлэгдсэнээс хойш Халхыг бас “Ар Монгол”-д багтааж, өмнө нэрийдэж байсан “Ар Монгол”-оо “Дотоод засаг” гэж нэрлэх болов. Харин Халхыг “Гадаад засаг” гэж ялгаварлан нэрлэх болжээ. Өөрөөр хэлбэл Чин улсад дагаар орсон монголчуудыг Дотоод Монгол, Гадаад Монгол гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагаад, Гадаад Монгол гэдгээ бас дотор нь “Гадаад засаг”, “Дотоод засаг” гэсэн 2 хэсэгт хуваасан ажээ.
1636 онд монголчуудын өмнөд хэсэг тухайн үедээ хүчирхэгжиж байсан манж нарын мэдэлд орсон. Тэднийг Манж Чин улсад хамаарах өөрийн газар нутаг гэсэн утгатайгаар “Дотоод Монгол” гэх болжээ. Энэ үед оросууд Сибирийг колончилж, Байгал нуур орчмын уудам газрыг өөрийн болгов. Санкт-Петрбургт ч, Бээжинд ч үл хамаарах Монголын энэхүү төв хэсгийг манж болон хятадууд өөрт нь хамаагүй буюу гадны нутаг гэсэн утгаар “Гадаад Монгол” гэж нэрлэх болсон нь “Өутар Монголия” (Англи: Outer Мongolia), “Вэй Монгу” (Хятад: 外蒙古), “Внешняя Монголия” (орос.), “Сото Монгору” (Япон: 外モンゴル) гэх мэтчилэн хэл хэлнээ орчуулагдаж 300 шахам жилийн турш олон улсын албан нэршил болж байв.
Дээрх ангилал XIX зууны эхэн хүртэл үндсэндээ өөрчлөгдөөгүй, хэвээр мөрдөгдөж байв. Харин 1810-аад оны сүүлчээр хэвлэгдсэн Чин улсын хууль цаазад урьдын “Дотоод засаг”-ийг “Дотоод Монгол” гэж нэрлээд, бас урьд “Гадаад засаг” гэж нэрлэдэг байсан Халхын 4 аймаг болон тэдгээрт хавсаргасан Өөлд, Хойд аймгийн хошуудыг “Гадаад монгол” гэж нэрлэх болжээ.
Үүнээс хойш хятадууд тvvхийн бичиг зохиолдоо “外蒙古” (гадаад монгол) гэж монгол нутгийн умард хэсгийг, “内蒙古” (дотоод монгол) гэж монгол нутгийн өмнөд хэсгийг нэрлэх болжээ. Энэхүү “Гадаад Монгол”, “Дотоод Монгол” гэдэг ухагдахуун нь яваандаа монголчуудын өөр зуураа газар зvйн байршлаас хамааран “Ар Монгол”, “Өвөр Монгол” гэж ялгасантай ерөнхийдөө нийцэх болсноор “дотоод, гадаад” гэдэг нь монгол хэлээр “өвөр, ар” дээр тогтсон бололтой.
Харин “Гадаад Монгол” хэмээх нэр томьёо нь 1915 оны Хиагтын хэлэлцээрээс хойш өнөөгийн Монгол улсыг заасан улс төр-газарзүйн ойлголт болж тогтжээ. Энэ үеэс эхлэн “Гадаад Монгол” гэдгийг монголчуудын Ар Монгол буюу Ар Халх хэмээх нэр томьёотой ижил утгаар хэрэглэх болов. Өөрөөр хэлбэл, урьдын “Гадаад Монгол” гэдэг ойлголтын хамарч байсан цар хүрээ илүү явцуурсан аж.
Энэ нэршил нь Манжийн харьяанд байх үед Манж хэлний дорги (дотоод), түлэрги (гадаад) гэсэн утгатай үгнээс улбаалсан Гадаад Монгол хэмээгддэг байсан бөгөөд 1947 онд Өвөр Монголын өөртөө засах орон байгуулагдсанаас хойш "Өвөр Монгол" гэдэг нэрний эсрэгцүүлсэн утга болон "Ар Монгол" хэмээгддэг болсон.
"Ар, өвөр" гэдэг нь Монгол хэлэнд гадна, дотор гэсэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд, харин нэг цул бүхэл юмны хойд, урд этгээд (уулын ар, өвөр, дээлийн ар, өвөр гэх зэргээр) гэсэн утгыг илэрхийлдэг юм. Тиймээс Монголчууд эдүгээ "Гадаад Монгол" гэхийн оронд Ар Монгол гэх нь элбэг юм.