Амарсанаа
Амарсанаа (* 1720 он; † 1757 оны 9 сарын 20) нь Монголын ард түмний 1755-1758 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэг удирдагч юм. Ойрадын хаан Галданцэрэнгийн охин Бодлогочоос төрж, Хойдын ноён Үйзэн хошуучын гэрт өсөж хүмүүжсэн Ойрадын Хошууд аймгийн хүн юм. Эцэг нь Гүүш хааны хойчис Галданданзан. Эх Бодлогочийг нь бие давхар байхад эцэг нь нас нөгцөж, Хойт аймгийн тайж Үйзэн хошуучид очоод Амарсанаа төрсөн тул түүнийг бас Үйзэн хошуучийн хүү буюу Хойдын тайж гэдэг.
Амарсанаа | |
---|---|
Ховд хот дахь Амарсанаагийн хөшөө | |
Төрсөн: | 1720 он Зүүнгарын хаант улс (Одоо Хойд аймаг) |
Өнгөрсөн: | 1757 он Оросын Хаант Улс, Тобольск хот |
Ажил үйл | цэрэг |
Гарал үүсэл | хойт |
Яс үндэс | ойрад |
Улс орон | Зүүнгарын хаант улс |
Xамтрагч | Чингүнжав, Сэвдэнбалжир, Дондогмаанж, Аблай |
Түүх
засварлахЛхамдаржаа хаан орыг булаан эзэлсэнд Даваач зэрэг ихэс ноёдтой хавсран Цэрэндашийг хан орд суулгах гэхэд Лхамдаржаа үүнийг мэдээд Цэрэндашийг барьж алсанд 1751 онд Даваачтай Казахын дунд ордны зүг зайлан одсон ба Казахын Аблай хан баяртай хүлээн авч охиноо өгч хүргэн болгоод дэргэдээ өсгөв. 1752 оны 9-р сард Лхамдаржаа Казах зүг их цэрэг томилон булаан авч ирэхээр ирсэнд далимыг ашиглан Зүүнгарт буцан ирж Лхамдаржааг баривчлан алж, Даваачийг хaан болгон өргөмжилжээ. 1754 оны эхээр эрх мэдэл газар нутгийн асуудлаас Даваачтай зөрчилдөн арга буюу дахин Казах зүгт одож, Эрчис голын сав газарт хүрч очоод тусгаарлан суужээ. Даваачтай гурван удаа байлдаад бүгдэд нь ялагдсан болохоор Даваач хаан өөрийн биеэр 30000 цэрэг авч ирээд байлдсанд ихэд хохирол амсан хөл тогтох газаргүй болж, харъят 2 түмэн Хойдоо дагуулан Манж Чин улсын хил дээр хүрч ирэн дагахаа илэрхийлсэнд Тэнгэрийн Тэтгэсэн хаан дуртайяа зөвшөөрч, Халуун гол дахь зусландаа хүлээн авч уулзаад "Хошой чин ван"-д өргөмжилж, эхнэр хүүхэд, гэр бүлийг нь, түм гаруй албаттай нь хамт Завханд, бусад албатыг нь Орхон болон Тамирт шилжүүлэн суулгажээ. 1755 оны хавар, зун Зүүнгарыг дайлахаар явах замдаа халхын Засагт хан аймгийн туслагч жанжин ба Хотгойдын шадар ван Чингүнжав, Хорчины эфү Сэвдэнбалжир нартай Манж улсын хүчийг ашиглаж, Даваачийг дарсны сүүлээр Манжийн байлдан дагуулагчдын эсрэг босч Зүүн гарын хаант улсыг сэргээн байгуулахаар хэлэлцэн тохиролсон ажээ. Тэнгэрийн Тэтгэсэн хаан тэдний төлөвлөгөөг тандан мэдэж, энэ явдлыг таслан зогсоохын тулд тусгай арга хэмжээ авахаар шийдэв. Тэнгэрийн Тэтгэсэн хаан Чингүнжавыг "Урианхайн зан заншлыг сайн мэднэ" гээд Хан, Хатан голын Урианхай нарыг дагуулан авахуулахаар шалган явуулав. Манжийн хоёр замын их цэрэг 1755 оны зун Зүүнгарыг эзлэн авахад Амарсанаа хэрэг нэгэнт өөрөөр эргэснийг ухаарч, санаа нэгтнүүдээ сэм элсүүлж, эмхлэх завсараа Манжийн умард замын цэргийн зөвлөлийн сайд Хотгойдын Чингүнжавтай танилцан харийн түрэмгийлэгчдийг зайлуулж, улс төрийнхөө тусгаар тогтнолыг сэргээхээр тохиролцжээ. Үүнийг нь Манж