Харчин
Харчин (монголоор:ᠬᠠᠷᠠᠴᠢᠨ) — Монгол үндэстний нэгэн ястны нэр.[2] Юань улсын үед хааны ундааны дан хар зүсмийн гүү сааж хар айраг барьдаг хүмүүсийн "харчин" хэмээх ажил мэргэжлийн онцлогтой нэрнээс үүсэж байгуулагдсан. Хар айраг гэдэг нь тусгай аргаар ямар ч хольцгүй, дан ганц сүүгээр исгэсэн өнгө тунгалаг, үнэр амт сайхан онц сайн чанарын айраг юм. Бас Харчин гэдэг нь харц (эгэл ард, хар түрүүтэн) гэсэн үгээс гаралтай хэмээн зарим эрдэмтэд тайлбарласан байдаг. Харчин аймгийн дунд бас Асуд, Кипчак мэтийн сартуул иргэд ихэр холилдсон байдаг.
Харчин ястан | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Бүгд — 593 Мянга. Үүнээс: Хятад (БНХАУ) — 593 Мянга Монгол — 152 (2010)[1] |
Хэл аялга | Монгол хэл (дорнод аялгуу) |
Бичиг үсэг | Худам монгол үсэгт монгол бичиг |
Шүтлэг | Буддын шашны буяны ёс (шарын шашин), Тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Хорчин зэрэг бусад Монгол үндэстэн |
Хэл угсаа | Монгол угсаатан (Монгол төрлийн хэлтэн) |
Харчин аймаг нь Юань улсын үед одоогийн Ховд аймгийн хавиар нутаглаж байснаа Даян хааны үед Говийн өмнө нүүж, Мин улсын Сюаньфу хотын араар Шандын голын баруун өмнүүр нутаглаж Юншээбүү түмэнд харьяалагдах болсон.
Түүхийн тойм
засварлахБатмөнх даян хааны үед Монгол Улсыг зургаан түмэнд хуваасны баруун гурван түмний нэг Дун Их Юншээбүү, Асуд, Харчин аймаг нийлж нэг түмэн болж байв. Харчин аймаг нь Даян хаанаас урьд Зэлмэ ноёны удмын ноёд захирч байгаад 1530-аад оны үеэс Харчины нэг хэсэгт Даян хааны хөвгүүн Барсболд жононгийн 4 хөвгүүн Байсахал хөндлөн хан эзэн сууж, захирч эхэлсэн. Энэ үеэс Харчин аймгийн ноёдыг угсаа гарвалаар нь Шарнууд Харчин, Борнууд Харчин, Харнууд Харчин гэж гурван хэсэгт хувааж эхэлжээ. Шарнууд Харчин болбоос Боржигины цагаан яст Байсахал хөндлөн ханы үр хойчисын захирсан хэсгийг хэлнэ, Борнууд Харчин болбоос Урианхайн Зэлмэ ноёны удмын ноёдын удмыг хэлнэ, Харнууд Харчин хэмээх нь монгол, хятад холилдсон харц гарвалтай ардыг зааж байх юм. Шарнууд Харчины ноёд Чин гүрэнд дагаар орсны дараа манж найман хошуунд уусав.
Борнууд Харчины ноёд Чин улсын үед Зостын чуулганы Харчин баруун гарын хошуу, Харчин зүүн гарын хошуу, Харчин дундад хошуу гэсэн гурван хошуунд хуваагдан нутаглах болсон. 1635 онд Харчины Субуди ноёны хүү Гүржавыг засаг ноён өргөмжилж Харчин баруун гарын хошууг, Гүржавын төрлийн садан Сэрэн ноёныг засаг ноён өргөмжлөн Харчин зүүн гарын хошууг тус тус захируулсан. 1705 онд Гүржавын үеэл ач Гэрэл ноёныг засаг ноён өргөмжилж, Харчин дундад хошууг байгуулж захируулсан. Одоо үед Өвөр Монголын Тунляо хотоор тархан нутаглаж байна.
Алдартай хүмүүс
засварлах- Болай тайш (1450-1465 онд Харчин аймгийг захирч байсан)
- Байсахал хөндлөн хан (1531-1572 онд Харчин аймгийг захирч байсан ноён)
- Байхундай хөндлөн хан (1572-1600? онд Харчин аймгийг захирч байсан ноён)
- Харчин гүн Баянтөмөрийн Хайсан (Богд хаант Монгол Улсын улсад туслагч гүн, Тусгаар тогтнолын гармагай зүтгэлтэн)
- Шударга баатар Бавуужав (Богд хаант Монгол улсын цэргийн зүтгэлтэн)
- Гүүш Лувсанданзан (Алтан товчийг зохиогч)