Сайн ноён хан аймаг
Сайн ноён хан аймаг (монгол бичиг: ᠰᠠᠶᠢᠨ ᠨᠣᠶᠠᠨ ᠬᠠᠨ
ᠠᠶᠢᠮᠠᠭ) (1911-1924) нь 1725 онд Манжийн хааны зарлигаар Түмэнхэн Сайн ноёны угсааны Дашдондов ноёнд их шан хүртээн, Засагт хан аймгийн зүүн урд хэсэг, Түшээт хан аймгийн баруун хэсгээс таслан өгч, Халхын зүүн гарын хүн амаас 20 гаруй хошуу үүсгэн анх байгуулжээ. Халхын бүтцэд Сайн ноён аймаг шинээр бий болсон нь хил хязгаар, нутаг бэлчээрийн хуваарьт ихээхэн өөрчлөлт оруулжээ. 1725-1911 он хүртэл Сайн ноёны аймаг гэж нэрлэж явсаар 1912 оноос эхлэн Богд хааны зарлигаар бусад гурван ханы адил Хан цол олгоод 1923 он хүртэл Сайн ноён ханы аймаг гэж нэрлэх болсон билээ.
Түүх
засварлахБатмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн 7 хүү Ар Халхыг хуваан авахад 3-р хүү Онохуй Үйзэн ноён (1534-?) горлос, хэрэгүд (гэрүүд) отгийг өвлөн авчээ. 1580-аад оны үеэс Онохуйн 4-р хөвгүүн Түмэнхэн (1558-1640) шарын шашныг хамгаалахад хүчин зүтгэсэн тул 5-р Далай ламаас “Сайн ноён” цол хүртжээ. Түмэнхэнийг хөвгүүн Данзан лам нь залгамжилж Халхын 8 засгийн нэг гэгдэж байв. Данзан ламын дараа түүний хөвгүүн Тасхив, ач Шамба, жич Дашдондов нар удаа дараалан залгамжилсан хэдий ч тэдний хэн нь ч “Сайн ноён” гэдэг цолтой байгаагүй ажээ.[1]
1725 онд Манжийн Найралт Төв хаан Халхын 3 аймгийг 75 хошуу бүхий 4 аймаг болгож, Данзан ламын жич хүү Хошой чин ван Дашдондовт хан цол олгож, Түшээт хан аймгаас 19 хошууг салгаж Сайн ноён аймгийг байгуулжээ.[2] Энэ нь Монголыг бутарган жижигрүүлэх бодлогын үр дүн байсан агаад ингэхдээ Халхын 3 ханаас дутуугүй нэр нөлөөтэй байсан Түмэнхэн Сайн ноёны нэр сүрийг ашиглаж байгуулсан ч, Түмэнхэний тамгыг барьж, түүний хошууг үе залгамжлан захирсан Дашдондовт тус аймгийг захирах эрх мэдэл өгөөгүй[1] бөгөөд бүх эрх мэдлийг "Цэцэрлэгийн чуулган"-ы чуулган даргад төвлөрүүлсэн. 1766 онд Дашдондовын ач Норовжавт “Сайн ноён” цол, тамга олгосноор, түүний угсааныхан тус цолыг үе улиран залгамжлах болжээ. 1911 онд Сайн ноён Намнансүрэнд Богд хааны зарлигаар “хан” цол олгосноор, 1912 оноос эхлэн тус аймгийг Сайн ноён хан аймаг гэж нэрлэх болжээ.
Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг "Цэцэрлэг Мандал уулын аймаг" гэж нэрлэжээ.
Газар зүй
засварлахСайн ноён хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 224.256 ам дөрвөлжин км, нутгийн урт нь 810 км, өргөн нь 210-510 км. Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэр нь хойд талаараа Далайчонхор вангийн хошуу буюу өнөөгийн Архангайн хойд, Хөвсгөлийн урд талын сумд, өмнө талаараа Ёст бэйлийн хошуу буюу өнөөгийн Өмнөговь аймгийн Булган, Буяндалай, Сэврэй, Ноён, Гурвантэс, баруун талаараа Завханы зарим сум, Баянхонгорын Богд, Жинст, Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогт, Галуут сум хамрагдаж байжээ.[2]
Засаг захиргааны нэгж
засварлах1725 онд Түмэнхэн Сайн ноёны үр хойчсын албат харьяат нар ихэд өсөж, Халхын 3 аймгийн хүн амаас илүү олон болсон учир Түшээт хан аймгаас 19 хошууг салгаж, улмаар Засагт ханаас Хангайн өвөр нутгийг авч Сайн ноён аймгийг байгуулжээ. 1761 онд Өөлдийн 2 хошууг тус аймагт хавсарган захируулжээ. Манжийн эрхшээлийн үед Сайн ноён аймаг 24 хошуу, 8 хутагтын шавьтай байв. Богд хаант Монгол улсын үед Хатанбаатар Магсаржавын хошууг нэмж байгуулж, нийт 25 хошуу, 8 тамагтай хутагтын шавьтай байжээ. 1922 онд Итгэмжит засгийн хошуунаас Хатанбаатар хошуунд нэгтгэж өгөхийг хүссэнд ёсоор болгож.
