Огниуд
Зүүн Монголын угсаатны бүлэг Онниуд/оннигууд/онгиуд/огниуд/огнууд/онгуд. Оннигууд гэдэг үгнээс гаралтай бөгөөд Он(ван) нигууд (ард, цаана) гэсэн 2 үгээс бүтсэн, хятадаар vang Liu () гэж тэмдэглэсэн байдаг. Монгол бичигт Оннигуд гэж бичдэг тул нигуд нь олон тооны дагавар болох тул оннигуд нь он нар, ван нар, вангууд гэсэн үг болно.
Их Монгол Юань улсын үед их хаан алтан ургийн гишүүд болон Чингис хааны дүү нарын угсааны ноёдод эзлэгдсэн Хятад, Нангиад орноос хувь эзэмшил хуваан олгож, ван цол зүүлгэж байв. Дунд үеийн Монгол хэлнээ ван цолыг он хэмээн дууддаг тул тэдгээр вангуудын эзэмшлийг онлигууд (ван+лиг–ууд) хэмээн нэрлэж байсан нь хожим сунжран оннигуд, онниуд хэмээн дуудагдах болжээ. Монголын Юань улсын төр Хятад газар мөхсөнөөс хойш Монгол газарт Юань улсын үеийн олон вангуудаас Чингис хааны дүү нарын хойчис ван цолоо үргэлжлүүлэн зүүж албат ардаа захирсаар хоцорсныг дөрвөн онниуд гэж хэлдэг. Эдгээр нь Хасарын угсааныхны захирсан хорчин түмэн, Бэлгүтэйн угсааны ноёдын мэдлийн их түмэн, Хачиуны угсааны ноёдын цагаан түмэн, Отчигиний угсааныхны захирсан түмэнүүд болно. Эднийг захирсан ноёд нь Чингис хааны угсааныханд авга болдог тул бас авга нэр зүүж байжээ. XVII зууны эхэн болоход дөрвөн онниудын дотроос зөвхөн Хачиуны угсааны ноёдын захирсан эзэмшил улс нь онниуд нэрээ хадгалж Их Хянганы нурууны араар Хөлөн Буйр нутгаар нутаглаж байгаад 1632 онд Хойд Алтан улсад дагаар орсонд хоёр хошуу зохион байгуулж Зуу-Удын чуулганд харьяалуулжээ. 1911 онд Монгол улс Манж Чин улсаас тусгаарлахад тус хоёр хошуу Монгол улсад дагаар орсон боловч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Дундад Иргэн Улсын харьяанд хэвээр үлдэв. Эдүгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанхад хотын харьяанд хуучин хоёр хошууг нэгтгэсэн Онниуд хошуу харьяалагдаж байна. Мөн Ар Халхад Манж Чин улсад дагаар ороогүй Хачиуны угсааны онниуд тайж нар үлдэж хоцорсон нь Чин улсын үеийн Халхын Түшээт хан аймгийн Түшээт хан, Мэргэн вангийн хошуунд захирагдаж байв. Монгол улсын Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хотын Баян тал суманд онниуд хошуу болон тархан сууж байна.
Ашигласан ном зохиол
засварлах- Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн илтгэл шастир. УБ,
- Монголын хошуу нутгийн тэмдэглэл (дээд). Жан Му зохиов. Үндэстний хэвлэлийн хороо, 1988. 312-315