Зайфэн
Айсингиоро Зайфэн (манж: ᡯᠠᡳᡶᡝᠩ; хятадаар: 載灃, Zàifēng) (1883-1951) нь Чин гүрний сүүлчийн хаан Пүигийн аав, чүнь чин ван цолтой язгууртан. Түүний эцэг нь Төр гэрэлт хааны 7-р агь чүнь чин ван Ишюань. 1908 онд түүний хөвүүн Пүи нь хуандийн сууринд сууснаар 1908-1911 оны 12 сарын 6 хүртэл түүний өмнөөс төр барьж байсан.
Намтар
засварлахТэрбээр 1883 оны 2 сарын 12 нд Бээжин хотын чүнь чин вангийн ордонд Ишюань вангийн бага хатан Люгия Цүйянь гэгчээс төрсөн. Эх нэгтэй 2 эрэгтэй дүү, 1 охин дүүтэй байсан. Эцэг нь 7 агь, 3 гэгтэй байснаас 4 агь, 1 гэг нь нас биед хүрсний ахмад нь Бадаргуулт төр хаан бөгөөд, Зайфэн нь эцгийн чин ван цолыг залгамжилсан. Түүний эх Люгия Цүйянь нь хятад хүн бөгөөд гэрлэсний дараа лю гэх хятад овгийн араас гия залгаж, манж овог болгосон.
1891 оны 1 сард найман настайд нь Ишюань чин ван нас нөгчсний дараа чүнь чин ван цолыг залгамжилсан. 1900 онд Боксёрын бослого гарах үеэр, найман улсын цэргийн хүч бослогыг дарахаар Бээжин хотыг довтлон эзлэхэд манжийн хааны ордны эрх баригчид Шиань хот руу зугтсан. 1901 онд түүнийг Герман улс руу элчин сайдаар томилон илгээн гэрээ хэлэлцээр хийж дуусгаад 1902 онд нутагтаа харьж ирсэн. Энэ үеэс эхлэн түүний европын орнуудад танигдаж, нэр хүнд сайтай болсон нь эрх баригч Цыши хатны хараанд өртөжээ. Улмаар түүнийг Цыши хатны талын сайд Ронлугийн охин Юлантай хүчээр хуримлуулсан. Тэр хоёрын дундаас 1906 онд Пүи, 1907 онд Пүже, 1909 онд Юньин, 1911 онд Юньлү, 1913 онд Юньли хэмээх 2 хөвүүн, 3 охин төрсөн. Зайфэнгийн хадам эцэг Ронлугийн талд Бэйянгийн армийн захирагч Юань Шикай байсан. Иймээс Зайфэн нь дургүй байсан ч, нүдээ аниад гэрлэжээ.
1908 оны 11 сарын 14 нд Бадаргуулт төр хаан тэнгэрт хальсан тэр өдөр Цыши хатан зарлиг буулгаж чүнь чин ван Зайфэнгийн ууган хөвгүүн Пүи-г талийгаач хааны өргөмөл хөвүүн болгон Чин гүрний дараагийн шинэ хаанд өргөмжлөхөөр шийдвэр гаргасан. Маргааш өдөр нь Цыши хатан нас барснаар Зайфэнийг төр баригч ван болгожээ. Тэрээр юун түрүүнд Юань Шикай болон түүний талын түшмэдийг төрийн албанаас хөөж явуулан засгийн газрын бүх эрхийг хуучин манж сайд түшмэдийн гарт төвлөрүүлж, уламжлалт хэмжээгүй эрхт хаант ёсыг халж үндсэн хуульт хаант улс болох шинэчлэлийн ажлыг эрчимтэй зохион байгуулж эхэлсэн. Түүний засаглалын үеийг тоймлон дурдвал 1909 онд Чин гүрний анхны сонгууль явагдан, 1911 оны 5 сарын 8 нд чин ван Икуанаар удирдуулсан 13 сайдын бүрэлдэхүүнтэй анхны засгийн газрыг байгуулжээ. Энэ арван гурван сайдын 9 нь манж үндэстэн, 4 нь хятад үндэстэнээс бүрдэж байсан.