нар мэдсэн боловч тэдний цэрэг, улс төрийн нөлөөг харгалзан шууд ял хэлэлцэлгүй хүчийг нь тарамдуулах зорилгоор Чингүнжавыг өөр ажилд илгээж, Амарсанааг "Хэрэг зөвлөх" нэрийдлээр Бээжинд дууджээ. Сэвдэнбалжирыг хэрэг зөвлөх нэрээр Бээжинд дуудан аваачиж, хэргэмийг нь эвдэн, сул хорив. Манжийн эрх баригчдын гэнэдүүлэн барих гэж Бээжинд яаралтай дуудсан нь заль мэх болохыг таамаглан мэдэж байсан тул аргад нь арга хэрэглэн "Эзэн хаанд бараалхана!" гэж мордон гараад Алтайн цаадах Өрөнгө голд хүрч ирмэгц шадар 300 цэргээ удирдан Манж улсад итгэлтэй түшмэл цэргийг цохин, Бээжин орох замдаа зүг буруулан нутгийн ард олноос цэрэг элсүүлж, Манжийн Зүүнгар дахь дарангуй цэргийн гол хүчийг богино хугацаанд бут цохиж, 1755 оны 11-р сард Борталд өөрийгөө Зүүнгарын хаанаар өргөмжилжээ. Манжийн эрх баригчид дахин цэрэг дайчилж хоёр замаар их цэрэг илгээв. Зүүнгарын зайсан Дондогмаанж нартай нийлж, цэрэг дайчлан, Ил дэх Манжийн цэргийн Банди, Уянгу, Саарал зайсан нарыг бүслэн авч байлдсанд тэд нар тэсч чадахгүй болоод, Саарал тугаа хээр хаяж, жинст малгай, жанжны тамгаа авч нуугад, бутарсан цэргийн дунд хутгалдан орж оргон зугтаажээ. Банди, Уянга нар бие биеэ хорлон үхэв. Ийнхүү Зүүнгарын эрхийг дахин буцаан авжээ. Манжийн хаан Зүүнгарыг дахин эзлэхийн төлөө дахин хоёр замын их цэрэг захион байгуулж, хойд замыг Хадагаар баруун замыг Залфунгаагаар захируулан Ил зүг мордуулав. Манж улсын цэрэг тулгаран ирэхэд дотооддоо хүчээ нэгтгэн тэмцэж чадсангүй. Өөр хоорондоо байлдан Дондогмаанжид дийлдээд Казахт зугтаан очлоо. Манж улсын цэрэг Казах зүг нэхэн иртэл Зүүн гарын нэгэн ноён Амарсанааг бээжин зүг хүргэхээр явав гэж хэлж өгчээ. Залфунга нар нэхэн хөөхөө болиод буцах гэж байтал өмнө авсан мэдээ нь хуурамч болох нь тогтоогдсон байна. Нэгэнт Казахын нутагт орсон болохоор цааш мөрдөх бололцоо байсангүй. Манжийн хаан мэхлэгдсэндээ шарлахан Залфунгийн огцруулан Зоо Хуй, Далданга нарыг томилов. Зоо Хуй, Далданга, Хадаг нарт нэг салаа цэрэг өгч Казахын Абулай ханы тэндээс нэхэж авчруулахаар илгээсэнд, Абулай хан зөвшөөрсөнгүй. Хүч хамтран Чин улстай байлдахаар шийдэж, 1756 оны 8-р сард Казахын Қожабергенийн хамт Далдангын цэрэгтэй бүтэн 7 хоног ширүүн байлдаан хийсэн боловч ялж чадсангүй. Абулай хан Хадагийн цэрэгтэй байлдаж хүндээр шархдан, цэрэгээ ухраан нутагтаа очлоо. 1757 оны 3-р сард Казахаас нутагтаа буцаж ирээд 6-р сард харъят 3000 цэргийн хамт Манж улсын 10000 гаруй цэрэгтэй тулгаран байлдлаа. Байлдаан хагас сар гаруй туйлын хурц, ширүүн явагдаж, 2500 цэрэг нь алагдаж шархдан жагсаалаас гарчээ. Амарсанаа 8 хүнтэй Оросын нутагт зугтан очиж Тобольск хотын дүүрэгт туйлын хүнд байдалд байхдаа 1757 оны 9-р сарын 15-нд цэцэг өвчинд нэрвэгдэж 20-ны өдөр нас баржээ. Зүүнгарын хаант улс мөхөв. Ойрадууд урьд өмнө нь болж байгаагүй цуст хядлагад өртөхөд Амарсанаа эцсээ хүртэл тулалдан цохигджээ. Түүний дурсгалд зориулан Ховд хотод хөшөөг нь босгосон байна.