Улаанцавын чуулган

Улаанцавын чуулган (ᠤᠯᠠᠭᠠᠨᠴᠠᠪ ᠤ᠋ᠨ
ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ
) бол Манж Чин улсын үед Өвөр Монголын зургаан чуулганы нэгэн чуулган юм. Тус чуулган нь Дөрвөн хүүхдийн хошуу, Дархан муумянган хошуу, Урадын өмнөд хошуу, Урадын дундад хошуу, Урадын хойд хошуу, Халхын баруун гарын хошуу гэсэн зургаан хошуунаас бүрдэж байлаа. Чин гүрний үед "Дөрвөн хүүхдийн хошууны нутагт байдаг Улаанцав уулын энгэрт чуулган чуулдаг байсан тул Улаанцавын чуулган хэмээн нэрлэжээ."[1]

Товч тойм засварлах

Улаанцавын чуулган нь баруун талдаа Эзнээгийн торгууд вангийн хошуу, Их Зуугийн чуулган, хойд талдаа Сайн ноён хан аймаг, Түшээт хан аймаг, зүүн талдаа Шилийн голын чуулган, өмнөд талдаа Шаньси муж, Цахар найман хошуутай хаяа нийлж байсан. Улаанцавын чуулганд одоогийн Улаанцав хот, Баяннуур аймаг, Бугат хот, Хөх хотын газар нутгийг багтаасан байв. Чин гүрэн мөхсний дараа Өвөр Монголын зургаан чуулган, 49 хошууны ноёд ДИУлсад харъяалагдаж эхэлснээс эхлэн, Улаанцавын чуулганыг татан буулгаж, Суйюань мужид нэгтгэв.

Дөрвөн хүүхдийн хошууны засаг ноёд нь Хавт Хасарын 15 дахь үеийн ач Ноёнтой отгон ноёны дөрвөн хүү Сэнгэ мэргэн хошууч, Соном дархан тайж, Омбо бөх тайж, Эрчим мэргэн тайж нарын үед тус бүр бие даасан Дөрвөн хүүхдийн аймаг нэртэй байсныг Чин гүрэн эзэлсний дараа нэгтгэж, Дөрвөн хүүхдийн хошууг байгуулж, Омбо тайжийг засаг ноёноор томилсон. Тус хошууг он жилийн уртад товчилж ярьсаар одоо цагт Дөрвөд хошуу гэх болжээ.

Дархан Муумянган хошуу нь Хавт Хасарын удам Норов цэгэн ноёны үед Чин гүрэнд дагаар орсон. Хасарын тахилгын өргөөг байгуулж, сүлд шүтээнийг босгож Тайл богдын өргөөг байгуулж үе улиран тахиж байсан.

Урадын гурван хошууны ноёд бол Хавт Хасарын удмынхан болно.

Халхын баруун гарын хошууны ноёд бол Гэрсэнз жалайр хунтайжийн 3-р хөвгүүн Онохуй үйзэн ноёны дэд хөвгүүн Абуху мэргэн ноёны отгон хөвгүүн Рахули далай ноёны ахмад хөвгүүн Бунтар цөөхүр тайжийн удмын захирсан хошуу юм. Бунтар нь 1653 онд Түшээт хан Гомбодоржтой тэмцэлдэж, эцэстээ Чин гүрэнд дагаар орсон.

Эшлэл засварлах

  1. Улаанцавын чуулган