Мөн Чин гүрэн даяар хятад эзэнтэй хувийн компанийн байгуулсан төмөр замыг төрд шилжүүлэхээр шийдсэн нь тэдгээр баян чинээлэг хятад иргэдийн дургүйцлийг өдөөж, хятадын хувьсгал гарахад нөлөөлсөн. Түүний олон удаагийн алдаатай бодлого шийдвэр нь Синхайн хувьсгал гарахад дөхөм болжээ. 1911 оны 10 сарын 10 нд Учан хотод бослого гарч, тэр нь өргөжсөөр Синхайн хувьсгал болон Чин гүрний ноёрхол төгсгөл болох нь тодорхой болсон. Энэ бүх зүйл болж байхад түүний төр удирдах чадваргүй, шийдэмгий бус байсан нь хувьсгал гарахад далим болсон. 1911 оны 11 сарын 16 нд цин чин ван Икуанаар удирдуулсан засгийн газар огцорч, оронд нь Юань Шикай тэргүүтэй 12 хятад сайд, 1 манж сайд бүхий шинэ засгийн газар байгуулагдсан. 1911 оны 12 сарын 6 нд түүнийг огцоруулж, төр барих эрхийг бэлэвсэн хатан эх Лонюйд шилжүүлсэн.
Пүи хааны багш асан сер Региналд Жонстонгийн хувийн дурдатгалд Зайфэн ванг дараах байдлаар дүгнэн бичжээ.
"...тэрээр даруу дөлгөөн зан чанартай, элдэв хорон санаа, өшөө хорслоос ангид, бусадтай нийтэч бөгөөд хятадын ший жүжиг сонирхдог шигээ улс төрийг ерөөс ойшоон үздэггүй... тэр сайхан сэтгэлтэй ч бусдыг өөртөө татах чадваргүй, хариуцлагаас зайлсхийдэг, ажил хэрэгч бус, шийдэмгий бус нэгэн..."
1912 оны 1 сард Чин гүрэн мөхсний дараа хувьсгалчдыг дэмжиж байсан. 1913 онд Лонюй хатан эх нас барсны дараа Зайфэн нь хориотой хот дахь Пүи хааны дотоод асуудлыг удирдаж байсан. 1917 онд хятад генерал Жан Шюнь Бээжин хотыг эзлэн Пүи хааныг дахин төрийн тэргүүн болгож, хаант засаглалыг сэргээхийг оролдсон. Энэ үед Зайфэнийг засаг төрийн хэргээс холдуулж байсан. Тэрбээр 1928 онд чүнь чин вангийн ордондоо амьдарч байгаад Тяньжин хотын Британи, Японы нөлөөний газарт амьдарч байгаад 1939 оны 8 сард вангийн ордондоо буцан ирсэн. 1951 оны 2 сарын 3 нд Бээжин хотод нас барсан.
Гэр бүл
засварлах- Эцэг: чүнь чин ван Ишюань
- Эх: Люгия Цүйянь
- Ах дүүс: Зайтянь, Зайшюнь, Зайтао
Их хатан
- Юйлань (1884-1921): Гувалгия овгийн Ронлу сайдын охин.
- Пүи (溥儀; 1906 оны 2 сарын 7 – 1967 оны 10 сарын 17), ууган хөвүүн
- Пүже (溥傑; 1907 оны 4 сарын 16 – 1994 оны 2 сарын 28), дэд хөвүүн
- Юньин (1909–1925) (韞瑛), ууган охин
- Гобуло овгийн Руньлянтай (潤良; 1904–1925) гэрлэсэн.
- Юньхэ (1911–2001) (韞和), хоёрдугаар охин
- Жэн Гуанюаньтай (鄭廣元) гэрлэсэн.
- Юньин (1913–1992) (韞穎), гуравдугаар охин
- 1931 онд Гобуло овгийн Руньцитай (潤麒; 1912–2007) гэрлэсэн.
- Юйлань (1884-1921): Гувалгия овгийн Ронлу сайдын охин.
Бага хатан
- Дэнгия овгийн бага хатан (側福晉 鄧佳氏; 1896–1942)
- Юньшянь (1914–2003) (韞嫻), 4-р охин
- Харчины Жао Цифантай (趙琪璠) гэрлэсэн.
- Пүци (溥倛; 1916 – 1918), 3-р хөвүүн
- Юньшинь (1917–1998) (韞馨), 5-р охин
- Вань Жяшитай (萬嘉熙) гэрлэсэн.
- Пүрэнь (溥任; 1918 – 2015), 4-р хөвүүн
- Юнью (1919–1982) (韞娛), 6-р охин
- манжийн Ваньян овгийн Айланьтай (愛蘭; 1921–2005) гэрлэсэн.
- Юньхуань (1921 – 2004) (韞歡), 7-р охин
- 1950 оны 2 сард Цяо Хонжитай (喬宏志; 1919–1960) гэрлэсэн.
- Юньшянь (1914–2003) (韞嫻), 4-р охин
- Дэнгия овгийн бага хатан (側福晉 鄧佳氏; 1896–1942)