1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус аймгийн суурин дээр Архангай, Өвөрхангай аймгийг, 1942 онд Баянхонгор аймгийг тус тус байгуулжээ. Мөн Сайн ноён аймгийн зарим хошуу Завхан, Хөвсгөл, Өмнөговь аймагт багтан оржээ.[1]
- Жавзандамба хутагтын дархад шавийн гурван отог
- Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч засгийн хошууны ар ширхтэн отог
- Хөвсгөл нуурын урианхайн арын хоёр сум
- Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч засгийн хошууны өвөр ширхтэн отог
- Хөвсгөл нуурын урианхайн өврийн хоёр сум
- Хатанбаатар Магсаржавын хошуу
- Итгэмжит засгийн хошуу
- Мэргэн засгийн хошуу
- Эрх засгийн хошуу
- Саруул засгийн хошуу
- Эетэй засгийн хошуу
- Бишрэлт засгийн хошуу
- Түшээт засгийн хошуу
- Шива ширээт хутагтын шавь
- Зая Бандида хутагтын шавь
- Сэцэн засгийн хошуу
- Далай засгийн хошуу
- Баатар засгийн хошуу
- Хамба хутаггын шавь
- Дашпунцаглин хийдийн харьяат нар
- Хошууч засгийн хошуу
- Нару ванчин хутагтын шавь
- Наран хутагтын шавь
- Жонон засгийн хошуу
- Эрдэнэ засгийн хошуу
- Чин сүжигт номун хан хутагтын шавь
- Цогтой засгийн хошуу
- Дархан засгийн хошуу
- Дайчин засгийн хошуу
- Сүжигт засгийн хошуу
- Зоригт засгийн хошуу
- Ачит засгийн хошуу
- Сайн ноён ханы хошуу
- Ахай засгийн хошуу
- Үйзэн засгийн хошуу
- Эрдэнэ бандида хутагтын шавь
- Мэргэн ноён хутагтын шавь
- Ёст засгийн хошуу
- Илдэн засгийн хошуу
Хүн ам зүй
засварлах1918 оны тоо бүртгэлээр Сайн ноён хан аймаг 30619 өрх, 133,8 мянган хүн амтай байв.[баримт хэрэгтэй]
Сайн ноён хан аймгийн хан, чуулганы дарга нар
засварлахАймгийн хан нар
засварлах- Засаг, хошой чин ван Дашдондов (1725-1726)
- Засаг, хошой чин ван Ламжав (1726-1733)
- Засаг, хошой чин ван, Сайн ноён Дэчинжав (1733-1772)
- Засаг, хошой чин ван, Сайн ноён Норовжав (1772-1786), 1766 онд Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар Түмэнхэн сайн ноёны "Сайн ноён" цолыг залгамжлуулсан.[3]
- Засаг, хошой чин ван, Сайн ноён Цэдэнжав (1786-1793)
- Засаг, хошой чин ван, Сайн ноён Ринчиндорж (1793-1802)
- Засаг, хошой чин ван, Сайн ноён Пунцагдаш (1802-1817)
- Засаг, хошой чин ван, Сайн ноён Цэрэндорж (1817-1853)
- Засаг, хошой чин ван, Сайн ноён Дамчой (1853-1871)
- Засаг, хошой чин ван, Сайн ноён Цэрэндондов (1871-1883)
- Засаг, хошой чин ван, Сайн ноён Төгс-Очир (1883-1896)
- Засаг, Түмэнхэн номч эетэй эрх дайчин Сайн ноён хан[4][3] Намнансүрэн (1896-1919), 1911 оны 12 сард Богд хааны зарлигаар "Хан" цол нэмж шагнасан.
- Засаг, Түмэнхэн номч эетэй эрх дайчин Сайн ноён хан Батсүх (1919-1923)
Чуулганы дарга нар
засварлах- Засаг, хошой чин ван Эфү Цэрэн (1728-1750)
- Засаг, хошой чин ван Цэнгүнжав (1750-1756), Эфү Цэрэнгийн том хүү
- Засаг, хошууны бэйс Чамчугжав (1756-1771)
- Засаг, төрийн жүн ван Цэвдэнжав (1771-1779), Эфү Цэрэнгийн удаах хүү
- Засаг, хошууны бэйс Содовдорж (1779-1784)
- Засаг, төрийн жүн ван Сампилдорж (1784-1793)
- 3асаг, хошой чин ван, сайн ноён Ринчиндорж (1793-1802)
- Засаг, төрийн жүн ван Дэмчигжав (1802-1831)
- Засаг, төрийн бэйл Гончигжав (1831-1845)
- 3асаг, хошой чин ван Цэрэндорж (1845-1871)
- 3асаг, жүн ван зэрэгт бэйл Ширбазаржав (1871-1883)
- Засаг, төрийн жүн ван Чойсүрэнжав (1883-1906)[5]
- Засаг, Сайн ноён, чин ван Намнансүрэн (1906-1912)[6]
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 Ц.Цэрэндорж. Сайн ноён аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
- ↑ 2.0 2.1 2.2 Батсайхан,О., Лонжид,З., Баяртөр,О., Алтанзаяа,Л. (2012) МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР
- ↑ 3.0 3.1 "Сайн ноёны хошуу (Сайн ноёны аймаг)". mongoltoli.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-05-11.
- ↑ 1911 оны 12 сарын 29 нд Богд хааны зарлигаар соёрхосон.
- ↑ Archive copy (Memento 14. Арванхоёрдугаар сар 2019 цахим архивт), “САЙН НОЁН ХАН АЙМГИЙН ҮЕ ЗАЛГАМЖЛАХ ВАН ГҮНГҮҮДИЙН БАС НЭГЭН БАРИМТ СЭЛТИЙГ ЖАГСААН БИЧВЭЭС ҮҮ” HOГOOH ДЭВТЭР
- ↑ Archive copy (Memento 6. Наймдугаар сар 2020 цахим архивт), “МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД, САЙН НОЁН ХАН ТӨГС-ОЧИРЫН НАМНАНСҮРЭН 140” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.